Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2023/00107

 

 

                                  

 

 

“Лбанк” ХК-ийн Б салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00362 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Лбанк” ХК-ийн Б салбарын нэхэмжлэлтэй,  хариуцагч “Н” ХХК, хамтран хариуцагч ***********-т оршин суух А.Д-т тус тус холбогдох,   

 

“2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 9,553,944.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,085,639.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,415.3 төгрөг, нийт 11,720,999.16 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3005/2021/31 дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3005/2021/53 дугаартай нэмэлт, өөрчлөлтийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 144,150,733.65 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,410,222.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 60,154.84 төгрөг, нийт 150,621,111.25 төгрөгийг тус тус гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 3005-2019/08-1 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

“Зээлийн шимтгэл болгож төлсөн 1,200,000 төгрөгийн нэхэмжлэгчээс гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч “Н” ХХК, хамтран хариуцагч А.Д нарын давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Е, хариуцагч “Н” ХХК-ийн өмгөөлөгч Х.Ч /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1. “Н” ХХК, А.Д нар болон Л банкны хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3005-2019/08 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, жилийн 19,2%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай, 200,000,000.00 /хоёр зуун сая/ төгрөгийн Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын зээл авсан.

1.2. Улмаар уг зээлийг төрөөс хэрэгжүүлсэн хөнгөлөлтэй нөхцөлтэй Репо санхүүжилтийн зээлд шилжүүлэхээр хариуцагч хүсэлт гаргасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3005/2021/32 дугаартай зээлийн гэрээ байгуулан, шалгаруулж хүлээж авах байгууллага болох Монгол банкны дэргэдэх Тусгай зориулалтын компани /ТЗК/-д илгээхэд, чанаргүй зээлийн ангилалтай учир Репо санхүүжилтийн зээлд тавигдах шаардлагыг хангахгүй гэх шалтгаанаар хүлээж аваагүй учир уг гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээ байгуулсан.

1.3. Хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс төлбөрийн зөрчил үүсгэж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээл түүнтэй холбоотой хүүгийн өр төлбөрийг барагдуулж өгөхийг хүсэж байна.

1.4. Дээрх зээлийн барьцаанд:

- Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд тусгагдсан “Н” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 213.12 м.кв талбайтай Мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорины зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

- “Н” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 209.87 м.кв талбайтай Мах эхлэн боловсруулах үйлдвэрийн байр.

- “Н” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 90 м.кв талбайтай, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

- “Н” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ***** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 60 м.кв талбайтай, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /цэвэрлэх байр/.

- “Н” ХХК-ийн эзэмшлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай Газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 2306 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан болно. Зээлийн барьцааны гэрээг зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулж, газар болон үл хөдлөх хөрөнгийн барьцааг ГХБХБГ-т болон Улсын Бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн болно.

1.5. Гэрээний үүргээ биелүүлж зөрчлийг арилгаж, хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч тодорхой үр дүн гарахгүй байгаа болно. Зээлийн төлбөрийн зөрчигдсөн хэмжээ болон зөрчигдсөн хоногийг тооцвол “Н” ХХК, А.Д нар нь зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл нэгэнт бүрдсэн байна.

1.6. 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 3 дугаартай Улсын дээд шүүхийн зөвлөмжөөр гэрээнээс татгалзах, цуцлахтай холбоотой анхаарах асуудлын талаар авч үзсэн байх ба тухайн зөвлөмжийн 2-т “...Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана” гэж заасан байна. Л банкны хувьд шүүхэд цуцлах шаардлагыг гаргаж байгаа тул шүүхээс цуцлах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй болно. 

1.7. Иймд зээлдэгч “Н” ХХК, А.Д нартай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 9,553,944.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,085,639.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,415.3 төгрөг, нийт 11,720,999.16 төгрөгийг, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3005/2021/31 дугаартай, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 3005/2021/53 дугаартай нэмэлт, өөрчлөлтийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 144,150,733.65 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,410,222.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 60,154.84 төгрөг, нийт 150,621,111.25 төгрөгийг тус тус гаргуулж шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 3005-2019/08-1 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч “Н” ХХК-ийн захирал, хамтран хариуцагч А.Д-ийн тайлбар, татгалзал:  

2.1. Нэхэмжлэгчийн гаргасан 3 нэхэмжлэлийн шаардлагаас 1 дүгээр нэхэмжлэлийн шаардлага буюу дараах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт “зохигч тал ... нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ... зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно” гэж заасны дагуу хүлээн зөвшөөрч байна.

2.2. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт “хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно”, мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт “энэ хуулийн 106.4-т зааснаар ... хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн дурдсан 3 нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хүлээн зөвшөөрч буй “Н ХХК, А.Д нар болон Л банкны хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр байгуулагдсан 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээ, тухайн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлд Репо зээлд шилжүүлэхээр байгуулсан 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3005-2021/32 дугаартай зээлийн гэрээ, уг гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 5 дугаар сарын 21-ний нэмэлт гэрээ зэргийг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.3. Харин 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж байгаатай холбогдуулан нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл мөн нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл бодогдсон үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлөгдөөгүй үлдэгдэл, тэдгээрийн нийлбэр болох 174,072,005 /87/ төгрөгийг зээлдэгчээс гаргуулах, 3005-2019/08-1 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл

3.1. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт зээл олгосны шимтгэл зээлийн үнийн дүнгээс 0,6 хувь гэж заасан байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөг олгосон бөгөөд түүний шимтгэл болох 0,6 хувь нь 1,200,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн болно. Энэ нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй болно.

3.2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд...” гэж тус тус зааснаас үзвэл Банк өөрийн үзүүлсэн үйлчилгээндээ шимтгэл авах тохиолдолд түүнийг үндэслэлтэй тогтоох ёстой.

3.3. Талуудын хооронд байгуулагдсан хоёр гэрээгээр 0,6 хувийн шимтгэл авч байгаа бол түүний үндэслэл нь тодорхой бөгөөд шимтгэл үйлчилгээндээ зарцуулсан, мөн үзүүлсэн үйлчилгээндээ нийцсэн байх ёстой. Гэтэл энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Үүнийг хариуцагч байгууллага нотлох үүрэгтэй болно. Хэрвээ нотолж чадахгүй тохиолдолд хуулийн тус хэсэгт зааснаар үндэслэлтэй тогтоосон гэж үзэхгүй.

3.4. Түүнчлэн мөн зүйлд зааснаар нэг төрлийн үйлчилгээнд давхардуулан шимтгэл авахгүй байхаар хууль зохицуулсан байна. Л банкны Баян-Өлгий аймаг дахь салбар 2019 болон 2021 онд хоёр зээлийн гэрээ олгохдоо хоёр удаа шимтгэл авсан байдаг. Гэтэл энэ нь зөвхөн нэг төрлийн үйлчилгээ учир давхардуулан шимтгэл авсан гэж үзнэ.

3.5. Банкнаас олгох зээл нь эрх бүхий этгээдээс олгох зээлд хамаарах бөгөөд Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээл олгосны төлөө зээлдэгчээс үндсэн хүү, хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авч болохоор хуульд тусгайлан заасан, харин зээл олгохтой холбоотой өөр бусад ямар нэг зардлыг зээлдэгчээр төлүүлэх эрхийг хуулиар банканд олгоогүй байна.

3.6. Иймд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ болно. Иймд Л банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас зээлийн шимтгэл болгож төлсөн 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбар, татгалзал:

4.1. Лбанк болон “Н” ХХК нар нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №3005-2019/08 тоот Зээлийн гэрээг байгуулсан ба уг гэрээгээр “Н” ХХК нь 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 19.20%-ийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээл олгосны шимтгэл нь тус гэрээний 3.1.7-д заасанчлан зээлийн үнийн дүнгийн 0.6% байхаар талууд харилцан тохиролцож, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Л банкны №2019/08 дугаартай Зээлийн гүйлгээ хийх шийдвэрээр зээлийг “Н” ХХК-д бэлэн бус хэлбэрээр бүрэн олгож, ийнхүү олгохдоо зээлийн үйл ажиллагааны шимтгэл 0.6%, түүнд ногдох 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гэрээний 9.2.1 дэх хэсэгт заасан зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн “Н” ХХК-ийн тус банкин дахь харилцах данснаас суутгаж, Банк түүнийг хүлээн авсан нь үнэн болно.

4.2. Нэхэмжлэлд дурдсанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй” гэж, мөн зүйлийн 6.6 дахь хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд...” гэж тус тус зааснаас үзвэл Банк өөрийн үзүүлсэн үйлчилгээндээ шимтгэл авах тохиолдолд түүнийг үндэслэлтэй тогтоох ёстой. Талуудын хооронд байгуулагдсан хоёр гэрээгээр 0.6 хувийн шимтгэл авч байгаа бол түүний үндэслэл нь тодорхой бөгөөд шимтгэл үйлчилгээндээ зарцуулсан, мөн үзүүлсэн үйлчилгээндээ нийцсэн байх ёстой. Гэтэл энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Үүнийг хариуцагч байгууллага нотлох үүрэгтэй болно. Хэрвээ нотолж чадаагүй тохиолдолд хуулийн тус хэсэгт зааснаас үндэслэлтэй тогтоосон гэж үзэхгүй гэжээ.

4.3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” , 451.3 дахь хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.” хэмээн заасан. Энэхүү зохицуулалт нь Банк зээл олгох, гэрээгээр тохиролцсон мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдүүлэх суурь зохицуулалт бөгөөд өөрөөр хэлбэл банк эдгээр заалтаар зээлийн гэрээгээр тохиролцсон нөхцөлийг шаардах эрхийн үндэслэлтэй болно.

4.4. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно” хэмээн заасан. Мөн зээлдэгчтэй гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ” хэмээн тус тус заасан. Эдгээр зохицуулалт нь Банк зээл олгох өөрийн болзол, нөхцөлөө буюу шимтгэл, хураамжаа тодорхойлох бүрэн эрхийг олгосон тусгайлсан зохицуулалт бөгөөд үүнийгээ ил тод мэдээлэх шаардлагатай болно. Тус банкнаас өөрийн үйлчилгээний шимтгэл, хураамжаа тогтоож, үүнийгээ Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/203 тоот тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 3.1, 3.3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн цахим хуудас болон сайтаар нийтэд тогтмол мэдээлсээр ирсэн. Мөн дээрх журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “харилцагчаас авах шимтгэл. хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно.” 4.2 дахь хэсэгт “Банк харилцагчаас авах шимтгэл, хураамжийг зээл, хадгаламжийн гэрээнд заавал тусгана” хэмээн тус тус тогтоосон бөгөөд үүнийг бүрэн хэрэгжүүлж нэхэмжлэгчтэй байгуулсан Зээлийн гэрээний 3.1.7 дахь заалт Зээл олгосны шимтгэл 0.6% хэмээн тусгасан байгаа нь хууль тогтоомжид нийцэж байна.

4.5. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5.1.4, 19.1, 24.1 дэх хэсгийн дагуу Монголбанк арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих үйл ажиллагааг явуулах бөгөөд ... дүрэм, журам, заавар, аргачлал, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаартай тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.17 дахь заалтад “шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ” гэж заажээ. Энэхүү тогтоомжоор Банк шимтгэлийн суурь ойлголт, үүнийг хэрхэн ил тод мэдээлэх талаар зохицуулсан байдаг. Энэ нь Талуудын байгуулсан Зээлийн гэрээний 3.1.7 дахь хэсэгт заасан Зээл олгосны шимтгэл нь Зээлийн үнийн дүнгийн 0.6% хувь хэмээн тогтоосон аргачлалтай нийцэж байна.

4.6. Банкны тухай хуулийн 3.1.1 дэх заалтад “Банк гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгож, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ” хэмээн заасан. Зээл олгосны шимтгэл нь нэг талаас банкнаас санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх боловч нөгөөтээгүүр банканд мөнгөө хадгалуулсан харилцагчийн эрх ашиг, мөнгийг эрсдэлээс хамгаалах, мэргэжлийн үйлчилгээний зардал гэж ойлгох нь зүйтэй юм.

4.7. Нэхэмжлэлд дурдсанаар Түүнчлэн, мөн зүйлд зааснаар нэг төрлийн үйлчилгээнд давхардуулан шимтгэл авахгүй байхаар хууль зохицуулсан байна. Баян-Өлгий аймаг дахь Л банкны салбар 2019 болон 2021 онд хоёр зээлийн гэрээ олгохдоо хоёр удаа шимтгэл авсан байдаг. Гэтэл энэ нь зөвхөн нэг төрлийн үйлчилгээ учир давхардуулан шимтгэл авсан гэж үзнэ гэжээ. Банк болон зээлдэгч нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3005-2019/08 тоот Зээлийн гэрээ,  2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зээлдэгчийн тус зээлийг Төрөөс хэрэгжүүлсэн хөнгөлөлттэй нөхцөлтэй Репо зээлд шилжүүлэх хүсэлтийг үндэслэн 3005-2021/32 тоот зээлийн гэрээг тус тус байгуулсан боловч зээлдэгч нь Репо санхүүжилтийн зээлд тавигдах шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр Монголбанкны дэргэдэх Тусгай зориулалтын компани хүсэлтийг хүлээж аваагүй тул талууд тус гэрээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээг Л банктай байгуулсан байдаг. Ийнхүү “Н” ХХК-д олгосон зээлийг дахин санхүүжүүлж, шинээр олгохдоо 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 3005-2021/32 тоот Зээлийн гэрээний 3.1.7 дахь заалтаар Зээл олгосны шимтгэл 0.6% байхаар тохиролцсон хэдий ч 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №2021/32 тоот Зээлийн гүйлгээ хийх шийдвэрээр зээлдэгч “Н” ХХК-д зээлийг шинээр олгохдоо зээлийн үйл ажиллагааны шимтгэл нь олгосон зээлийн 0%-аар авагдсан буюу зээлийн үйл ажиллагааны шимтгэл огт авагдаагүй. Иймд нэхэмжлэгч “Н” ХХК-ийн “...давхардуулан шимтгэл авсан гэж үзнэ... “гэх тайлбар нь үндэслэлгүй болно.

4.8 Банкнаас олгох зээл нь эрх бүхий этгээдээс олгох зээлд хамаарах бөгөөд Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээл олгосны төлөө зээлдэгчээс үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авч болохоор хуульд тусгайлан заасан, харин зээл олгохтой холбоотой өөр бусад ямар нэг зардлыг зээлдэгчээр төлүүлэх эрхийг хуулиар банканд олгоогүй байна. Иймд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ болно гэжээ. Иргэний хуулийн 5 6.1.1 нь байгуулахыг нь хуулиар тусгайлан хориглосон хэлцэлд хамаарах ба банкнаас зээл олгох ажиллагаанд зээл олгосны шимтгэл авахыг хуулиар тусгайлан хориглосон зохицуулалт байхгүй болно. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно хэмээн заасан. Ийнхүү заасны дагуу тус банк нь “Н” ХХК-д зээл олгосны шимтгэлийг олгосон зээлийн үнийн дүнгийн 0.6%-аар тогтоосон нь талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл биш болох тул тус шаардлага үндэслэлгүй байна.

4.9. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд тус маргаан нь гэрээний үүрэгтэй холбоотой байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурвал жил” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй зээл олгосны шимтгэл төлөхтэй холбогдсон үүрэг нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус шимтгэл төлөгдсөнөөр биелж, тус үүргийн гүйцэтгэлтэй холбогдох хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байх тул тус шаардлагыг гаргах үндэслэлгүй болно.

4.10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага няцаагдаж, үндэслэлгүй байх тул тус сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00362 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК, хамтран хариуцагч А.Д нараас 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 9,553,944.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,085,639.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,415.3 төгрөг, нийт 11,720,999.16 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3005/2021/31 дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3005/2021/53 дугаартай нэмэлт, өөрчлөлтийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 144,150,733.65 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,410,222.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 60,154.84 төгрөг, нийт 150,621,111.25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч хариуцагч “Н” ХХК, хамтран хариуцагч А.Д нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд хариуцагч нарын үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалуулсан, “Н” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 213,12,2471 м.кв талбайтай Мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорины зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Н” ХХК-ний өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 209,87 м.кв талбайтай Мах эхлэн боловсруулах үйлдвэрийн байр, Н ХХК-ний өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 90 м.кв талбайтай, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Н ХХК-ний өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ***** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 60 м.кв талбайтай, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Цэвэрлэх байр/, Н ХХК-ний эзэмшлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай Газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 2306 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,200,334 төгрөгийг, сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Н ХХК, хамтран хариуцагч А.Д нараас 969,661 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л банканд олгож шийдвэрлэжээ.  

 

6. Хариуцагч “Н” ХХК, хамтран хариуцагч А.Д нарын давж заалдах гомдолд:

            6.1. Нэхэмжлэгч “Баян-Өлгий аймаг дахь Л банкны салбар”-ын нэхэмжлэлтэй хариуцагч “Н” ХХК болон хамтран хариуцагчид холбогдох хэрэгт анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь дараах байдлаар үндэслэлгүй болно.

6.2. Анхан шатны шүүх “зээлийн шимтгэл”-тэй холбоотой хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч хоёр байдлаар маргадаг. Нэгт, зээл олгосон шимтгэл буюу зээлдүүлэгчийг өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг зээлдүүлэгчээс авах эрхийг хуулиар банканд олгоогүй. Хариу төлбөртэй буюу хүү тогтоосон зээлийн гэрээний төлбөр дээр нэмж өөр хураамж, шимтгэл авахаар тогтоосон гэрээний уг заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус юм. Иймээс зээлийн гэрээний шимтгэлийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт нийцнэ.

6.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж дүгнэлт өгч чадаагүй байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн үндэслэлээ тодорхойлохдоо “зээлийн шимтгэл” байж болно гэдгийг үгүйсгэж, маргаагүй, харин шимтгэлийн хэмжээг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, угаас ийм зардал гарахгүй, эдийн засгийн судалгаа, тооцоогүйгээр “1 хувь” гэж тогтоосон нь үндэслэлгүй болсон гэсэн байхад энэ талаар шүүх анхаараагүй нь маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй гэж үзнэ.

6.4. Эх сурвалжаас үзвэл зээлийн шимтгэлийн хэмжээг 0,5-1 хувь, банкнуудын хэрэглээний зээлийн дундаж шимтгэл 0,75 хувь, зарим банк бус санхүүгийн байгууллагаас 0.2 хувийн шимтгэл тогтоосон байх ба шүүхийн практикт “зээлийн шимтгэлд суутгасан 1 хувийг буцаан гаргуулах” нэхэмжлэлийг хангаж эсвэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж иржээ. Зээлийн шимтгэлийн хэмжээ нь гагцхүү бодит зардалд нийцсэн байх ёстой бөгөөд хэрэгт байгаа баримтаас үзэхэд хариуцагч энэ талаар нотлоогүй хэдий ч уг хэмжээг тогтоосон, тогтсон жишиг байхгүй тул шүүхийн зүгээс дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй, шимтгэл хэдэн хувь байх нь зохистойг дүгнэх боломжгүй байна гэдэг.

6.5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үзвэл нэхэмжлэгч зээлийн шимтгэл авахтай холбоотой бодит зардал гаргасан тухай нэг ч баримт ирүүлээгүй зэргээс үзвэл зээлийн шимтгэлтэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон.

6.6. Анхан шатны шүүх бид зөвхөн нэг л удаа “Зээлийн гэрээ” байгуулж 200000000 төгрөгийн зээл авсан байхад хавтаст хэрэгт яагаад хоёр өөр зээл явж байгаад үндэслэл бүхий дүгнэлт өгсөнгүй. Зээлийн дансны хуулга дахь эцсийн үлдэгдэл 146,752,395.21 төгрөг гэдэг нь уг зээлийн үлдэгдэл мөн. Л банк шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэг л зээлийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч дараа нь нэхэмжлэлийн багасгасан шаардлагад 2 зээлийн өр төлбөрийн задаргаа гэх зүйл бичиж үндсэн зээл 9553944, 67, хүүгийн үлдэгдэл 2,085 639,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 81415.3 төгрөг, нийт 11720999.16 төгрөг нэхэмжилсэн нь хаанаас гарч ирсэн зээл болох нь ойлгомжгүй байхад шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Чинбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Хариуцагч нар хоёр агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Эхнийх нь зээлийн шимтгэлийн асуудал. Хариуцагч нар нь зээл авахдаа нийт 1,200,000 төгрөгийн зээлийн шимтгэлийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн шимтгэлд авсан 1,200,000 төгрөгийг ямар зардалд суурилж авсан гэдгээ нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “хэргийн оролцогчид өөрсдийн шаардлага болон татгалзлаа нотлох үүрэгтэй” гэж заасан. Харин нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөөгүй, зээлийн шимтгэлийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байдаг. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр ханган шийдвэрлээгүй гэдгээ тайлбарлаагүй. Нэхэмжлэгч тал зээлийн шимтгэлийн үндэслэлээ нотолж чадаагүй тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой байсан.

7.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хариуцагч нарын зүгээс нийт 31,500,000 төгрөгийг төлсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс уг төлсөн төлбөрийг харгалзан үзэлгүй, зээлийн төлбөрөөс хасах ёстой төлбөрийг хасаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс 174,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс хариуцагч нар 31,500,000 төгрөгийг төлсний дараа 143,000,000 төгрөгийг гаргуулах ёстой байсан гэж үзэж байгаа. Гэтэл 150,000,000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүйгээр илүү хэмжээгээр хариуцагч нараас төлбөр гаргуулах шийдвэр гарсан байна.

7.3. Мөн нэхэмжлэгч нь хоёр зээлийн төлбөр гэж хариуцагч нараас шаардаж байгаа. 2019 оны зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж 2021 онд “репо” зээл буюу шинээр зээлийн гэрээний харилцаа бий болсон. Өмнөх зээлийн гэрээний эрх зүйн үр дагавар дууссаны дараа 9,500,000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээний үүрэгт тооцож хариуцагч нараас шаардсан нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна.

7.4. Хариуцагч нарын зүгээс зээлийн төлбөрөө төлж чадаагүй хэд хэдэн шалтгаан байдаг. Ковид цар тахал мөн хариуцагч компанийн үйлдвэрийн байранд том хэмжээний осол гарсан зэрэг нөхцөл байдлуудын улмаас зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна.

 

8. Нэхэмжлэгч “Лбанк” ХК-ийн Б салбарын захирал М.Е давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Хариуцагч нарын давж заалдах гомдлыг бүхэлдээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зээлдэгчээс анх банк 1 хувийн шимтгэл аваагүй. Зээлдэгчид анх 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 200,000,000  төгрөгийн зээл олгож, зээлийн шимтгэлд 1,200,000 төгрөгийг авсан ба энэ 0,6 хувийн шимтгэл юм.

8.2. Арилжааны банкнууд өөрийн эх үүсвэрээр олгосон зээл дээр тухайн тооцож авч байгаа зээл нь ямар нэгэн хууль, журам зөрчөөгүй гэж гарсан байдаг. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад мөн төрлийн гомдлыг хариуцагч нар гаргасан. Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллага болох Монголбанкаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан байгаа. Тухайн зээлд 0,6 хувийн шимтгэл авсан нь хууль зөрчөөгүй талаар дүгнэлт гарсан байдаг.

8.3. Хоёр шатлалтай банкны системд шилжсэнээс хойш арилжааны банкнууд тодорхой хэмжээний шимтгэл авч ирсэн. Тиймээс нэхэмжлэгч шимтгэл авч байгаа нь хууль бус гэх нь үндэслэлгүй юм. Зээл олгохтой холбоотой банкнаас олон тооны зардлууд гарч байдаг. Зээлийг шинжлэн судлахтай холбоотой төлбөртэй олон эх үүсвэрээс мэдээлэл авч ажилладаг.

8.4. Эхлээд 200,000,000 төгрөгийн арилжааны зээл олгосон нь энгийн хүүтэй. Засгийн газраас “репо зээл” буюу хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн дагуу зээлдэгч нарыг хүүгийн дарамтаас хөнгөлөх хөтөлбөрт хариуцагч нар болзлыг нь хангаж байсан. Тиймээс хариуцагч нарын зээлийг уг хөтөлбөрт шилжүүлэхээр нэмж 144,000,000 төгрөгийн зээл олгож тухайн зээлээр өмнөх зээлийг хаахад өмнөх зээлээс нь 9,553,944 төгрөг үлдэж, бүрэн хаагдаагүй байдаг. Үүнээс хойш хариуцагч нар уг хоёр зээлийг төлж явахаар байсан.

8.5. Хариуцагч нар хоёр зээлийн төлбөрөө төлөхгүй, зээлээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Ковид цар тахал, тухайн үйлдвэрт гарсан үйлдвэрлэлийн осол гарсан үед ч банкнаас хариуцагч компанид маш их дэмжлэг үзүүлж ажилласан. Жишээлбэл ковид цар тахлын үед хариуцагч компанийн өрийн зөрчилтэй хэсэгт тооцогдох нэмэгдүүлсэн хүүг тэглэж өгсөн. Мөн цар тахал болон үйлдвэрлэлийн ослын үед хоёр удаа хариуцагч нарын зээлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгсөн зэргээр хамтран ажиллаж байсан.

8.6. Иймд хариуцагч нарын гомдол үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

            9. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК, хамтран хариуцагч А.Д нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд, дараах үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцагч, хамтран хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            10. Нэхэмжлэгч “Лбанк” ХК-ийн Б салбар нь хариуцагч “Н” ХХК, хамтран хариуцагч А.Д нарт холбогдуулан “2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 9,553,944.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,085,639.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,415.3 төгрөг, нийт 11,720,999.16 төгрөгийг, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3005/2021/31 дугаартай, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 3005/2021/53 дугаартай нэмэлт, өөрчлөлтийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 144,150,733.65 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,410,222.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 60,154.84 төгрөг, нийт 150,621,111.25 төгрөгийг тус тус гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 3005-2019/08-1 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжилснээс хариуцагч тал “Н ХХК, А.Д нар болон Л банкны хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр байгуулагдсан 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээ, тухайн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлд Репо зээлд шилжүүлэхээр байгуулсан 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3005-2021/32 дугаартай зээлийн гэрээ, уг гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 5 дугаар сарын 21-ний нэмэлт гэрээ зэргийг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, “3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж байгаатай холбогдуулан нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл, мөн нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл бодогдсон үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлөгдөөгүй үлдэгдэл, тэдгээрийн нийлбэрийг зээлдэгчээс гаргуулах, 3005-2019/08-1 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргажээ.

11. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч “Н” ХХК, хамтран хариуцагч А.Д нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9,553,944.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,085,639.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,415.3 төгрөг, нийт 11,720,999.16 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3005/2021/31 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3005/2021/53 дугаартай нэмэлт, өөрчлөлтийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч “Н” ХХК, хамтран хариуцагч А.Д нараас үндсэн зээлийн үлдэгдэл 144,150,733.65 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,410,222.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 60,154.84 төгрөг, нийт 150,621,111.25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Л” банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч хариуцагч “Н” ХХК, хамтран хариуцагч А.Д нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд хариуцагч нарын үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалуулсан, “Н” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 213.12.2471 м.кв талбайтай Мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорины зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Н” ХХК-ний өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 209.87 м.кв талбайтай Мах эхлэн боловсруулах үйлдвэрийн байр, “Н” ХХК-ний өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 90 м.кв талбайтай, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Н” ХХК-ний өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ***** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 60 м.кв талбайтай, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Цэвэрлэх байр/, “Н” ХХК-ний эзэмшлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай Газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 2306 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

12. Хариуцагч “Н” ХХК нэхэмжлэгч “Лбанк” ХК-ийн Б салбарт холбогдуулан “зээлийн шимтгэл болгож төлсөн 1,200,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч “..зээлийн гэрээний 3.1.7 дахь заалтад зээл олгосны шимтгэл 0.6% хэмээн тусгасан нь хууль тогтоомжид нийцэж байна” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

13. Анхан шатны шүүх хариуцагч “Н” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон талаар шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт дурдаж, дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн “Тогтоох” хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй, орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас зөвтгөж шийдвэрлэлээ.

14. Хэрэгт авагдсан баримтаар болон зохигчийн тайлбараар “Лбанк” ХК-ийн Б салбар нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №3005-2019/08 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгч “Н” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Д нарт 200,000,000 төгрөгийг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 19.20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр №3005-2021/32 дугаартай зээлийн гэрээгээр 144,150,733.65 төгрөгийг жилийн 10.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдүүлж, гэрээний зүйлийг шилжүүлсэн, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж, мөнгийг хүлээн авсан, улмаар 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №3005-2021/53 дугаар 3005-2021/32 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр зээлийн жилийн хүүг 19.2 хувь, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь болгож өөрчилж зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч “Лбанк” ХК-ийн Б салбар нь зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараас гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөхийг шаардах эрхтэй байна.

 

15. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг хууль болон гэрээнд заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд гэрээний талууд цуцлах боломжтой бөгөөд зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн мөнгийг хүүгийн хамт хуваарийн дагуу эргэн төлөх үүргээ зөрчсөн болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон учраас нэхэмжлэгч “Лбанк” ХК-ийн Б салбар нь талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №3005-2019/08 дугаартай “Зээлийн гэрээ”-ний 10.2, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр №3005-2021/32 дугаартай зээлийн гэрээний 10.2-т тус тус зааснаар гэрээг нэг талын санаачилгаар дангаар цуцлах эрхтэй байна. “Лбанк” ХК-ийн Б салбар нь хариуцагч нар гэрээгээр хүлээсэн зээлдэж авсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөнийг үндэслэж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасанд нийцсэн ба хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9,553,944.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,085,639.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,415.3 төгрөг, нийт 11,720,999.16 төгрөгийг, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3005/2021/31 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 3005/2021/53 дугаартай нэмэлт, өөрчлөлтийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 144,150,733.65 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,410,222.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 60,154.84 төгрөг, нийт 150,621,111.25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хариуцагч “Н” ХХК-ийн “...зөвхөн нэг л удаа “Зээлийн гэрээ” байгуулж 200000000 төгрөгийн зээл авсан байхад хавтаст хэрэгт яагаад хоёр өөр зээл явж байгаад үндэслэл бүхий дүгнэлт өгсөнгүй. Зээлийн дансны хуулга дахь эцсийн үлдэгдэл 146,752,395.21 төгрөг гэдэг нь уг зээлийн үлдэгдэл мөн. Л банк шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэг л зээлийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч дараа нь нэхэмжлэлийн багасгасан шаардлагад 2 зээлийн өр төлбөрийн задаргаа гэх зүйл бичиж үндсэн зээл 9,553,944.67 төгрөг, хүүгийн үлдэгдэл 2,085,639.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 81,415.3 төгрөг, нийт 11,720,999.16 төгрөг нэхэмжилсэн нь хаанаас гарч ирсэн зээл болох нь ойлгомжгүй байхад шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй байна.

 

16.  Хэргийн баримтаас үзэхэд “Лбанк” ХК-ийн Б салбар нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүргийг хангах зорилгоор “Н” ХХК, А.Д нартай барьцааны гэрээ байгуулж, “Н” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 213.12 м.кв талбайтай Мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорины зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Н” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 209.87 м.кв талбайтай Мах эхлэн боловсруулах үйлдвэрийн байр, “Н” ХХК-ний өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 90 м.кв талбайтай, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Н” ХХК-ний өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ***** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 60 м.кв талбайтай, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Цэвэрлэх байр/, “Н” ХХК-ний эзэмшлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай Газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ****** хаягтай 2306 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт  тус тус нийцсэн боловч шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад “Н” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ***** хаягтай Мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорины зориулалттай үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг “213,12,2471 м.кв” гэж алдаатай бичсэнийг уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн “213.12 м.кв” гэж зөвтгөх нь зүйтэй байна.

 

17. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №3005-2019/08 дугаар зээлийн гэрээний 3.1.7-д талууд зээл олгосны шимтгэлийн хэмжээ зээлийн үнийн дүнгийн 0.6 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын хүрээнд, уг гэрээний нөхцөлийг зээлдэгч “Н” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Д нар зөвшөөрсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Талууд зээлийн гэрээнд зээл олгосны шимтгэлийн талаар тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй тул 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №3005-2019/08 дугаар зээлийн гэрээний 3.1.7 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.1 дэх заалтад заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй. Иймд хариуцагч “Н” ХХК-ийн “...зээл олгосон шимтгэл буюу зээлдүүлэгчийг өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг зээлдүүлэгчээс авах эрхийг хуулиар банканд олгоогүй. Хариу төлбөртэй буюу хүү тогтоосон зээлийн гэрээний төлбөр дээр нэмж өөр хураамж, шимтгэл авахаар тогтоосон гэрээний уг заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус юм” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

18. Хариуцагч “Н” ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ “Л банкны Баян-Өлгий аймаг дахь салбар 2019 болон 2021 онд хоёр зээлийн гэрээ олгохдоо хоёр удаа шимтгэл авсан байдаг. Гэтэл энэ нь зөвхөн нэг төрлийн үйлчилгээ учир давхардуулан шимтгэл авсан гэж үзнэ” гэж дурдсан боловч зээлдүүлэгч давхардуулан шимтгэл авсныг шүүхэд нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

19. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хуралдаанаар хариуцагч “Н” ХХК-ийн “1,200,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэснийг шийдвэрийн “Тогтоох” хэсэгт тусгахгүй орхигдуулсан техникийн шинжтэй алдааг зөвтгөж, шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

20. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн Үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.2 дахь заалтыг удирдлага болгосон нь мөн хуулийн шаардлагад нийцээгүй бөгөөд шүүхийн гаргасан уг техникийн шинжтэй алдааг давж заалдах шатны шүүх хуралдаанаас залруулж, шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь заалтыг тус тус удирдлага болгож” өөрчлөн залруулж байна.

 

21. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагч “Н” ХХК, хамтран хариуцагч А.Д нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй тул   хангахгүй орхиж шийдвэрлээ.

 

22. Хариуцагч “Н” ХХК, хамтран хариуцагч А.Д нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,350 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2023/00362 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.2 дахь заалтыг удирдлага болгож” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь заалтыг тус тус удирдлага болгож” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “212,12,2471 м.кв” гэснийг “212.12 м.кв” гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн 2 дахь заалтын дараа “21. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-ийн нэхэмжлэгч Л банкны Баян-Өлгий аймаг дахь салбар холбогдуулан гаргасан “Зээлийн шимтгэл 1,200,000 төгрөг гаргуулах тухай”  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК, хамтран хариуцагч А.Д нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК, хамтран хариуцагч А.Д нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,350 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                                   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК