Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2022/0027

 

“У ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Увс аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч   П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн  Ч.Тунгалаг

Шүүгчид:                  М.Батсуурь

                                 Д.Мөнхтуяа    

Илтгэгч шүүгч:         Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 24 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ө.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Б, Ж.Э нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 161 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч “У ...” ХХК-аас Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Х ...” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “У ...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, 2021 оны 02 сарын 19-ний өдрийн А/102 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн “Х ...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2. Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамж: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалт, Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаар магадлалыг тус тус үндэслэн “Улаангом сумын 3 дугаар багийн нутаг хуучнаар барилгын материалын үйлдвэрлэлийн баазад кислородын цехийн 2667.1 м.кв газрыг Ж овогтой Ц-д, мужаан цехийн 6992.5 м.кв газрыг “Ж ...” ХХК-д, бетон цехийн 29954 м.кв газрыг “Х ...” ХХК-д, хуучнаар улаан булангийн барилгын орчмын 1390.6 м.кв газрыг “Б ...” ХХК-д тус тус үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.

2.1. Нэхэмжлэгчээс “Увс аймгийн Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гаргахдаа манай компанид албан ёсоор мэдэгдээгүй ба ийм захирамж гарсан гэдгийг махны үйлдвэрийн үе үеийн эзэмшигчид болон бид одоо болтол мэдээгүй байсан. “Х ...” ХХК-ийг худалдаж авсан гэх “А ...” ХХК үйлдвэрийн хашааг нурааж, 20х50 м.кв газрыг хашаалж авсны дараа бид 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрсдөө олж мэдсэн, ... өнгөрсөн 8 жилийн хугацаанд дээрх газрыг хуулийн дагуу эзэмшиж ашиглаагүй, өөрийн гэх дээрх газрын төлбөрөө манай компаниар 2020 он хүртэл төлүүлсээр ирсэн” гэсэн үндэслэлээр маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

3.1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 4 дүгээр зүйлийн 4.13-д заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн 1 дэх заалтаар 29954м2 газрыг “Х ...” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгээс маргаан бүхий 1117.3м2 газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоон, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжийн 26530м2 газрыг “Х ...” ХХК-д эзэмшүүлсэн хэсгээс маргаан бүхий 1117.3м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий 1117.3м2 газрыг эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Увс аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

3.2. Шийдвэрийн 2 дахь заалтаар: нэхэмжлэгч “У ...” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “Х ...” ХХК-ийн 28361.7 м2 газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “У ...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжийн “Х ...” ХХК-ийн 25412,7м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 24 дүгээр магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “У ...” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “Х ...” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар:

5.1. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэрэгсэхгүй болгох нь үндэслэл, эрх зүйн үр дагавар, хэрэглэх хуулийн зохицуулалт ялгаатай байдаг. Тодруулбал, нэг талаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь захиргааны хэргийг агуулгаар нь хянан шийдвэрлэх боломжгүйг илтгэдэг бол нөгөө талаас захиргааны хэргийг агуулгаар нь хянан шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүйг баталдаг.

5.2. Гэтэл магадлалын хянавал хэсгийн 1 дэх заалтад “Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэсэн атлаа 3.8 дахь заалтад “хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй” гэж харилцан эсрэг агуулга бүхий дүгнэлт хийжээ.

5.3. Улмаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “Х ...” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

5.4. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх учиртай атал магадлалын хянавал, тогтоох хэсэгт зөрчилдөөнтэй, харилцан эсрэг агуулга бүхий заалт, дүгнэлт тусгагдсан нь илэрхий байна.

5.5. Шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжтой, уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд саад учруулахуйц эргэлзээтэй, ойлгомжгүй, салаа утгатай, харилцан эсрэг дүгнэлт, заалт агуулсан байж болохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж буй явдал юм.

5.6. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “У ...” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжийн “Х ...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн.

5.7. Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “Х ...” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” өөрчлөлтийг оруулахдаа Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжийн “Х ...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулсанд гомдолтой байна.

5.8. Хүн, хуулийн этгээдийн шүүхэд мэдүүлэх эрхээ эдэлж гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх нь үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэх үүрэгтэй болохоос шийдвэрт өөрчлөлт оруулах нэрийн дор нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэхгүй байх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж буй алдаа юм гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

7. Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч “У ...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-н Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэлээр гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул энэ хүрээнд хэргийг хянав.

8. Нэхэмжлэгчээс 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Х ...” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “У ...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн “Х ...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

9. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Увс аймгийн Засаг даргын 1) 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “Х ...” ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгээс маргаан бүхий 1117.3м2 газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, 2) 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжийн “Х ...” ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгээс маргаан бүхий 1117.3м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий 1117.3м2 газрыг эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Увс аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 24 дүгээр магадлалаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Увс мах маркет” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “Х ...” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

11. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь өөрчлөхдөө нэхэмжлэлийн шаардлагын “Увс аймгийн Засаг даргын 2012 оны А/495 дугаар захирамжид холбогдох хэсгийг” хүлээн авахаас татгалзсан агуулгатай болгож өөрчилснөөр нэхэмжлэлийн шаардлагын “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжид” холбогдох хэсэг шийдвэрлэгдэхгүй үлдсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээ тусгахаар журамласныг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

12. Түүнчлэн, магадлалын хянавал хэсэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон агуулгатай болон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж зөрүүтэй (магадлалын хянавал хэсгийн 1, 3.8, 4.5) дүгнэсэн. Магадлалын тогтоох хэсэгт “шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж тусгасан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ... тогтоогдвол ... хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, эсхүл мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон эсэх нь тодорхойгүй болжээ.

13. Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гүйцэд шийдвэрлэх, хэрхэн шийдвэрлэснээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагын дагуу шийдвэртээ тодорхой тусгах нь зүйтэй байх тул гомдлыг энэ үндэслэлээр хангаж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 24 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                   М.БАТСУУРЬ

   Д.МӨНХТУЯА

   Ц.ЦОГТ