Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 138

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал ҮД:14-20,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяртуяа, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр ҮД:19-79 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.О-т холбогдох эрүүгийн 1803 0074 10421 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн Б.О

Холбогдсон хэргийн талаар:

Б.О нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны 20 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян Монгол хорооллын 418 дугаар байрны зүүн талд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин Toyota Corolla Fielder маркийн 52-09 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид замаас гарахдаа явган зорчигч, ...-д зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Бямбасүрэнг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: Би Имраль хотхон руу 2018 оны 09 дүгээр сарын 03-ны орой 20 цаг 20 минутын үед захаас гараад эхнэр, хоёр хүүхдийн хамт айлд очих гээд явж айсан. Урдуур зүүнээсээ баруун тийш  чиглэлтэй гарч яваа харагдсан. Тэгээд явган зорчигчийг яваад өнгөрсөн гээд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд түс гээд чимээ гарсан. Тэгээд түргэн дуудаад анхны тусламж үзүүлсэн. Тэгээд эмнэлэг яваад цагдаа ирээд үзлэг хийсэн. Би хохирогчид учирсан хохирлоос нийт 11.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэх хохирлыг төлж барагдуулна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяртуяа мэдүүлэхдээ:  Би энэ хэрэг гараад 15 минутын дараа мэдсэн. Манай гэр тухайн хэрэг болдог газраас 100 метр орчим  зайд байдаг. Намайг очихоос өмнө ахын эхнэр хүүхэд гээд гэр бүлээрээ очсон байсан. Намайг очиход аав газар хэвтэж байсан. Хэргийн материалд миний аавыг тэтгэвэрт гарсан гэж байна. Манай аав Бямбасүрэн 1939 онд Баянхонгор аймагт төрсөн. 18 наснаас эхлэн цэргийн байгууллагад ажиллаж ирсэн. Түүхээ сонирхож үүгээрээ доктор, профессор цол хүртэж байсан. Хууль Сахиулахын Их Сургуулийн багш, энэ сургуулийг үндэслэгч байсан. Тэтгэвэрт гарсан байсан ч ажиллаж ирсэн ахмадын хорооны тэргүүн байсан. Төрийн ёслолын талаар, Монгол улсын тусгаар тогтнолын талаар лекц уншиж байсан. Тэрээр сургууль дээрээ 10 дугаар сарын 07-ны өдөр илтгэл тавьж, уулзалт хийх байсан. Миний аав Алтангадас одон, Төрийн соёрхол гээд төрөөс гавьяа шагнал авч байсан. Ном гаргаад тухайн номоо патентжуулсан байгаа. Энэ ном нь 2013 оны шилдэг ном болж, Ерөнхийлөгчийн шагнал авч бүх аймгуудад тараагдсан. Тэр өдөр шүүгдэгч хайхрамжгүй байдал гаргаж, хараа муутай байж жолоо барьж хүний амь тасалсанд харамсалтай байна. Аав маань өглөө бүр 8 цагаас 10 цагийн хооронд гадуур алхаж явдаг. Тэр өдөр мөн явган явдаг замаараа явж байгаад ирнэ гээд гарсан. Хохирлын баримт өмгөөлөгчөөр дамжуулж 21.924.698 төгрөийн нэхэмжлэл өгсөн байгаа. Даатгалаас 5.000.000 төгрөг өгсөн. Шүүгдэгч 6.000.000 төгрөгийг хэсэгчилж шилжүүлсэн байсан. Одоо 10.924.698 төгрөг төлөх дутуу байгаа. Гомдолтой байна. Хайхрамжгүй байдлаас болж хүний амь хохирсон байна гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяртуяагийн: ...орой болгон 20 цагаас 22 цаг хүртэл гэрийн ойр орчмоор алхаж дасгал хийдэг, тэр хэвшлээрээ тухайн үед 20 цагийн үед гэрээсээ гараад алхахаар гарсан. Би гэртээ байж байтал төрсөн дүү Б.Дөвшин маань над руу гар утсаар залгаад, аав яасан бэ, зам тээврийн осолд орсон юм уу эгч рүү залгаад мэдээлэх гэсэн, эгчийнхээ утас руу залгахад гараад ир ээ гэж эгч маань хэлсэн, тэгээд ослын талаар мэдсэн. Миний мэдэж байгаагаар зам дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаа манай гэрийнхэн рүү яриад, тэгээд бид нар ослын талаар мэдсэн. Бид нар гэр бүлээрээ гомдолтой байна. Эрүүл, саруул зүгээр явж байсан хүнийг байнга гардаг гарцаараа гараад явж байхад нь дайрч амь насыг хохироосонд гомдолтой байна. Аав маань гэнэтийн байдлаар нас барсанд  маш хэцүү байна. Сүүлчийн үг захиасыг сонсож чадаагүйд гомдолтой байна ...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Төртүвшингийн өгсөн: ...2018.09.03-ны орой 22 цаг өнгөрч байхад байх аа, манаачийн пүтек  дээрээ сууж байтал 103-н машины дуут дохио дуугарсан, гараад хартал 103-н машинд нэг хүнийг суулгаад авч явж байгаа харагдсан, би осол болсныг хараагүй, буцаад байр руугаа тэр даруй орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Наранцэцэгийн өгсөн: ...Тухайн үед орой 21 цагт ажил тараад гэр рүүгээ алхаад явж байсан. Баян Монгол хорооллын урдуур ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явган хүний замаар явж байхад байрнаас төв зам руу эргэх замаас хөндлөн гарч байтал түг гээд мөргөх чимээ гарсан, эргээд хартал цэнхэр суудлын автомашин нэг настай өвөөг мөргөсөн, өвөө миний баруун урд талд хэвтэж байсан. Машины жолооч талын суудал дээрээс эрэгтэй хүн бууж ирэхэд нь түүнийг хүн дайраад унагаачихлаа шүү дээ, яаралтай түргэн дууд аа гэхэд жолооч эрэгтэй манай эхнэр машин дотор 103 дуудаж байгаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Эрдэнэ-Өлзийгийн өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 03-ны орой 20 цаг 20 минутын үед “Нарантуул” захаас Имрайл хотхон руу айлд очихоор нөхөр Оын эзэмшлийн “Тоёота –Пилдер” маркийн 52-09 УББ улсын дугаартай автомашинаар явж байсан, тухайн үед манай нөхөр О машинаа бариад, ард талд 2 хүүхэд суугаад явсан, тухайн осол болохоос өмнө би 2 хүүхэд рүүгээ хараад бага охинтойгоо юм яриад явж байтал гэнэт хүн мөргөсөн, тэгээд машин зогсоод О машинаас буусан, буцаж орж ирээд машинаа жоохон ухраагаад зогссон. Манай нөхөр ослын талаар 103 дуудлага өгсөн, тэгээд байж байтал 5 минутын дараа цагдаа ирж хэргийн газрыг хамгаалсан, түүний дараа 103 машин 20-25 минутын дараа ирж хохирогчийг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгэний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1957 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дагз ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, таславч, суурь, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, таславч, дагз хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал, бага тархины аалзан хальсан доор тархмал цус харвалт, баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8, зүүн талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы зөрөөгүй хугарал, цус хуралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амь нас аврах боломжгүй хүнд гэмтэл юм.

3. Талийгаач нь ходоодны шархлаа өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна.

4. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

5. Талийгаач нь 2018.09.04-ний өдрийн 04:30 минутын цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байна.

6. Талийгаач нь А/II бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэх дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 218 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10912 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.2. Б.Оын баруун нүдний хараа CYL -3.50 1780 , 0,1, зүүн нүдний хараа CYL -3.50 1780 , 0,2+2 байна.

3.4. Тохирсон харааны шилтэй автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

5. Б.О-н нүдний хараанд хэдийд өөрчлөлт орсон, төрөлхийн болон олдмол эсэхийг тогтоох боломжгүй байна. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 89 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Цэцэгжаргалын өгсөн: ...Б.Оын үзлэгээр түүний 2 нүд шилгүйгээр баруун 10%, зүүн нүд 20%, шилээр баруун 40%, зүүн 70% болж сайжирна. Б.О нь шил зүүдэггүй гэсэн, шил зүүхийг эмнэлгээс түүнд зөвлөсөн. 6 сарын дараа давтан үзүүлэх ёстой, тэрээр харааны хугарлын гажигтай, харанхуй бүрэнхий үед орчноо муу харна, ер нь бол орчноо харанхуй үед муу л харна...Энэ хүн хөдөлгөөнд буюу автомашин жолоодох үедээ заавал нүдний шил зүүх ёстой...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар тал/,

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 655 дугаартай дүгнэлтэнд:

1. “Toyota-Corolla” маркийн 52-09 УББ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7. “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” мөн дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Г.Бямбасүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. “Toyota-Corolla” маркийн 52-09 УББ улсын дугаартай автомашины техникийн байдал зам тээврийн осолд нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

4. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. Цагдаагийн ахмад Н.Шинэбаатар гэх дүгнэлт /хх-ийн 97 дугаар тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-н 8-16 дугаар тал/,

            - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-н 17-19 дүгээр тал/,

            - Ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

            ...Бичлэг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг Баян Монгол хорооллын баруун зам нь тусгаарлах хашлагатай, эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээгээр зорчдог, явган хүний замтай хойд талаас орж ирсэн эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ замтай, хуурай зам байв. Цаг тогтуун, зам гэрэлтүүлэгтэй байв. Бичлэгийн зүүн дээд буланд байгаа цаг 20.49.29 минутанд цагаан цэнхэр өнгийн том оврын улсын дугаар тодорхойгүй автобус нэгдүгээр эгнээгээр явж байв. Автобусны араас бараан өнгийн “Ланд Круйзер-200” маркийн улсын дугаар тодорхойгүй автомашин, “Тоёота Приус-20” маркийн улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгсэл орж ирээд зогсов. 20.50.00 минутанд саарал өнгийн марк, улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгсэл ирээд тулаад зогсов. 2 дугаар эгнээгээр тээврийн хэрэгсэл мөн адил зогсож байв. Уг 2 эгнээ зам бага зэргийн түгжрэлтэй байв. Эсрэг талын хөдөлгөөн сийрэг байв. 20.50.18 минутанд том оврын автобус нь хөдөлж ертөнцийн зүгээр баруун гар тийш буюу чигээрээ явав. Араас нь явж байгаа “Ланд Круйзер-200”, “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслүүд ертөнцийн зүгээр хойд зүг рүү буюу туслах зам руу эргээд явав. 20.52.58 минутанд саарал өнгийн марк, улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгсэл баруун тийш буюу чигээрээ явахад араас нь явж байсан “Т.Королла Филдер” маркийн хөх өнгийн суудлын жижиг тэрэг ертөнцийн зүгээр хойд чиглэл буюу туслах зам руу эргээд огцом тоормос гишгээд зогсов. 20.53.00 минутанд уг тээврийн хэрэгслийн жолооч аваар татаад тээврийн хэрэгслээс бууж ирж байв...гэх тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр тал/,

            - Эд мөрийн баримтаар тооцох, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 33, 34 дүгээр тал/,

            - Хохирлын баримт /хх-ийн 42-53, 55-56 дугаар тал/,

            - Шүүгдэгч Б.О-н “Болор мэлмий” эмнэлэгт үзүүлсэн онош /хх-ийн 90-93 дугаар тал/,

            - Шүүгдэгч Б.О-н иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110, 115, 116, 118 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.О нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны 20 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян Монгол хорооллын 418 дугаар байрны зүүн талд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин Toyota Corolla Fielder маркийн 52-09 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид замаас гарахдаа явган зорчигч, ...-д зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Бямбасүрэнг дайрч амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Н.Наранцэцэгийн “...Баян Монгол хорооллын урдуур ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явган хүний замаар явж байхад байрнаас төв зам руу эргэх замаас хөндлөн гарч байтал түг гээд мөргөх чимээ гарсан, эргээд хартал цэнхэр суудлын автомашин нэг настай өвөөг мөргөсөн, өвөө миний баруун урд талд хэвтэж байсан. Машины жолооч талын суудал дээрээс эрэгтэй хүн бууж ирэхэд нь түүнийг хүн дайраад унагаачихлаа шүү дээ, яаралтай түргэн дууд аа гэхэд жолооч эрэгтэй манай эхнэр машин дотор 103 дуудаж байгаа гэж хэлсэн...” гэх  мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/,

            - Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Эрдэнэ-Өлзийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 03-ны орой 20 цаг 20 минутын үед “Нарантуул” захаас Имрайл хотхон руу айлд очихоор нөхөр Оын эзэмшлийн Тоёота Пилдер маркийн 52-09 УББ улсын дугаартай автомашинаар явж байсан, тухайн үед манай нөхөр О машинаа бариад, ард талд 2 хүүхэд суугаад явсан, тухайн осол болохоос өмнө би 2 хүүхэд рүүгээ хараад бага охинтойгоо юм яриад явж байтал гэнэт хүн мөргөсөн, тэгээд машин зогсоод О машинаас буусан, буцаж орж ирээд машинаа жоохон ухраагаад зогссон....” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар тал/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1957 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дагз ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, таславч, суурь, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, таславч, дагз хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал, бага тархины аалзан хальсан доор тархмал цус харвалт, баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8, зүүн талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы зөрөөгүй хугарал, цус хуралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амь нас аврах боломжгүй хүнд юм. Талийгаач нь ходоодны шархлаа өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар тал/,

            - Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 655 дугаартай “...Toyota-Corolla” маркийн 52-09 УББ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7. “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” мөн дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Г.Бямбасүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 97 дугаар тал/,

            - Ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн “...20.52.58 минутанд саарал өнгийн марк, улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгсэл баруун тийш буюу чигээрээ явахад араас нь явж байсан Т.Королла пилдер маркийн хөх өнгийн суудлын жижиг тэрэг ертөнцийн зүгээр хойд чиглэл буюу туслах зам руу эргээд огцом тоормс гишгээд зогсов. 20.53.00 минутанд уг тээврийн хэрэгслийн жолооч аваар татаад тээврийн хэрэгслээс бууж ирж байв...гэх тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Оыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.О хэрэгт холбогдох үедээ нүдний харааны гажигтай, үзэгдэх орчныг харанхуй нөхцөлд муу хардаг болох нь шинжээч эмчийн мэдүүлэг, эмнэлгийн онош, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд заавал шил зүүх шаардлагатай байсан боловч нүдний шил зүүгээгүй хайхрамжгүй үйлдлийнх нь улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг гарсан байна гэж дүгнэв. /хх-ийн 64-65, 89-93 дугаар тал/

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

            - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяртуяа шүүхийн хэлэлцүүлэгт  хохиролд 21.924.698 төгрөгийг нэхэмжилж байх боловч хавтас хэрэгт нотлох баримтаар 17.645.181 төгрөгийн хохирлын баримт ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангасан байна гэж дүгнээд шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд 11.000.000 төгрөгийг төлөгдсөн тул үлдэх хохирол болох 6.645.181 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс Б.Оаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 42, 56 дугаар тал, 124-125, 146-147 дугаар тал/

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяртуяа нь гэм хорын хохирлын бусад нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.  

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

            Шүүгдэгч Б.О-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

            Шүүгдэгч Б.О нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 118 дугаар тал/

            Шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын ихэнх хэсгийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн “Тоёота Пилдер” маркийн 52-09 УББ улсын дугаартай автомашиныг  хохирогчид төлөх төлбөр тооцоонд тооцуулахаар тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Боржигон овогт Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь хохирсон хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Монгол улсын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  Б.О-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 08 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.О-т оногдуулсан 2 /хоёр/ жил 08 /найман/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.О /РД:АП87050978/-аас 6.645.181 /зургаан сая зургаан зуун дөчин таван мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бямбасүрэнгийн Баяртуяа /РД:ЧИ71032322/-д олгосугай.

            6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяртуяа нь гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.О-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасныг тус тус баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэн ирсэн “Тоёота Филдер” маркийн 52-09 УББ улсын дугаартай автомашиныг №01913850 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад, мөн хураагдан ирсэн Б.Оын “В” ангилалын 513042 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд тус тус шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

          9. Шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

          10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.О-т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ