Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01849

 

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01849

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/02405 дугаар шийдвэртэй,

 

Б.Бын нэхэмжлэлтэй,

Б.Сад холбогдох

 

Орон сууцыг эзэмших Б.Сын эзэмшил дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, хариуцагч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.Б миний бие Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байр, - хаягт байрлах - улсын бүртгэлийн дугаартай, - дугаар гэрчилгээтэй, 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм.

1.2. Тухайн орон сууцанд Б.Сыг Иргэний хуулийн 311 дүгээр зүйлд заасан зориулалтаар амьдруулж байсан. Б.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул дээрх албаны орон сууцыг шаардах эрхийн үндэслэл үүсэж байна.

Иймд орон сууцыг эзэмших Б.Сын эзэмшил дуусгавар болсон болохыг тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч Б.С нь “Б” ХХК-д 2002-2017 оныг хүртэлх хугацаанд нярав, менежер, гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж, тасралтгүй 15 жил ажилласан.

Б.Б надад “чиний байрыг олгохоор боллоо, 2 өөр байр байгаа аль нэгийг нь сонгоод аваарай” гэсний дагуу Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байр, - орон сууцыг сонгож, бүрэн засвар хийсэн.

2.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2022/01594 дугаар магадлалаар “Б.С болон “Б” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт зааснаар тодорхой болзол нөхцөлтэйгөөр Б.Сын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээн эзэмшилд нь орон сууц шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлийг Б.С хангасан, харин “Б” ХХК тохиролцсон ёсоор үүргээ биелүүлээгүй байна” гэж дүгнэсэн.

Маргаж буй орон сууц албаны орон сууц биш, Иргэний хуулийн 420 дугаар зүйлд заасны дагуу надад олгосон шагналын буюу ажлын үр дүнг үнэлж өгсөн орон сууц юм.

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу энэхүү үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт  тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Сад холбогдох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байр, - орон сууцыг эзэмших Б.Сын эзэмшил дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрий эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. “Б” ХХК нь Б.Сад “өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл “Б” ХХК-д ажиллах, нас барах, тахир дутуу болох" гэх 3-н тохиолдолд албаны орон сууцыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр 3-н тохиолдол бүрдээгүй байхад өөрийн хүсэлтээр ажлаас гарвал албаны орон сууцыг буцаан Б.Бт хүлээлгэн өгнө гэх нөхцөлөөр Б.Сыг албаны орон сууцанд 2011 оноос хойш амьдруулж байсан. Харин Б.С нь 2017 оны 10 сард өөрийн хүсэлтээр ажил үүргээ хүлээлгэн өгсөн тул маргаан бүхий орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжгүй болсон. Б.С маргаан бүхий орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр шаардаагүй талаараа тайлбар гаргаагүй, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр "...зөрүүг.... мөнгөөр төлж энэ орон сууцаа өөрийн нэр дээр авах хүсэлтэй байна...” гэх хүсэлт гаргаснаас үзвэл Б.Сын өмчлөлд албаны орон сууцыг дээрх 3-н тохиолдолд шилжүүлэх талаар тэрээр мэдэж байсан бөгөөд түүний өмчлөлд шилжүүлэх үндэслэлд маргаан байхгүй болох нь нотлогдож байна.

4.2. Б.С 2017 оны 10 сард өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгснөөр маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхгүй болсон. Гэтэл шүүхээс маргаан бүхий орон сууцыг Б.Сын өмчлөлд шилжүүлэх үүргээ “Б” ХХК-ийг биелүүлээгүй гэж үндэслэлгүй дүгнэж шийдвэрлэсэн.

4.3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 210/MA2022/01594 дугаар магадлалын үндэслэх хэсгийн 8.а-д “Б” ХХК-ийн Б.Сад орон сууц олгох үүргийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд болох Б.Баар гүйцэтгүүлэхээр эзэмшлийг шилжүүлсэн байна. Гэвч Б.Б нь уг орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээс татгалзаж, түүнд холбогдуулан шүүхэд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ..." гэж дурдсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Б.Быг өөрийн орон сууцны өмчлөх эрхийг Б.Сад шилжүүлсэн мэтээр бичсэн байна.

“Б” ХХК, Б.Б нар нь маргаан бүхий орон сууцыг Б.Сын өмчлөлд шилжүүлээгүй, түүнд зөвхөн эзэмшүүлж, амьдруулж байсан. Энэ нь Б.Сын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн "...зөрүүг.... мөнгөөр төлж энэ орон сууцаа өөрийн нэр дээр авах хүсэлтэй байна” гэх хүсэлт болон “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга Б.Жаргалын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “...Хувьцаа эзэмшигч нарын зүгээс сайн ажиллаж байсан хүчин чармайлтыг тань харгалзан манай компанид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан тохиолдолд өмчлөх эрх үүсэх нөхцөлтэйгээр, үнэ төлбөргүй орон сууц эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болно” гэх хүсэлтийн хариу зэргээр нотлогддог. Мөн Б.Сын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд “...Би ч бас өөрийгөө олон жил ажилласан тул надад миний амьдарч байгаа байрыг Н.Аынх шиг өгчих байх гэж итгэж байсан..." гэх хариу тайлбараас маргаан бүхий албаны орон сууцыг Б.Сад өмчлүүлээгүй болох нь нотлогдож байгаа.

4.4. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дахь хэсэгт заанаас үзвэл “Б” ХХК-д холбогдох хариуцлагыг хувьцаа эзэмшигч Б.Б хүлээх үүрэггүй болох нь нотлогдож байх тул Б.Бт маргаан бүхий орон сууцыг шаардах эрх үүссэн байна.

4.5. Маргаан бүхий орон сууцыг Б.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 183/ШШ2022/01902 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 210/МА2022/01594 дугаар магадлалаар шийдвэрлэсэн. Энэхүү магадлалаар хариуцагч Б.С нь 2011 оноос 2017 оныг хүртэл Б.Бын өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй болохыг тогтоож, энэ хугацаанд Б.Бт төлөх нөхөн төлбөр буюу орон сууцны түүрээсийн төлбөрөөс Б.Сыг чөлөөлсөн, харин Б.Сын хууль бус эзэмшил хэзээ дуусгавар болохыг тогтоогоогүй. Иймээс Б.Б 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр маргаан бүхий орон сууцыг эзэмших Б.Сын эзэмшил дуусгавар болсон болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Гэтэл нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

4.6. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/MA2022/01594 дугаар магадлалд “...Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдэж шилжүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Б.Б мөн хуулийн 91 дүгээр зүйлийн нь 91.2.1-д зааснаар өмчлөгч болно...” гэж дурдсанаар Б.Быг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэсэн. Иймээс Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэл Б.Бт үүссэн байх бөгөөд маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч Б.Б нь Б.Сын эзэмшлийг дуусгавар болгохоор нэхэмжлэл гаргасан. Б.Б нь “Б” ХХК-ийн боловсон хүчнийг тогтвортой байлгах, тус компанийн үйл ажиллагааг хувьцаа эзэмшигч аль ч талаараа дэмжих үүргийн хүрээнд Иргэний хуулийн 311 дүгээр зүйлд заасан зориулалтаар албаны орон сууцыг Б.Сад түр эзэмшүүлсэн. Гэтэл хууль ёсны өмчлөгч Б.Бт шаардах эрх үүсэхгүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан түүний эзэмших, ашиглах эрхэнд халдаж байгаад гомдолтой байна.

4.7. Хөдөлмөрийн гэрээ нь “Б” ХХК болон Б.С нарын хооронд байгуулагдсан бөгөөд Б.Бтай хамааралгүй. Б.Б нь “Б” ХХК-ийн боловсон хүчнийг тогтвортой байлгах, тус компанийн үйл ажиллагааг хувьцаа эзэмшигч аль ч талаараа дэмжих үүргийн хүрээнд Иргэний хуулийн 311 дүгээр зүйлд заасан зориулалтаар албаны орон сууцыг 2011 оноос Б.Сад түр хугацаанд эзэмшүүлсэн. Харин Б.С нь 2017 оны 10 сард өөрийн хүсэлтээр ажил үүргээ хүлээлгэн өгсөн. Ажлаа хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн Б.С нь хууль бус эзэмшигч болсон. Иймээс маргаан бүхий орон сууцыг эзэмших Б.Сын эзэмшил дуусгавар болсон.

4.8 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19 дүгээр хороолол, 39 дүгээр байр, - хаягт орших орон сууцыг эзэмших Б.Сын эзэмшил дуусгавар болсон болохыг тогтоож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Сад холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны - орон сууцыг эзэмших Б.Сын эзэмшил дуусгавар болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б.Б нь дээр дурдсан орон сууцны өмчлөгч болон уг орон сууцыг Б.С эзэмшиж байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Б.С нь “Б” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан, уг гэрээ дуусгавар болсон талаар талууд маргаагүй.     

 

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01902 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Сад холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны -, 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Сыг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2022/01594 дүгээр магадлалаар нэхэмжлэгч Б.Бт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Сын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2022/0119 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

 

6. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2022/01594 дүгээр магадлалаар “хариуцагч Б.С нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.6 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулалт хийж гаргасан зардал, өөрийн шаардлагаа хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхгүй байх эрхтэй болох” үйл баримтыг тогтоосон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар энэ үйл баримтыг дахин нотлохгүй. 

1594 дүгээр магадлалаар шийдвэрлэсэн нөхцөл болох Б.Саас уг орон сууцыг буцаан өгөх нөхцөл болох маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн засан сайжруулалтын зардал, шаардлага хангагдсан гэх байдал энэ хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

“Б” ХХК болон Б.С нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн эрхийн харилцаа дуусгавар болсон тул Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б нь орон сууцыг буцаан авах эрхтэй боловч уг орон сууцанд хийсэн засан сайжруулалтын зардалыг буцааж өгөх үүрэг дуусгавар болоогүй байх тул уг зардал, шаардлага хангагдах хүртэл уг орон сууцыг эзэмшиж буй Б.Сын эзэмшлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус гэж дүгнэхгүй. 

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/02405 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ДАВААДОРЖ

 

  ШҮҮГЧИД                                         Н.БАТЗОРИГ

              

Э.ЗОЛЗАЯА