Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01852

 

 

 

РЛГ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/03737 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч РЛГ ХХК-ийн хариуцагч ИГГ холбогдуулан гаргасан эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хатанбаатар, түүний өмгөөлөгч Б.Амарбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний 1308 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2022/00406 дугаар тогтоолын дагуу Сонгоулд ХХК-аас 17,900,000,000 төгрөгийг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгох ажиллагааны явцад гуравдагч этгээдийн эрх зөрчигдсөн талаар ИГГ гомдол гаргахад гомдлыг хүлээн аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн. Гэтэл 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь Төв аймгийн Эрдэнэ сумын 1 болон 7 дугаар багуудад байрлах хөрөнгүүдэд ажиллагаа явуулж дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цар хүрээ, хамрах нутаг дэвсгэрийг харгалзан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх зорилгоор хоёр, түүнээс дээш шийдвэр гүйцэтгэгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгаж болно. Гэтэл ийм ажлын хэсгээр гүйцэтгүүлэх үндэслэл үүсээгүй байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэн ажиллагаанд оролцсон.

2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 22261136/158-08, 22261136/07 тогтоолоор Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багт байрлах РЛГ ХХК-ийн өмчлөлийн Хайрын билэг-1, Хайрын билэг-2 объект хоорондоо 4 км-ын зайтай. Гэтэл эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцсон хөндлөнгийн хоёр гэрч Б.Болорчимэг, М.Хулан нар тус хоёр объектыг хураах ажиллагаанд оролцсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Иймд эд хөрөнгө хураах тухай 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22261136/158-08, 22261136/07 тогтоолоор РЛГ ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг хураасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1212 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 406 дугаар тогтоолоор Сонгоулд ХХК-аас 19,080,146,175 төгрөг гаргуулж Монгол улсын хөгжлийн банк ХХК-д олгож, төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Сонгоулд ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Баяндавааны ард байршилтай РЛГ ХХК-ийн өмчлөлийн Хайрын билэг-1 хүүхдийн амралт сувилалтын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000168 дугаарт бүртгэгдсэн, 1952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000228 дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай цогцолбор эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 186691300660024 дугаартай 5 га газрын тогтоолоор тус тус битүүмжилж, хураан шинжээчийн тогтоосон үнэ болох 4,504,266,700 төгрөгийн 70 хувь буюу 3,152,958,690 төгрөгөөр, мөн Төв аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр баг, Өгөөмөр тулгат гацаа хаягт байрлах РЛГ ХХК-ийн өмчлөлийн Хайрын билэг-2 амралтын зориулалттай, 1,890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай цогцолбор эд хөрөнгө, мөн хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 18691304420877 дугаартай 3,7 га газрын хамт битүүмжилж, хурааж шинжээчийн тогтоосон үнэ болох 7,557,000,000 төгрөгийн 70 хувь буюу 5,289,900,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах доод үнийг тус тус тогтоож 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах явцад тус хөрөнгөтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. РЛГ ХХК нь хураах ажиллагааг гүйцэтгэснээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргаагүй болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийн шаардагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ИГГ холбогдох 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22261136/07, 22261136/158-08 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг даалгах тухай нэхэмжлэгч РЛГ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүх ... төлбөр төлөгч хуулийн этгээд нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Баянзүрх тойргийн шийдвэр гүйцэтгэгч явуулж байгаа нь хууль зөрчөөгүй гэж тайлбарласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 44 дүгээр зүйлийн 44.2.8-т заасныг зөрчиж 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Төв аймгийн Эрдэнэ сумын 1 болон 7 дугаар багуудад байрлах хөрөнгөд ажиллагаа явуулсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглох талаар заасан байхад шүүх нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны алдааг зөвтгөсөн шийдвэр гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Улаанбаатар хотоос зайтай суурин газарт иргэд байдаггүй учраас ажил дээр явж байсан иргэдийг авч явж эд хөрөнгө хураах ажиллагаанд гэрчээр оролцуулсан гэж тайлбарласан. Гэтэл шүүх нэхэмжлэгч нь хөндлөнгийн гэрчийг ажил үүргийн холбоотой хувийн сонирхолтой гэх тайлбараа нотлоогүй гэж нотлох баримтыг буруу үнэлсэн. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22261136/158-08, 22261136/07 дугаар тогтоолоор Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Хайрын билэг-1, Хайрын билэг-2 нэртэй объектууд хоорондоо 4 км-ын зайтай. Иймд эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэрч Б.Болорчимэг, М.Хулан нар тус хоёр хөрөнгийг хураах ажиллагаанд оролцсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цар хүрээ, хамрах нутаг дэвсгэрийг харгалзан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгаж болно. Гэтэл ийм ажлын хэсгээр гүйцэтгүүлэх үндэслэл үүсээгүй байхад 158 дугаар тойргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэн ажиллагаанд оролцсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Сонгоулд ХХК нь төлбөр төлөгч бөгөөд уг хуулийн этгээд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт тухайн харьяалах тойргоос өөр нутаг дэвсгэрт шийдвэр гүйцэтгэгч нь ажиллагаа явуулах тохиолдолд заавал даалгавар гүйцэтгүүлэх замаар явуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эрх олгосон учраас хууль зөрчөөгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн гэрчийг эд хөрөнгө байгаа оршин газраас заавал оролцуулахыг үүрэг болгоогүй учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна. Мөн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2 дахь хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч нь өөрийн эрхээс гадна шийдвэр гүйцэтгэгчийн эрхийг мөн адил эдэлнэ гэж зохицуулсан. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль заасны дагуу явагдсан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхийн хэмжээнд шийдвэр гүйцэтгэгчийн гаргаж буй шийдвэр, тогтоол, хуульд нийцсэн эсэхийг мэргэжлийн удирдлагаар өдөр тутамдаа хангаж ажилладаг тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ахлах шийдвэр гүйцэтгэгч оролцсон нь хууль зөрчөөгүй. Эд хөрөнгө хураах ажиллагаанд 2 хөндлөнгийн гэрч оролцуулдаг. Нэхэмжлэгч талаас тухайн 2 хөндлөнгийн гэрчийг манай байгууллагад хамааралтай гэж тайлбарласан боловч энэ тайлбараа нотлоогүй гэжээ.

 ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.  

1. Нэхэмжлэгч РЛГ ХХК хариуцагч ИГГ холбогдуулан эд хөрөнгө хураах тухай 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22261136/07, 22261136/158-08 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.  

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлалаар Сонгоулд ХХК-аас 18,985,062,911 төгрөг гаргуулж Монгол Улсын хөгжлийн банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг РЛГ ХХК, Сонгоулд ХХК, Д.Оюунбилэг, А.Сэлэнгэ, Д.Мөнхбилэгт нарын хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2022/00406 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон байна. (хх-ийн 19-83)

Мөн дүүргийн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2022/15199 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 1408 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. (хх-ийн 102-105)

 1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Төв аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр баг, Өгөөмөр тулгат гацаа хаягт байрлах, 1,890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай бүхий Хайрын билэг-2 цогцолбор, Төв аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр баг, Баяндавааны ард байршилтай, 1,952 м.кв, 903 м.кв, 250 м.кв, 11 м.кв, 25 м.кв, 64 м.кв, 21 м.кв, 105 м.кв, 296,84 м.кв, 525 м.кв, 532,5 м.кв талбай бүхий Хайрын билэг-1 цогцолборыг тус тус битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. (хх-ийн 114-119, 129-137)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна гэж заасан.

Эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон Б.Болорчимэг, М.Хулан нар тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолтой, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоотой гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн гэрчээр оролцсон Б.Болорчимэг, М.Хулан нарыг Улаанбаатар хотоос авч очсон нь хувийн ашиг сонирхолтой үзэх үндэслэл болохгүй юм.  

1.3. Төлбөр төлөгч Сонгоулд ХХК нь Баянзүрх дүүрэгт байрладаг болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул тус дүүргийн шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Мөн Шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно гэж заасан нь хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад заавал даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлэхийг шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгоогүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах хөрөнгө ажиллагаа явуулахдаа даалгавар гүйцэтгүүлээгүй гэх тайлбар, гомдол үндэслэлгүй.  

1.4. Баянзүрх тойргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэн эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцсон нь нэхэмжлэгч РЛГ ХХК-ийн эрх ашгийг зөрчөөгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, тодорхой төрлийн арга хэмжээг гүйцэтгэх, шийдвэр гаргах талаар энэ хуульд заасан зөвшөөрөл олгох эрхээ хэрэгжүүлсэн байна.  

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмыг зөрчсөн гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/03737 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ