Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2023/00067

 

2023 08 24 207/МА2023/00067

 

 

                                                                        Ш.Д-ийн нэхэмжлэлтэй,

                                                                    хариуцагч Л.О-Тгт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.О-Т-т холбогдох,

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд илүү төлсөн 1.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Л.О-Тгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Л.О-Тг, нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Мөрдөн байцаагч Г нь Л.О-Тгийн Хас банкны 5002243436 тоот дансанд яаралтай 1,600,000 төгрөгийг хий гэсний дагуу 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр А.Х-ийн хашаа байшингийн гэрчилгээг Тэгш саятан ББСБ-д тавин зээл авч Хаан банкны 5093300703 тоот данснаас шилжүүлсэн боловч 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн тогтоолын дагуу иргэн Л.О-Тгт илүү төлсөн 1,150,000 төгрөгийг гаргуулан охин А.Х-ийн Хаан банкны дээрх дансанд хийж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.О-Тг шүүхэд гаргасан тайлбартаа:

Ш.Д ажлын өрөөнд минь зөвшөөрөлгүй орж, хувийн эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлж авсан нь тогтоогдсон. Иргэний үйлдэл нь надад санхүүгийн болон харилцагч байгууллага хооронд итгэл, үнэмшил хариуцлага, харилцаанд их хохирол учруулсан. М ХХК-иас тухайн өдөр авсан 619.000 төгрөний үнэ бүхий гар утасны зээлэнд /206333+118059 / сарын хураамж төлсөн, зээл хаахад 530.727 төгөрг, М ХХК-нд нийт 855,119 төгрөг төлсөн, утасгүй болсон учир дахин зээлээр С ХХК-иас 1,619,000 төгрөний утас авч сарын төлбөр 471,000 төгрөг, зээл хаахад 1.350.000 төгрөг төлж С ХХК-нд нийт 1,821,000 төгрөг төлсөн. Иргэн Ш.Д-ийн хулгайн гэмт хэрэг надад нийт 2,676,119 төгрөгийн хохирол учруулсан. Цаашид би хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Л.О-Тгээс 1,150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.О-Тгээс 32,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.О-Тг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Ш.Д нь миний гар утсыг хулгайлж, надад хохирол учруулсан ба учруулсан хохирол 2.676.119 төгрөг болсон ба уг асуудлыг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн ба уг шийтгэх тогтоолын хувь одоо болтол надад ирээгүй ба тухайн хэрэг хүчин төгөлдөр эсэхийг холбогдох ажилтнаас тодруулж тодорхой хариулт авч чадаагүй байгаа болно. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-т зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзсэн байна. Гэтэл тухайн үед шүүгдэгч Ш.Д нь учруулсан хохирлоо өөрөө сайн дураар төлж барагдуулсан ба хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж, би шүүх хуралдаанд оролцоогүй билээ. Гэтэл бидний хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнэлт хийсэн үндэслэлгүй байна. Ш.Д нь миний өмч хөрөнгөд хууль бусаар санаатай халдаж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон ба уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-т зааснаар хариуцан арилгах үүрэгтэй этгээд байхад бидний хооронд үүрэг үүсээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж байх тул Ш.Д-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.О-Тгт холбогдох иргэний хэргийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.06 ны өдрийн 142/ШШ2023/...... тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Л.О-Тгт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд илүү төлсөн 1.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Л.О-Тгээс 1,150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд олгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Ш.Д нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт 19 дугаар цэцэрлэгийн эмчийн албан өрөөнд нэвтрэн орж хариуцагч Л.О-ийн эзэмшлийн самсунг А13 маркийн утсыг хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолд ...шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлоос илүү төлсөн 1.500.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй гэж... заажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Л.О-Т-ийг ...хохирлоо нэхэмжлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар няцаагаагүй болно... гэж дүгнэсэн боловч х/х-ийн 14 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтыг давж заалдах шатны шүүхээс үнэлэх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлсэн боловч нэхэмжлэгч Ш.Дд учирсан бодит хохирлоор тооцож, хохирлыг арилгуулах нь зүйтэй болно.

Хариуцагч Л.О-Тг нь хулгайд алдсан гар утсаа Моос 855.119 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Л.О-Тгээс 1.150.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд олгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч Л.О-Тгээс 744.881 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 405.119 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.О-Тгээс 32.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Дд олгосугай... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.427 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.О-Тгээс 22.427 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Дд олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Л.О-Тгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 32.150 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Л.А

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б