Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2023/00076

 

2023 09 04 207/МА2023/00076

 

 

Г-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Л.Э-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Э-т холбогдох,

Үндэслэлгүй хөрөнгөжсөн болон олох ёстой байсан орлого 71.980.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Л.Э-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-, нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г- нь Э ХХК-ийн салбар болох Я авто ломбардыг Д аймагт 2014 оны 12-р сарын 03-ны өдөр байгуулж, 2015 оны 1-р сарын 02-ны өдрөөс Л.Э-ыг тус салбарын захирлаар ажиллуулсан. Л.Э- нь ажилд орсны дараа машин авахад мөнгө дутаад байна 5.000.000 төгрөг зээлдээч гэснийх нь дагуу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 5-р сарын 18-ны өдөр 11.500.000 төгрөгийг нэмж Г-оос өөрийнхөө Х банк дахь .................... тоот дансруу шилжүүлж авсан. Д.Д гэх хүнтэй ОАГГ191 тоот зээлийн гэрээ байгуулж, 45.000.000 төгрөгийн зээл олгож байгаа, мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлээд Д.Дгийн данс руу 15.000.000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл 30.000.000 төгрөгийг Л.Э- нь өөрийн Х банкны дансруу 2015 оны 8-р сарын 19-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 8-р сарын 20-ны өдөр 9.980.000 төгрөг шилжүүлж авсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байна, 5.000.000 төгрөг шилжүүлээд өгөх боломж байна уу гэхэд нь 5.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Уг мөнгийг тухайн үед хүмүүст олгож байсантай ижил хүүтэйгээр буюу 6 хувийн хүүтэйгээр бусдад зээлдүүлсэн бол 1 жилийн хугацаанд 30.000.000 төгрөг олох бүрэн боломжтой. Иймд үндэслэлгүй хөрөнгөжиж олсон орлого 41.980.000 төгрөг, олох байсан орлого 30.000.000 төгрөг, нийт 71.980.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа Л.Э-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 41.980.000 төгрөг болон алдагдсан боломжийн өртөг буюу олох боломжтой байсан орлого 30.000.000 төгрөг нийт 71.980.000 төгрөг гаргуулах тухай гэжээ. Л.Э- миний бие нь Г-од өр зээлгүй, зээлийн гэрээ байхгүй. Э ХХК-ний Дархан салбарт нэг жил ажилласан хугацаандаа байгууллагад 272.000.000 төгрөгийн ашигтай ашилласан. 2016 оны 1 сараас хуулийн байгууллагад шалгагдаж эхэлснээс хойш иргэн Г- болон түүний Э ХХК-тай санхүүгийн харилцаа холбоо байгаагүй. Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдаж буй үйл явдлыг бүх талаас нь цагдаагийн байгууллага болон шүүхээр тогтоолгосон боловч нэхэмжилсэн мөнгөн дүнгээ өөрчлөх, Аж ахуйн нэгжээр нэхэмжпэл гаргах эсхүл иргэнийн журмаар нэхэмжпэл гаргах гэх мэтээр нь шүүх, цагдаагийн байгууллагаар удаа дараа шалгуулж прокурорын тогтоол, мэдэгдэх хуудас, шүүхийн бүх шатны хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан үйл баримт дээр шүүхэд нэхэмжлэл гаргасаар байна. Шүүхэд үүсгээд буй дээрх маргаанаар 2016 оны 05-р сарын 02-ны өдөр Г- захиралтай Э ХХК нь Д аймгийн Цагдаагийн хэлтэс Л.Э-, Д.Д нарт холбогдох 661 дугаартай гомдлыг Д аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасаг мөрдөн шалгасаас хойш хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэр болон прокурорын тогтоолууд удаа дараа гарч байсан. Иймд дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Л.Э-аас 29.980.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517.850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Э-аас 307.850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д заасныг баримтлан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 1613 дугаар шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06-р сарын 06-ны өдрийг 142/ШШ2023/..... шийдвэрийг / Үндэслэх хэсгийн 9 дэхь дүгнэлт / дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гомдын үндэслэл: Анхан шатны шүүх "... хариуцагч Л.Э-ыг Г-ын данснаас өөрийнхөө Х банк дахь .................... тоот данс руу 2015 оны 08-р сарын 19-ны өдөр 20.000.000 төгрөг 2015 оны 8-р сарын 20-ны өдөр 9.980.000 төгрөг шилжүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээр хангаж шийдвэрлэхдээ ҮНДЭСЛЭХ хэсгийн 8-д Д-ийн зээлсэн Э ХХК-д төлөх зээлийн төлбөр төлсөн гэсэн хариуцагчийн татгалзлалыг нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 2015 оны 08-р сарын 19-ний орж ирсэн 20 сая төгрөгийн тухайд. Энэ 20.000.000 төгрөг нь Д-ийн Э ХХК-иас зээлсэн ДАУ-191 гэрээний 45.000.000 төгрөгийн зээлийн гэрээний зүйлийн хэсэгт үнийн дүнд тооцогдох учиртайг дүгнэлт хийсэнгүй. Учир нь хавтаст хэрэгт нотлох баримтаар шинжлэн судлагдсан Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганы / Хавтаст хэрэг №4 хуудас 171 / Д нь Э ХХК-наас авсан 35.000.000 төгрөгийн өмнөх зээлийн үлдэгдэл 15.000.000 төгрөгийг Э-ын данс руу 2015 оны 8-р сарын 19-ний өдөр шилжүүлсэн /үдээс өмнө 10:16 цаг/ бөгөөд Гэрэлт-Одын данс руу хариуцагч Л.Э- тухайн өдөр кассаас харилцахад утгатай /11:09 цаг/ Х.Г-ын ...............................данс руу шилжүүлсэн 14.696.000 / Хавтас хэрэг №2 хуудас 189 Iтөгрөгийн дүн тохирч байгаа. 20.000.000 төгрөгөөс 14.696.000 төгрөгийг бэлнээр зарлагдаж өмнөх зээлээ хааж чөлөөлсөн мөнгөө Сая доллар ломбардад буцаан төлсөн. Г-ын ...............................данс руу кассаас харилцахад гэж шилжүүлсэн мөнгөн дүн зээл хааж чөлөөлсөн бэлнээр зарлагдсан мөнгөн дүн хоёр тохирч байгаа, зөрүү буюу зээлийн үлдэгдэл 4.640.000 төгрөгийг Л.Э- Д-ийн 5046139807 тоот данс руу шилжүүлсэн нь / Хавтаст хэрэг №5 хуудас 007 / тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл 20.000.000 төгрөгийг би өөрийн данс руу хүлээн авсанаа хүлээн зөвшөөрч 2 гүйлгээ буюу нийлбэр дүн 20.000.000 төгрөгийг 191 ДАУ гэрээний үүрэгт шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байхад цаашид шилжүүлээгүй, өөрөө хөрөнгөжсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. 2015 оны 8-р сарын 20-нд орж ирсэн 9.980.000 төгрөгийн тухайд 2015 оны 8-р сарын 20-ны өдөр шилжиж орж ирсэн 9.980.000 төгрөг ДАУ-191 гэрээний хэсэг мөн бөгөөд Д-ийн зөвшөөрснөөр Л.Э-ын дансанд орж ирсэн буюу гэрээний зүйл Д-ийн мэдэлд орж ирсэн үед харилцан тохиролцсоноор Д-ээс авах авлагаа суутган авсан бөгөөд, Д надад өгөх өглөгөө авсан зээлээрээ хаасан ч зээлийн гэрээний үүргээ зээлдэгчийн өмнө бүрэн хариуцах хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулсан байсан. Тодруулбал Э Дтай байгуулсан 191 ДАУ зээлийн гэрээний зүйл 45.000.000 төгрөгийн задаргаа: Г-оос Дд шилжүүлсэн 15.000.000 төгрөг гүйлгээний утга ДАУ-191 зээл / Хавтаст хэрэг №2 хуудас 189/ Г-оос Э-т шилжүүлсэн 20.000.000 төгрөг гүйлгээний утга ДАУ-191зээл / Хавтаст хэрэг №2 хуудас 189/ Х.Г-оос Э-т шилжүүлсэн 9.980.000 төгрөг гүйлгээний утга ДАУ-191зээл / Хавтаст хэрэг №2 хуудас 189/ 20.000.000 төгрөгийн задаргаа: Д-ийн Э-ын данс руу шилжүүлсэн 15.000.000 төгрөгийг Г-ын данс руу кассын орлогоор 14.696.000 Г-д буцаан шилжүүлсэн, / Хавтаст хэрэг N22 хуудас 189 / зээлийн төлбөрт орж ирсэн 20.000.000 төгрөгөөс 14.696.000 төгрөгийг бэлнээр зарлагдаж Сая доллар/ ломбардад буцаан төлсөн. Д-ийн данс руу зээлийн үлдэгдэл 4.640.000 төгрөгөөр, /Хавтаст хэрэг №4 хуудас 171/ 9.980.000 задаргаа: Э- Д нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөртөө үлдээснээр тохирч байгаа бөгөөд зээлийн гэрээний үүргээ Д хариуцах нь шударга ёсонд нийцнэ. 2015.05.26-нд байгуулсан зээлийн гэрээ /Хавтаст хэрэг №1 хуудас 167 / мөн өдрөө Д өөрийн дансандаа хийсэн 9.000.000 төг / Хавтаст хэрэг №4 хуудас 249/ Дээрх хоёр мөнгөн гүйлгээ нь Э-ын Х банкны дансанд хийгдэх болсон үндэслэл нь ДАУ-191 45.000.000 төгрөгийн зээлийг хэсэгчлэн 3 хувааж орсон нь Д-ийн зөвшөөрснөөр зээлийн гэрээний нөхцөл болгон тусгасан байсан. Бусад үндэслэлийн талаар Анхан шатны шүүх үндэслэх хэсгийн 12-т "...нэхэмжпэлийн шаардлагатай холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гарсан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэсэн тайлбар гаргасан боловч Э ХХК- ний нэхэмжлэлтэй Л.Э-, Д.Д нарт холбогдох хэргийг шийдсэн. Харин Г-ын Л.Э-аас нэхэмжилж буй 29.980.000 төгрөгийн талаар шийдвэр гараагүй байна гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Дархан Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э ХХК , Г- нар ДАУ 191 Дтэй байгуулсан зээлийн гэрээг үндэслэн нэхэмжпэлийн шаардлага гаргасан. Зээлдэгч Э ХХК, Г- Д-ээс 45.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээс 15.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нь хэдий хэмжээгээр нэхэмжпэх нь өөрсдийнх нь эрх байсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй иргэний хэрэг, Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шаардах эрхийн үндэслэл нэг буюу ДАУ 191 тоот гэрээ, шинжпэн судлагдсан нотлох баримт нэг, мөн маргааны зүйл болсон зээлийн гэрээний төлбөрийг шилжүүлсэн данс Э ХХК-ийг хуулийн этгээд гэж үзсэн бол иргэн Гэрэлт-Одын Х банкны ...............................тоот данс нь Дархан салбарын албан хэрэгцээнд ашиглагдаж байсан зэргийг нягтлаагүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин үнэлэн, нөгөө талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-д зааснаар дүгнэлт хийгээгүй тул Э-аас 29.980.000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэнийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Г- нь хариуцагч Л.Э-т холбогдуулан Үндэслэлгүй хөрөнгөжсөн болон олох ёстой байсан орлого 71.980.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Л.Э-аас 29.980.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г- нь Э ХХК-ийн салбар болох Я авто ломбардыг Д аймагт 2014 оны 12 дугаар сард байгуулж, Л.Э-ыг тус салбарын захирлаар ажиллуулж байх үед хариуцагч Л.Э- нь нэхэмжлэгч Г-ын данснаас өөрийнхөө Х банк дахь .................... дугаар данс руу 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 9.980 .000 төгрөг шилжүүлж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс хариуцагч Л.Э-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж түүнээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар 29.980.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин Л.Э- 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 11.500.000 төгрөгийг өөрийн Х банкны .................... тоот данснаас .....................данс руу Э-аас гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн, 11.500.000 төгрөгийг Э.Э зээлж авсан байх тул 11.500.000 төгрөгийг Л.Э-аас шаардах эрхгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон мөн нэхэмжлэлийн шаардлагаас орох байсан орлого 30.000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Д аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 54 дугаар тогтоолоор Э ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Э-, Д.Д нарт холбогдох хэргийг шийдвэрлэж, хариуцагч Д.Дгээс түүний Э ХХК-иас зээлсэн 15. 000 .000 төгрөгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн, харин Г-ын Л.Э-аас 29.980.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гараагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э- нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 307.850 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Б.О