Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2023/00077

 

2023 09 04 207/МА2023/00077

 

 

О аймгийн П-ын газрын

нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Х-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.О, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О аймгийн П-ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Х-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Х.Х-ын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Х.Х-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О аймгийн П-ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х.Х- нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр О аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай Гарааны бизнес эрхлэгч залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулан явуулын кофе шоп ажиллуулах зориулалтаар 10.000.000 /арван сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, хүү алданги төлөх нөхцөлгүйгээр зээлж авсан байна. Х.Х-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд зээлдэгч Х.Х- нь 2021 онд 1.400.000 төгрөгийг зээлд төлснөөр өөр төлөлт хийгээгүй бөгөөд 8.600.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хулээнэ, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ эөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд зээлдэгч Х.Х- нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч тал гэрээний үүргийг шаардах эрх үүсэж байна. Хөдөлмөрийн эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тогтоолоор баталсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-ийн хөрөнгө нь төсвөөс олгогддог бөгөөд иргэдийг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж хүүгүй зээл олгодог, зээлийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүйн улмаас бусад иргэдийн зээл авах боломжийг хязгаарлаж, төрөөс гаргасан хөрөнгө буцаан төлөгдөхгүй байгаа нь төрийн болон нийтийн ашиг сонирхол давхар зөрчигдөж байна. О аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар нь зээлийн гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дууссан байхад гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжпэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэж заасны дагуу П- төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах эрхтэй. О аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-өөс зээл авч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй иргэдээс гэрээний дагуу төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, төрд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэх хүсэлтийг П-т ирүүлжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт П- төр, нийтийн ашигсонирхол зөрчигдсөн гэжүзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасныг үндэслэн Х.Х-аас зээлийн гэрээний биелүүлээгүй үүрэг 8.600.000 /найман сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан О аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100210037010 тоот дансанд төлүүлж өгнө үү. П-ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.4, 41.14-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Х- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

ХХҮГ-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч 8.600.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд миний бие ХХҮГ гарааны бизнес 2019-т оролцон 10.000.000 төгрөгийн зээлийг 2019 оны 12 сард авсан. Эргэн төлөлт хийхэд Ковид-19 цар тахал болон хүүгийн эмчилгээний улмаас энэ хугацаанд 1.400.000 төгрөг төлсөн. Үлдсэн 8.600.000 төгрөгийг хавсаргасан графикийн дагуу төлж барагдуулах хүсэлттэй байна. 2023 оны 05 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл хэсэгчлэн төлнө гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч Х.Х-аас зээлийн гэрээний үүрэгт 8.600.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Х.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 152.550 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Х- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие нь шүүх хуралдаанд оролцох байтал намайг оролцуулаагүйд гомдолтой байна. Шүүхээс надад шүүх хурлын товыг 2023 оны 05- дугаар сарын 23-ны 09 цаг гэж мэдэгдсэн тул би 9 цаг дөхүүлээд явахаар бэлдэж байтал шүүхээс хуралдаа ирээч гэж утасдахаар нь 9 цагаас биздээ гэтэл үгүй одоо орох гээд байна гэхээр нь гялс зам руу гарч такси бариад очтол хурал чинь ороод дууссан, одоо өөр хурал орж байна гээд оруулаагүй. Шүүхээс надруу залгахдаа 9 цаг гэж хэлсэн 8 цаг гэсэн бол би цагтаа очих байсан. Мөн миний бие Халамж үйлчилгээний газартай тохиролцсон байсан бөгөөд 8.600.000 төгрөгийг сар бүр 500.000 төгрөгөөр төлж барагдуулахаар шүүх хуралдааны өмнө тохиролцоод би 5,6 сарын төлбор болох 1.000.000 төгрөгийг төлсөн. Одоо 7 сарын төлбөр болох 500.000 төгрөгийг ЗО-ны дотор төлөхөөр бэлдэж байна. Өөроөр хэлбэл 2 тал энэхүү маргаан дээр эвлэрэн хэлэлцэж, надаар энэ талаар өргөдөл бичүүлж авсан тул энэ байдлаа шүүх хуралдаан дээр ярьж улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байтал энэ эрх маань зөрчигдлөө гэж үзэж гомдолтой байна. Цаашид энэ төлбөрийг шийдвэр гарсны дагуу бөөнөөр нь төлөх надад амьдарлын боломж байхгүй, 2 бага насны хүүхэдтэй, надаас өөр ажил эрхэлдэг хүнгүй байдлыг харгалзан үзэж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. Давж заалдах шатны хуралдаанд оролцох хүсэлтийг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О аймгийн П-ын газар нь хариуцагч Х.Х-аас зээлийн гэрээний үүрэгт 8.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Х.Х- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулах тухай тайлбар гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч Х.Х- нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр О аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газартай гарааны бизнес эрхлэгч залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай явуулын кофе шоп ажиллуулах зорилгоор зээлж авсан, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дууссан, зээлийг эргэн төлөлтийн дагуу төлөөгүй, 1.400.000 төгрөгийн төлөлт хийсэн, 8.600.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа зэрэг үйл баримт тогтоогджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Х.Х- нь гэрээний дагуу зээл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч О аймгийн П-ын газрын нэхэмжилсэн 8.600.000 төгрөгийг төлүүлэхээр нь шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хариуцагчийн зээлийн төлбөрийг сар бүр хэсэгчлэн төлүүлэхээр гаргаж буй гомдлыг хүлээн авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Х-ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Х.Х-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.550 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД Б.О

С.У