Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00882

 

В.Гантөмөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00285 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 862 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч В.Гантөмөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Орчлон констракшн” ХХК болон Р.Тулга нарт холбогдох,

12 868 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Орчлон констракшн” ХХК-ийн төлөөлөгч Д.Ганзоригийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

В.Гантөмөр миний бие нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны “Гутал” ХК-ийн 28 дугаар байрны 155 тоот байрны хууль ёсны өмчлөгч байсан бөгөөд уг байрыг буулгаж, дахин барилгажуулах Шинэчлэл-1 төслийн хүрээнд “Орчлон констракшн” ХХК нь дахин шинээр байр барих болсон юм. Ингээд хууль ёсны өмчлөгч надтай “Орчлон констракшн” ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Орон сууцны нөхцөл сайжруулах тухай гэрээ, 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 11/156 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан.

Эдгээр гэрээний дагуу “Орчлон констракшн” ХХК нь шинээр баригдах барилгаас 69.95 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг хүлээлгэн өгөх, миний бие нь үнийн дүнгийн зөрүү болох 13 836 000 төгрөгийг тус компанид төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээгээр тохиролцсон үүргийнхээ дагуу миний бие нь нийт 12 868 000 төгрөгийг төлсөн.

Гэтэл Р.Тулга нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4396 тоот, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/12847 тоот, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/13018 тоот албан бичгүүдийг “Орчлон констракшн” ХХК-д хүргүүлснээр тус компани нь В.Гантөмөр надтай байгуулсан гэрээг, Р.Тулгын нэр дээр шилжүүлэн байгуулж, улмаар 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны түлхүүрийг Р.Тулгад шилжүүлэн өгсөн байдаг.

Ингээд миний бие байргүй үлдсэний зэрэгцээ орон сууцны зөрүү үнэнд тушаасан 12 868 000 төгрөгөөр хохироод байна. Р.Тулга нь байрны зөрүү мөнгийг би “Орчлон констракшн” ХХК-нд тушаасан гэдэг боловч тус компани нь В.Гантөмөр надаас байрны зөрүү мөнгө авснаа тодорхойлдог юм.

Иймд “Орчлон констракшн” ХХК-тай байгуулсан 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Орон сууцны нөхцөл сайжруулах тухай гэрээ, 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 11/156 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу В.Гантөмөр миний байрны мөнгөний зөрүү үнэнд тушаасан 12 868 000 төгрөгийг Р.Тулга болон “Орчлон констракшн” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Орчлон констракшн” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Учир нь анх В.Гантөмөртэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу тэрээр 12 868 000 төгрөгийг манай компанид төлсөн.

Гэвч барилга баригдсаны дараа шүүхийн шийдвэрийн дагуу манай компанид албан бичиг ирснээр бид гэрээг Р.Тулгын нэр дээр шилжүүлж, түүнд түлхүүрийг өгсөн. Бид шүүхийн шийдвэрийг л биелүүлсэн тул В.Гантөмөрийн төлсөн мөнгийг буцаан төлөх үндэслэлгүй гэжээ. 

 

Хариуцагч Р.Тулга шүүхэд гаргасан тайлбартаа:

Р.Тулга миний бие нь нэхэмжлэгч В.Гантөмөрөөс байрны үнийн зөрүү гэж нэг ч төгрөг аваагүй болно. Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтууд нь бүгд “Орчлон консракшн” ХХК-д мөнгө тушаасан баримтууд байна. “Орчлон консракшн” ХХК ямар учиртай төлбөр авсан тухайгаа тайлбарлаж хариуцагчаар дангаараа оролцох үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч гэх Р.Тулга миний биеийг энэхүү нэхэмжлэлийн хариуцагчаас хасаж өгөхийг хүсье гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00285 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Орчлон констракшн” ХХК-иас 12 868 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.Гантөмөрт олгож, хариуцагч Р.Тулгад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “Орчлон констракшн” ХХК-иас 220 838 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220 838 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 862 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Орчлон констракшн” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220 838 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

 

Хариуцагч “Орчлон констракшн” ХХК-ийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй. Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Учир нь тус хэрэгт хариуцагчаар оролцсон “Орчлон констракшн” ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин барилгын нөхцлийг сайжруулах төсөл хэрэгжүүлж ХУД-ийн 3-р хороонд байрлах гутлын 28-р байрыг шинэчлэн барьсан. Иргэн В.Гантөмөр нь шинээр баригдах орон сууцнаас 155 тоотын 69.95 м.кв талбай бүхий орон сууцыг авахаар захиалж, улмаар гэрээ байгуулсан. Түүний өмчилж байсан хуучин орон сууц нь 58.42 м.кв бөгөөд шинээр захиалсан орон сууцны үнийг энэхүү хуучин орон сууцаараа төлөх боломжгүй байсан тул нэмж 13 836 000 төгрөгийг төлөх ёстой болж, энэ дагуу В.Гантөмөр нь 12 868 000 төгрөгийг төлсөн байдаг.

Өөрөөр хэлбэл “Орчлон констракшн” ХХК нь иргэн В.Гантөмөрт гэрээгээр тохиролцсоны дагуу ХУД-ийн 3-р хороонд байрлах 28-р байранд 3 өрөө, 155 тоот, 69.95 м.кв шинэ орон сууцыг ашиглалтанд оруулж, иргэн В.Гантөмөр нь үүний үнийг төлсөн. Маргааны зүйл болоод байгаа 12 868 000 төгрөг нь энэхүү орон сууцны төлбөрийн нэг хэсэг бөгөөд “Орчлон констракшн” ХХК нь иргэн В.Гантөмөрөөс ямар нэгэн илүү төлбөр аваагүй, зөвхөн шинээр баригдсан орон сууцны үнийг л авсан. Харин иргэн Гантөмөр, Тулга нар нь хоорондоо зээлийн гэрээний маргаантай байсан бөгөөд тус маргаан нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 881 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Шүүхээс ХУД-ийн 3-р хороо 28-р байрны 155 тоот орон сууцны өмчлөгчөөр Р.Тулгыг бүртгэж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт үүрэг болгон шийдвэрлэсэн байдаг.

Тус шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллагаа хийж тус орон сууцны гэрээг Тулгын нэр дээр шилжүүлэхийг шаардсан. Манай компанийн зүгээс нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, түүнийг биелүүлж байгаа шийдвэр гүйцэтгэх албаны шаардлагыг биелүүлсэн.

Мөн “Орчлон констракшн” ХХК нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан асуудал байхгүй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан шиг Гантөмөр болон “Орчлон коснтракшн” ХХК-ийн хооронд үүссэн үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон асуудалгүй юм. “Орчлон констракшн” ХХК нь Гантөмөртэй байгуулсан гэрээнийхээ үүргийг бүрэн биелүүлж, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн болно. Тиймээс Иргэний хуулийн 492.1.1-д заасан нөхцөл байдал үүсээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч В.Гантөмөр болон хариуцагч “Орчлон констракшн” ХХК-ийн хооронд 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдөр орон сууцны нөхцөл сайжруулах тухай, 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ тус тус байгуулагдаж, хариуцагч “Орчлон констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны суурин дээр шинээр орон сууцны барилга барьж, ашиглалтанд оруулах, В.Гантөмөр нь 28 дугаар байрны 15 тоот орон сууцыг чөлөөлөн өгч, шинээр баригдах орон сууцны барилгаас 3 өрөө орон сууцыг авахдаа зөрүү талбайн хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээжээ \хх-ийн 4-10 дугаар тал\.

 

Нэхэмжлэгч В.Гантөмөрийн эзэмшиж байсан Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны Гутлын 28 дугаар байрны 15 тоот орон сууц нь 58.42 мкв талбайтай байсан ба шинээр орох 240 айлын 28 дугаар байрны 3 давхрын 145 тоот 3 өрөө орон сууц нь 69.95 мкв талбайтай тул зөрүү 11.53 мкв талбайн үнэд 13 836 000 төлөхөөр талууд тохиролцжээ. Уг үнээс 5 534 400 төгрөгийг 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 5 534 400 төгрөгийг 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, үлдэгдэл 2 767 200 төгрөгийг нэхэмжлэгч В.Гантөмөр “Орчлон констракшн” ХХК-д төлөхөөр үүрэг хүлээсэн байна.

Нэхэмжлэгч В.Гантөмөр хариуцагчид 12 868 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ \11-13 дугаар тал\.

 

Нэхэмжлэгч В.Гантөмөр, иргэн Г.Энхсайхан, Р.Тулга, Б.Чулуунбаатар нарын хоорондох орон сууц өмчлөх эрхийн талаарх маргааныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2920 дугаар шийдвэр,  Хан-Уул дүүргийн шүүх 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 783 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 949 дүгээр магадлал, Улсын Дээд шүүх 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 881 дүгээр тогтоолоор тус тус хянан шийдвэрлэсэн байна.

Шүүхийн дээрх шийдвэр, тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1\4396, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1\2847, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1\13018 дугаартай албан бичгүүдийг үндэслэн хариуцагч “Орчлон констракшн” ХХК нь В.Гантөмөртэй байгуулсан гэрээг Р.Тулгын нэр дээр шилжүүлж, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шинээр баригдсан орон сууцны түлхүүрийг Р.Тулгад хүлээлгэн өгсөн талаар хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой заасан байна. Уг тайлбарт тусгагдсан дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй тул энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм.

 

Хариуцагч “Орчлон констракшн” ХХК нь В.Гантөмөртэй байгуулсан гэрээг Р.Тулгын нэр дээр шилжүүлснээр В.Гантөмөртэй байгуулсан гэрээ дуусгавар болсон байна. Ийнхүү гэрээг өөр хүний нэр дээр шилжүүлэх ажиллагаа гэрээний оролцогч талын хүсэлтээр бус харин шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын албадан ажиллагааны дүнд хийгдэж буй байдлыг гэрээний ажил гүйцэтгэгч тал анхаарч, захиалагчийн эрх, үүргийг шилжүүлэн авч буй талын төлбөрийн асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй нь буруу байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь уг үүрэг хожим дуусгавар болсон бол шилжүүлсэн хөрөнгөө хөрөнгийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байна.

Шүүх Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг нэхэмжлэгч В.Гантөмөрийн нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болгосон нь зөв болжээ. Харин хариуцагч “Орчлон констракшн” ХХК нь өөрт учирсан хохирлоо гэрээний болон энэ хэргийн шийдвэрийн дагуу Р.Тулгаас гаргуулахаар шаардах эрхтэй болно.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэ тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00285 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 862 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220 838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН