Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0329

 

 

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар221/МА2019/0329

Улаанбаатар хот

Төв аймгийн Прокурорын газрын

 хяналтын прокурорын гомдолтой

   зөрчлийн хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Х, хариуцагч татварын улсын байцаагч Г.Х нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч татварын улсын байцаагч Н.Нгийн гаргасан давж заалдах гомдлоор, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын гомдолтой, тус аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н, Г.Х нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0006 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үгийн дүгнэлт бүхий гомдлыг хангаж, Төв аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 140 дугаартай шийтгэх хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч Н.Н давж заалдах гомдолдоо: “...Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Х, Н.Н нар Татварын ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07/3069 тоот албан бичгийн дагуу “Т” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гэрээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримтуудад үндэслэн хяналт шалгалт хийсэн.

“Т” ХХК-д шалгалт явуулахад “Д” ХХК-аас 74,431,818.00 төгрөгийн бараа худалдан авсан мэтээр хий бичилттэй НӨАТ-ын падаан ашиглан татвар төлөхөөс зайлсхийсэн нь тогтоогдсон. Шалгалтын явцад тухайн НӨАТ-ын падаан нь бичигдэж цахимд шивэгдэн НӨАТ-ын тайланд тусгагдан хасалт хийсэн байсан. Анхан шатны баримтын иж бүрдлийг үзэхэд кассын тайланд тусгасан эсэх нь тодорхойгүй, худалдан авсан бараа материалын нэр төрөл, хэмжээ, тоо ширхэг нь тодорхой биш, төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийсэн гэх боловч бэлэн мөнгө тушаасан орлогын ордер байхгүй, анхан шатны баримтын иж бүрдэл шаардлага хангахгүй байсан зэрэг нь “Д” ХХК-аас бараа худалдаан аваагүй болохыг нотолж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэж заасан байдаг.

Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаартай “хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тухай” тогтоолд “Д” ХХК-ийн аж ахуйн нэгжүүдэд нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж олгосон үйлдэл...” гэж бичсэн нь “Т” ХХК-ийг “Д” ХХК-аас худалдан авалт хийгээгүй бөгөөд тус компаниас хий бичилттэй падаан авч НӨАТ-ийн тайландаа тусгаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан болох нь нотлогдож байна. “Д” ХХК борлуулсан дүн нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрээгүй гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байгаа хэдий ч “Т” ХХК нь уг хий бичилттэй падааныг ашиглаж төлөх НӨАТ-аа бууруулсан тул Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл 74.1, 74.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцсон үндэслэлтэй байна.

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13-д “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах” гэж заасан үүргээ биелүүлээгүй нь татвараас зайлсхийх, хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй буюу татвараас зайлсхийх боломж олгосон газар хариуцлагаас чөлөөлөгдөж, уг боломжийг ашиглаж НӨАТ төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгж нь мөн төлөхөөс чөлөөлөгдөж байгаа нь төрийг хохироосон, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0006 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үгаас хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан тус аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н, Г.Х нарын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 140220170 дугаартай шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-ийн 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан 74,431,818.00 төгрөгийн зөрчилд 7,443,182.00 төгрөгийн нөхөн татвар, 2,195,738.00 төгрөгийн торгууль, 1,179,112.00 төгрөгийн алданги ногдуулах шийтгэл оногдуулжээ.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулж шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу гуравдагч этгээдээр “Т” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай байжээ.

Тодруулбал, “Т” ХХК-д оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын гомдлоор үүссэн энэхүү маргаан нь хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байх ба хуулийн этгээдэд эрх, үүргийг нь тайлбарлах, хариу тайлбарыг авах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байна.  

Түүнчлэн, энэхүү хэргийг хянан шийдвэрлэж байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.3 /Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй/ дахь хэсгийг Монгол Улсын Их Хурал 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болсонд тооцсоноор шүүх гомдлоор үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй болжээ.

Үүнтэй холбогдуулж анхан шатны шүүх тус хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 /Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ/-д заасан үүргийн дагуу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Тухайлбал, шүүх “Т” ХХК-ийн “Д” ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10,152,000 төгрөгийн, 02 дугаар сарын 23-ны өдөр 18,600,000 төгрөгийн, 06 дугаар сарын 11-ний өдөр 26,620,000 төгрөгийн, 08 дугаар сарын 14-ний өдөр 26,505,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн тус тус худалдан авсан эсэхийг нотлох санхүүгийн анхан шатны баримтууд болон хий бичилттэй падаануудыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан эсэхтэй холбоотой баримтуудыг цуглуулан, гомдол гаргагчийн маргаж буй ““Т” ХХК нь НӨАТ-ын падаануудыг хуурамч гэдгийг нь мэдэх боломжгүй байсан” гэх, хариуцагчийн маргаж буй “тус компанид шалгалт явуулахад тухайн падаанууд нь 2016 оны 2, дугаар сард бичигдэж цахимд шивэгдэн НӨАТ-ын тайланд тусгагдан хасалт хийсэн байсан. Анхан шатны баримтын иж бүрдлийг үзэхэд кассын тайланд тусгасан эсэх нь тодорхойгүй байсан” гэх үндэслэлүүдэд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нөгөөтэйгүүр, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих чиг үүрэг бүхий прокурор нь шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлсэн нь хуулиар олгогдсон чиг үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал үүсэх эсэх, өөрөөр хэлбэл маргаан бүхий энэ тохиолдолд прокурор нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

   ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

   ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН