Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 123/ШШ2019/0024

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, шүүгч З.Ганзориг, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т П Г дүгнэлттэй

Хариуцагч: Төв аймгийн Т Х У Б Н.Н, Г.Х

Гуравдагч этгээд:  Т Ц Ө ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн хяналт шалгалтын байцаагч Н.Н, Г.Х нарын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т П Г Х П М.Х, хариуцагч Төв аймгийн Т Х У БГ.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т П Г Х П шүүхэд ирүүлсэн дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Т Х У БН.Н, Г.Х нь Т Ц ӨХХК нь татвар ногдуулах орлого бууруулсан гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд 2017.01.10-ны өдөр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар татвар ногдуулж төлөөгүй 7.443.818 төгрөгийн нөхөн татвар 2.195.738 төгрөгийн торгууль, 1.179.112 төгрөгийг хүү, нийт 10.818.032 төгрөгийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг хяналаа. Тус аймгийн Т Х У БН.Н нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг журамлан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар 2018.01.03-ны өдөр 1834000011 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчлийн хэрэгт бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж 2018 оны 01 сарын 10-ны өдөр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар Т Ц ӨХХК-ны захирал Т.Баярсайханд 7.443.818 төгрөгийн нөхөн татвар, 2.195.738 төгрөгийн торгууль, 1.179.112 төгрөгийн хүү, нийт 10.818.032 төгрөгийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Т.Баярсайханы НӨАТ-ын тайлан гарах үед ДХД ХХК-аа авсан падаан шивэгдэн орж 2 талдаа хүлээж авсан болохоор хуурамч гэж мэдээгүй. Цагдаагийн газар шалгалтаар хуурамч гэж нотлогдсон бол тухайн компаниар учирсан хохирлыг төлүүлмээр байна гэх мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 ны 10 сарын 25-ны өдрийн 10д/5595 дугаартай албан бичиг зэргээр ДХД ХХК нь аж ахуй нэгжид НӨАТ-ын хуурамч падаан бичиж өгөн татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдсон ба Т Ц ӨХХК нь дээрх пандааныг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй нь шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан улсын байцаагч Н.Нгийн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 1402201710 дугаарын шийтглийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.

Эрх бүхий албан тушаалтан Т Ц ӨХХК-д татварт ногдуулах орлого буруулсан гэх зөрчлийг шалгаад шийтгэл оногдуулсан. Шийтгэл оногдуулсан баримтууд дээр холбогдогч Т.Баярсайхан НӨАТ-ын тайлан гаргах үед ДХД компаниас авсан падануудыг хуурамч гэдгийг мэдээгүй, цагдаагийн газраас шалгагдаад хуурамч гэж нотлогдон тухайн компанийр учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэсэн мэдүүлэг байдаг. Цагдаагын ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 10Д/5595 дугаартай албан бичигт ДХДХХК нь аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын хуурамч падаан бичиж өгөөд татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдсон ба Т Ц ӨХХК дээрх падануудыг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан. Энэ шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тухайн үед хяналт тавьж байсан Х ПҮүрийнтуяа дүгнэсэн. Мөн хэргийн материалаас үзэхэд тухайн шийтгэлийг оногдуулахдаа холбогдогч Т.Баярсайхан буюу Төвцогт ХХК-ийн санхүүгийн тайланд хяналт шалгалтыг явуулахдаа ДХД ХХК-иас гаргаж өгсөн баримт материалууд болон падануудын Т.Баярсайхан хуурамч гэдгийг мэдэх боломжгүй, өөрт нь хоёр талдаа падан бичигдэн орж ирсэн байхад татварт ногдуулах орлогыг бууруулсан гэж үзэн Т Ц ӨХХК-д зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Тухайн хэрэгт нотлогдвол зохих ажиллагаанууд бүрэн гүйцэт хийгдээгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дэх заалтад эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлнэ. Мөн цуглуулж бэхжүүлсний үндсэн дээр Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тухайн зөрчилд ногдох шийтгэлийг оногдуулах ёстой. Гэтэл эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг шалгаад нотлох баримтууд ыг бүрэн гүйцэт цуглуулаагүй , татвар ногдуулсан зөрчилтэй холбогдолтой баримтуудыг Эрүүгийн хэргээс нь хуулбарлан авахгүйгээр тухайн хэргийг хуурамч бичилттэй гэдгээр татварт ногдуулах орлогыг бууруулсан гэж дүгнэн шийтгэл оногдуулсан буруу тооцсон гэж үзсэн тул татварын байцаагчийн шийтгэл оногдуулсан хуудсыг хүчингүй болгох нь үндэслэлтэй юм гэж үзсэн. Тиймээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэсэн прокурорын дүгнэлтийн нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байна. Тухайн хэрэг материалын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн, татварт төлөх орлогыг бууруулсан, ДХД компанитай холбоотойгоор хий бичилттэй панануудыг хүчингүй болгосон гэж ярьж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдаагүй байсан учир татвараас дээрх ажиллагаануудыг хийж нотлох баримтуудыг бүрэн гүйцэт цуглуулан шийтгэл оногдуулах байсан гэж үзэж дүгнэлт бичсэн. Нөгөөтэйгүүр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ажиллагааны явцад улсын байцаагч нь хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж байгаа боловч тухайн гуравдагч этгээдийн эрх ашир яригдах асуудал гарна. Яагаад гэхээр холбогдогч маань дээрхи зөрчлийн хүлээн зөвшөөрөөгүй биш баримтууд нь хэрэгт байхгүй байна мэдэх боломжгүй байсан, мэдэх боломжтой байгаа бол энэ материалуудыг эрүүгийн хэргээс нь авагдах ёстой. Хариуцагчийн хувьд өөрийнх нь мэдсэн дээрхи баримтуудаа тусгаж яриад байгаа боловч яг тухайн материалууд нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. Учир нь тодорхой ажиллагаанууд хийгдсэний дараа шийтгэлийг оногдуулах ёстой байсан гэж үзээд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж нэмэлт ажиллагаанууд хийлгэх ёстой гэж дүгнэлт бичсэн. Миний хувьд шийтгэлийн хуудсыг л хүчингүй болгох талаар дүгнэлт гаргасан үүнтэй холбоотойгоор нотлох баримтад тулгуурласан тухайн зөрчилд тохирсон хэм хэмжээний шийтгэл оногдуулах ёстой байсан учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн хяналт шалгалтын байцаагч Г.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газрын 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 07/3069 тоот албан бичгийн дагуу 2017 оны 11 сарын 08-ны өдрийн 14171100104 дугаартай томилолт үүсэж хяналт шалгалтын улсын байцаагч Н.Н, Г.Х нар Т Ц Ө ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гэрээ, хөндлөнгийн мэдээллийн сан зэрэг баримт материалд үндэслэн хяналт шалгалт хийсэн. Тус албан бичигт 5240816 регистрийн дугаартай ДХД ХХК-ийн 2016.02.29-ний өдрийн 21488203 дугаартай 28.750.000.00 төгрөг, 2016.08.31-ний өдрийн 453286990 дугаартай 53.125.000.00 төгрөгийн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын папаанууд нь хий бичилттэй буюу хуурамч гэдэг нь тогтоогдсон учир хяналт шалгалтанд хамруулна уу гэсэн байсан. Татварын ерөнхий газраас хий бичилттэй эсэхийг тодруулахад ДХД ХХК нь 2017.05 сард татварын хяналт шалгалтанд хамрагдаж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын татварын улсын байцаагчид нь дүгнэлт бичиж цагдаад шилжүүлсэн байдаг.

Т Ц Ө ХХК-д шалгалт явуулахад тухайн НӨАТ-ын падаан нь 2016 оны 02-р сар, 08-р сард бичигдэж цахимд шивигдэн НӨАТ-ын тайланд тусгагдан хасалт хийсэн байсан. Анхан шатны баримтын иж бүрдлийг үзэхэд кассын тайланд тусгасан эсэх нь тодорхойгүй.

1. 2016.02.02-нд 10.152.000.00 төгрөг, 2016.02.23-нд 18.600.00.00 төгрөгийн зарлагын баримт, кассын орлогын баримт байсан. Энэ нь 28.752.000.00 төгрөг болж падааны үнийн дүнгээс зөрүүтэй байсан, кассын орлого дээр гарын үсэг байхгүй. Мөн 18.600.000.00 төгрөгийн зарлагын падаан нь 2015.10 сард авсан падаан байсан. 2015 оны ДХД ХХК-ийн борлуулалтын падааныг үзэхэд 2015-11 сард худалдан авалт хийсэн байсан.

2. 2016.08.14-нд 26.505.000.00 төгрөг, 2016.06.11-нд 26.620.000.00 төгрөгийн зарлагын баримт, кассын орлогын баримт байсан. 2016 оны 06 сарын падааныг тэр дор нь тооцоо хийхгүй 08 сард оруулдаг. Яагаад тухайн сард нь падаан аваад тайлангаа хийдэггүй юм бэ? Үүнээс дүгнэхэд төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийсэн гэх боловч анхан шатны баримтын иж бүрдэлт шаардлага хангахгүй байсан. Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3 анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог гэж заасан байдаг. Иймд Т Ц ӨХХК-д ногдуулсан татварын улсын байцаагчийн 74.431.818.00 төгрөгийн зөрчилд оногдуулсан 10.818.032.00 төгрөгийн төлбөрийн дүнтэй 2018.01.10-ны өдрийн 1402201710 тоот актыг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

2017 оны 11 сарын 1-ний 033069 дугаартай Татварын ерөнхий газраас ирүүлсэн албан бичигт Цагдаагын ерөнхий газрын эрүүгийн цагдаагын хэлтсээс хүргүүлсэн жагсаалтад хий бичилт авсан компаниудын дагуу Төв аймгийн Зуунмод суманд бүртгэлтэй Т Ц ӨХХК-д НӨАТ-ын баталгаажуулах шалгалт хийсэн. Баталгаажуулах шалгалт нь 2018 оны 1 сарын 10-нд хийгдэж шийтгэлийн хуудас оногдуулсан. Шийтгэлийн хуудсанд тухайн Т Ц Өкомпани нь ДХД компаниас нийтдээ 74 сая төгрөгийн хуурамч бичилттэй НӨАТ-ын падан хоёр удаагын бичилтээр авч НӨАТ-т ногдох орлогыг бууруулсан зөрчил илэрч, тухайн зөрчилд нийтдээ 10 сая 818 мянга 032 төгрөгийн торгууль ногдуулсан. Тухайн ДХД гэх компани нь Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг мөн уг компани нь өөрийн гэсэн байр орон сууц байхгүй, барилгын материал зардаггүй мөртлөө бусад компаниудад зарсан мэтээр падан шивж татвараас зайлсхйих боломж олгодог гэсэн мэдээллийн дагуу шалгалтыг хийсэн. Төвцогт ХХК нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн болон бараа материалын тайлан ДХБ компаниас бараа материал авсан гэх анхан шатны баримт байгаагүй, яг ямар бараа материал худалдаж авсан нь бараа материалын тайланд нь тодорхойгүй мөн нягтлан бодох бүртгэлдээ тусгахдаа худалдан авалт дээрээ тодорхой тусгаагүй зэрэг эдгээр байдлуудыг нуусан хий бичилттэй падан авсан гэж үзээд шийтгэлийн хуудсаа үйлдсэн. Тухайн ДХД компанийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс шалгахад дүгнэлт бичиж Чингэлтэй дүүргийн Цагдаагын газрын Эрүүгийн хэлтэст шилжүүлээд хий бичилттэй гэдгийг нь мөрдөн байцаах ажиллагаа явуулаад прокурорт шилжүүлсэн. Прокурор түүнийг Эрүүгийн хэрэг гэж үзэхэд зөрчил нь хүрэхгүй байна гэж үзээд буцаасан. Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс ДХД комданид бичсэн дүгнэлтээ акт болгож тухайн компанийн борлуулсан борлуулалтыг бүгдийг нь хүчингүй болгосон. Тэгэхээр ДХД компанийн тайлан засварлагдаад Чингэлтэй дүүрэг дээр борлуулалтын орлогыг нь хүчингүй болгосноор түүнтэй холбойтоогоор хий бичилт хийсэн тэр хэмжээгээрээ бусад компаниудыг татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс хэргийн шийдвэр үндэслэлтэй борлуулалтаасаа худалдан авалтаа хасаж НӨАТ-ыг төлдөг байтал хий бичилттэй худалдан авалт авснаараа 74 сая төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ыг бууруулсан гэж үзсэн миний шийдвэр үндэслэлтэй. Хэрвээ шүүхийн журмаар баримт материалуудаа гаргуулсан бол тухайн газар нь хий бичилттэй гэдэг нь тогтоогдон нотлогдох байсан. Тиймээс хий бичилттэй байна гэдэг нь татварын орлогыг бууруулах үндэслэл болж байна тухайн газар НӨАТ-ыг төлөх ёстой байтал хий бичилт хийж 7 сая 400 мянган төгрөгийг бууруулсан нь төрийг хохироож байна. Уг компанийн хувьд барилгын материал худалдан авахдаа нягтлан болох бүртгэлдээ бүрэн тусгах ёстой атал ДХД гэх компаниас 70 сая төгрөгийн бараа материал авч байгаа бол анхан шатны баримтаа тусгах ёстой. Тухайн газраасаа бараа материал авч байгаа бол гэрээ хийгдэх ёстой, шалгаж байх явцад зарлагын падан байхгүй байсан сүүлд нь санхүүгийн тамгатай зарлагын падан гаргаж өгсөн. Сүүлийн үед компаниудын хувьд дандаа харилцах дансаар гүйлгээ хийгддэг болсон бөгөөд 70 сая төгрөгийг ДХД компанид бэлнээр төлсөн байдаг. Үүнийгээ сүүлд нь папанаар гаргаж өгсөн. Тиймээс хий бичилттэй гэдэг нь нотлогдсон ба тухайн борлуулалтын орлогыг хүчингүй болгосон гэжээ.

Гуравдагч этгээд Т Ц ӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Т П Г2018 оны өдрийн 07 дугаартай дүгнэлттэй, Төв аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Т Ц ӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Төв аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2018.01.10-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсаар Т Ц ӨХХК-д шийтгэл оногдуулсан байна.

1. Шийтгэл оногдуулсан шийдвэр, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээс үзэхэд шийтгэл ногдуулсан шийдвэр нь Татварын улсын байцаагчийн зүгээс Т Ц ӨХХК-ийн 2016 оны НӨАТ-ын тайланг зөрчилтэй гэж үзээд 2017 оны 01 сард батлагдсан Захиргааны хэм хэмжээний актын дагуу хяналт шалгалт хийгээд 2018 онд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан Хуульд үндэслэх зарчимд нийцээгүй, Зөрчлийн тухай хуульд заасан хууль ёсны зарчим, зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа Шийтгэл ногдуулах үндэслэл зэрэг хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн шийдвэр болсон байна. Үүнд:

-       Хэрэв Т Ц ӨХХК нь 2016 онд НӨАТ-ын тайланг зөрчилтэй гэж үзвэл тухайн үед дагаж мөрдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хууль, Татварын Ерөнхий хууль түүнтэй нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актаар шийтгэл ногдуулах байсан. Үүнийг Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж хуульчилсан, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас харж болно.

-       Төв аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2018.01.1?-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн этгээдэд ногдуулах шийтгэл аль төрөл болох нь тодорхойгүй байна. Хэрэв торгох шийтгэл ногдуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэмжээний хүрээнд байна.

-       Мөн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2018.01.10-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудас нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1.2.3 дахь хэсгийг үндэслэсэн гэжээ. Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл нь хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох талаар заасан бөгөөд Зөрчил үйлдсэн бол шийтгэл ногдуулах талаар заагаагүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан Захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэх зарчим-д нийцээгүй байна.

-       Зөрчлийн тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтан зөвхөн зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан бэхжүүлсэн баримтат мэдээлэлд үндэслэн шийтгэл оногдуулахаар хуульчилсан бөгөөд уг хэрэгт Т Ц ӨХХК зөрчил үйлдсэн талаарх хуульд заасан үндэслэл журмаар цуглуулсан нотлох баримтууд авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг үйл баримтаар нотлож чадаагүй байна.

2. Зөрчлийн эрх зүйлд зөрчлийн шинжийн бүрдэл хэсэг болсон субъектив хэв шинж заавал байж зөрчил болохоор ойлгох бөгөөд зөрчил үйлдэх болсон санаатай буюу болгоомжгүй сэтгэхүйн зан үйлийг хэлнэ. Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2018.01.10-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсанд зөрчил үйлдэгчийг санаатай болгоомжгүй аль хэлбэрт ямар төрлийн зөрчил үйлдсэн болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Т Ц ӨХХК нь уг НӨАТ-н паданыг хуурамч гэдгийг мэдэх ёстой байсан, зайлшгүй мэдэх шаардлагатай байсан зэрэг үүрэг болгосон хуулийн хэм хэмжээний талаар тусгаагүй байна. Иймд Төв аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т П Г Х П: Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн хяналт шалгалтын байцаагч Н.Н, Г.Х нарын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж дүгнэлт бүхий гомдлоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.12 ... дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийнг гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ, 7.2 дугаар зүйлийн 8-д Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д гомдол гэж ..., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг гэж тус тус зохицуулснаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд бичсэн прокурорын дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой гэж дүгнэсэн болно.

Прокурорын байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 18 дугаар зүйлийн 18.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт тус тус заасны дагуу прокурорт олгосон эрх хэмжээ нь зөвхөн эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах ажиллагаанд бус, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа-нд бүхэлдээ хамаарна.

Тус хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1-д зөрчил шалган шийдвэрлэх гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөaрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг /хэлнэ/ гэж заасан тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудас /захиргааны акт/-ыг өөрчлөх буюу хүчингүй болгуулахаар шүүхэд хандах эрхийг тус хуулиар олгосон байна.

Маргаан бүхий акт болох Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн хяналт шалгалтын байцаагч нар 2018 оны 01 сарын 10-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргахдаа Т Ц ӨХХК-ийн 2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 3 хоногийн хугацаанд хяналт шалгалт хийж, 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татвар, ногдуулалт, төлөлтийн тайланд ДХД ХХК-ийн 74,431,818,00 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн падааныг тусган хасч татвар ногдуулах орлого бууруулсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Т Ц ӨХХК-д 7,443,182.00 төгрөгийн нөхөн татвар, 2,195,738.00 төгрөгийн торгууль, 1,179,112.00 төгрөгийн алданги, нийт 10,818,032 төгрөгийн шийтгэл оногдуулжээ. [1]

Энэхүү 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Төв аймгийн Прокурорын газраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг удирдлага болгон Т Ц ӨХХК нь нэмэгдсэн өртгийн падааныг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан тул шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэх үндэслэлээр дүгнэлт бүхий гомдол бичиж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Үүнд холбогдуулан гомдолоор нэхэмжлэл гаргагч талаас ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлнэ. Үүний үндсэн дээр тус хуулийн 7.1-д зааснаар тухайн зөрчилд шийтгэл оногдуулах ёстой. Гэтэл зөрчлийн хэргийг шалгахдаа нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулаагүй, татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчилтэй холбоотой баримтуудыг авахгүйгээр хуурамч, хий бичилттэй гэж дүгнэн шийтгэл оногдуулсан. Хариуцагчийн хувьд өөрийнх нь мэдсэн мэдээлэлд холбогдох баримтуудыг гаргаж, тодорхой ажиллагаануудыг хийснээр шийтгэлийг оногдуулах ёстой. ... Мөн хуурамч, хий бичилттэй падан байсан гэдгийг мэдэх боломжтой байсан уу үгүй юу гэдгийг нь шалган тогтоогоод дараа нь шийтгэл оногдуулах ёстой байсан. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгосны дараа нэмэлт ажиллагаа хийлгэж, дахин зөрчлийг шийдвэрлэх боломжтой байгаа. Татварын байцаагчийн шийтгэл оногдуулсан хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж.

Хариуцагчаас ... зөрчлийн хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10д/5595 дугаартай албан бичигт ДХД ХХК нь бусад аж ахуй нэгжид бараа борлуулсан мэтээр НӨАТ-ын падаан хуурамчаар бичиж татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон. Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 94 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд ДХД ХХК нь 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 11,713,138,869.90 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжүүдтэй бизнесийн ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, бараа ажил үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр тусгаж, нэмэгдсэн өртгийн татвараас зайлсхийх боломж олгож, 22,225,473,628.5 төгрөгийн татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн... гэж тус тус бичсэнээс үзвэл Т Ц ӨХХК нь ДХД ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 02, 02 дугаар сарын 23, 06 дугаар сарын 11, 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд бараа худалдан аваагүй бөгөөд тус компаний хий бичилттэй падааныг НӨАТ-ын тайландаа тусгаж, татвар ногдох орлогоо бууруулсан гэж үзэхээр байгаа гэж.

Гуравдагч этгээдээс ... Татварын улсын байцаагч нар Т Ц ӨХХК-ийн 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг зөрчилтэй гэж үзээд шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцээгүй, Зөрчлийн тухай хуульд заасан хууль ёсны зарчим, хуулийн үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа, шийтгэл ногдуулах үндэслэл зэрэг хуулийн заалтуудыг буруу хэргэлсэн шийдвэр [2] гэж тус тус маргажээ.

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн З-09 дугаартай Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол-ыг хариуцагч татварын улсын байцаагч нар гаргаж, Х Пзөрчлийн хэргийн дугаар олгосон.[3] Энэ тогтоолд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг журамлан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар зөрчлийн хэрэг нээсүгэй гэсэн байх бөгөөд энэ Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан бол тус зөрчил гарсан гэх буюу хяналт шалгалтад хамаарах 2016 оны цаг хугацаанд дагаж мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна, 74.2-т Энэ хуулийн 74.1-д заасан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй гэж тус тус заажээ.

Гэтэл хариуцагч нар маргаан бүхий актыг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн шийдвэлэх нь гээд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.1.4-т тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх, 74.2-т Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.3-т Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэж хуулийн хүчингүй болсон заалтыг хэрэглэж шийтгэлийн хуудас бичсэн бөгөөд энэхүү хуулийн заалтуудын үндсэн дээр маргаан бүхий актыг гаргасан байх тул маргаан бүхий акт бүхэлдээ хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Тодруулбал, хариуцагч нарын гаргасан маргаан бүхий акт буюу 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 1402201710 дугаартай Шийтгэлийн хуудас-аар Т Ц ӨХХК-д 7,443,182.00 төгрөгийн нөхөн татвар, 2,195,738.00 төгрөгийн торгууль, 1,179,112.00 төгрөгийн алданги, нийт 10,818,032 төгрөгийн шийтгэл оногдуулахдаа 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулийн өөрчлөлтөөр хүчингүй болсон Татварын ерөнхий хуулийн /2008 оны хуулийн 74 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг хүчингүй болгож, өөрчлөлт оруулсан/ хүчингүй болгосон заалтыг үндэслэл болгон дэлгэрэнгүй дурьдаж, актыг гаргасан байх бөгөөд акт нь зөвхөн энэхүү хүчингүй болсон хуулийн хүрээнд шийдвэрлэгдсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх гэсэн захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчиж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж зааснаар эрх зүйн зөрчил гаргасан маргаан бүхий акт нь бүхэлдээ хууль бус акт болж байна.

Мөн Татварын хяналт шалгалт хийх томилолт олгогдсон байх ба томилолтод Томилсон огноог 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, ... татвар төлөгчийн нэрийг Т Ц ӨХХК, Татварын хяналт шалгалтанд хамрагдах хугацааг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 08 дугаар 16-ны өдрийг дуустал, татварын хяналт шалгалын төрлийг хэсэгчлэн, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 3 хоногийн хугацаанд хийлгэхээр Татварын улсын байцаагч Н.Н, Г.Х нарыг томилж [4] , Татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр огноолон гаргахдаа шалгалт эхлэх, мэдэгдэх хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, шалгалтын шаардагдах мэдээлэл олж авах, үнэн зөв нотлох, тэмдэглэл үйлдэх хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, хяналт шалгалтын үр дүнгээр акт, дүгнэлт бичих хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хийхээр төлөвлөжээ.

Үүний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №1402201710 дугаартай Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, мөн өдрийн №1402201710 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудас, 01 дугаартай ярилцлагын тэмдэглэл, шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцооны хүснэгт, Татварын улсын байцаагчийн актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлийн баримт зэргийг гаргасан байна.[5] Үүнээс хариуцагч нар татварын няналт шалгалтыг хийхдээ 3 өдрийн өмнөхөөр томилолтоо нөхөж аваад 1 өдрийн дотор буюу 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөрт нь багтаан бүх ажиллагааг хийсэн гэж үзэхээр байх бөгөөд төлөвлөгөө зэргийг нөхөн хийжээ.

Зөрчлийн хэрэгт Т Ц ӨХХК нь ДХД ХХК-иас бараа худалдан авсан эсэхийг нотлох баримтууд авагдаагүй, татварын хяналт, шалгалтын улсын байцаагч Н.Н, Г.Х нар зөрчилтэй холбогдох санхүүгийн анхан шатны нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлээгүй байгаагаас гадна хариуцагч Н.Н шүүх хуралдаанд Т Ц ӨХХК-ийг санхүүгийн анхан шатны баримтуудаа гаргаж өгөхийг шаардахад нягтлан бодогч нь материал вагончигт байгаа гэж хэлээд гаргаж өгөөгүй, томилолтын хугацаа дууссан учраас дүгнээд шийтгэл ногдуулсан, санхүүгийн баримтууд, журналыг нь үзсэн бол бараа материал худалдан авсан эсэхийг нь шалгаж тогтоох боломжтой байсан, ...Бараа материалыг худалдан авсан талаарх баримтаа надад өгөөгүй. ... худалдан авалт хийсэн талаар тогтоож чадаагүй [6] хэмээн тайлбарласан зэргээс дүгнэхэд зөрчлийг шалгасан эрх бүхий албан тушаалтнууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй ба мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж зааснаар үүргийн дагуу нотлох баримтаа бүрдүүлээгүй ажилласан буюу мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ, 4.4 дүгээр зүйлийн 2-д эрх бүхий албан тушаалтан ...мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно, 4.5 дугаар зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл...эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна гэж тус тус заасны дагуу хариуцагч нар зөрчил шалгах ажиллагааг явуулаагүй болох нь мөн нотлогдож байна.

Дээрхээс үзвэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын дүгнэлт бичсэн гаргасан гомдол бүхий нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн хуульд заасан арга журмын дагуур зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулалгүй, улмаар хүчингүй болсон хуулийг үндэслэн болгон хэрэглэж гаргасан маргаан бүхий акт нь хууль бус болох нь тогтоогдож байх тул уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 37 дугаар зүйлийн 37.6, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, Татварын ерөнхий хууль /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн нэмэлт өөрчлөлт/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т П ГХ Пын дүгнэлт, гомдлоор гаргасан Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн хяналт шалгалтын байцаагч Н.Н, Г.Х нарын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн хяналт шалгалтын байцаагч Н.Н, Г.Х нарын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР.

 

ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 47 дахь тал

[2] Хавтаст хэргийн 131-132 дахь тал

[3] Хавтаст хэргийн 3 дахь тал

[4] Хавтаст хэргийн 10 дахь тал

[5] Хавтаст хэргийн 13-19 дэх тал

[6] Хавтаст хэргийн 89-90 дэх тал шүүх хуралдааны тэмдэглэлд