Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2023/00083

 

2023 09 21 207/МА2023/00083

 

 

А.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

Б.Б-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Бр даргалж, Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 869.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Б.Б-гийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Б-, нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний эзэмшлийн .............. тоот байранд 2023 оны 02 сарын 26-27-ны өдөр дээд айлаас ус алдсан. Үүний улмаас зочны өрөө, ванны өрөө, 00-ын өрөөнд 798.600 төгрөг (материал, ажлын хөлс)-ийн хохирол учирсан. Үнэлгээний зардалд 71.000 төгрөгийг төлсөн. Иргэн Б-аас нийт хохирол болох 869.600 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манайх Хүрэнбулаг багийн .............. тоот байранд буюу тус байрны 4-...... тоот айлын доод талд амьдардаг. Амралтын өдрөөр гэртээ байхгүй байх үед буюу 2023 оны 02 сарын 26, 27-ны өдрүүдэд дээд айлаас ус алдсан байсан. Гэртээ ирээд ус алдсан гэдгийг мэдээд уулзах гээд манай эхнэр очиход гэрт нь хүн байхгүй байна гээд орж ирсэн. Ажлын өдөр Э ОНӨХК дээр очиж ус алдсан тохиолдолд яах ёстой талаар асуухад даатгалтай бол даатгалаар энэ хохирлыг барагдуулж болно гэж хэлсэн. Тэгээд шалгуулж үзэхэд манайх болон дээд айл хоёр хоёулаа даатгалтай байсан. Даатгалын компани дээр очиж уулзаад болсон процессыг хэлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг хэлж өгсөн. Надаас ганцхан ус алдсан зургуудаа аваад ир гээд би байгаа байдлын талаарх зургуудыг өгсөн. Даатгалаар хохирол барагдуулах боломжтой гэхээр нь үнэлгээ хийдэг газраар хохирлынхоо талаар үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээ гарах гэж жаахан хугацаа алдсан бөгөөд 10 хоногийн дараа дүгнэлт нь гарсан. Тухайн үед ажил дээр нь очиж уулзах гэхэд өөрөө байгаагүй, охин нь байсан. Охинд нь тухайн үед ийм асуудал болсон гэдгийг хэлэхэд ээж байхгүй байна, дараа 7 хоногоос ирэх байх, та ээжтэй уулзаарай, би мэдэхгүй байна, ээжтэй ярь гэж хэлсэн. Мөн миний хажууд ахтайгаа ус алдсан талаар утсаар яриад байсан. Дараагийн 7 хоногоос энэ хүнтэй уулзах гээд дахин очиход хаалгаа онгойлгож өгөөгүй. Тэгээд утас руу залгаж холбогдоод ийм зүйл боллоо гэж хэлсэн. Би хоёулаа даатгалтай учир өөрсдөө бичиг баримтаа бүрдүүлээд өгье гэсэн бодолтой очиход манайхаас ус алдаагүй гэж гүрийгээд, тэгээд шүүхэд хандахад хүрсэн. Үнэлгээгээр 869.600 төгрөгийн хохирол гарсан, энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж надад учирсан хохирлыг минь арилгаж өгнө үү. Тухайн үед охинтой нь муудалдсан зүйл байгаагүй. Даатгалын компаниас ямар бичиг авч ир гэж хэлсэн талаар тайлбарлахад намайг охин нь үл тоосон байдалтай байгаад байсан, би тухайн үед уурлаагүй ээжтэй чинь уулзах ёстой юм байна гэж хэлсэн. Тантай уулзах гээд очиход та тухайн үед хаалгаа тайлж өгөөгүй, хаалгыг чинь нүдэхэд нохой чинь цаана нь дугарч байсан. Хаалгаа тавихгүй болохоор би гэртээ орж ирээд тан руу залгахад та утсаа аваад ярихад цаана нь нохой чинь дугарч байсан. Тэгэхээр та тухайн үед та гэртээ байсан. Та өөрөө хаалгаа онгойлгож өгөөгүй байж ингэж гүтгэж болохгүй байх. Хаалгаа онгойлгож өгөхгүй байгаа нь анхны тохиолдол биш. Өмнө нь 2006 онд, би тухайн үед оюутан байсан бөгөөд гэртээ ганцаараа байх үеэр эднийхээс ус алдсан. Гал тогооны өрөөнд ус алдаад байхаар нь гэрлээ асаах гээд унтраалга дарахад гэрэл буудсан. Тэр үед эдний хаалгыг нүдэхэд онгойлгож өгөхгүй, хаалганы цаанаас уурлангуй манайхаас ус алдаагүй гэж байсан. Тэр үед оюутан хүүхэд байсан бөгөөд за ус алдаагүй юм байлгүй дээ гэж бодоод өнгөрч байсан. Тэр үед цахилгааны утас дагаж ус алдсан байсан. Даатгалаас мөнгө авах гээд шуналтад байгаа зүйл биш. Хоёулаа даатгалтай учир энэ мөнгийг ийм байдлаар гаргуулах нь зүйтэй байх гэсэн үүднээс л даатгалд хандсан. Энэ байрыг зарах гээд хүнээс урьдчилгаа авсан байгаа. Миний эдийн засгийн байдал дордох гээд байна. Учир нь тухайн үед завсар хийх шаардлагагүй байр гэж зарж байсан бол гэтэл одоо засвар хийх шаардлагатай болчихоод байна. Зах зээл дээр засвар хийсэн болон хийгээгүй байр хоёрын хооронд 6-7 сая төгрөгийн зөрүү гарч байгаа. Миний энэ хүнээс нэхэмжилж байгаа мөнгөн дүн болон надад учирч болох мөнгөн дүнтэй асар их зөрүүтэй байгаад байна. Би өөрөө ус цацчихаад мөнгө нэхээд байгаа зүйл биш. Манай 3-н өрөөнд ус алдсан. Хэрвээ хариуцагчийн дээд айлаас нь ус алдсан бол манайх шиг бүх өрөөнд нь ус алдах байсан. Ус алдсан гэдгийг мэдэхгүй өнгөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Г- нь 2023 оны 02 сарын 26-27-ны өдөр ус алдаж зочны өрөө, ванны өрөө, 00-ын өрөө бохирдож засвар хийх шаардлагатай болсон гээд 869,600 төгрөгийг нэхэмжилсэн байна. ...Энэ цаг үед огт ус алдаагүй бөгөөд энэ ус алдсан гэсэн мэдээллийг нэхэмжлэгч 2023 оны 03 сарын 23-нд анх удаа утсаар ярьж мэдэгдсэн. Энэ хооронд огт хэлээ ч үгүй, уулзаа ч үгүй. Энэ 2 сарын 26-27-нд манай гэрт байнга хүнтэй байсан. ...хэрэв ус алдсан бол доод айл тухайн үед нь орж ирж мэдэгдэх боломж бүрэн байсан. Гэтэл сарын дараа утсаар яриад л маргааш нь шүүхэд нэхэмжлэх гаргаж байгаа нь тун сонин байна. ...2 хоногийн дараа даатгалын ажилтан гэж хүн ярьсан. Би мөн адил ус алдаагүй гэдгээ хэлсэн. Хэрэв ус алдсан бол тэр айл шууд л гүйгээд ороод ирнэ. Тухайн үед нь орж ирээд харах, уулзах, зураг бичлэгээ хийх бүрэн боломж нь байсан. ...Эцэст нь дүгнэж хэлэхэд би крантаа онгорхой орхиж ус алдаагүй нь үнэн бөгөөд яг энэ ус алдсан гэх цаг мөчдөө орж ирээгүй байгаа. Нэхэмжлэгч ч өөрөө үүнийг баталж байгаа.

2023 оны 02 сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 сарын 27-ны өдрүүдэд манайхаас ус алдсан гэж хэлсэн. Би 2023 оны 03 сарын 08-ны өдөр хүртэл гэртээ байсан. Тэр үед цагаан сарын үе таарч байсан, тухайн үед байрны контор болон доор хөрш айлаас танайхаас ус алдлаа гэсэн зүйл хэлээгүй. Хүн ирж хаалга нүдсэн бол хаалгаа онгойлгож өгөхгүй байна гэж байхгүй. Би 2023 оны 03 сарын 08-ны өдрөөс 18-ны хооронд гадагшаа явсан. Тэр үед буюу намайг гэртээ байхгүй байх үеэр 10 хоногийн хугацаанд гэрт манай хотод байдаг хүү маань байсан. Охин маань манайд амьдардаггүй учир ус алдсан эсэх талаар мэдэхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийг уулзах гээд очиход нь тухайн үед манай гэрт байсан ах руугаа утасдаж ус алдсан эсэх талаар асуусан гэсэн. Ах нь ус алдаагүй гэж хэлсэн гэж байсан. Энэ залуу манайд орж ирээд манай охинд хэлэхдээ даатгалд өргөдлөө өгөх гэж байна, дуугүй ус алдсан гэдэг нь үнэн гэсэн өргөдлөө бичиж өг гэж их соёлгүй харьцсан байсан. Ус алдсан бол хамгийн түрүүнд орон сууцандаа мэдэгдэх ёстой юм байна лээ. Найрсагаар ярьсан бол магадгүй тэр өргөдлийг нь бичээд өгөх боломжтой байсан байх. Гэтэл бүдүүлгээр танайхаас ус алдахгүй өөр хэнийхээс ус алдах юм гэж манай охинтой муухайгаар харьцсан байсан. 2023 оны 03 сарын 18-ны өдөр би гэртээ ирсэн. Тэр үед намайг аяллаар явж байсан болохоор санаа зовох юмгүй аялуулах гээд манай хүүхдүүд энэ талаар надад хэлээгүй. 2023 оны 03 сарын 23-ны өдөр анх над руу энэ залуу ярихад нь ус алдсан гэдэг тухай мэдсэн. Манайхаас ус алдах учиргүй гэдгийг тайлбарлаж хэлэхэд маргааш шүүх дээр уулъя гээд утсаа салгасан. Буцаагаад залгаад учраа ольё гэж хэлсэн тэгэхэд над руу эргэж залгаагүй. Ард даатгалаас над руу ярьсан. Танайхаас ус алдсан юм уу гэж асуухаар нь үгүй ээ манайхаас ус алдаагүй наа залуу чинь өргөдөл бичиж өг гээд байгаа гэж хэлсэн чинь даатгалаар хохирлоо барагдуулахын тулд орон сууцнаасаа ус алдсан нь үнэн гэдэг нь тодорхойлолт авдаг гэж хэлсэн. Анх ус алдах үед орон сууцандаа мэдэгдэх ёстой юм байна лээ. Эхлээд орон сууц болон манайд мэдэгдэхгүйгээр даатгалаас мөнгө авья гэсэн зорилготой явсан байсан. Хэрвээ тэр ус алдсан айлд хүн байхгүй бол орон сууцандаа мэдэгдэж хаалгыг онгойлгох юм уу байрны эзэнтэй холбогдох ийм арга хэмжээг авах байсан. Тухайн үед ийм арга хэмжээ аваагүй. Халуун хүйтний шугам нь дундын өмч учир эвдрэл гэмтэл гарвал орон сууцандаа мэдэгдэж янзлуулдаг. Үнэлгээ хийлгэж даатгалаас мөнгө авдаггүй, орон сууцны контороос тодорхойлолт авч байж даатгалын мөнгийг авах ёстой гэж даатгалын компанийн ажилтан хэлсэн. 2023 оны 03 сарын 23-ны өдөр надад мэдэгдсэний маргааш нь шүүхэд хандсан байсан. Миний хувьд ус алдах битгий хэл ус дусахыг цээрлэдэг. Манайд орон сууцны хүмүүс орж ирж шалгахад бүх зүйл нь зүгээр байна гэж хэлсэн. Тиймээс надаас нэхэмжилж байгаа мөнгийг өгөх боломжгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү. Энэ хүнийг даатгалаас мөнгө нэхлээ гэж буруутгаагүй. Манайх ганцхан энэ айлын дээд талд амьдардаггүй, манайхаас дээш айлууд байгаа. Хэрвээ дээрээс ус алдсан бол ганцхан доод айл руу биш яг тэр шугам дагасан бүх айлд мэдэгдэх ёстой. Манайхаас ус алдсан гэдэг нотлогдоогүй байхад надаас яагаад мөнгө нэхэмжлээд байгаа, үүнийг ойлгохгүй байна. Дээрээс ус орж ирвэл ганцхан дээд айлаас алдсан гэж бодож болохгүй. 2023 оны 02 сарын 26-ны өдрөөс 27-ны өдрүүдэд ус алдсан гэдгийг гэртээ байгаагүй учир хаанаас ямар айлаас ус алдсан гэдгийг мэдэхгүй байна. Орон сууцны хүнээс асуухад бүгд нэг шугамаар явдаг учир бүх айлд мэдэгдэх ёстой. Тэр үед би гэртээ байхгүй байсан учир дээд айлаас ус алдсан гэдгийг мэдэж чадаагүй. Манайх ванны өрөөгөө бүгдийг нь ламдирдсан учир ханаар дагаж урссан ус манайд харагдахгүй. Хаанаас бол хаанаас ч ус алдаж болно. Манай дээд айлаас бас ус алддаг. Манай лампирыг сөхөөд харвал хана нь нэлээн шарласан байгаа. Манайх ванны өрөөнийхөө ханыг битүү лампирдсан учир дээрээс ус алдсан нь манайд харагдахгүй. Шинжээчийн дүгнэлт дээр байрны одоо ямар байгаа байдлыг дурдаж тус өдрүүдэд ус алдсан гэсэн дуудлага өгөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байсан. Тиймээс тухайн өдрүүдэд ус алдаагүй юм байна гэж ойлгосон гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зїйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 869.600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,406 төгрөгийг Төрийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Г-аас дутуу төлсөн 16 төгрөгийг нөхөн гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 25.420 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Б.Б- миний бие 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2023/....... дугаартай Орхон аймаг дахь иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь уг хэрэгт нэхэмжлэгч нь миний эрхийг зөрчиж гүтгэн, шүүгч нь тайлбар, нотлох баримт, мөн шинжээчээр ажилласан Э ОНӨХК-ийн шийдвэрээр ус алдаагүй болох нь батлагдсан байтал эдгээрийг харгалзан үзэхгүй нэхэмжлэгч талын хүсэлтээр 869.600 төгрөг төлөхөөр гаргасан шийдвэрийг цуцалж, уг хэрэгт өөр шүүгч томилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Б.Б-гаас эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 869.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг манай гэрээс 2023 оны 02 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд ус алдаагүй гэсэн татгалзсан тайлбар гарган зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж хариуцагч Б.Б-гаас 869.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Д.Г-ын Орхон аймаг Баян-Өндөр сум .............. тоот байранд 2023 оны 02 дугаар сарын 26-27-ны өдөр дээд айл болох 4-...... тоотоос ус алдаж зочны болон 00, банны өрөө рүү ус алдсан. Үүний улмаас өрөөний засварт 869.600 төгрөгийн зардал гаргасан, үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч Б.Б- нь 02 дугаар сарын 26-27-ны өдөр манай гэрт хүү хотоос ирээд байж байсан. Ус алдсан бол доод айл тухайн үед нь орж ирж мэдэгдэх бүрэн боломж байсан. Гэтэл нэг сарын дараа утсаар яриад маргааш нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Манай байр 1980 онд ашиглалтанд орсон хуучин байр. Хэдэн жилийн өмнө бүр 8 давхрын айлаас ус алдахад манай доод айл хүртэл гоожсон байсан. Тэгэхээр ус нэвтэрч тааз муухай болох нь зөвхөн дээд айл ус гоожуулсан гэх үндэслэл байдаггүй юм билээ гэсэн татгалзсан тайлбар гарган мэтгэлцсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Г- нь шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүх 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2365 дугаар шүүгчийн захирамжаар шинжээчээр Э ОНӨХК-ийг томилсон байна. Гэтэл шуурхай албаны дарга, инженер хоёр маргаж буй байранд үзлэг хийсэн талаар дүгнэлт гаргахдаа шүүхэд албан бичгээр ирүүлжээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 47.2., дахь заалт Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн байхад шүүх уг албан бичгийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд мэргэжил шаардах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх шинжээч томилох асуудлыг шийдвэрлэх бөгөөд хуулийн шаардлага хангасан дүгнэлтийг шинжээч шүүхэд ирүүлэх үүрэгтэй байхад албан бичиг ирүүлснийг үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6., 47 дугаар зүйлийн 47.1,2.-ыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Б.Б-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.420 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У