Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2023/00892

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2023/00892

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч Ц.Дагиймаа, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Боржигон овогт Дашнямын Гүрнээбазарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Боржигон овогт ******* холбогдох,

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 869,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Хариуцагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 869,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний эзэмшлийн ******* тоот байранд 2023 оны 02 сарын 26-27-ны өдөр дээд айлаас ус алдсан (*******). Үүний улмаас зочны өрөө, ванны өрөө, 00-ын өрөөнд 798,600 төгрөг (материал, ажлын хөлс)-ийн хохирол учирсан. Үнэлгээний зардалд 71,000 төгрөгийг төлсөн. Иргэн ******* нийт хохирол болох 869,600 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Манайх Хүрэнбулаг багийн ******* тоот байранд буюу тус байрны ******* тоот айлын доод талд амьдардаг. Амралтын өдрөөр гэртээ байхгүй байх үед буюу 2023 оны 02 сарын 26, 27-ны өдрүүдэд дээд айлаас ус алдсан байсан. Гэртээ ирээд ус алдсан гэдгийг мэдээд уулзах гээд манай эхнэр очиход гэрт нь хүн байхгүй байна гээд орж ирсэн. Ажлын өдөр Эрдэнэт Ус ДТС ОНӨХК дээр очиж ус алдсан тохиолдолд яах ёстой талаар асуухад даатгалтай бол даатгалаар энэ хохирлыг барагдуулж болно гэж хэлсэн. Тэгээд шалгуулж үзэхэд манайх болон дээд айл хоёр хоёулаа даатгалтай байсан. Даатгалын компани дээр очиж уулзаад болсон процессыг хэлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг хэлж өгсөн. Надаас ганцхан ус алдсан зургуудаа аваад ир гээд би байгаа байдлын талаарх зургуудыг өгсөн. Даатгалаар хохирол барагдуулах боломжтой гэхээр нь үнэлгээ хийдэг газраар хохирлынхоо талаар үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээ гарах гэж жаахан хугацаа алдсан бөгөөд 10 хоногийн дараа дүгнэлт нь гарсан. Тухайн үед ажил дээр нь очиж уулзах гэхэд өөрөө байгаагүй, охин нь байсан. Охинд нь тухайн үед ийм асуудал болсон гэдгийг хэлэхэд ээж байхгүй байна, дараа 7 хоногоос ирэх байх, та ээжтэй уулзаарай, би мэдэхгүй байна, ээжтэй ярь гэж хэлсэн. Мөн миний хажууд ахтайгаа ус алдсан талаар утсаар яриад байсан. Дараагийн 7 хоногоос энэ хүнтэй уулзах гээд дахин очиход хаалгаа онгойлгож өгөөгүй. Тэгээд утас руу залгаж холбогдоод ийм зүйл боллоо гэж хэлсэн. Би хоёулаа даатгалтай учир өөрсдөө бичиг баримтаа бүрдүүлээд өгье гэсэн бодолтой очиход манайхаас ус алдаагүй гэж гүрийгээд, тэгээд шүүхэд хандахад хүрсэн. Үнэлгээгээр 869,600 төгрөгийн хохирол гарсан, энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж надад учирсан хохирлыг минь арилгаж өгнө үү. Тухайн үед охинтой нь муудалдсан зүйл байгаагүй. Даатгалын компаниас ямар бичиг авч ир гэж хэлсэн талаар тайлбарлахад намайг охин нь үл тоосон байдалтай байгаад байсан, би тухайн үед уурлаагүй ээжтэй чинь уулзах ёстой юм байна гэж хэлсэн. Тантай уулзах гээд очиход та тухайн үед хаалгаа тайлж өгөөгүй, хаалгыг чинь нүдэхэд нохой чинь цаана нь дугарч байсан. Хаалгаа тавихгүй болохоор би гэртээ орж ирээд тан руу залгахад та утсаа аваад ярихад цаана нь нохой чинь дугарч байсан. Тэгэхээр та тухайн үед та гэртээ байсан. Та өөрөө хаалгаа онгойлгож өгөөгүй байж ингэж гүтгэж болохгүй байх. Хаалгаа онгойлгож өгөхгүй байгаа нь анхны тохиолдол биш. Өмнө нь 2006 онд, би тухайн үед оюутан байсан бөгөөд гэртээ ганцаараа байх үеэр эднийхээс ус алдсан. Гал тогооны өрөөнд ус алдаад байхаар нь гэрлээ асаах гээд унтраалга дарахад гэрэл буудсан. Тэр үед эдний хаалгыг нүдэхэд онгойлгож өгөхгүй, хаалганы цаанаас уурлангуй манайхаас ус алдаагүй гэж байсан. Тэр үед оюутан хүүхэд байсан бөгөөд за ус алдаагүй юм байлгүй дээ гэж бодоод өнгөрч байсан. Тэр үед цахилгааны утас дагаж ус алдсан байсан. Даатгалаас мөнгө авах гээд шуналтад байгаа зүйл биш. Хоёулаа даатгалтай учир энэ мөнгийг ийм байдлаар гаргуулах нь зүйтэй байх гэсэн үүднээс л даатгалд хандсан. Энэ байрыг зарах гээд хүнээс урьдчилгаа авсан байгаа. Миний эдийн засгийн байдал дордох гээд байна. Учир нь тухайн үед завсар хийх шаардлагагүй байр гэж зарж байсан бол гэтэл одоо засвар хийх шаардлагатай болчихоод байна. Зах зээл дээр засвар хийсэн болон хийгээгүй байр хоёрын хооронд 6-7 сая төгрөгийн зөрүү гарч байгаа. Миний энэ хүнээс нэхэмжилж байгаа мөнгөн дүн болон надад учирч болох мөнгөн дүнтэй асар их зөрүүтэй байгаад байна. Би өөрөө ус цацчихаад мөнгө нэхээд байгаа зүйл биш. Манай 3-н өрөөнд ус алдсан. Хэрвээ хариуцагчийн дээд айлаас нь ус алдсан бол манайх шиг бүх өрөөнд нь ус алдах байсан. Ус алдсан гэдгийг мэдэхгүй өнгөрөх боломжгүй гэв.

Хариуцагч ******* хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 02 сарын 26-27-ны өдөр ус алдаж зочны өрөө, ванны өрөө, 00-ын өрөө бохирдож засвар хийх шаардлагатай болсон гээд 869,600 төгрөгийг нэхэмжилсэн байна. ...Энэ цаг үед огт ус алдаагүй бөгөөд энэ ус алдсан гэсэн мэдээллийг нэхэмжлэгч 2023 оны 03 сарын 23-нд анх удаа утсаар ярьж мэдэгдсэн. Энэ хооронд огт хэлээ ч үгүй, уулзаа ч үгүй. Энэ 2 сарын 26-27-нд манай гэрт байнга хүнтэй байсан. ...хэрэв ус алдсан бол доод айл тухайн үед нь орж ирж мэдэгдэх боломж бүрэн байсан. Гэтэл сарын дараа утсаар яриад л маргааш нь шүүхэд нэхэмжлэх гаргаж байгаа нь тун сонин байна. ...2 хоногийн дараа даатгалын ажилтан гэж хүн ярьсан. Би мөн адил ус алдаагүй гэдгээ хэлсэн. Хэрэв ус алдсан бол тэр айл шууд л гүйгээд ороод ирнэ. Тухайн үед нь орж ирээд харах, уулзах, зураг бичлэгээ хийх бүрэн боломж нь байсан. ...Эцэст нь дүгнэж хэлэхэд би крантаа онгорхой орхиж ус алдаагүй нь үнэн бөгөөд яг энэ ус алдсан гэх цаг мөчдөө орж ирээгүй байгаа. Нэхэмжлэгч ч өөрөө үүнийг баталж байгаа.

2023 оны 02 сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 сарын 27-ны өдрүүдэд манайхаас ус алдсан гэж хэлсэн. Би 2023 оны 03 сарын 08-ны өдөр хүртэл гэртээ байсан. Тэр үед цагаан сарын үе таарч байсан, тухайн үед байрны контор болон доор хөрш айлаас танайхаас ус алдлаа гэсэн зүйл хэлээгүй. Хүн ирж хаалга нүдсэн бол хаалгаа онгойлгож өгөхгүй байна гэж байхгүй. Би 2023 оны 03 сарын 08-ны өдрөөс 18-ны хооронд гадагшаа явсан. Тэр үед буюу намайг гэртээ байхгүй байх үеэр 10 хоногийн хугацаанд гэрт манай хотод байдаг хүү маань байсан. Охин маань манайд амьдардаггүй учир ус алдсан эсэх талаар мэдэхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийг уулзах гээд очиход нь тухайн үед манай гэрт байсан ах руугаа утасдаж ус алдсан эсэх талаар асуусан гэсэн. Ах нь ус алдаагүй гэж хэлсэн гэж байсан. Энэ залуу манайд орж ирээд манай охинд хэлэхдээ даатгалд өргөдлөө өгөх гэж байна, дуугүй ус алдсан гэдэг нь үнэн гэсэн өргөдлөө бичиж өг гэж их соёлгүй харьцсан байсан. Ус алдсан бол хамгийн түрүүнд орон сууцандаа мэдэгдэх ёстой юм байна лээ. Найрсагаар ярьсан бол магадгүй тэр өргөдлийг нь бичээд өгөх боломжтой байсан байх. Гэтэл бүдүүлгээр танайхаас ус алдахгүй өөр хэнийхээс ус алдах юм гэж манай охинтой муухайгаар харьцсан байсан. 2023 оны 03 сарын 18-ны өдөр би гэртээ ирсэн. Тэр үед намайг аяллаар явж байсан болохоор санаа зовох юмгүй аялуулах гээд манай хүүхдүүд энэ талаар надад хэлээгүй. 2023 оны 03 сарын 23-ны өдөр анх над руу энэ залуу ярихад нь ус алдсан гэдэг тухай мэдсэн. Манайхаас ус алдах учиргүй гэдгийг тайлбарлаж хэлэхэд маргааш шүүх дээр уулъя гээд утсаа салгасан. Буцаагаад залгаад учраа ольё гэж хэлсэн тэгэхэд над руу эргэж залгаагүй. Ард даатгалаас над руу ярьсан. Танайхаас ус алдсан юм уу гэж асуухаар нь үгүй ээ манайхаас ус алдаагүй наа залуу чинь өргөдөл бичиж өг гээд байгаа гэж хэлсэн чинь даатгалаар хохирлоо барагдуулахын тулд орон сууцнаасаа ус алдсан нь үнэн гэдэг нь тодорхойлолт авдаг гэж хэлсэн. Анх ус алдах үед орон сууцандаа мэдэгдэх ёстой юм байна лээ. Эхлээд орон сууц болон манайд мэдэгдэхгүйгээр даатгалаас мөнгө авья гэсэн зорилготой явсан байсан. Хэрвээ тэр ус алдсан айлд хүн байхгүй бол орон сууцандаа мэдэгдэж хаалгыг онгойлгох юм уу байрны эзэнтэй холбогдох ийм арга хэмжээг авах байсан. Тухайн үед ийм арга хэмжээ аваагүй. Халуун хүйтний шугам нь дундын өмч учир эвдрэл гэмтэл гарвал орон сууцандаа мэдэгдэж янзлуулдаг. Үнэлгээ хийлгэж даатгалаас мөнгө авдаггүй, орон сууцны контороос тодорхойлолт авч байж даатгалын мөнгийг авах ёстой гэж даатгалын компанийн ажилтан хэлсэн. 2023 оны 03 сарын 23-ны өдөр надад мэдэгдсэний маргааш нь шүүхэд хандсан байсан. Миний хувьд ус алдах битгий хэл ус дусахыг цээрлэдэг. Манайд орон сууцны хүмүүс орж ирж шалгахад бүх зүйл нь зүгээр байна гэж хэлсэн. Тиймээс надаас нэхэмжилж байгаа мөнгийг өгөх боломжгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү. Энэ хүнийг даатгалаас мөнгө нэхлээ гэж буруутгаагүй. Манайх ганцхан энэ айлын дээд талд амьдардаггүй, манайхаас дээш айлууд байгаа. Хэрвээ дээрээс ус алдсан бол ганцхан доод айл руу биш яг тэр шугам дагасан бүх айлд мэдэгдэх ёстой. Манайхаас ус алдсан гэдэг нотлогдоогүй байхад надаас яагаад мөнгө нэхэмжлээд байгаа, үүнийг ойлгохгүй байна. Дээрээс ус орж ирвэл ганцхан дээд айлаас алдсан гэж бодож болохгүй. 2023 оны 02 сарын 26-ны өдрөөс 27-ны өдрүүдэд ус алдсан гэдгийг гэртээ байгаагүй учир хаанаас ямар айлаас ус алдсан гэдгийг мэдэхгүй байна. Орон сууцны хүнээс асуухад бүгд нэг шугамаар явдаг учир бүх айлд мэдэгдэх ёстой. Тэр үед би гэртээ байхгүй байсан учир дээд айлаас ус алдсан гэдгийг мэдэж чадаагүй. Манайх ванны өрөөгөө бүгдийг нь ламдирдсан учир ханаар дагаж урссан ус манайд харагдахгүй. Хаанаас бол хаанаас ч ус алдаж болно. Манай дээд айлаас бас ус алддаг. Манай лампирыг сөхөөд харвал хана нь нэлээн шарласан байгаа. Манайх ванны өрөөнийхөө ханыг битүү лампирдсан учир дээрээс ус алдсан нь манайд харагдахгүй. Шинжээчийн дүгнэлт дээр байрны одоо ямар байгаа байдлыг дурдаж тус өдрүүдэд ус алдсан гэсэн дуудлага өгөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байсан. Тиймээс тухайн өдрүүдэд ус алдаагүй юм байна гэж ойлгосон гэв.

Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******-ийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн ДХҮ-23/6137 дугаартай Хохирлын үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт, ус алдсан болохыг харуулсан гэрэл зургууд зэрэг баримтуудыг, хариуцагчаас хариу тайлбараас гадна Голомт банкны мемориалын баримт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно. (хх 2-11, 17-19, 51-52 тал)

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр шинжээч томилох ажиллагааг хийсэн бөгөөд шинжээчээр томилогдсон байгууллага нь дүгнэлт гарган 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 340 дугаартай албан бичгээр ирүүлсэн болно. (хх 20-24, 44-47 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хариуцагч *******д холбогдуулан Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 869,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.  Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ ...Миний эзэмшлийн ******* тоот байранд 2023 оны 02 сарын 26-27-ны өдөр дээд айл болох ******* тоотоос ус алдсан. Үүний улмаас манай зочны өрөө, ванны өрөө, 00-ын өрөөнд хохирол учирсан. Тухайн үед уулзах гэхэд хаалгаа онгойлгож өгөөгүй. Би хоёулаа даатгалтай учир өөрсдөө бичиг баримтаа бүрдүүлээд өгье гэсэн бодолтой очиход манайхаас ус алдаагүй гэж гүрийгээд, тэгээд шүүхэд хандсан. Манай 3-н өрөөнд ус алдсан. Хэрвээ хариуцагчийн дээд айлаас нь ус алдсан бол манайх шиг бүх өрөөнд нь ус алдах байсан. Ус алдсан гэдгийг мэдэхгүй өнгөрөх боломжгүй. Үнэлгээгээр 869,600 төгрөгийн хохирол гарсан, энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэж тайлбарладаг.

3.  Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ ...манайхаас 2023.0.26-27-ны өдрүүдэд огт ус алдаагүй. Ус алдсан гэсэн мэдээллийг нэхэмжлэгч 2023.03.23-нд анх удаа утсаар ярьж мэдэгдсэн. Хэрэв ус алдсан бол доод айл тухайн үед нь орон сууцандаа мэдэгдэх, орж ирээд харах, уулзах, зураг бичлэгээ хийх бүрэн боломж байсан. Гэтэл сарын дараа утсаар яриад л маргааш нь шүүхэд нэхэмжлэх гаргаж байгаа нь тун сонин байна. Хаанаас бол хаанаас ч ус алдаж болно. Манай дээд айлаас бас ус алддаг. Манайх ванны өрөөгөө бүгдийг нь ламдирдсан учир ханаар дагаж урссан ус манайд харагдахгүй. Манай лампирыг сөхөөд харвал хана нь нэлээн шарласан байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр байрны одоо ямар байгаа байдлыг дурдаж тус өдрүүдэд ус алдсан гэсэн дуудлага өгөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Манайхаас ус алдсан гэдэг нь нотлогдоогүй байхад надаас яагаад мөнгө нэхэмжлээд байгаа, үүнийг ойлгохгүй байна. Тиймээс надаас нэхэмжилж байгаа мөнгийг өгөх боломжгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү... гэж тайлбарлан маргадаг.

4.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

- *******-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ДХҮ-23/6137 дугаартай ...Үнэлэгдэж буй хөрөнгийн байдалтай биечилж танилцаж хэмжилт судалгаа хийсэн болно. Үзлэг хийхэд тус байрны дээд айлаас ус алдаж, том өрөөний таазны эмульс замаска, ханын обой норж шарласан, 00 өрөө болон угаалгын өрөөний хана таазны эмульс замаска ховхорч хуурсан байв... гэх Хохирлын үнэлгээний тайлан, тус тайланд хавсарган ирүүлсэн ус алдсан байдлыг харуулсан гэрэл зургууд,

- шинжээчээр томилогдсон ,-ийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 340 дугаартай албан бичгээр ирүүлсэн ...******* тоот айлын том өрөө, 00-ын өрөө, ванны өрөөний хана таазаар ус алдаж хатсан байдалтай байна. ******* тоот айлд орж үзлэг хийхэд 00-ын хөвүүр, хэрэглээний хүйтэн усны уян шланк сольсон боловч хэзээ сольсон хугацааг тодорхойлох боломжгүй... гэх дүгнэлт, тус дүгнэлтэд хавсарган ирүүлсэн гэрэл зургууд болон талуудын тайлбар зэргээр нэхэмжлэгч *******ын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4 хороолол 27 байрны 34 тоот орон сууцанд 2023 оны 02 дугаар сарын 26, 27-ны өдөр ус алдсанаас түүний орон сууцны том өрөөний таазны эмульс замаска, ханын обой норж шарласан, 00-ын өрөө болон угаалгын өрөөний хана таазны эмульс замаска ховхорч хуурсан зэрэг хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

5.  Нэхэмжлэгч ******* нь ус алдсанаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирол болон засвар үйлчилгээнд гарах зардлыг тооцуулахаар Хөрөнгийн үнэлгээний *******-нд хүсэлт гаргаж, тус компани нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол болон бусад зардлыг 798,600 төгрөгөөр үнэлсэн байх ба нэхэмжлэгч нь үнэлгээний хөлсөнд 71,000 төгрөгийг төлсөн байна.

6.  Талууд орон сууцны өмчлөгчийн болон хохирлын үнэлгээний үнийн дүнгийн талаар тус тус маргаагүй, харин хариуцагч нь ус алдсан шалтгааныг олж тогтоогоогүй, манайхаас ус алдаагүй гэж маргасан боловч шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үзэж нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд дээд айл болох хариуцагчийн өмчлөлийн ******* тоот орон сууцны доторх шугам сүлжээ, тоног төхөөрөмжөөс ус алдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

7. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар тухайн орон сууцны доторх шугам сүлжээ, тоног төхөөрөмж зэрэг нь сууц өмчлөгчийн өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах бөгөөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д зааснаар өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэг нь сууц өмчлөгчид хамааралтай байна.

Хуульд ийнхүү зааснаар тухайн орон сууцны доторх шугам сүлжээ, тоног төхөөрөмж нь хариуцагч *******гийн өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах тул тэрээр өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмж зэргийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс ус алдаж, улмаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тул учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

8.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

9.    Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч *******т учирсан хохирлыг мөнгөөр төлүүлэх үндэслэлтэй байх тул үнэлгээгээр тогтоогдсон эд хөрөнгөд учирсан хохирол болон бусад зардал 798,600 төгрөг, үнэлгээний хөлсөнд төлсөн 71,000 төгрөг, нийт 869,600 төгрөгийг гэм хор учруулсан этгээд болох хариуцагч *******гаас гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10.  Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,406 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 16 төгрөгийг нөхөн гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 25,420 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэв.

11.  Шүүх иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг заавал оролцуулах тухай санал гаргаагүй, иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн санал гаргасан тул шүүх уг саналыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгч О.Нандинцэцэгийн эзгүйд үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг явуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зїйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 869,600 /найман зуун жаран есөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,406 төгрөгийг Төрийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас дутуу төлсөн 16 /арван зургаа/ төгрөгийг нөхөн гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 25,420 /хорин таван мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА

ШҮҮГЧИД Ц.ДАГИЙМАА

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ