Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 92

 

Я.Эрдэнэбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Бат-Эрдэнэ,

Ялтан Я.Эрдэнэбат /цахим сүлжээгээр/, түүний  өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр  даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Я.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Я.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 201625022061 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Баяд овогт Янжмаагийн Эрдэнэбат, 1983 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай,

- Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 23 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ЗА83112018/.

Я.Эрдэнэбат нь ялтай байх хугацаандаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 1 дүгээр гудамжны 5б тоотод хохирогч Б.Батсайханы “чи яг хонь өгч чадах юм уу, чи хонь өгч харагдаач” гэсэн үгэнд нь уурлан, үл ялих зүйлээр шалтаглан архины шилээр зүүн гаран тус газар нь цохиж, зүүн бугалганы ар болон доод хэсгийн шарх бүхий гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Я.Эрдэнэбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Эрдэнэбатыг ялтай байхдаа, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Я.Эрдэнэбатыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Я.Эрдэнэбатад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын зарим болох 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Я.Эрдэнэбатад оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Я.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Я.Эрдэнэбат гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өөрийн найз Баярбаттай уулзаж, түүний танил Батсайхан, Батболд нартай танилцсан. Би өөрөө хөдөөний хүн учраас Монгол ёсоор Батболдод халуун хошуутай мал болох хонь бэлэглэж, гэмгүй танилцаж суутал Батсайхан намайг үгээр өдөж, хэрүүл зодоон хийх шалтаг хайж эхэлсэн. Би түүнийг архи уусан үедээ агсам зантай хүмүүсийн нэг юм байлгүй гэж бодоод огт тоогоогүй. Батбаяр, Батсайхан нар хоорондоо муудалцаад гэрээс гараад хэсэг хугацааны дараа орж ирээд намайг унтах гээд хэвтэж байхад над руу дахин агсарч намайг босгохгүй зодож, хоолой боохоор нь хажууд байсан архиар гар руу нь цохиж тавиулсан. Гэтэл Батсайхан хүн хүн рүү агсардаг давтиргүй ааш авираасаа болж, намайг яах ч аргагүй байдалд хүргэж, бас хутгалчихлаа гэж худал цуурхал тарааж, хамаатан садантайгаа нийлж ганц намайг буруутгаж худал мэдүүлсэн. Би Батсайханаас үнэн зөвөөр мэдүүлээд өгөөч гэж гуйхад “би өөрөө буруутай болно” гэх мэт учир нь ойлгогдохгүй зүйл ярьж, үнэнээс зугтаж одоогийн нөхцөлд хүргэсэнд би маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Батсайхан бид хоёрын яг хэнийх нь буруу болохыг нарийвчлан тогтоож, үнэн зөвийг олж өгнө үү. ...” гэв.

Ялтан Я.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Пүрэвдорж гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Мөрдөн байцаагч Я.Эрдэнэбатыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Я.Эрдэнэбат нь “2 дугаар ангийн боловсролтой, сургуульд сурч байхдаа хуучин монгол бичгээр хичээл заалгасан, цэрэгт явахдаа шинэ монгол бичиг судалсан, дармал бичгийг л гаргаж уншина, манай сумын багийн дарга миний бичиг үсгийн чадварыг дүгнэдэг л байх” гэж шүүх хуралдаан дээр тайлбарладаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй, хэрэгт байцаагдсан гэрчүүд бүгд хохирогчийн хамаатан садан байгаа учраас хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан. Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ нь  Я.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээс татгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлээр ялласан байхад анхан шатны шүүх улсын яллагчийн ялласан зүйлчлэлийг хүндрүүлж, ял оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хамаатнуудыг гэрчээр байцаасан гэж байна. Тухайн үед хэрэг гарах үед байсан бүх хүмүүст хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авсан учраас гэрчийн мэдүүлгүүд нотлох баримтын шаардлага хангасан. Өмгөөлөгч “улсын яллагч шүүх хуралдаан дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ялласан” гэж байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ялласан. Шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу анхан шатны шүүх 2 удаа хойшилсон. Дөрөв дэх удаагийн шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах шаардлагагүй гэж үзэхэд хохирогч “гэмт хэрэг гарахад миний буруутай ажиллагаа нөлөөлсөн” гэх хүсэлт бичиж ирүүлснийг танилцуулсан. Миний хувьд “хэрвээ шүүх хохирогчийн гаргасан тус хүсэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлээд хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн гэмт хэрэг гарсан байна гэж үзэх юм бол өөрийн бүрэн эрхийн хэмжээнд зүйлчлэл хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхэд улсын яллагчийн зүгээс татгалзах зүйлгүй” гэж хэлж байсан. Мөн Я.Эрдэнэбатыг бичиг үсэг мэдэхгүй байхад мөрдөн байцаалтын шатанд эрхийг нь зөрчсөн гэж давж заалдах гомдол гаргасан байна. Прокурорын зүгээс энэ хэрэгт хяналт тавьж байхад Я.Эрдэнэбатаас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа “монгол хэл, бичиг үсэг мэдэх үү?” гэж асуухад “монгол хэл мэднэ. Бичиг үсэг мэднэ” гэж хэлж байсан. Мөн бичиг үсэг мэднэ гээд хэргийн материалтай танилцаад “Маш их харамсаж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж өөрийн гараар бичсэн. Шүүх хуралдаанд Я.Эрдэнэбат “би бичиг үсэг мэдэхгүй” гэж хэлэхэд шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчийг нь байлцуулаад хэргийн материалтай танилцах боломж олгосон. Мөн мөрдөн байцаагч “Я.Эрдэнэбат нь миний хажууд уншиж байсан” гэж хэлдэг. Я.Эрдэнэбатад “мөрдөн байцаагч таныг уншиж чаддаг гэж хэлж байна” гэхэд “тийм, би дармалаар бичсэнийг уншиж чаддаг” гэж хэлж байсан. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө Я.Эрдэнэбаттай уулзахад “гэрч нар бүгд миний эсрэг мэдүүлэг өгсөн байна” гэж хэлдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Я.Эрдэнэбатад холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

Я.Эрдэнэбат нь ялтай байх хугацаандаа, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 1 дүгээр гудамжны 5б тоотод бусадтай архидан согтуурч, хохирогч Б.Батсайханы “чи яг хонь өгч чадах юм уу, чи хонь өгч харагдаач” гэж хэлснээс үүдэн түүнтэй маргалдаж, уг маргаан дуусч, тодорхой хугацаа өнгөрсний дараа гэрээс гарч архины шилний хагархай авчиран, түүний зүүн гаран тус газар нь цохиж, зүүн бугалганы ар болон доод хэсгийн шарх бүхий гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Батсайханы “...2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр миний бие найз Батбаяртай 7 буудалд байх хадмынхаа гэрт уулзсан. Батбаяр “манай нэг найз 100 айл дээр хүлээгээд байна” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр “100 айл” худалдааны төв дээр очтол 30 гаруй насны, өндөр, бор царайтай залуу байж байсан. Тэр найзтай нь танилцахад өөрийгөө надад Эрка гэж танилцуулсан. Бид 3 автобусаар 7 буудал дээр очиж, нэг ломбарданд Батбаярын найз Эрка гэх залуугийн “S-2” загварын гар утсыг 25.000 төгрөгийн барьцаанд тавьж, 25.000 төгрөгөөр “Гурван баавгай” нэртэй 2.5 литрийн 3 пиво аваад нэгийг нь 7 буудлын гүүрэн доор очиж уучихаад, тэндээсээ би тэр хоёрыг дагуулаад өөрийн нагац ах Батболдын гэрт очихоор болсон. 18 цагийн үед очиход Батболд ах гэртээ ганцаараа байж байсан. Эхнэр Баярцэцэг нь ажлаасаа ирээгүй байсан. 2 пивоо дөрвүүлээ хувааж уучихаад, би ах Батболдод “2 том пиво авчих” гэж хэлээд нэмж 2 пиво авч уугаад байж байтал эхнэр Баярцэцэг нь гэртээ ирсэн. Элдэв янзын зүйл хэлээгүй. Сүүлд авсан 2 том пивоо ууж дуусгаад дахиж 2 том пиво, 1 шил 0.5 литрийн “Ерөөл” архи авсан. Шөнийн 00 цагийн орчим бид нар юм яриад сууж байтал Батбаярын найз Эрка манай ах Батболдод нэг хонь бэлэглэнэ гээд яриад байхаар нь би “худлаа хуцаад бай. Битгий хүнийг тэгж горьдоож бай” гэж хэлэхэд Эрка “би хэндээ юугаа өгнө чамд ямар хамаа байна аа” гэсэн. Тухайн үед бид нар гэрийн гадаа ууцгааж байсан бөгөөд Батбаяр, Эрка хоёр Батболд ахын гэр лүү орсон. Харин ах бид 2 гадаа үлдэж юм ярьж байгаад гэр лүү орсон. Эрка бид 2 бага зэрэг маргалдаж байгаад Эрка гарж явчихаад буцаж орж ирээд миний баруун талын булчин тус газарт нэг зүйлээр 2-3 удаа хатгасан. Тэгснээ чулуу аваад миний өөдөөс дайраад байхаар нь би хөрөө автал Баярцэцэг эгч миний гараас хөрөөг булааж аваад намайг тайвшруулсан. Би тухайн үед маш их цус алдсан. ... Миний баруун гарын булчин хэсэгт зүсэгдэж, язарсан шарх одоог хүртэл байгаа. Миний гар одоо боолттой явж байгаа тул ажил хийж болохгүй, маш их зовиуртай байгаа. ...” /хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Ж.Лхагвасүрэнгийн “...2016 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00.30 цагт манай нөхөр Батсайхан над руу утасдаад “би Батболд ахын гэрт байна. Энд ууж байтал Батбаярын найз гэх танихгүй залуу хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдээ ээжийндээ үлдээчихээд 7 буудлаас такси бариад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж “манай нөхөр хүнд хутгалуулчихсан байна” гэж дуудлага өгсөн. Цагдаагийн автомашинтай Батболд ахын гэр лүү очсон. Батбаяр нөгөө хутгалсан гэх хүнтэй хамт зугтчихсан байсан. Манай нөхрийн зүүн талын гараас нь их цус гараад байсан. ...” /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч О.Батбаярын “...Шөнийн 23 цагаас 00 цагийн хооронд манай найз Эрдэнэбат нь Батболд ахад “хонь аваарай, таньд дүү нь хонь өгнө” гэж хэлсэн чинь манай найз Батсайхан “чи битгий худлаа яриад бай. Чадахгүй юм байж” гээд хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед бид нар гэрийн гадаа ууж байсан. Харин дараа нь гэрт ороод амарцгааж байтал Батсайхан бид 2 жижиг асуудлаас болоод маргаад байж байтал Эрдэнэбат орон дээр хэвтэж байснаа гэрээс гараад явсан. Гэнэт орж ирээд Батсайханыг цохих шиг болсон. Би босож очоод салгатал Батсайхан “намайг хутгалчихлаа” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би Эрдэнэбатыг гэрээс аваад гартал араас Батсайхан хөрөө аваад гараад ирсэн. Тэгтэл Батболд ахын эхнэр Баярцэцэг гарж ирээд Батсайханы гараас хөрөөг булаагаад авсан. Эрдэнэбат, Батсайхан нар муудалцах гээд байхаар нь би Эрдэнэбатыг аваад явсан. ...Батсайхан зүүн булчиндаа хатгуулсан. Яг ямар гэмтэл авсан талаар мэдэхгүй байна. Юугаар гэмтэл учруулсныг би сайн хараагүй тул мэдэхгүй. ...” /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч Б.Баярцэцэгийн “...би орой 20.40 цагийн үед гэртээ харихад манай нөхөр Батболд 3 хүнтэй сууж байсан. Нэгийг нь Батбаяр гэдэг. Би зүс танина. Харин нэг нь манай хадам дүү Батсайхан. Нөгөө хүнийг нь би огт зүс танихгүй. Хар майктай, өтгөн хар хөмсөгтэй, өндөр хүн байсан. ... Удалгүй манай нөхөр бид 2 орондоо ороод хэвтчихсэн. Харин нөгөө 3 бага зэрэг маргалдаад байсан. Тэгж байтал өтгөн хөмсөгтэй, өндөр хар залуу гэрээс гүйж гарч явснаа эргэж орж ирээд багана тойроод явж байгаад эргээд гүйгээд гарсан. Түүнийг гараад явсны дараа Батсайхан “намайг шаачихлаа” гэж хэлээд орилохоор нь “яачихваа, юу болчихвоо” гэж асуугаад Батбаярыг хартал зүүн гар нь нилэнхүйдээ цус урсчихсан, 3 хатгасан юм шиг ором байсан. Яг ямар зүйлээр хатгасныг нь бол сайн мэдэхгүй байна. ...” /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Гэрч М.Батболдын “...Яг хэдний өдөр гэдгийг би санахгүй байна. Ямартай ч би гадуур ажилтай явж байтал оройны 19 цагийн үед манай хамаатны дүү Батсайхан над руу утсаар залгаад “танай гэрийн гадаа найзуудтайгаа ирчихсэн байна. Та хэзээ ирэх вэ” гэхээр нь би ярьснаас хойш 1 цагийн дараа гэртээ очсон. Манай гэрийн гадаа дүү Батсайхан, 2 эрэгтэй хүнтэй зогсож байсан. Нэг нь 175 орчим өндөр, бор царайтай, 30 гаруй настай. Нөгөө нь намхан, шаравтар царайтай залуу байсан. ... Өндрийг нь Эрдэнэбат, намханыг нь Батбаяр гэдгийг мэдсэн. Авсан юмаа уугаад шөнийн 00 цагийн үед би унтсан. Шөнийн 1-2 цагийн үед сэрэхэд Батсайханы зүүн гарынх нь булчин билүү тохой хавьцаа даавуугаар боочихсон, даавуу нь цус болчихсон байсан. Юу болсон талаар эхнэр, дүү хоёроосоо асуухад Эрдэнэбат манай дүү 2 бага зэрэг маргалдсан юм билээ. Юунаас болж маргасныг би мэдэхгүй байна. Мэдэж байгаа зүйл гэвэл Эрдэнэбат, Батсайхан нарыг маргалдаж байхад Эрдэнэбат гэрээс гараад явчихсан. Батбаяр, Батсайхан 2 үлдсэн гэсэн. Удалгүй Эрдэнэбат гаднаас шил барьж орж ирээд Батсайханы зүүн гарын булчинд хатгачихсан гэсэн. Авсан архиныхаа шилээр хатгасан юм билээ. Маргааш нь гэрийн гадаа хагарчихсан байхыг нь харсан. ...” /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Т.Амартүвшиний “...хутга, шилний аль үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй, нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. ...” /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Я.Эрдэнэбатын сэжигтнээр өгсөн “...2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн үед 100 айл дээр байдаг найз Батбаяр болон түүний найз Батсайхан нартай уулзсан. Тэгээд бид 3 пабад сууж нэг нэг шил пиво уусан. Тэрнийгээ ууж дуусчихаад Хадатад байрлах Батсайханы ах Батболдынд очихоор болоод 7 буудлаас 2,5 литрийн пиво 2 ширхгийг авсан. Батболдынд 16 цагийн үед очиж, аваачсан пивонуудаа ууж дуусгасан. Батболд ах дахиад 2,5 литрийн 2 сав пиво, 0,5 литрийн “Ерөөл” архи авч ирээд хувааж ууцгаасан. Би пиво ууж байхдаа Батболд ахад “нэг хонь аваарай. Би хотод орж ирэхдээ нэг хонь авч ирж өгнө” гэж хэлсэн. Тэгтэл Батсайхан “чи яасан их хоньтой хулгайч вэ. Баталгаажуул” гээд над руу агсраад байсан. Тэгэхээр нь “чамтай муудалцахгүй” гээд баруун талын орон дээр хэвтээд өгсөн. Тэгээд хэвтэж байгаад босоод гадаа уугаад орхисон байсан архинаас өөртөө хийж уучихаад амбаарт нь орж унтъя гэж бодоод байж байтал араас Батсайхан зэвүү хүргэсэн үг хэлэхээр нь уур хүрээд очоод мөр хавьцаа нь гараараа 2 удаа цохиод авсан. Би архи ууж байхдаа барьж байсан архины шилээр уурандаа цохьчихсон байсан. Тухайн үед миний уур хүрээд гартаа архины шилтэй байгаагаа мартаад цохьсон байсан. ...” /хх-ийн 51 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн "...Батсайханы биед зүүн бугалганы ар болон доод хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. ...” гэх 10634 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч Б.Батсайханы “...Шөнийн 00 цагийн орчим бид нар юм яриад сууж байтал Батбаярын найз Эрка манай ах Батболдод нэг хонь бэлэглэнэ гээд яриад байхаар нь би “худлаа хуцаад бай. Битгий хүнийг тэгж горьдоож бай” гэж хэлэхэд Эрка “би хэндээ юугаа өгнө чамд ямар хамаа байна аа” гэсэн. … Эрка бид 2 бага зэрэг маргалдаж байгаад Эрка гарж явчихаад буцаж орж ирээд миний баруун талын булчин тус газарт нэг зүйлээр 2-3 удаа хатгасан. Тэгснээ чулуу аваад миний өөдөөс дайраад байхаар нь би хөрөө автал Баярцэцэг эгч миний гараас хөрөөг булааж аваад намайг тайвшруулсан. ...” /хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч О.Батбаярын “...Шөнийн 23 цагаас 00 цагийн хооронд манай найз Эрдэнэбат нь Батболд ахад “хонь аваарай, таньд дүү нь хонь өгнө” гэж хэлсэн чинь манай найз Батсайхан “чи битгий худлаа яриад бай. Чадахгүй юм байж” гээд хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед бид нар гэрийн гадаа ууж байсан. Харин дараа нь гэрт ороод амарцгааж байтал Батсайхан бид 2 жижиг асуудлаас болоод маргаад байж байтал Эрдэнэбат орон дээр хэвтэж байснаа гэрээс гараад явсан. Гэнэт орж ирээд Батсайханыг цохих шиг болсон. Би босож очоод салгатал Батсайхан “намайг хутгалчихлаа” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би Эрдэнэбатыг гэрээс аваад гартал араас Батсайхан хөрөө аваад гараад ирсэн. ...” /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч М.Батболдын “... Батбаяр, Батсайхан 2 үлдсэн гэсэн. Удалгүй Эрдэнэбат гаднаас шил барьж орж ирээд Батсайханы зүүн гарын булчинд хатгачихсан гэсэн. Авсан архиныхаа шилээр хатгасан юм билээ. Маргааш нь гэрийн гадаа хагарчихсан байхыг нь харсан. ...” /хх-ийн 44 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд Я.Эрдэнэбатын “Батболдод хонь өгнө” гэсэн асуудлаас хохирогч Б.Батсайхан нь түүнтэй маргалдсан боловч уг маргаан дууссан байна. Энэ маргаан дууссаны дараа Я.Эрдэнэбат нь гэрээс гарч яваад шилний хагархай барьж ирээд хохирогч Б.Батсайханы бие махбодид зүүн бугалганы ар болон доод хэсгийн шарх гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Б.Батсайхан, Я.Эрдэнэбат нар согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэж, согтуурсан байхдаа маргалдаж, уг маргаан дууссаны дараа Я.Эрдэнэбат нь гэрээс гарч яваад шилний хагархай барьж ирээд хохирогч Б.Батсайханы биед гэмтэл учруулсан үйлдлийг танхайн сэдэлттэй гэж үзсэн нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, Я.Эрдэнэбатын дээрх үйлдлийг Б.Батсайхантай маргалдсан буюу таарамжгүй харилцаанаас шууд болсон гэж үзэхээргүй, харин архи хэтрүүлэн хэрэглэж, согтуурсан байдлаасаа хамааралтай хийсэн гэж үзэв.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан “монгол хэл, бичиг мэддэггүй” гэх ойлголтод монгол хэлээр ярьсныг ойлгодоггүй, ярьж чаддаггүй, крил үсгээр бичсэн зүйлийг уншиж чаддаггүй, уншсан зүйлийнхээ утга агуулгыг ойлгодоггүй, өөрийн санаа бодлыг крил үсэг ашиглан бичиж, илэрхийлж чаддаггүй зэрэг нөхцөл байдлыг хамааруулан авч үзэхээр байна. 

Шүүх эмнэлгийн №10634 дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэлд Я.Эрдэнэбат нь “шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа” гэж бичээд гарын үсэг зурсан /хх-ийн 40 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид танилцуулсан тэмдэглэлд Я.Эрдэнэбат нь “хэргийн материалтай танилцлаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. 181.3 гэдэг зүйл ангийг багасгаж өгнө үү” гэж бичээд гарын үсэг зурсан баримт /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэргээс үзэхэд тэрээр зарим үгийг үсгийн алдаатай бичсэн байх боловч бичсэн зүйлийг уншиж, агуулгыг ойлгож, дүгнэлт хийж, улмаар өөрийн санасан, бодсон зүйлээ илэрхийлэн бичжээ.

Иймд Я.Эрдэнэбатыг “монгол хэл, бичиг мэддэггүй” гэж үзэхээргүй байна.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаанд оролцсон прокурор Я.Эрдэнэбатад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, ял оногдуулах талаар дүгнэлт гаргаагүй байх бөгөөд харин шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй талаар саналаа хэлж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан “улсын яллагч шүүх хуралдаан дээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн” гэх хэсгийг хүлээн авах үндэслэлгүй болно.

Я.Эрдэнэбат нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 23 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 58 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Я.Эрдэнэбатын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Я.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.