Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 118/2018/0027/З |
Дугаар | 221/МА2019/0335 |
Огноо | 2019-06-13 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2019/0335
2019 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 221/МА2019/0335 | Улаанбаатар хот |
Завхан аймгийн Алдархаан сумын
М хорооны
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд, хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.О, хариуцагч Завхан аймгийн Сонгуулийн хорооны дарга М.Э нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 118/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны дарга, түүний өмгөөлөгч Э.Д болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын гаргасан давж заалдах гомдлоор, Завхан аймгийн Алдархаан сумын М хорооны нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сонгуулийн хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 118/ШШ2019/0008 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “б”, Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулийн дахин сонгуулийн зардлын төсвийг хэлэлцэж батлахыг Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж”
2 дахь заалтаар: “Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13, 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулийн дахин сонгуулийг товлон зарлаж, тус сумын хэмжээнд зохион байгуулж явуулахыг Алдархаан сумын Сонгуулийн хороо /Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан/-нд даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны дарга, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...1. Нэхэмжлэлийг Завхан аймгийн Алдархаан сумын Монгол Ардын намаас гаргасан. Нэхэмжлэлд Завхан аймгийн Алдархаан сумын Монгол Ардын намыг төлөөлж, дарга Ю.Д гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Ийнхүү нэхэмжлэл гаргахдаа Алдархаан сумын М хорооны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 04 тоот “Намын хорооны даргыг сонгож батлах тухай” тогтоолыг хавсаргасан байна.
Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө" гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27-р зүйлийн 27.2 дахь хэсэгт “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэж, мөн зүйлийн 27.3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө” гэж тус тус зохицуулжээ.
Мөн Улс төрийн намын тухай хууль М дотоод дүрэм журмууд, Сонгуулийн тухай хуулиар сумын намын хорооны дарга нь сумын намын хороог итгэмжлэлгүйгээр төлөөлөх буюу хуульд зааснаар төлөөлөх эрхийг олгоогүй байна.
Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд нийцүүлэн өөрийн онцлогт тохирсон зохион байгуулалтын бүтцийг төв, орон нутгийн түвшинд байгуулан ажиллуулна” гэж зааснаас үзвэл Алдархаан сумын М-н хороо нь М-н зохион байгуулалтын бүтцийн байгууллага буюу салбар байгууллага нь байна. Үүнээс үзвэл мөн Алдархаан сумын М-н хороо нь М-аас зөвшөөрөл авахгүйгээр бие дааж нэхэмжлэл гаргах эрхтэй субъект мөн эсэх нь тодорхойгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Намын асуудлыг нарийвчлан зохицуулсан Улс төрийн намын тухай хууль болон М-н дүрэмд намын салбар байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн талаар тодорхой зохицуулаагүй байх ба энэ тохиолдолд сонгуулийн тухай хуулийн 153-р зүйлийн 153.2-д заасан зохицуулалтын нөхцөлийг төсөөтэй хэрэглэх боломжтой байна” гээд Ю.Д-г Алдархаан сумын сонгуулийн хороог шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж дүгнэжээ.
Гэтэл шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх асуудал дээр анхан шатны шүүхээс төсөөтэй хэрэглэсэн заалт болох Сонгуулийн тухай хуулийн 153-р зүйлийн 153.2 дахь хэсэгт “Сонгуульд оролцох хүсэлтэд намын салбар байгууллагын дарга гарын үсэг зуран, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэж заасныг шүүх намын салбар хорооны дарга шүүхэд намыг итгэмжлэлгүйгээр төлөөлж болно гэж төсөөтэй хэрэглэсэн нь хуулийн заалтын агуулгыг хэт гажуудуулсан, хэргийн нэг талд хүчээр хэргийг хэт ашигтай байдлаар шийдвэрлэхийн тулд төсөөтэй харилцааг зохицуулаагүй заалтыг хамаатуулж ирэн хэрэглэсэн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнө эрх, тэгш байх, хууль хэрэглэх зарчмуудыг үл хүндэтгэсэн зүйл болж байна.
...2. Хариуцагч Алдархаан сумын Сонгуулийн хороог хариуцагчийн зүгээс эрх зүйн чадамжгүй гэж дүгнэснийг анхан шатны шүүх үгүйсгэн, түүнийг одоог хүртэл эрх зүйн чадамжтай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Алдархаан сумын Сонгуулийн хороог 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байдаг. Гэхдээ тус тогтоолд энэхүү сумын сонгуулийн хороог орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах үүрэгтэйгээр байгуулсан байдаг. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 33-р зүйлийн 33.4 дэх хэсэгт “Аймаг нийслэлийн сонгуулийн хороо нь сум дүүргийн сонгуулийн хороог ...бүрэлдэхүүнтэйгээр ... байгуулна” гэсэнтэй нийцэж байна. Үүний дагуу сумын сонгуулийн хороо нь эрх, үүргээ хэрэгжүүлж 2016 оны сумын ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулсан байна.
Харин Алдархаан сумын ИТХ-ын дахин сонгууль зохион байгуулах асуудал нь сумын ИТХ-ын ээлжит сонгууль зохион байгуулах асуудлаас хууль зүйн хувьд тусдаа өөр асуудал бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 33-р зүйлийн 33.5 дахь хэсэгт заасны дагуу “сум дүүргийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь аймаг нийслэлийн хурал, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд сум, дүүргийн сонгуулийн хороог тухайн сум дүүргийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна” гэсэн хуулийн заалт практикт сумын хурлын дахин сонгуулийг зохион байгуулахад төсөөтэй хэрэглэгддэг болох нь байнгын үйл ажиллагаатай байдаг төрийн байгууллага болох Сонгуулийн Ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.О-н гэрчээр асуугдсан мэдүүлэгт "...Сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт заасны дагуу сумын ИТХ-ын дахин сонгуулийг зохион байгуулах сумын Сонгуулийн хороог тухайн сумын ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулдаг” гэснээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, сумын хурлын дахин сонгуулийг зохион байгуулах Сонгуулийн хороог тухайн сумын ИТХ-ын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө байгуулахаар хуульд заажээ.
Энэхүү зохицуулалтын дагуу Алдархаан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 09 тоот тогтоолоороо Сумын ИТХ-ын дахин сонгууль зохион байгуулах Сонгуулийн хороог байгуулсан боловч сонгуулийн төсөв батлагдаагүй үндэслэлээр мөн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 13 тоот тогтоолоороо уг Сонгуулийн хороог татан буулгасан байдаг нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна.
Сонгуулийн тухай хуулийн 33.5 дахь хэсгийн дагуу дээрх сумын хурлаас дахин сонгууль зохион байгуулах сонгуулийн хороог байгуулсан нь хуульд нийцэж байна гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Алдархаан сумын Сонгуулийн хороо нь зөвхөн 2016 оны сумын ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах 1 удаагийн эрх, үүрэгтэйгээр байгуулагдсан байхад түүнийг дахин сонгуулийг мөн зохион байгуулах үүрэгтэй гэж шүүхээс дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
...3. Мөн хариуцагч М.Э нь Сонгуулийн тухай хуулийн 33-р зүйлийн 33.9-д “...Сонгуультай холбоотой харилцаанд сум....ийн сонгуулийн хороог дарга нь төлөөлнө" гэж заасны дагуу сумын Сонгуулийн хороог шүүхэд төлөөлөх эрхтэй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Сонгуулийн тухай хуулийн 33-р зүйлийн 33.9 дэх хэсэгт заасан Сонгуультай холбоотой харилцаа гэдэг нь сонгууль зохион байгуулах явцад гарах эрх зүйн харилцааг гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд заасан ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийг орон нутагтаа зохион байгуулах үед иргэн, төрийн болон төрийн бус байгууллага, бусад байгууллагуудтай харилцах харилцаанд сонгуулийн хороог дарга нь төлөөлнө гэж үзэж байна. Харин Сонгуулийн хороог шүүхэд итгэмжлэлгүйгээр эсвэл хамтын удирдлагатай сонгуулийн байгууллагыг дангаараа шүүхэд төлөөлөх эсэх асуудал нь дээрх заалтад хамааралгүй гэж үзэж байна. Мөн 33.9 дэх хэсэгт Сонгуулийн хороог шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх асуудал хамаарах эсэх дээр шүүх бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
Сонгуулийн тухай хуулийн 27-р зүйлийн 27.2 дахь хэсэгт “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл сонгуулийн хороо нь хамтын удирдлагатай байгууллага юм.
Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг 1 гишүүн дангаар, цөөнхөөр эсхүл эрх олгогдоогүй этгээд гаргахгүй” гэж заасан байна.
Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21-р зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх хариуцагч гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулсан байна. Энэхүү хэргийн тухайд хариуцагч М.Эийг дангаар нь хариуцагч Алдархаан сумын Сонгуулийн хорооны төлөөлөгчөөр тогтоож, хамтын удирдлагатай байгууллагын өмнөөс бие даан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхийг хэрэгжүүлэх эрхийг олгож байна гэдэг нь хамтын удирдлагатай байгууллага болох сумын Сонгуулийн хорооны өмнөөс хамтын шийдвэр гаргах зарчмыг алдагдуулан дахин сонгууль зохион байгуулах шийдвэрийг дангаараа гаргах нөхцөлийг бүрдүүлж буйтай адил зүйл болох юм.
Өөрөөр хэлбэл, хамтын удирдлагатай сумын Сонгуулийн хорооны 5 гишүүнийг бүгдийг нь хариуцагчийн төлөөлөгчөөр тогтоох нь Захиргааны Ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нийцнэ гэж үзэж байна.
4. Мөн анхан шатны шүүхээс тус хэргийг Захиргааны ерөнхий хуулийн 112 дугаар зүйл, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлд тус тус зааснаар шийдвэрлэх маргаан гэж үзэж, тусгай журмаар шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь Завхан аймгийн Алдархаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох дахин сонгуулийн зардал төсвийг хэлэлцэж батлахыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгах, Алдархаан сумын иргэдийн төлөөлөгчдийг сонгох дахин сонгууль сумын хэмжээнд явуулахыг хариуцагч нарт даалгах тухай юм.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийг зохион байгуулахад хууль зөрчсөн, санал хураалтын дүнг хүчингүй болгуулах, сонгуульд бүртгүүлсэн нам эвсэл нь эрх зүйн чадамжгүй байсан, сонгуульд оролцсон нам эвсэл, нэр дэвшигч хооронд үүссэн маргаан зэрэг Сонгуулийн маргаантай огт хамааралгүй асуудал бөгөөд дахин сонгууль зохион байгуулахыг даалгах /энэ нь эрх зүйн акт гаргахыг даалгах асуудал/, мөн сонгуулийн төсөв батлахыг даалгах тухай шаардлагууд нь захиргааны байгууллагаар захиргааны акт гаргуулахыг даалгах тухай асуудал юм.
Иймд энэхүү хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх Ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх хэргийг тусгай журмаар богино хугацаанд шийдвэрлэж, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулалгүй дутуу дулимаг, үндэслэл муутай шийдвэрлэсэнд гомдолтой байна.
...Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг илт үндэслэл муутай, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчид хэт давуу байдал олгосон нь шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль хэрэглэх зарчмуудад нийцээгүй зэргээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
Иймд Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга давж заалдах гомдолдоо: “...1. Ч.О намайг анхан шатны шүүхээс Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг итгэмжлэлгүйгээр болон хамтын удирдлагатай байгууллагыг дангаараа төлөөлөх эрхтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ... олонхийн саналаар тус тус батална” гэж заасан байна. Энэхүү зохицуулалтаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төлөөлөгчдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг хамтын удирдлагатай байгууллага гэдэг нь харагдана.
Захиргааны ерөнхий хуулийн 6-р зүйлийн 6.2 дахь хэсэгт “Хамтын удирдлагатай Захиргааны байгууллагын шийдвэрийг 1 гишүүн дангаар, цөөнхөөр эсхүл эрх олгогдоогүй этгээд гаргахгүй” гэж заасан байна.
Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21-р зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх хариуцагч гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулсан байна.
Энэхүү хэргийн тухайд хариуцагч Ч.О намайг дангаар нь хариуцагч Алдархаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр тогтоож, хамтын удирдлагатай байгууллагын өмнөөс бие даан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхийг хэрэгжүүлэх эрхийг олгож байна гэдэг нь хамтын удирдлагатай байгууллага болох сумын ИТХ-ын өмнөөс хамтын шийдвэр гаргах зарчмыг алдагдуулан дахин сонгуулийн төсвийг батлах шийдвэрийг шүүх дээр дангаараа гаргах нөхцөлийг бүрдүүлж буйтай адил зүйл болох юм.
Өөрөөр хэлбэл, хамтын удирдлагатай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчийг бүгдийг нь хариуцагчийн төлөөлөгчөөр тогтоох нь Захиргааны Ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нийцнэ гэж үзэж байна.
Мөн би анхан шатны шүүх хуралдаан товлон зарлагдахаас өмнө буюу 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод хөл нь гэмтсэн хүүхдээ асрахаар Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргаас 1 сарын цалинтай чөлөө авч, Улаанбаатар хотод байх хугацаанд намайг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ийнхүү намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэх болсон шалтгаанаа шүүхээс нотлох баримтаар гарган өгсөн чөлөөний талаарх баримт бичигт хэзээнээс хэд хоногийн чөлөө авсан нь тодорхойгүй гэж тайлбарласан байна.
Гэтэл би хариуцагч М.Эоор дамжуулан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас 1 сарын цалинтай чөлөө авсан баримтууд /үүн дээр хугацааг тодорхой заасан/, өвчтэй хүүхдийнхээ талаарх баримтуудыг гаргаж өгсөн байхад хэргийн 1 хариуцагч намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би огт хүндэтгэн үзэх шалтгаангүй алга болоогүй өвчтэй хүн асрахаар явсан тухайгаа шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтдээ тодорхой дурдаж өгсөн юм.
Ийнхүү хэргийн нэг хариуцагчийн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь процессийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
...2. Улс төрийн намын тухай хууль, М дотоод дүрэм журмууд, Сонгуулийн тухай хуулиар сумын намын хорооны дарга нь сумын намын хороог итгэмжлэлгүйгээр төлөөлөх буюу хуульд зааснаар төлөөлөх эрхийг олгоогүй байхад Ю.Дг Завхан аймгийн Алдархаан сумын Монгол Ардын намыг төлөөлөх эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
...3. Анхан шатны шүүхээс тус хэргийг Захиргааны ерөнхий хуулийн 112 дугаар зүйл, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлд тус тус зааснаар шийдвэрлэх маргаан гэж үзэж, тусгай журмаар шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
...Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолоор 2016 оны орон нутгийн ээлжит сонгуульд сонгогдож, түр үнэмлэхээ авсан нэр дэвшигчдийн саналын дүнг сумын хэмжээнд хүчингүй болгож, дахин сонгуулийн товыг зарлахыг тус сонгуулийн хороо /М.Э/-д даалгаж шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар тус сумын М хорооноос гаргасан нэхэмжлэлтэй хэргийг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 237 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэж, маргаан бүхий захиргааны акт нь Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1-д “сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон” бол дахин сонгууль явагдах, 163.2-д “Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулах”-аар тус тус заасантай нийцсэн болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
Гэтэл хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Завхан аймгийн Алдархаан сумын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан Сонгуулийн хороо /М.Э/-д тус сумын дахин сонгуулийг зохион байгуулахыг даалгасан шийдвэр хуульд нийцсэн болохыг шүүхээс нэгэнт тогтоосон байхад уг тогтоолын дагуу дахин сонгууль зохион байгуулаагүй нь хууль бус бөгөөд энэхүү эс үйлдэхүй нь хуульд нийцсэн гэж хариуцагчийн зүгээс маргаагүй байна.
Түүнчлэн, Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар Орон нутгийн хурлын дахин сонгуулийн зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.б /...сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах/-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, тус сумын дахин сонгуулийн зардал, төсвийг хэлэлцэж батлаагүйгээс нэхэмжлэгчийн болон тухайн орон нутгийн иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн, ийнхүү төсвийг батлаагүй эс үйлдэхүйгээ “орон нутгийн төсөв хүрэлцэхгүй байгаа” гэж тайлбарласан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий, дэлгэрэнгүй дүгнэлтүүдийг хийж хэргийг шийдвэрлэжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь дахин сонгуулийн зардал, төсвийг хэлэлцэн батлаагүй болон дахин сонгуулийг зохион байгуулж явуулаагүй хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй боловч хариуцагч нар нь дээрх байдлаар хууль бус эс үйлдэхүй гаргасантайгаа маргаагүй, энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх урьдчилсан нөхцөл нэгэнт хангагдсан энэ тохиолдолд хариуцагч нарт шаардагдах захиргааны актыг гаргахыг шууд даалгах замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Хариуцагч нараас гагцхүү “тухайн Сонгуулийн хороо нь эрх зүйн чадамжгүй, М.Э нь сонгуулийн хороог, Ч.О нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тус тус шүүхэд төлөөлөх эрхгүй, Ю.Д нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй, уг хэргийг тусгай журмаар журмаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн үндэслэлүүдээр маргасан байх бөгөөд давж заалдах гомдлоо ч эдгээр үндэслэлүүдээр гаргасан байна.
3. Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр...” төлөөлөх эрхтэй ба Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.От Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.14-д зааснаар тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх бүрэн эрх тусгайлан олгогдсон байх тул тус Хурлыг хариуцагчаар татсан энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д зааснаар Завхан аймгийн Алдархаан сумын М хороо нь Монгол Ардын намыг орон нутгийн түвшинд төлөөлөх зорилгоор байгуулагдсан байгууллага болохын хувьд тухайн сумын орон нутгийн сонгуульд оролцох, сонгох, сонгогдох эрх нь зөрчигдсөнтэй холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд бие даан нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг эрхийнхээ дагуу тус намын хороог төлөөлж дарга Ю.Д гарын үсэг зурж, нэхэмжлэл гаргахдаа Монгол Ардын намаас итгэмжлэл авсан байхыг шаардахгүй. Анхан шатны шүүх энэхүү харилцаанд Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 /Сонгуульд оролцох хүсэлтэд намын салбар байгууллагын дарга гарын үсэг зуран, тэмдэг даран баталгаажуулсан байна/-т заасныг төсөөтэй хэрэглэж тайлбарласныг үгүйсгэх үндэслэлгүй байх бөгөөд Улс төрийн намын тухай хуулиар сумын намын хороог дарга нь шүүхэд төлөөлөх эрхийг тусгайлан олгоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлах боломжгүй юм.
5. Сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ...сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал /цаашид “орон нутгийн хурал” гэх/-ын ...сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 115 дугаар зүйлийн 115.1-д “Орон нутгийн хурлын сонгуультай холбогдуулан тухайн шатны сонгуулийн хороонд холбогдох маргааныг тухайн сонгуулийн хороо байрлаж байгаа нутаг дэвсгэрийн захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэнэ”, 115.4-д “Сонгуулийн маргаанаар үүссэн захиргааны хэргийг шүүх 30 хоногийн хугацаанд шийдвэрлэх бөгөөд нэг удаа арваас илүүгүй хоногоор хугацааг сунгаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.4.1-д /...аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн маргаан/-ыг шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр тус тус зааснаас үзвэл Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийг зохион байгуулж, явуулах, төсвийг батлахтай холбоотой энэхүү захиргааны хэрэг нь дээрх тусгай журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.
Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 118/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны дарга, түүний өмгөөлөгч болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН