Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 40

 

 

     20          09           19                                     206/МА20/00040

 

Д.Дархивжавын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ20/00356 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Жаргалант  сумын Бугат баг, *******, од оршин суух, ******* овогт *******гийн *******ын  нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 6 , 1 тоотод оршин суух, ******* ******* овгийн ******* *******д холбогдох

Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 1,841,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 20 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сум Буянт багийн нутаг дэвсгэрт Prius-30 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байхад "Идэр" хүнсний дэлгүүрийн зогсоол дээрээс Prius-10 маркийн автомашин нь хажуу талаас мөргөж  зам тээврийн осол гаргаж урд талын хаалганаас хойд талын гупер хүртэл зурсан. Миний машины хохирол болон үнэлгээний мөнгөн дүнг гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт найз/засварчин/ ******* нь Prius-10 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцохдоо Идэр хүнсний дэлгүүрийн зогсоол дээрээс хөдөлсөнPrius-30 маркийн автомашин хажуу талаас мөргөж, зам тээврийн осол гарсан . Уг зам тээврийн ослыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын зохицуулагч шалгасан. Чухам аль жолооч буруутай болох нь тогтоогдоогүй. Миний хувьд Prius-10 маркийн автомашиныг жолоодоогүй, замын хөдөлгөөнд оролцоогүй. Тухайн үед уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийнхөө нэр дээр шилжүүлж, авсан болно.  Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ20/00356 дугаар шийдвэрээр:

3.1  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.*******аас тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 1,836,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 44,326 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховдаймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дугаарт "Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт "Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй"...зам тээврийн осол гарах үед хариуцагч Х.******* нь 04-17 ХОУ улсын дугаартай Toyota Prius-XW10 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй боловч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт "Хүсэл дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ" гэж заасны дагуу тухайн эд хөрөнгийн эзэмшигч байжээ. Энэхүү үндэслэлээр "Зам тээврийн осол гарах үед тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч биш байсан" гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй. Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс гадна эзэмшигч этгээд ч тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн гэм хорыг арилгах үүрэгтэй. Иймд хариуцагч Х.******* нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас нэхэмжлэгч Д.*******т учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй..." гэж дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан "өмчлөгч буюу эзэмшигч"-ийг дан ганц өмчлөгчөөр хязгаарлагдахгүй тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч этгээд ч тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн гэм хорыг арилгах үүрэгтэй гэж тайлбарлаж хариуцагч Х.*******ыг зам тээврийн осол болох уед 04-17 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-XW10 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч хэмээн үзэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн гэм хорыг арилгах үүрэгтэй этгээд гэж үзсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан "өмчлөгч буюу эзэмшигч" гэснийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал юм.

Учир нь нэгдүгээрт, Анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан "өмчлөгч буюу эзэмшигч гэдгийг үгийн шууд утгаар тайлбарлаж тухайн зохицуулалтыг хэт өргөн утгаар хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд "Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах" тухай зохицуулсан байна.

Тухайн зохицуулалтын агуулга нь өөрөө тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийг хэн жолоодож явснаас үл хамааран тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцлага хүлээх тухай зохицуулалт юм. Гэтэл Анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг өмчлөгчөөс гадна эзэмшигч байна гэж тайлбарлаж хэрэглэсэн нь буруу бөгөөд хуулийн зохицуулалтыг хэт өргөн утгаар тайлбарлаж хариуцагч Х.*******ын эрх ашиг сонирхлыг зөрчсөн байна.

4.2 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дугаарт "...хариуцагч Х.******* нь 04-17 ХОУ улсны дугаартай Toyota Prius-XW10 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч тул зөрчлийн хэргийн холбогдогч *******т тээврийн хэрэгслийг шилжүүлж, ашиглах боломж олгосон, хамтраа зорчиж явсан үйл баримт тогтоогдож байна. тээврийн осол гарах үед хариуцагч Х.******* нь 04-17 ХОҮ улсын дугаартай Toyota Prius- Х 10 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй боловч Иргэний хуулийн 89 ... зам дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт "Хүсэл дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ" гэж заасны дагуу тухайн эд хөрөнгийн эзэмшигч байжээ..." гэж үзсэн байна.

Ийнхүү Анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь өмчлөгчөөс гадна эзэмшигч гэж тайлбарлаж, 04-17 ХОУ улсын дугаартай Toyota Prius-XW10 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Х.******* гэж тодорхойлсон үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт "Хүсэл дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ" гэж заасан бөгөөд өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсоор өөрийн мэдэлдээ байлгаж байгаа бол эзэмшигч болохоор байгаа юм.

Гэтэл зам тээврийн осол болох үед 04-17 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-XW10 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшил *******т байсан. Тээврийн хэрэгслийн эзэмшлийг цаг хугацааны дарааллын хувьд авч үзвэл эхлээд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцагч Х.*******д тээврийн хэрэгслийн эзэмшлийг шилжүүлсэн байна. Үүний дараа хариуцагч Х.******* нь тухайн тээврийн хэрэгслийг засварлуулах зорилгоор *******т шилжүүлсэн. Гэтэл зам тээврийн осол болох үед 04-17 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-XW10 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшил *******т байсан байхад хариуцагч Х.*******ыг тээврийн хэрэгслийн эзэмшигч хэмээн тодорхойлж, тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн гэм хорыг арилгах үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байх бөгөөд шүүх хуулийг зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлан, нотлох баримтыг буруу үнэлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" болон 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт "шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэж заасныг зөрчсөн байна.

Ийнхүү анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн тайлбар, татгалзлыг хүлээн авахаас үндэслэлгүй татгалзан, нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарласан нь анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй, үндэслэлгүй болохыг нотолж байна.

Иймд Д.*******ын нэхэмжлэлтэй, Х.*******д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ20/00356 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч Х.*******аас тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 1,836,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан “Зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигч” гэх үндэслэлээр гэм хорын хохирол 1,841,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хүсэлт хүсэлт гаргаж иргэн Түргэнбаярын Мөнхбаярт холбогдох 2584 дугаартай зөрчлийн хэргийн материалыг хэрэгт хавсаргасан байна.

4. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ”осол гарах үед миний эзэмшлийн 04-17 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл иргэн *******ын эзэмшилд байсан гэж” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн  зөвшөөрөхгүй маргажээ.

5. Анхан шатны шүүх хариуцагч Х.*******аас тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүсэн гэм хорын хохирол 1,836,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, үлдэх 5,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагч Х.******* нь ” гэм хорын хохирол 1,836,000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

6.1 Иргэн ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Х.*******ын эзэмшлийн 04-17 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-XW10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 10.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч Д.*******ын жолоодож явсан 95-02 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-XW30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж  зам тээврийн осол гаргасан болох нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалаар тогтоогдсон байна.

6.2 Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд 1,731,000 төгрөгийн хохирол учирсан ба үнэлгээний хөлс 97,000 төгрөг, шинжилгээний төлбөр 8,000 төгрөг нийт 1,836,000 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

6.3 Нэхэмжлэгч нь дээр дурдсан гэм хорын хохирлыг осол гаргасан жолооч *******аас нэхэмжилснийг тэрээр эс зөвшөөрч маргасан ба шүүх маргааныг шийдвэрлэхдээ “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар иргэн ******* нь энэ хэргийн хариуцагч биш” гэх агуулгатай дүгнэлт хийж Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

6.4 Иймд нэхэмжлэгч Д.******* нь иргэн *******ын жолоодож явсан 04-17 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-XW10 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Х.*******аас өөрт учирсан гэм хорын хохиролд 1,841,000 төгрөг нэхэмжилснийг шүүх 1,836,000 төгрөгийн шаардлагыг хангаж, илүү нэхэмжилсэн 5000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

            Шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

7. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Авто машин жолоодож явсан иргэн *******, хариуцагч Х.******* нар нь 1,841,000 төгрөгийг тэнцүү хувааж нэхэмжлэгч Д.*******т төлөх нь зөв” гэх дүгнэлтийг “хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт “хууль зүйн үндэслэлтэй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

8. Хариуцагч Х.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,326 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ20/00356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45885 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

 

                                             ШҮҮГЧ                                        Д.КӨБЕШ

                                                                 

                                             ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР