Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/0043

 

 Ч.Б-ын нэхэмжлэлтэй,

НМХГ-ын ББАОК-т холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                    П.Соёл-Эрдэнэ

            Танхимын тэргүүн:                 Ч.Тунгалаг

            Шүүгчид:                                     М.Батсуурь

                                                                    Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:                         Д.Мөнхтуяа           

            Нарийн бичгийн дарга:         Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0072 дугаар шийдвэр, 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 279 дүгээр магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дүгээр сарын 21-ний өдрийн 273 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Ч.Б-аас гаргасан гомдлоор, нэхэмжлэгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Л.Б, Б.У нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “ББАОК-ын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож, илт хууль бус актын улмаас учруулсан хохирол 294.512.192 төгрөгийг гаргуулах”

 Хэргийн нөхцөл байдал:

2. “Тэлмүүнлхам констракшн” ХХК-ийн захиалгаар баригдсан 2 блок, Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, Их тойруу, 30 дугаартай 256 айлын орон сууцны зориулалттай барилгыг Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар актаар байнгын ашиглалтад оруулсан байна. Иргэн Ч.Б-а нь тус байрны 7 тоот 2 өрөө орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ипотекийн зээлээр худалдан авч, түүний нэр дээр 000277304 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогджээ.

2.1. Барилгын анхны зураг төслөөр, уг барилгад дулаан дамжуулах төв узел нь 1 дүгээр блок байрны шатны хонгилын баруун талд төлөвлөгдсөн боловч барилга угсралтын үйл ажиллагааны явцад өөрчлөгдөж, дулаан дамжуулах узелийг 2 дугаар блок байрны 7 тоот орон сууцны харалдаа доод талд байрлуулж угсарсан, талууд энэ үйл баримттай маргаагүй байна.

2.2. Иргэн Ч.Б-аас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “… доод талд байрлах тус орон сууцны барилгын төвлөрсөн дулаан дамжуулах хуваарилах төвөөс байнгын дүнгэнэсэн чимээ гарч хүн амьдрах ямар ч боломжгүй байгаа” талаарх гомдлыг мэргэжлийн хяналтын байгууллагад гаргасны дагуу хяналт шалгалт хийж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 07/110/89 дугаар дүгнэлтээр “дулаан хуваарилах төвийн дуу шуугианы хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их буюу 68-70 дБА байгаа нь ... 40дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно гэснийг зөрчиж байна. ... инженерийн тооцоо, судалгаа зураг төслийн үндсэн дээр дулаан дамжуулах төвийг орон сууцны бус зориулалттай хэсгийн доор шилжүүлэх эсвэл бие даасан тусдаа байранд байрлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй” гэх дүгнэлт гарчээ.

2.3. Иргэн Ч.Б-а 2016 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, /“Тэлмүүнлхам констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал/ Д.Атарсайханд холбогдуулан эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарах зардал 25,612,360 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “… хариуцагч нь … 7 тоотод дулааны узелээс гарч буй дуу чимээг арилгах шаардлагын дагуу узелийн таазанд 10 см-ийн полистрол хавтан хадаж, эсгий хавтан нааж, бойлерын чанх дээр байрлаж буй 7 тоотод нийт 43 м2 талбайд паркетан шалны дээр хивс, дрожны доор нь дуу тусгаарлагч зориулалтын 0.3 мм зузаантай хавтанг дэвсэж, бэхэлж өгсөн ба 19/19 тоот актыг НМХГ-ын дэд бүтэц хяналтын хэлтэст хүргүүлсэн. … Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсний дараа бойлер, дулааны узелээс дуу, чимээ гарахгүй болсон. Иймд 1. Нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээс 19,612,360 төгрөгөөс татгалзаж байна. 2. Хариуцагч нь нэхэмжлэгчид 6,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлнө…” гэх агуулгаар эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/03111 дугаар шийдвэрээр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

2.4. Үүний дараа буюу 2018 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Ч.Б-а дахин гомдол гаргаснаар, тус газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Батбаяр хяналт шалгалт хийж, ... ус, дулааны зангилааны дуу чимээ 40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах гэсэн Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалтыг зөрчсөн” гэх зөрчил тогтоон, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02-07-095/899 дүгээр албан шаардлагыг “Тэлмүүнлхам констракшн ХХК-д хүргүүлсэн, уг албан шаардлагын дагуу зөрчлийг арилгасан эсэх, албан шаардлагын биелэлтийг хянаж шалгах хүрээнд мэргэжлийн хяналтын газраас иргэн Ч.Б-ын орон сууцанд гарч буй дуу чимээний хэмжилтийг дахин хийгээгүй /хариуцагчаас “…хэмжилтийн багаж байхгүй” гэх тайлбарыг шүүхэд гаргасан/ байна.

2.5. Түүнчлэн, иргэн Ч.Б, Б.Сүрэн нараас 107.100.912 төгрөг гаргуулж, Голомт банкинд олгохоор, уг төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд маргааны үйл баримтад дурдагдаж буй дээрх Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, Их тойруу, 30 дугаар байрны 7 тоот орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1951 дүгээр шийдвэр хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1. “… худалдаж авсан уг 7 тоот орон сууцандаа орж амьдрах гэтэл байрны доод талд байрлах төвлөрсөн дулаан дамжуулах хуваарилах төвөөс байнгын дүнгэнэсэн чимээ гарч хүн амьдрах ямар ч боломжгүй байсан. Иймд би Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасны дагуу хяналт шалгалт хийж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №07/110/89 дугаартай дүгнэлтээр манай байранд дулаан дамжуулах хуваарилах төвийн дуу, шуугианы хэмжээ 70 дба байгааг тогтоосон, Барилга барьсан компанийг дулаан дамжуулах төвийг шилжүүлэх арга хэмжээ ав гэсэн боловч шилжүүлэх боломжгүй гээд шилжүүлээгүй. Мөн дуу тусгаарлана гээд арга хэмжээ авсан нь ямар ч үр дүнгүй болсон.

3.2. Уг барилгын зураг төслөөр дулаан дамжуулах төв 1 дүгээр блок байрны шатны хонгилын баруун талд төлөвлөсөн байсныг зөрчиж, 2 дугаар блок орон сууцны 7 тоотын доод талд байрлуулж, барилгын зураг төсөл болон холбогдох норм стандарт, Барилгын тухай хуулийг зөрчсөн байхад Улсын комисс уг барилгыг 044/2013 дугаар актаар хүлээн авч, хууль зөрчсөн.

3.3. Улсын комиссын актаар тус барилга нь барилга байгууламжид тавих шаардлагыг бүрэн хангасан, өөрөөр хэлбэл дуу чимээгүй, хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж баригдсан гээд байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл энэхүү актаар хүлээн авсан байр нь хүн амьдрах боломжгүй, маш их дуу чимээтэй байгаа тул энэхүү актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар түүнийг бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй илт хууль бус акт болохыг тогтоож өгнө үү.

3.4. Байрыг улсын комисс байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсний улмаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч надад худалдаж жирийн иргэн би маш их хохирч байна. Чанарын шаардлага хангахгүй 7 тоот 2 өрөө орон сууцаа зарж болохгүй байгаа.

3.5. Би байрыг худалдан авахдаа өөрийн өмчлөлийн жаран сая төгрөгийн үнэтэй орон сууц болон энэ байрыг барьцаанд тавьж жилийн 8 хувийн хүүтэй ерэн найман сая гурван зуун хорин мянган төгрөгийн зээл авч үнийг төлсөн.

3.6. Зээлийн төлбөрт 37.872.197 төгрөг төлсөн. Би байрыг огт ашиглаж, амьдарч чадахгүй байгаагаас барьцаанд тавьсан байруудаа алдахад хүрч, нийт 294.512.197 төгрөгийн хохирол учраад байна. Захиргааны байгууллагын алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцахаар хуульчилсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 101.1, Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасны дагуу уг хохирлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. “… Уг барилгын анхны зургаар хоёр блок барилгын 1-р блокт дулааны узел байрлаж байсныг захиалагчийн хүсэлтээр өөрчилж, 2-р блоконд угсарсан байдаг. Анхны зургаас өөрчлөгдөж болно. Захиалагчийн хүсэлтээр норм дүрмийг зөрчихгүй тохиолдолд өөрчлөлтийн зураг хийж болно гэж Барилгын тухай хуульд заасан. Захиалагч одоо байгаа өрөөнд байрлуулах хүсэлт гаргасны дагуу анхны зургаас өөрчлөгдөж хийгдсэн. Энэ нь хуулийн дагуу явагдсан.

4.2. Иргэн Ч.Б-а, Д.Атарсайхан нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу уг байрны 7 тоот 2 өрөө орон сууцыг иргэн Болортулга худалдан авсан, мөн дээрх барилгад зөвхөн Ч.Б-аас гадна өнөөгийн байдлаар нийт 250 гаруй айл өрх оршин сууж байгаа бөгөөд байрны гэрчилгээ нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд хамрагдаж гэрчилгээ гарсан байгаа тул зөвхөн нэг оршин суугч буюу иргэн Ч.Б-ын гомдлын дагуу Улсын комиссын актыг бүхэлд нь хүчингүй болгох нь учир дутагдалтай, ач холбогдол, үндэслэлгүй” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0072 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалт, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ын гаргасан “ББАОК-ын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож, илт хууль бус актын улмаас учруулсан хохирол 294.512.192 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ингэхдээ шүүх дараах агуулгатай дүгнэлтийг хийсэн:

5.1. “... иргэн Ч.Б-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, Их тойруу, 30 дугаар байрны 7 тоот орон сууцны доор байрлах дулааны узелээс гарах дуу хэмжээ их байгааг мэргэжлийн хяналтын байцаагч тогтоон, албан шаардлага, дүгнэлт хүргүүлсний дагуу тухайн барилгыг барьсан Тэлмүүн констракшн ХХК-иас /Д.Атарсайхан/ холбогдох арга хэмжээг авсан, Ч.Б-а эд хөрөнгийн доголдлыг хариуцагч арилгасан гэж үзэж, хариуцагчтай эвлэрсэн, уг байр нь шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулахаар иргэний шүүхийн шийдвэр гарсан зэрэг нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн ББАОК-ын актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн үндэслэл тогтоогдохгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтад хамаарахгүй” гэжээ. 

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 279 дүгээр магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 0072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтийг хийсэн байна.

6.2. “... Нийт 256 айлын орон сууцыг 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс байнгын ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн маргаан бүхий актыг илт хууль бусад тооцуулах үндэслэлээ нэхэмжлэгч талаас “…зураг төслийн дагуу уг байрны төвлөрсөн дулаан дамжуулах, хуваарилах төвийг 1 дүгээр блок байрны шатны хонгилын баруун талд хийхээр төлөвлөсөн байсныг дур мэдэн өөрчилж, нэхэмжлэгчийн худалдаж авсан 7 тоот орон сууцны доод талд байрлуулснаас шалтгаалан байнгын дүнгэнэсэн дуу чимээ гарч хүн амьдрах боломжгүй байхад хүлээн авсан нь буруу …” гэж тайлбарлах боловч энэ нь актыг бүхэлд нь илт хууль бусад тооцох хуульд заасан үндэслэл болохгүй.

6.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар захиргааны актыг илт хууль бусад тооцох нэг тохиолдолд нь “түүнийг бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй” байх явдал. Гэтэл улсын комиссын 2013 оны маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн худалдаж авсан 7 тоот төдийгүй нийт 256 айлын орон сууцыг байнгын ашиглалтад хүлээн авснаас хойш иргэд амьдарч байгаа энэ тохиолдолд “актыг хэрэгжүүлэх боломжгүй” гэж дүгнэж болохгүй.

6.4. Харин доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авснаас үүссэн хохирол, үр дагаврыг одоогийн хариуцагчаас бус худалдсан этгээдээс шаардах эрх нэхэмжлэгчид нээлттэй, энэ ч хүрээнд өөрт учирсан гэх 25.6 сая төгрөгийг гаргуулах иргэний хэрэг дээрх байдлаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн, “Тэлмүүнлхам констракшн” ХХК-иас узелийн таазанд 10 см-ийн зузаан полистрол болон эсгий хавтан нааж, нэхэмжлэгчийн худалдаж авсан 7 тоотын шаланд дуу тусгаарлагч хийсэн, мөн узелийн насосыг солих зэргээр дуу чимээг бууруулсантай холбогдуулан нэхэмжлэгч Ч.Б-а нь иргэний хэрэгт хариуцагчтай эвлэрч, анх шаардаж байсан төлбөрөөс 6.0 сая төгрөг авахаар тохиролцсон байгаагаас үзэхэд улсын комиссын актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдсөн гэж үзэхгүй” гэжээ. 

7. Нэхэмжлэгч Ч.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 273 дугаар тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Ч.Б-а 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

8.1. “Анхан шатны шүүх 044/2013 дугаартай илт хууль бус актын талаар дүгнэлт өгөөгүй, үндэслэлгүй буруу дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж Иргэний шүүхийн шийдвэрлэсэн асуудал нь захиргааны хэргийн энэ маргаанд хамааралгүй байхад иргэний шүүхийн шүүгчийн захирамжийг нотлох баримтаас хасаагүй. Хамааралгүй асуудлаарх шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн.

8.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0072 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалт, Барилгын тухай хуулийн 2008 оны 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад зааснаар гэж хууль буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч Ч.Б-ын захиргааны хэргийн шүүхэд гаргасан Засгийн газарт холбогдуулан хариуцагчаар татсан ба 044/2013 дугаартай илт хууль бус актын тухай хэлэлцээгүй, дүгнэлт өгөөгүй, үндэслэлгүй буруу дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж Ч.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй буруу дүгнэлт хийж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

8.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэлгүй буруу дүгнэлт хийж, хууль буруу тайлбарлан хэрэглэж 044/2013 дугаартай актыг илт хууль бусад тооцохгүй гэсэн үндэслэл байхгүй бөгөөд хууль бусад тооцох үндэслэл байгааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10 заалтаас үзэж болно. 044/2013 дугаар улсын комиссын актын улмаас нэхэмжлэгч Ч.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдсөн ба нийтийн буюу 256 айлын ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон ... давж заалдах шатны шүүх магадлалдаа анхан шатны захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байгаа хууль зүйн үндэслэлээ магадлалд заагаагүй байна.

8.4. Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар болох 37 дугаартай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 6, 11 дүгээр тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэлгүй буруу дүгнэлт хийж шийдвэр, магадлал гаргасан байна.

8.5. Иймд үндэслэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, үндэслэлгүй буруу дүгнэлт хийж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн шалтгаанаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0072 дугаартай шийдвэр, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 279 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

 Хэргийн бусад оролцогчийн байр суурь:

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхжаргал, Л.Батбаяр, Б.Ундрахбаяр нараас нэхэмжлэгч Ч.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй, хяналтын шатны шүүх хуралдаанд анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх байр суурьтай оролцов. 

ХЯНАВАЛ:

10. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

11. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” болох нь тогтоогдвол уг захиргааны актыг илт хууль бусад тооцохоор заасан, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон ББАОК-ын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар актыг энэ тохиолдолд “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

12. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” захиргааны акт нь хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй болж, уг актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдлыг ойлгох бөгөөд ийм акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусад тооцогдоно.  

13. ББАОК-ын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар актаар “Тэлмүүнлхам констракшн” ХХК-ийн захиалгаар, 2012 оны 04 сараас 2012 оны 12 дугаар сард баригдсан Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол /13380/, Их тойруу, “ХАХТөв”-ийн 20 дугаар цэцэрлэгийн чанх ард байршилтай, 256 айлын орон сууцны зориулалттай, 32,4 х 15,5м, 32,4 х 15,5 м хэмжээтэй, тус бүрдээ зоорийн давхартай, нийтдээ 28 автомашины зогсоолтой, тус бүрдээ 14 давхар (2 блок) барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэж, уг барилгыг захиалагч “Тэлмүүнлхам констракшн” ХХК-ийн мэдэлд 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс ашиглалтад /үйлдвэрлэл, үйлчилгээ, оршин суух зэрэг/ оруулахыг зөвшөөрсөн, уг акт нь дээр дурдсан илт хууль бус байх шинжийг өөртөө агуулаагүй бөгөөд  бодит байдалд тухайн үедээ бүрэн хэрэгжиж, биелэгдсэн буюу бодит байдалд уг барилгыг 256 айл орон сууцны зориулалтаар ашиглаж байх тул ББАОК-ын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн маргаан бүхий 044/2013 дугаар актыг “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” илт хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/”-оор, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт ... /-ыг/ ... илт хууль бус болохыг тогтоолгох ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”-ийг тодорхойлохоор тус тус заасан, түүнчлэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол эргэж сэргэх хууль зүйн үр дагавар үүсэх учиртай.

15. Нэхэмжлэгч Ч.Б-аас “ББАОК-ын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар актыг илт хууль бусад тооцуулах”-аар гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тус орон сууцны барилгын төвлөрсөн дулаан дамжуулах хуваарилах төвөөс байнгын дүнгэнэсэн чимээ гарч байгаагийн улмаас” худалдан авсан байрандаа амьдрах боломжгүй болж, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй талаар тодорхойлсон, энэ тохиолдолд, ББАОК-ын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар актын улмаас 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-гээр орон сууц худалдан авсан иргэн Ч.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй, түүнчлэн ББАОК-ын актыг илт хууль бусад тооцсоноор тус орон сууцны барилгын төвлөрсөн дулаан дамжуулах хуваарилах төвөөс гарч буй “дүнгэнэсэн дуу чимээ арилах, ингэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл үүсэхээргүй байна.

16. Нэхэмжлэгч Ч.Б-аас “зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээнэ” гэх агуулгаар тайлбарлаж, “илт хууль бус актын улмаас учруулсан хохирол 294,512,192 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш бөгөөд, уг шаардлагын үндэслэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй хамт дүгнэгдэх учиртай.

17. Тодруулбал, маргаан бүхий ББАОК-ын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар акт “илт хууль бус” болох нь тогтоогдохгүй байх тул уг актын улмаас нэхэмжлэгч  Ч.Б-ад 294,512,192 төгрөгийг хохирол учирсан гэж шүүх дүгнэх боломжгүй.

18. Түүнчлэн, нэхэмжлэгч Ч.Б-аас “... мэргэжлийн хяналтын байгууллагаас дулаан дамжуулах төвийг шилжүүлэх арга хэмжээ ав гэсэн боловч барилга барьсан компани нь шилжүүлэх боломжгүй гээд шилжүүлээгүй, ... дуу чимээг тусгаарлана, багасгана гээд авсан арга хэмжээ нь ямар ч үр дүнгүй болсон” гэх бөгөөд, уг үйл баримттай холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагаас аливаа дүгнэлт, акт гаргаагүй,  “дулаан дамжуулах төвийг шилжүүлэх боломжгүй, ... дуу чимээ багасахгүй байгаа” нөхцөл байдал нь ББАОК-ын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй.

19. Харин, орон сууцны доод талд байрласан  дулаан дамжуулах хуваарилах төвөөс гарч буй “дүнгэнэсэн дуу чимээ нь орон сууцны стандарт шаардлагад нийцэхгүй байгаа тохиолдолд, мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох хууль, журмын дагуу “байх ёстой хэмжээнээс хэтэрсэн дуу чимээ гарч байгаа” зөрчлийг тогтоож, стандарт шаардлагад нийцүүлэхийг холбогдох этгээдээс шаардах, зөрчлийг арилгуулах үйл ажиллагаа явуулах талаар хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй, түүнчлэн, худалдан авсан орон сууц нь хүн амьдрах стандарт шаардлагад нийцээгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд тухайн иргэн уг асуудлаар иргэний шүүхэд маргах, гэм хорын хохирлын асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

20. Энэ талаар иргэн Ч.Б-а мэргэжлийн хяналтын байгууллагад зохих журмын дагуу гомдол гаргаж асуудлаа шийдвэрлүүлэх, иргэний журмаар маргахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

21. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгч Ч.Б-ын хяналтын журмаар гаргасан “... /шүүх/ илт хууль бус актын тухай хэлэлцээгүй, дүгнэлт өгөөгүй, үндэслэлгүй буруу дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж Ч.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй буруу дүгнэлт хийж бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0072 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 279 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж,  нэхэмжлэгч Ч.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ

             ШҮҮГЧИД                                                                 М.БАТСУУРЬ

                                                                                                   Х.БАТСҮРЭН

                                                                                                   Д.МӨНХТУЯА