Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0349

 

 

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар221/МА2019/0349

Улаанбаатар хот

М.А-н нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 110/ШШ2019/0021 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.А-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн боловсрол, соёлын салбарын төсөв хариуцсан мэргэжилтэнд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 110/ШШ2019/0021 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 3 дугаар зүйлийн 3.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ааас Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн боловсрол, соёлын төсвийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Ж.Ад холбогдуулан гаргасан “Дээд шатны албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын орлогч А.Кын 2018 оны 10 дугаар 30-ны өдрийн “М.А надад 12 сарын тэтгэмж олгох тухай” шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, аймгийн Засаг даргын орлогчийн шийдвэрийн дагуу 12 сарын тэтгэмжийг М.А надад олгохыг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Ад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”

2 дахь заалтаар: “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж иргэн миний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасанд их гомдолтой байна.

Миний бие 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Боловсролын байгууллагад ажиллаж тэтгэвэрт гарч байгаа учраас Боловсролын тухай хуульд заасны дагуу хувь тэнцүүлэн 12 сарын тэтгэмжийг авахаар болж байсан боловч аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс 6 сарын тэтгэмжийг дутуу олгосны улмаас хуулийн дагуу авах ёстой тэтгэмжээ авч чадалгүй хохирч байна.

Би 33 жил улсад ажилласны дараа өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Үүнээс боловсролын салбарт 15 жил 3 сар ажилласан. Боловсролын салбарт 15 жил ажилласан хүний хувьд Боловсролын тухай хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг авахыг хүссэн билээ. Аймгийн санхүүгийн хяналт, аудитын байгууллагад энэ асуудлаар өргөдөл гаргахад тус байгууллагын дарга "...Танд 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох нь зүйтэй" гэсэн агуулгатай хариу өгсөн. Дараа нь би аймгийн Засаг дарга А.Гд энэ асуудлыг танилцуулахад, А.К орлогч даргад өргөдлийг маань шилжүүлж өгсөн. Төсөв мөнгө хариуцсан аймгийн Засаг даргын орлогч А.К нь "надад дутуу олгосон 6 сарын тэтгэмжийг олгож өг" гэж мэргэжилтэн Ж.Айгүлд цохолт бичиж өгсөн. Гэтэл мэргэжилтэн Ж.Ань төсөв мөнгө хариуцсан аймгийн Засаг даргын орлогч А.К-нхууль ёсны шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа юм. Санхүүгийн хяналт, аудитийн газрын улсын ахлах байцаагч Х.Хайратханы гэрчийн мэдүүлэгт "...М.А нь 12 сарын нэг удаагийн тэтгэмжийг авах эрхтэй, Боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг хувь тэнцүүлэн хэрэглэх боломжтой. Өөрөөр хэлбэл, 25 жил ажилласан хүнд 25 жил, 13 жил ажилласан хүнд 13 жил гэх байдлаар хувь тэнцүүлэн тогтоож болно" гэж мэдүүлсэн байсан нь миний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болохыг харуулж байгаа юм.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 5-д "Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана" гэсэн заалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1,15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн л нэг удаагийн тэтгэмж авна гэж шууд утгаар нь ойлгож хэрэглэх нь буруу юм. Миний бие Улсад 33 жил ажилласан бөгөөд боловсролын салбарт буюу 3.1.15-д заасан албан тушаалд 15 жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Гэтэл надад чиний улсад 33 жил ажилласан нь огт хамаагүй, Боловсролын салбарт 25 жил ажиллаагүй учраас нэг удаагийн тэтгэмжээ авч чадахгүй гэх маягаар хандаж байгаа нь шударга бус байна.

Аудитын улсын ахлах байцаагч нь хүртэл дээрх хуульд заасан хугацааны болзлыг хангаагүй бол хувь тэнцүүлэн олгох боломжтой гэдгээ хэлж байгаа. Дээрээс нь аймгийн Засаг даргын төсөв санхүү хариуцсан орлогч нь хүртэл хувь тэнцүүлэн 12 сараар нэг удаагийн тэтгэмжийг олгохыг шаардаж байхад мэргэжилтэн Ж.Айгүлийн заавал 25 жил ажилласан хүнд тэтгэмж олгоно гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хүн хөдөлмөрлөх эрхтэй, хөдөлмөрийн үр шимээ хүртэх эрхтэй, удаан жил ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж авах эрх нь байгаа гэж бодож байна.

Иймээс Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 110/ШШ2019/0021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

Энэхүү нэхэмжлэл маань маань Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх юм” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянахад түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч М.А нь боловсролын салбарт 15 жил 1 сарын хугацаанд ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр тушаалаар “өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэсэн үндэслэлээр үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн байна.

Улмаар нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “тэтгэмжээ дутуу авсан тул 12 сараар тооцож олгуулах” тухай хүсэлтийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчид хандаж гаргасны дагуу тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн боловсрол, соёлын салбарын төсөв хариуцсан мэргэжилтэнд “М.Ад 12 сараар тэтгэмж олгохыг даалгаж” шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 /Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/-д “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох”-оор, 3 дугаар зүйлийн 3.1.15-д “боловсролын туслах ажилтан” гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын ...үйлчлэгч ...болон үйлчилгээний бусад ажилтныг” ойлгоно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч М.А-н хувьд төрийн өмчийн боловсролын сургуульд үйлчлэгч болон үйлчилгээний бусад ажилтнаар 15 жил 1 сарын хугацаанд ажилласан нь хуулийн дээр зохицуулалтад заасан “25 ба түүнээс дээш жил ажилласан” байх шаардлагыг хангаагүй байх тул уг хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгоход нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж авах эрх үүсээгүй байна.

Иймд хариуцагч нь Боловсролын тухай хуулийн дагуу нэхэмжлэгч М.Ад 12 сараар тэтгэмж олгохыг даалгасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчийн шийдвэрийг биелүүлээгүй нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 /харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх/-д заасантай нийцжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцээгүй шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч М.А шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, нэхэмжлэлдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө”, 41.1.1-д “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл” гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан атлаа шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 110/ШШ2019/0021 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

   ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

   ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН