Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 021

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Өлгий сумын 4 дүгээр багийн оршин суугч М.Аы нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн боловсрол, соёлын салбарын  төсөв хариуцсан мэргэжилтэн Ж.Ад  холбогдох,

            “Дээд шатны албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын орлогч А.Кын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “М.А надад 12 сарын тэтгэмж олгох тухай” шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, аймгийн Засаг даргын орлогчийн шийдвэрийн дагуу 12 сарын тэтгэмжийг М.А надад олгохыг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Ад даалгах тухай”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн боловсрол, соёлын салбарын төсөв мэргэжилтэн Ж.А, орчуулагч Ж.Ахмарал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг М.А миний бие 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Боловсролын байгууллагад  ажиллаж тэтгэвэрт гарч байгаа учраас Боловсролын тухай хуульд заасны дагуу хувь тэнцүүлэн 12 сарын тэтгэмжийг авахаар болж байсан боловч аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс  6 сарын тэтгэмжийг дутуу олгосны улмаас хуулийн дагуу авах ёстой тэтгэмжээ авч чадалгүй хохирч байна.

Миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулахаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хангуулахын тулд аймгийн Засаг даргын Тамгын газарт хандаж гомдол гаргасан боловч 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5-03/811 дугаар хариу бичгээр гомдлыг минь хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Миний бие уг шийдвэрийг мөн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

У.У бид хоёр адилхан 6 сарын тэтгэмж авах төсвийн төслийн саналаар төрийн санд сургуулиас хүргүүлсэн. У.У нь 25 жил ажилласнаар 18 сарын тэтгэмжийг гаргуулж авсан. Харин миний бие 12 сарын тэтгэмжийг авах ёстой байсан боловч 6 сарын тэтгэмжийг олгосон. Хуулиар 12 сарын тэтгэмж олгохоор зохицуулсан байх тул миний бие тэтгэмжийн мөнгийг бүрэн гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Би хамгийн түрүүнд Сьезд гэдэг хүнд хандаж иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч өмгөөлөгч маань “... энэ  бүтэхгүй юм байна, Озиман гэдэг хүн 6 сарын тэтгэмжийн мөнгийг дахиад буцааж төлсөн байна” гэж ятгаж нэг баримтад гарын үсэг зуруулаад энэ асуудлыг хаасан байсан.

Гэтэл миний 33 жил улсад ажилласан хөдөлмөр маань үнэлэгдээгүй юм. Харин хуулиараа би 12 сарын тэтгэмж авах ёстой байна гэж аймгийн санхүүгийн хяналт, аудитын байгууллагад өргөдөл гаргахад тус байгууллагын дарга  “...танд 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох нь зүйтэй” гэсэн агуулгатай хариу өгсөн. Дараа нь би аймгийн Засаг дарга А.Гылымханд орж энэ асуудлыг танилцуулахад, А.К орлогч даргыг дуудаж “...энэ хүн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх хүн байна. Тийм учраас 6 сарын тэтгэмжийг нь шийдэж өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд  А.К дарга  “6 сарын тэтгэмжийг өгөөрэй” гэж мэргэжилтэн Ж.Ад цохолт бичиж өгсөн. Түүний дараа би Ж.Ад очиж “... танд цохолт хийж өгсөн байна одоо олгох уу” гэж асуухад “...энэ нь хууль, журамд нийцэхгүй тул өгөх боломжгүй” гэж амаар хариу өгсөн.

Тэрнээс гараад би А.К даргад очиход Ж.Аийг дуудаж хэлсэн боловч “...энэ нь хууль, журамд нийцэхгүй тул олгох боломжгүй” гэсэн. Ингээд энэ асуудал орхигдсон байгаа. Тийм учраас энэхүү тэтгэмжийн мөнгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хариуцагч надаас 500,000 төгрөг нэхсэн ба би өгөөгүй учраас энэ асуудал бүтгэхгүй байгаа гэж үзэж байна. Би энэ асуудлыг аймгийн бүх удирдлагууд, холбогдох байгууллага, албан тушаалтанд хандсан. Миний улсад 33 жил ажилласан хөдөлмөр үнэлэгдэхгүй байгаа тул зохих хууль, журмын дагуу миний тэтгэмжийн мөнгийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 Иймд дээд шатны албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын орлогч А.Кын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн М.Ад 12 сарын тэтгэмж олгох тухай шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс  үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, аймгийн Засаг даргын орлогчийн шийдвэрийн дагуу 12 сарын тэтгэмжийг М.А надад олгохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэнд даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул дараах саналыг гаргаж байна. Нэхэмжлэгч М.А нь боловсролын салбарт 15 жил 3 сар, улсад 31 жил 15 хоног ажилласан хүн байгаа. Түүний дотор боловсролын салбарт 15 жил ажилласан хүний хувьд Боловсролын тухай хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг авахыг хүссэн. Нэхэмжлэгч 2017 онд тэтгэвэрт гарсан учраас тухайн үед хэрэгжиж байсан хуулиар ажиллаж байгаа байгууллагаас нь 6 сарын тэтгэмжийг олгохоор уламжилсан байна.

 Гэхдээ нэхэмжлэгч М.Аы хувьд 6 сарын тэтгэмжийг зөвшөөрөөгүй байгаа. Нэхэмжлэгч нь улсад 31 жил ажилласан, үүний дотор 15 жил 3 сарын хугацаанд боловсролын салбарт хуулийн дагуу ажиллаад ирсэн боловч 12 сарын тэтгэмжийг өгөөгүй асуудалд гомдолтой байна. Тийм учраас хууль журмын дагуу дахин харж үзнэ үү гэдэг өргөдөл, хүсэлтийг боловсролын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, санхүүгийн хяналт аудитын алба, Засаг даргад тус тус гаргаж байсан бөгөөд хариуг нь тухайн бүрд нь авсан байдаг. Миний судлуулсан нотлох баримтын дотор Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын бичиг байж байгаа. Энэ албан бичгийн дагуу улсад ажилласан жилийг харгалзан Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийг харгалзан үзээд 25 сар эсхүл 36 сарын тэтгэмж олгох боломжгүй гэдгээ хэлээд, 12 сарын тэтгэмжийг олгоё гэсэн албан ёсны шийдвэр гарч байсан.

 Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга баталгаажуулж, гарын үсэг зураад гаргасан албан бичгийн дагуу төрийн сангийн мэргэжилтэнд хандахад “... энэ асуудал болохгүй, та Засаг даргад хандаарай” гэснээр аймгийн Засаг даргад өргөдөл гаргаж,  нөхцөл байдлуудыг болон  Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, Санхүүгийн хяналт аудитын албаны дүгнэлтийг тус тус дурдаж, “ ... надад олгох ёстой 12 сарын тэтгэмжийг  төрийн сангийн мэргэжилтэн Ж.А нь  олгохгүй байна” гэдгээ Засаг даргад уламжилсан байдаг. Аймгийн Засаг дарга А.Гылымхан нь нэхэмжлэгч М.А өргөдөлтэй танилцаж үзээд “... та төсөв, мөнгө  хариуцсан орлогч дарга А.Кад тусдаа өргөдлөө өгөөд энэ асуудлаа шийдвэрлүүлж аваарай” гэсэн хариу өгсөн байна.

Үүний дагуу М.А нь аймгийн Засаг даргын орлогч А.К даргад өргөдлөө өгөөд асуудлуудаа танилцуулсны эцэст  бүртгэл хяналтын картад “12 сарын тэтгэмжийг олгоё” гэж 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрийн сангийн мэргэжилтэн Ж.Ад цохолт хийж өгсөн байсан. Гэтэл мэргэжилтэн Ж.А нь энэ асуудал Боловсролын тухай хуульд нийцэхгүй байгаа учраас олгох боломжгүй гэж олгохоос татгалзсан тул учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэсэн шүүхийн албан бичгийг баримталж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Ерболд гомдлоо гаргасан.

Х.Ербол нь нэхэмжлэгчийн гомдлыг хянахгүйгээр “та шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, харин та шүүхэд гаргасан уг нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул би шийдвэрлэхгүй” гэж гомдлыг буцаасан.

 Өөрөөр хэлбэл, шууд харьяалагдах дээд шатны албан тушаалтан нь М.Аы өргөдөл, гомдолд нь хариу өгөхгүйгээр шүүхээс шийдвэр гарсан гэсэн үндэслэлээр буцаасан. Тэгээд нэхэмжлэгч шүүхэд хандсан ба шүүхээс хуульд заасан хугацааны дотор хэрэг үүсгээд, нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагчид гардуулж, хариуцагчийн хариу тайлбар ирсний дараа тодорхой ажиллагаа хийгдээд явсан юм. Хариуцагчийн тайлбарын хувьд Боловсролын тухай хуулийг шууд утгаар нь ойлгож тэтгэмж олгохоос татгалзсан асуудал гарсан байсан. Гэхдээ хуулийг шууд утгаар нь ойлгож болохгүй гэдгийг хэлмээр байна.

 Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтад “...25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно...” гэж ерөнхий байдлаар зохицуулсан бөгөөд тухайн тэтгэмжийг хэдэн сараар олгох нь тодорхой бус байгаа. Мөн “боловсролын салбарт” гэдгийг хэрхэн ойлгох вэ гэдэг эргэлзээтэй асуудал гарч байгаа. Ингэж ойлгомжгүй байдал бий болсон учраас энэ хуулийн өөрчлөлтийн байдлыг харж үзэх ёстой. Мөн үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүхийн тайлбарыг харж үзэх ёстой гэж үзэж байна. Монгол улсын Үндсэн хуулиар хууль тайлбарлах эрх олгосон субъект болох Улсын дээд шүүх 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Боловсролын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолоор уг хуулийн 43.1.4 дэх заалтыг дараах байдлаар тайлбарласан. Үүнд “...өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед 25 ба түүнээс дээш жил ажилласнаас сум, баг, тосгоны цэцэрлэг, сургуульд ажилласан нийт хугацааны нийлбэр нь дээрх газруудад тасралтгүй ажилласан эсэхээс үл хамааран 10 ба түүнээс дээш жил байхыг хэлнэ” гэж заасан байдаг.

 Улсын дээд шүүх хүртэл ингэж тайлбарласан байхад мэргэжилтэн нь үүнийг харгалзан үзээгүй явдалд гомдолтой байгаа. Нэхэмжлэгч М.А нь боловсролын салбарт 15 жилээс дээш ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Түүнээс гадна 25-аас дээш жил улсад ажилласан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тэгэхээр М.Аы хувьд хуульд заасан болзлыг хангасан бөгөөд 2015 онд хэрэгжиж байсан Боловсролын тухай хуульд сум, тосгоны цэцэрлэгт 10 жил ажилласан ажилтанд 36 сарын тэтгэмж олгоно гэсэн заалт байгаа. М.А нь 2015 онд 10-аас дээш жил ажиллаж 36 сарын тэтгэмжийг авах болзлыг хангасан байгаа.

Хуульд заасан шаардлагыг хангаж байсан хүн хэдхэн жилийн дараа тэтгэвэрт гарахад 36  сар ч биш, 12 сар ч биш  6 сарын тэтгэмжийг олгосон учраас гомдол гаргахаас өөр аргагүй болсон. Энэ хүнд яагаад 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох ёстой вэ гэдэг асуудалд холбогдуулан аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас хариулт авч байсан. Үүнтэй холбогдуулан тус албаны дарга Хуатханыг гэрчээр асуухад “...энэ албан бичгийг би боловсруулаагүй, ахлах байцаагч Хайратхан боловсруулсан ба түүнийг би баталгаажуулан өгсөн...” гэсэн мэдүүлэг өгсөн. Дараа нь ахлах байцаагч Х.Хайратханыг энэ хэрэгт гэрчээр асуухад,  “...энэ албан бичгийг би боловсруулсан, М.А нь 12 сарын нэг удаагийн тэтгэмжийг авах эрх нь нээлттэй байгаа ба ингэхдээ хувь тэнцүүлэх аргаар тооцоо хийсэн. Өөрөөр хэлбэл, 25 жил ажилласан хүнд 25 жил гэж байгаа бол 13 жил ажилласан хүнд 13 жил гэх байдлаар хувь тэнцүүлэн тогтоож өгсөн” гэдгээ хэлсэн байдаг.

 Ингэж хувь тэнцүүлж бодох аргачлалаар нэхэмжлэгчид 12 сарын тэтгэмж олговол Боловсролын тухай хууль зөрчих асуудал гарахгүй гэдгийг өөрөө хэлсэн. 10 жилээс дээш хугацаанд сум, тосгоны сургууль, цэцэрлэгт ажилласан хүнийг 36 сарын нэг удаагийн тэтгэмж олгоно гэсэн хуучин хуулийн заалтыг баримталж болох байсан гэдгийг гэрч мэдүүлэг өгөхдөө хэлсэн байна. Хариуцагчийн  ажлын байрны тодорхойлолтыг би нотлох баримт шинжлэн судлуулах шатанд судлуулахад  удирдах дээд шатны албан тушаалтны шийдвэрийг  заавал биелүүлэх, биелүүлэхдээ тухай бүрд нь биелүүлэх үүрэгтэй байхаар зохицуулсан байна. Гэтэл хариуцагчийн удирдах албан тушаалтан буюу санхүү, төсөв хариуцсан аймгийн Засаг даргын орлогчийн цохолтыг биелүүлэхгүй байгаа нь хуульд нийцээгүй байна.

 Засаг даргын орлогч А.Кын “12 сарын тэтгэмжийн мөнгийг олгоё” гэдэг цохолт үнэхээр хуулийг зөрчсөн, хууль бус зүйл байсан бол Боловсролын тухай хуульд тэтгэмж олох тухай ямар ч заалт байгаагүй байсан бол хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох байсан. Гэхдээ хуульд нийцсэн, үүнийг хяналт, шалгалт, аудитын байгууллага зөвшөөрсөн, үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа мэргэжилтний үйлдэлд холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй тул ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ж.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулиас өндөр насны тэтгэвэрт гарсан М.А нь 2018 онд өндөр насны тэтгэвэрт гарахаар захиалга ирүүлсэн. М.А нь  боловсролын салбарт 15 жил ажилласан учир Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 5-д “Төрийн болоон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана” гэсэн заалтын дагуу  нэг удаагийн тэтгэмж авах эрх үүсээгүй.

Иймд тус ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1-д ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэсний дагуу 415500 төгрөгийг 6 сараар тооцож 2493000 төгрөгийн тэтгэврийн тэтгэмж 2018 оны төсөвт тусгагдсан болно.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит V хуралдааны 26 дугаар тогтоолоор 2018 оны төсвийг батлахдаа Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн өндөр насны тэтгэвэрт гарах ажилтны тэтгэмж зардалд 53038700 төгрөг батлагдсан болно.

6 сар гэдгийг Сангийн яам тогтоож өгсөн ба үүний дагуу хянагдаж ирсэн. Тухайн үед Улболсын, М.А нар нь 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө авах захиалга ирүүлсэн нь үнэн. Гэхдээ Улболсын нь Бугат сумын хүүхдийн цэцэрлэгт 2 жил ажилласныг нэмж тооцуулахад  нийтдээ 25 жил ажилласан нь тогтоогдсон тул Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д зааснаар 25 жилийн тэтгэмж авсан нь үнэн. Нэхэмжлэгч М.А нь Хөдөлмөрийн тухай хуулиар 6 сарын тэтгэмж авсан болно. М.А нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаад түүнээс татгалзаж, татгалзсан өдрийн маргааш нь А.К даргад очиж Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас гаргасан шийдвэрийг үндэслэн “М.Ад “12 сарын тэтгэмж олъё” гэж цохолт хийлгэж авсан нь үнэн. Гэхдээ  Засаг даргын орлогчийн цохолт хийсэн үндэслэл нь өөрөө буруу байсан. Дээрээс нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь тэтгэвэр, тэтгэмжийн талаар эцсийн шийдвэр гаргах байгууллага биш байсан.

Мөн тус албанаас М.Ад Боловсролын тухай хуулиар 12 сар цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох нь зүйтэй гэсэн албан бичиг өгсөн байсан. Гэвч Боловсролын тухай хуульд 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох гэсэн зохицуулалт ерөөсөө байхгүй. Одоогийн мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуулиар 25 ба түүнээс дээш жил ажилласан бол нэг удаа үндсэн цалингаас тооцож, нэг удаагийн буцалтгүй мөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаас олгоно гэсэн ганцхан заалттай байгаа.

Дээрх хуулийн зохицуулалтаар М.Аы тэтгэмж авах эрх нь үүсээгүй юм. Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Р.Хуатхан нь албан бичигтээ холбогдох хуулийн заалтыг буруу хэрэглэж, үндэслэлгүй тайлбар өгсөн байна. Харин аймгийн Засаг даргын орлогчийн хууль бус шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан. Учир нь, Сангийн яамнаас М.Аы тэтгэмжийг 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож олгуулахаар төсвийг  батлаад ирүүлсэн байсан.

Иймд аймгийн Засаг даргын орлогч А.Кын  “Санхүүгийн хяналт, аудитын албанаас гаргасан шийдвэрийг үндэслэн 12 сараар олго” гэсэн нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 5 дахь заалтад нийцэхгүй байгаа бөгөөд хууль бус шийдвэрийг биелүүлэх боломжгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                              ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг харьцуулан судалж үзээд,  нэхэмжлэгч М.Ааас аймгийн төрийн сангийн хэлтсийн боловсрол, соёлын салбарын  төсвийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Ж.Ад холбогдуулан гаргасан  “Дээд шатны албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын орлогч А.Кын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “М.А надад 12 сарын тэтгэмж олгох тухай” шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, аймгийн Засаг даргын орлогчийн шийдвэрийн дагуу 12 сарын тэтгэмжийг М.А надад олгохыг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Ад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байгаад сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр тушаалаар[1] өндөр насны тэтгэвэр авах  эрх үүссэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, сургуулиас 2018 оны төсвийн төсөлд түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор төсөвлөсөн,  төслийг[2] нь төрийн сангийн төсөв, санхүүгийн мэргэжилтэн Ж.Ад хүргүүлсэн, улмаар уг төсвийн төслийг  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 26 дугаар тогтоолын хавсралтаар[3]  баталж, нэхэмжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгогдсон зэрэг үйл баримтууд  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “улсад 33 жил ажилласны хувьд 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг авах ёстой, энэ талаар аймгийн санхүүгийн хяналт, аудитын даргын албан бичиг болон аймгийн Засаг даргын орлогчийн шийдвэр байгаа, үлдсэн  6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч М.Аы боловсролын салбарт ажилласан жилийг нь  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар нь тооцоход  Өлгий сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр 1987 оны 09 дүгээр сараас 1993 оны 05 дугаар сар хүртэл 5 жил 8 сар, Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн үйлчлэгчээр 2000 оны  12 дугаар сараас 2003 оны 1 дүгээр сар хүртэл  1 жил 7 сар, 2009 оны 12 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэл 7 жил 10 сар, нийт 15 жил 1 сар ажилласан нь хэрэгт авагдсан  нэхэмжлэгчийн НДД№А098439, НДД№А000066192 дугаартай нийгмийн  даатгалын дэвтрийн хуулбар[4] болон  №189945 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар[5] тус тус тогтоогдож байна.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана”, 3 дугаар зүйлийн 3.1.15-т ““боловсролын туслах ажилтан” гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг”  гэж тус тус нарийвчлан зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь ерөнхий боловсролын сургуульд  үйлчлэгчээр ажилласан нь  хуулийн 3.1.15-д заасан “боловсролын туслах ажилтан”-д хамаарч байгаа боловч түүний сургуульд ажилласан хугацаа нь хуульд заасан хугацаа буюу 25 жилд хүрэхгүй байгаа бөгөөд  сургууль, цэцэрлэгт 25 жилээс доош хугацаагаар ажилласан туслах ажилтнуудын   өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох  нэг удаагийн  тэтгэмжийн хэмжээг Боловсролын тухай хуулиар нарийвчлан зохицуулаагүй байна.

Харин төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд  тухайн асуудлыг Хөдөлмөрийн тухай  хуулиар зохицуулсан ба хуулийн  42 дугаар зүйлийн 42.1-т “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно”, 40 дүгээр зүйлийн  40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж тус тус заажээ.

Ажил олгогчоос  нэхэмжлэгчийг сургуульд 15 жил 1 сар ажилласан гэж үзээд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор төсөвлөсөн, үүнийг хариуцагч хянаж үзээд  тэр хэмжээгээр нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилсан, 2018 оны  төсвийн төсөлд 6 сараар батлагдаж, нэхэмжлэгч 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалттай нийцсэн ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзлээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь  шүүх хуралдаанд “2015 онд Боловсролын тухай хуульд өөрчлөлт орсон, тухайн үед  нэхэмжлэгч 10-аас дээш жил боловсролын салбарт ажилласан тул хувь тэнцүүлэн 12 сарын тэтгэмж олгох боломжтой, Улсын дээд шүүхийн 2007 оны 25 дугаар тогтоолын 8-т “Хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасан “…үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол…” гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед 25 ба түүнээс дээш жил ажилласнаас сум, баг, тосгоны цэцэрлэг, сургуульд ажилласан нийт хугацааны нийлбэр нь дээрх газруудад тасралтгүй ажилласан эсэхээс үл хамааран 10 ба түүнээс дээш жил байхыг хэлнэ” тайлбарласныг хариуцагч харгалзан үзээгүй, мөн  хариуцагч нь дээд шатны удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй байхад Засаг даргын төсөв хариуцсан орлогчийн үүргийг биелүүлээгүй” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх үед  Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт буюу одоогийн заалт мөрдөгдөж байсан, тодруулбал, хуулийн энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр өөрчлөн найруулж, энэ өдрөөс дагаж мөрдсөн,  өөрчлөн найруулсан  хуулийн заалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй, Улсын дээд шүүхийн 2007 оны 25 дугаар тогтоолын 8 дахь хэсэгт Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтыг тайлбарласан, энэ нь боловсролын туслах ажилтнуудын өндөр насны тэтгэвэр тогтоолгоход авах тэтгэмжид хамааралтай  бус, харин хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасан албан тушаалтнуудад хамаарах тайлбар, мөн Боловсролын тухай хуульд  ажилласан жилд хувь тэнцүүлэн тэтгэмж  олгох талаар зохицуулагдаагүй байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 13 дугаар зүйлийн 13.1.4-т “ харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”-ийг төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэгт хамааруулан хуульчилсан.

Аймгийн Засаг даргын орлогчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн  нэхэмжлэгч М.Ад 12 сараар тэтгэмж олгох тухай шийдвэр нь холбогдох  хуулиудад нийцээгүй  шийдвэр тул хариуцагчийн уг шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 3 дугаар зүйлийн 3.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/  13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч М.Ааас Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн боловсрол, соёлын төсвийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Ж.Ад холбогдуулан гаргасан  “Дээд шатны албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын орлогч А.Кын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “М.А надад 12 сарын тэтгэмж олгох тухай” шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, аймгийн Засаг даргын орлогчийн шийдвэрийн дагуу 12 сарын тэтгэмжийг М.А надад олгохыг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Ад даалгах тухай”    нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               З.ГҮЛБАРША

 

 

 


[1] Хэргийн 10 дугаар хуудас

[2] Хэргийн 66 дугаар хуудас

[3] Хэргийн 30, 33 дугаар хуудас

[4] Хэргийн 133-138 дугаар хуудас

[5] Хэргийн 139-140 дүгээр хуудас