Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 140

 

М.Б, Г.Б нарт холбогдох  эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд, Б.Ганчимэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр магадлалтай М.Б, Г.Б нарт  холбогдох эрүүгийн 1938009150337 дугаартай хэргийг шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч В.Энхболд, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, “Их-Уул дулаан” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ял шийтгэлгүй Х овогт М-ны Б.

2. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, “Хаан” банкны Их-Уул сумын тооцооны төвд эдийн засагч ажилтай, ял шийтгэлгүй Д овогт Г-ын Б,

М.Б нь 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багт Г.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багт М.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Б, Г.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр, М.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэж 39 дүгээр магадлалаар шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч В.Энхболд, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч В.Энхболд гаргасан гомдолдоо: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2, 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт: "Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны, үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ" /тогтоолын 11 дэх талд/ гэжээ. Шүүхийн энэ дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, мөн зүйлийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ”, хуулийн 16.15 дугаар зүйлд “нотлох баримтыг шалгаж үнэлэх” шаардлагыг тодорхойлсон мөн хуулийн 1.7 дугаар зүйлд “хэргийн бодит байдлыг... эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн шаардлагуудыг хангаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-ийн өмгөөлөгчөөс гаргасан “М.Б нь Улаанбаатар хот дахь “MBG” хувийн эмнэлэгт хоёр удаа хагалгаа хийлгэсэн эсэх, хэрэв хийлгэсэн бол хоёр дахь удаагийн эмчилгээний төлбөрт 8,000,000 төгрөгийг төлсөн нь бодитой эсэхийг тогтоохын тулд эмчилгээ хийлгэсэн баримтуудыг эх хувиар нь эсхүл, нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах, тухайн байгууллагын санхүүгийн баримтанд үзлэг хийлгэх, энэ талаарх баримт нь байгууллагын анхан шатны нягтлан бодох бүртгэлд тусгагдсан эсэхийг шалгах хүсэлт /2018 оны 08 дугаар сарын 21-нд/ гаргасан ба энэ хүсэлтийг хяналтын прокурор бүрэн хангаж шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх хурал дээр нэр дурдсан байгууллагаас ирүүлсэн албан бичгийг гарган шүүх түүнийг үнэлсэн нь оролцогчийн" нотлох баримтыг цуглуулах, шалгуулах" эрхийг ноцтой зөрчсөн. Хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн бол хүсэлтэд дурдсан нотлох баримтыг л шүүхэд гаргах ёстой байсан. Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй гэх талаар: Анхан шатны шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт "Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс эмчилгээний зардал 17,000,000 төгрөг, цаашид гарах хохирлыг нэхэмжилсэн, хохирогч Г.Батзаяа нь шүүгдэгч М.Б-ээс нэхэмжлэх зүйлгүй гэх ба Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 5,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна /тогтоолын 13 дахь тал/ “мэс заслын төлбөрийг “Хаан” банкны дансаар 13,500,000 төгрөг тушаасан нь үнэн гэх албан тоот зэрэг нийт 15,099,105 төгрөгийн баримтыг үнэлж” гэсэн нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй, бодит байдалтай нийцээгүй. Учир нь 8,000,000 төгрөгийн гүйлгээ банкаар дамжин хийгдсэн тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно. Иймд хэргийг хянан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нар хамтран гаргасан гомдолдоо: “Миний үйлчлүүлэгч М.Б нь 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12 нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багт Г.Батзаяад зодуулсны улмаас хоёр нүдний ухархайн доод ханын цөмөрсөн далд хугарал, таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний зовхи, зүүн хацар дух, чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цээж, нурууны зулгаралт зэрэг гэмтэл авч хохирсон. Гэтэл шүүгдэгч Г.Б нь тухайн үед М.Б-д зодуулж тархины доргилт гэмтэл авч хохирсон гэж гомдол гаргаж хохирогчоор мэдүүлдэг. М.Б нь Г.Б-г зодох ямар нэгэн шалтгаан тухайн үед байгаагүй, мөн Г.Б-д зодуулаад өөрийгөө хамгаалах, түүнийг эсэргүүцэх ямар ч чадваргүй байсан нь хэрэгт авагдсан доорх нотлох баримтуудаар нотлогдож байдаг. Үүнд: Гэрч П.О-ын “2019 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 03 цаг 42 минутын үед манай эмнэлгийн жижүүрийн утаснаас над руу залгаад “Хүнд зодуулсан хүн эмнэлэг рүү авч ирж байна гэнээ, та яаралтай ирэх хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад эмнэдэг рүү яваад очсон чинь Б гэж хүний биеийн байдал хүнд, ухаангүй, хүнд зодуулсан байдалтай, нүд ам нь хавдсан, чичирсэн, дөрвөн мөч нь хөрсөн, цээж нуруу хэсэгт зулгарсан  байдалтай хүргэгдэн ирсэн байсан”, гэрч Ч.О-ийн “намайг хүлээн авалтанд байх хугацаанд М.Б болон Г.Б нар танхим дотор маргалдаж, зөрчилдсөн асуудал гараагүй. М.Б ах, эгч нартаа нэг шил архи зориулна гээд ширээн дээр тавихаар нь би аваад хундага тойруулж байхад М.Бямбасүрэн харагдахгүй байсан”, гэрч Б.Б-ын “Б огт намайг өдөж, надтай маргалдаж зүй, бус харьцсан зүйл байхгүй. Бүжгийн талбай дээр хундагатай архи хагарахад  бүжиглэж байсан хүмүүс юу болов гэхэд би хундага алдаад уначихлаа гэхэд буцаад бүжиглэж эхэлсэн. Г.Б над дээр ирээд юу болов гэж асуухад нь Б хундага хагалчихлаа гэхэд аан за за гээд эргээд яваад бүжиглэсэн М.Б болон Г.Б нар хүлээн авалтын үед танхим дотор маргалдаж, зөрчилдсөн асуудал гаргаагүй”, гэрч Э.Б-ын “Б огт намайг өдөж, надтай маргалдаж, зүй бус харьцсан зүйл байхгүй. Бүжгийн талбай дээр М.Б намайг тэврээд байхад нь Г.Б ирээд та 2 юу болоод байна гэхэд нь би өө зүгээр зүгээр гэхэд нь Г.Б ах буцаад явсан”, гэрч Д.Б-ын “2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12 нд шилжих шөнө 04 цагийн орчимд манай аав Д над руу залгаж танай хүн зодуулсан ухаангүй байна гэсэн. Би тэгээд эмнэлэг ороход эмнэлгийн гадаа Б ах хулгайчийг зодох хэрэгтэй гээд хашхирч байхаар нь би ойлгоогүй шууд нөхөр рүүгээ ортол хүлээн авахын өрөөнд нөхөр ухаангүй хэвтэж байсан. Эмч О, Б нараас нөхрийн биеийн байдлын талаар асуухад биеийн байдал нь маш муу, осголтын байдалтай байна гэсэн. Би өөрөө нөхөр рүүгээ дөхөж очоод хартал толгой тархигүй хавдсан, хавдартай 2 чихнээс нь цус гарсан, хамар уруулаас нь цус гарсан, хувцсыг нь тайлсан байхаар нь уутанд хийж автал гар тэр чигтээ цус болоод байсан”, гэрч А.Ж “би Б-тэй нэг өрөөнд хэвтэж байхад эхнэр нь хамт харж айдаг байсан. 2019 оны  12 дугаар сарын 11-ний өдөр нэг залуу орж ирээд Б болон эхнэрээс нь юм яриад гуйгаад байсан. Яриаг нь сонсоод байсан чинь зодсон хүн нь болж таарсан. Дараа нь тэр залууг “Хаан” банкинд ажилладаг Батзаяа гэдгийг нь мэдсэн. Б нь Б болон эхнэрт нь хандаж ахыгаа уучлаарай, миний 2 дүү ах нь арай хэтрүүлсэн байна бараг тасарсан байна. Цагдаа, шүүх гээд яах вэ? ах нь бүх зардлыг нь даагаад хот руу эмчилгээнд явуулж өгнө гээд гуйгаад байсан. Тэгэхэд Бямбасүрэн болон эхнэр нь юм дуугарахгүй байсан. Надтай цуг хэвтэн эмчлүүлж байсан М.Б-ийн биеийн байдал маш муу байсан. Миний харснаар 2 нүд таглагдсан толгой тархи нь битүү хөх булуу болсон, хүн харахын аргагүй болсон байсан”, гэрч О.Д-ийн “Би машинаа гаргах гээд хашааны хаалгаа онгойлгоод хархад Б-ийн эхнэр байна гэж таньсан. Энэ хүн машинаас буугаад цэцэрлэгийн хажуу талын хавчиг руу хэсэг алхаж байснаа буцаад машиндаа суухад нь таньсан. Тэгээд эмнэлэг яваад ороход хүргэн Б ухаангүй байсан ба нүүр царай нь танигдахгүй байсан. Маргааш нь манай эхнэр ачийгаа хүргэж өгөөд буцаж гэртээ ирсэн хойноо цэцэрлэгийн хашааны тэнд цус байна дээгүүр нь шороогоор дарсан бололтой зарим хэсэг нь ил харагдаж байна гэж хэлэхээр нь урд шөнө тэнд Б-ийн эхнэр доошоо тонгойгоод юм хийгээд байсан тэр л шороогоор дарсан юм байна” гэх мэдүүлгүүд. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь миний үйлчлүүлэгч М.Б-г зодож биед нь гэмтэл учруулан алахыг завдсан байхад улсын яллагч Г.Б-д холбогдох хэргийг буруу зүйлчилж, улмаар анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Мөн миний үйлчлүүлэгч М.Б нь Г.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нотлох баримт хэрэгт байхгүй, /Г.Б нь зодуулсан талаарх эмчид үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй/ зөвхөн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн КТГ-ийн зургийг үндэслэж анхан шатны шүүх М.Б нь Г.Б-д гэмтэл учруулжээ гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, М.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Б-д сонсгосон зүйл ангийг зөвтгөж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багт Г.Б-д зодуулсны улмаас хоёр нүдний ухархайн ханын цөмөрсөн далд хугарал, таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний зовхи, зүүн хацар, дух, чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл учруулж алахыг завдсан байхад улсын яллагч Г.Б-д холбогдох хэргийг буруу зүйлчилсэн. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Миний үйлчлүүлэгч нь Г.Б-ийн биед хөнгөн хохирол учруулсан нотлох баримт хэрэгт байдаггүй. Мөн Г.Б нь зодуулсан талаараа эмчид үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн баримт байдаггүй. Зөвхөн аймгийн нэгдсэн эмнэлгийн компьютер, томографикийн зургийг үндэслэж, анхан болон давж заалдах шатны шүүх М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Г.Б-д сонсгосон ялыг зөвтгөж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн  өмгөөлөгч В.Энхболд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох ёстой байсан. Миний үйлчлүүлэгч Г.Б-аас 15,000,000 төгрөгийн төлбөр, эмчилгээний зардлыг гаргасан байдаг. Гэтэл уг эмчилгээний зардал бодитой гарсан уу гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддоггүй. Хохирогч М.Б нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эхний хагалгаанд орсон бөгөөд хагалгааны төлбөр 5,000,000 төгрөгийг “Хаан” банкны дансаар шилжүүлсэн байдаг. Энэ баримт хэрэгт авагдсан. Хоёр удаа хагалгаанд орсон гэдэг боловч хоёр дахь удаагийн хагалгааны талаар нотлох баримт байдаггүй. Хоёр дахь хагалгааны төлбөр болох 8,000,000 төгрөгийг кассын орлогын ордероор бэлнээр тушаасан гэдэг боловч баримтад гарын үсэг байдаггүй. Түүнчлэн мөрдөн байцаалт дууссаны дараа хэргийн бүх материалтай танилцах, санал хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрхэд халдсан, хязгаарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Хэрэг гарах үед шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд харилцан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүх шүүгдэгч тус бүрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн оролцогч нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч  хяналтын журмаар гаргасан гомдолд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт хуульчлан тогтоожээ.

Дээрх зүйлийн 6.7-д заасны дагуу гомдол гаргагч нь гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүрээнд энэ хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдалтай уялдуулан зайлшгүй тусгах шаардлагатай болно.

Гэтэл шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нар нь давж заалдах шатны шүүхэд хамтран гаргаж байсан гомдолдоо (хэргийн 2 дугаар хавтас, 40-43 дахь тал) “Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр магадлалыг” гэсэн үгнүүдийг нэмснээс өөрөөр ямар ч үндэслэл, нотолгоо заахгүйгээр үг, үсгийн зөрүүгүй дээрх гомдлыг хуулбарлан хяналтын шатны шүүхэд ирүүлжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 68-71 дэх тал)

Мөн шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч В.Энхболд нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... давж заалдах гомдол гаргаж буй үндэслэлд ... анхан шатны шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт "Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс эмчилгээний зардал 17,000,000 төгрөг, цаашид гарах хохирлыг нэхэмжилсэн, хохирогч Г.Б нь шүүгдэгч М.Б-ээс нэхэмжлэх зүйлгүй гэх ба Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 5,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна /тогтоолын 13 дахь тал/ “мэс заслын төлбөрийг “Хаан” банкны дансаар 13,500,000 төгрөг тушаасан нь үнэн гэх албан тоот зэрэг нийт 15,099,105 төгрөгийн баримтыг үнэлж” гэсэн нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй, бодит байдалтай нийцээгүй. Учир нь 8,000,000 төгрөгийн гүйлгээ банкаар дамжин хийгдсэн тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно” гэж дурдсанаас үзэхэд тэрээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан хэмээн ойлгогдож байна.  

Дээрхээс гадна өмгөөлөгч В.Энхболд нь өөрийн гаргасан гомдлыг өмгөөлж байгаа хүндээ урьдчилан танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн байна.

Иймд хяналтын журмаар гаргах гомдолд тавигдах хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй, түүнчлэн гомдлыг урьдчилан танилцуулах журмыг зөрчиж гаргасан шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч В.Энхболд, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нарын хамтран гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хууль зөрчиж гаргасан дээрх гомдлуудад дурдсан асуудлын талаар хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж шийдэл гаргах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч В.Энхболдын гомдол болон шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нарын хамтран гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Ч.ХОСБАЯР

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН