Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 43

 

 

 2023        11        07                                         206/МА2023/00043

 

Д.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2023/00262 дугаар шийдвэртэй,

 

Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, Домбот хотхон, 1-48 айлын орон сууц, 5 давхар, 15 тоотод оршин суух, Даваагийн Ариунтуяагийн нэхэмжлэлтэй,

Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, 2-36 айлын орон сууц, 33 тоотод оршин суух, Наранцогтын Чинбатад холбогдох 

 

“ хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай ” иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 09 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ариунтуяа түүний өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагч Н.Чинбат, хуралдааны нарийн бичгийн даргаар А.Раднаабазар нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

 

1.1 Миний бие 2019 оны 12 дугаар сард Н.Чинбатад Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, 2-36 айлын орон сууцны 33 тоотод байрлах, 2 өрөө, 26.5 мкв байрыг 14,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, аман гэрээ байгуулсан. Байрны үнэд Н.Чинбатаас 2019 оны 11 дүгээр сард бэлнээр 3,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард бэлнээр 500,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард бэлнээр 3,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сард бэлнээр 1,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг бэлнээр авсан.

Н.Чинбат нь 2021 оны 11 дүгээр сард А.Дашнямын дансаар дамжуулан 1,000,000 төгрөгийг миний нөхөр Д.Мягмардоржийн дансруу бэлэн бусаар шилжүүлсэн. Миний хүүд бэлнээр 500,000 төгрөг өгсөн. Нийтдээ байрны үнэд 9,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өгөөгүй.

Бид нөхрийн хамт 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн үед Н.Чинбаттай уулзаад байрны үнийг гүйцээж өг, бид нарт бас хэрэгцээ гараад байна, эсвэл байраа буцааж авъя гэж хэлэхэд үгийн зөрүүгүй миний нөхрийн нүд рүү гараараа чичилж, гэмтээсэн тул цагдаад хандаж гомдол гаргасан. Мөн намайг элдэв янзаар доромжилсон.

Бид удаа дараа зурвас бичиж, уулзаж, ярилцах хэрэгтэй байна гэхэд ерөөсөө хариу байхгүй. Утсаа ч авахгүй байна. Цаашид Н.Чинбаттай тохиролцох боломжгүй тул байрны үнийг өгч, орон сууцаа буцаан авах хүсэлтэй байна.

Иймд Н.Чинбатын хууль бус эзэмшлээс Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, 2-36 айлын орон сууцны 33 тоотод байрлах, 2 өрөө 26.5 мкв байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Д.Мягмардорж нь 2017 оны 12 дугаар сард манай гэрт ирээд Ахаа манай байр эзэнгүй хөлдөх гээд байна та эзэн болоод өгөөч гэж гуйхад би зөвшөөрөөд үнэ, хөлс авахгүй нүүж орсон. 2018 оны 03 дугаар сард надтай уулзаад Ахаа байраа зарахаар боллоо, манай баз авна гэнэ гэхэд өө тийм үү гээд байрыг суллаж өгсөн. Ингээд 2019 оны 11 дүгээр сард надтай утсаар яриад ах хаана байна нэг уулзмаар байна гээд манай гэрийн гадна уулзаад янз бүрийн зовлон тоочоод та л тус бол гээд гуйгаад байхаар нь би 3,000,000 төгрөг бэлнээр зээлсэн. Удаахгүй өгнө гээд аваад явсан. Сар гаруйн дараа надтай Д.Мягмардорж утсаар ярьж Ахаа манайд хүрээд ирээч сайхан цай хоол хийсэн байна гэхэд нь би Домбот хотхоны 2 дугаар байрны 5 давхарт гэрт нь очсон. Гэрт нь цай хоол болоод сууж байтал эхнэр Д.Ариунтуяа Ахаа таны мөнгийг өгч чадахгүй болоод байна, та манай байрыг аваад 2 дүүдээ тус болооч, бид 2 банкны өр зээлтэй хэцүү байна, Ховдод шинэ байр их баригдаад хуучин нурж унах дөхсөн, халаалт муу, 36 айлын орон сууцыг авах хүн үнэндээ олдохгүй байна, таны тоглож өссөн газар, та тус болооч гэхээр нь би Ямар үнэ ханшаар өгөх юм бэ гэхэд 14 саяд өгчихмөөр байна гэхэд би Тийм үнэ ханш байхгүй ээ, бэлэн мөнгөөр 7-8 сая төгрөг байгаа шүү гэхэд Та л хоёр дүүдээ тус болооч гэхэд би 10 сая төгрөгөөр авна гэхэд Сайхан сэтгэлтэй ахдаа маш их баярлалаа гэж хэлээд зөвшөөрч байрны гэрчилгээ банкны барьцаанд байгаа, жилийн дараа зээл дуусна, тэгээд гэрчилгээг өгье гэхээр нь би хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа бид гурав хэд хэдэн удаа уулзаж, ярилцахад Коронавирус гараад зээл төлөлтийг хойшлуулсан, дуусахаар нь гэрчилгээг аваад өгнө гэж хэлдэг байсан учир би түүнээс хойш байрны гэрчилгээ гэж асуугаагүй. Би эхнэр, нөхөр хоёрт их итгэж байсан.

Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Д.Мягмардорж, Д.Ариунтуяа хоёр надтай уулзаад Байраа буцааж авна гэхэд би гайхаж Юу гэсэн үг вэ. Яалаа гэж гэхэд Байрны үнэ өссөн, бид хоёр байраа 26 сая төгрөгөөр хүнд өгөхөөр боллоо, байраа зараад мөнгийг чинь өгье, бусад өр ширээ дармаар байна гэхэд би Тийм зүйл байхгүй, шүүхээр яваад ав гэхэд Д.Ариунтуяа нь Д.Мягмардоржид хандаж Би чамд хэлсэн биз дээ. Гудамжны луйварчинд өгч, луйвардууллаа гэхэд Д.Мягмардорж хариуд нь Харин тэглээ гэхэд нь миний үнэхээр дургүй хүрч, нүдрүү нь хуруугаараа чичсэн болно.

Учир нь миний бие эхнэр, нөхөр хоёрт дэндүү итгэж байхад анхнаасаа байрныхаа гэрчилгээг шилжүүлэхгүй санаатай залилан хийх гэж явсан байна. Одоо надад энэ 2 залиланд өгөх төлбөр тооцоо байхгүй.

Бэлнээр 7,500,000 төгрөг, Д.Ариунтуяад 200,000 төгрөгийг ажил дээр нь буюу 5 дугаар цэцэрлэг дээр өгсөн. Дансаар 2,000,000 төгрөг шилжүүлж, хүүд нь 500,000 төгрөг өгч, нийт 10,200,000 төгрөг өгч, тооцоог бүрэн дуусгасан  гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2023/00447 дугаар шийдвэрээр:

3.1   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 205 дугаар 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ариунтуяагийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1617000556 дугаарт бүртгэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 2-36 айлын 33 тоот, 2 өрөө, 26.5 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө-ийг хариуцагч Н.Чинбатын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, 63.1.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ариунтуяагийн хариуцагч Н.Чинбатад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Д.Ариунтуяад олгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховдаймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,

3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж  шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүхийн тус шийдвэрийн үндэслэх хэсэгт "... нэхэмжлэгч Д.Ариунтуяа нь 2023 оны 05 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд хариуцагч Н.Чинбатад "орон сууц үнийн үлдэгдлийг төлөх шаардлага тавьж уг үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох бус харин худалдан худалдан авах гэрээнээс татгалзаж үүргийн харилцааг дуусгавар болгох орон сууцаа буцаан авах хүсэл зориг илэрхийлжээ.

Энэхүү хүсэл зоригийг илэрхийлэх болсон шалтгаанаа нэхэмжлэгч нь тухайн орон сууцны зах зээлийн үнэ өссөн, хариуцагчаас өөр хүн худалдан авахаар сонирхож байгаа удаа дараа сурагласан гэсэн агуулгаар шүүх хуралдаанд тайлбарласан гэж нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл болон нэхэмжлэлийн гаргах болсон шалтгааныг тайлбарлахдаа эрс буруу дүгнэж нэг талыг хэтэрхий хохироосон байна. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон гэрч Д.Мягмарсүрэн нар нь тухайн байрыг хэзээ хэрхэн зарсан хэзээ хэрхэн мөнгөө удаа дараа нэхдэг байсан талаараа маш дэлгэрэнгүй тайлбар мэдүүлэг өгсөн. Гэрч, нэхэмжлэгч нарын тайлбар мэдүүлэгт жил бүр эмчилгээнд явах болгондоо үлдэгдэл төлбөрөө хариуцагч Н.Чинбатаас нэхдэг байсан боловч өгөхгүй байсан талаараа хэлсэн байхад зөвхөн 2023 оны 05 дугаар сарын 16, 18-ны хооронд уулзаж нэхэж байсан мэтээр хэргийн бодит байдлыг буруу дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан нэмэлт хугацаа тогтоогоогүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болсонд гомдолтой байна.

Талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байж гэрээнээс татгалзах шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь Иргэний хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан байх тул гэрээнээс татгалзах ойлголт энэ иргэний хэрэг дээр ярих боломжгүй байхад анхан шатны шүүх өмчийн хэлцэл хүчин төгөлдөр бус, харин үүргийн хэлцэл хүчин төгөлдөр байгаа гэсэн 2 өөр, ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь хууль бус юм. Одоо ч банкны ипотекийн зээлийн барьцаанд байгаа байрыг Н.Чинбатын өмчлөлд шилжүүлэх боломжгүй бөгөөд анхнаасаа нэхэмжлэгч хариуцагч нар нь хоёулаа барьцаанд байгаа байрыг мэдсээр байж худалдах худалдан авах гэрээг амаар хийж эд хөрөнгөө шилжүүлсэн нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл билээ. Нэхэмжлэгч нь жил болгон буюу 2019 онд худалдах худалдан авах гэрээг амаар байгуулснаасаа хойш 4 жил гаран үлдэгдэл мөнгөө өгөхийг шаардаж байсан талаараа мэдүүлж 2023 оны 05 дугаар сард гэрч Д.Мягмарсүрэнгийн хамт хариуцагчтай уулзахдаа гэрээнээс үлдэгдэл мөнгөө өгөхгүй бол байраа буцааж авая гэдэг саналыг хэлсэн байдаг бөгөөд энэ үед Н.Чинбат нь Мягмардоржийн нүд рүү гараа хийж гэмтээсэн байдаг. Н.Чинбат нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа байрыг 10 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Одоо ямар ч мөнгө нэмж өгөхгүй гэж байснаа шүүх хуралдаан дээр 14 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон гэж зөрүүтэй тайлбарласан. Н.Чинбат нь нэхэмжлэгч болон гэрч нарын жил болгон мөнгөө нэхэж байсан гэдгийг үгүйсгэдэггүй.

 Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Чинбат удаа дараа үлдэгдэл төлбөрөө жил болгон шаардахад өгөхгүй байгаа тул байраа буцааж авахаар шаардсан болохоос байрны үнэ өссөн өөр хүмүүс байр авахаар утасдсан тул гэрээнээс татгалзаагүй. Гэтэл шүүх гэрээнээс татгалзах нэмэлт хугацаа өгөөгүй тул татгалзах эрхгүй мэтээр дүгнэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай үнэн зөв талаас нь үнэлээгүйгээс болжээ. Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2023/00447 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Ариунтуяа нь хариуцагч Н.Чинбатад холбогдуулан “Үнийг бүрэн төлөөгүй, хууль бусаар эзэмшиж байгаа” гэх үндэслэлээр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 2-36 айлын 33 тоот 26.5 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1617000556 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

2.1 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргаж Ү-1617000556 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг хэрэг, 233600186 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргээс зарим нотлох баримтуудыг хуулбарлан хэрэгт хавсаргуулж, өөрийн өмчлөлийн “Galaxy 12” маркийн гар утасны зурваст үзлэг хийлгүүлжээ. 

3. Хариуцагч Н.Чинбат нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба үндэслэлээ “Орон сууцны үнийг төлж, аман гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа, нэхэмжлэгч нар нь надад тухайн байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхгүй байгаа” гэж тайлбарласан байна.

3.1 Хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлохоор шүүхэд хүсэлт гаргаж Ж.Пүрэв-Очир, Ч.Даваацэрэн, А.Дашням нарын гэрчээр асуулгажээ. 

4. Анхан шатны шүүх “талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч Д.Ариунтуяагийн өмгөөлөгч “нэхэмжлэгч нь хариуцагчаас байрны үнийг жил бүр эмчилгээнд явах бүртээ нэхдэг байсан, харин Н.Чинбат үлдэгдэл төлбөрөө өгөхгүй байгаа тул байраа буцааж авахаар шаардсан, гэтэл шүүх байрны үнэ өссөн, өөр хүмүүс авахаар утастсан тул гэрээнээс татгалзсан гэж нэхэмжлэгчийн хүсэл зоригийг буруу дүгнэсэн. Анхнаасаа гэрээ байгуулах үед талуудын аль аль нь ипотекийн барьцаанд байгаа байрыг мэдсээр  байж худалдах худалдан авах гэрээг амаар хийж эд хөрөнгөө шилжүүлсэн нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

5.1 Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар хариуцагч Н.Чинбат нь тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, тогтмол орлого байхгүй тул талууд байрны үнэ 14 сая төгрөгийг боломжоороо төлөхөөр тохиролцсон байна.

Анхан шатны шүүх “хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 8,500,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 5,500,000 төгрөгийг өгөөгүй байна” гэж дүгнэсэн ба талууд давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь байрны үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас жил бүрийн зун эмчилгээнд явах бүртээ нэхдэг байсан гэж тайлбарладаг бөгөөд харин байрны үлдэгдэл 5,500,000 төгрөгийг төлөх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлаж, мэтгэлцээгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хариуцагчид нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах нь ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт байсан” гэх тайлбар үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Мөн хариуцагч Н.Чинбатын “нэхэмжлэгч нь уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 1 жилийн дотор банкны барьцаанаас чөлөөлж, надад өгөхөөр амласан боловч энэ амлалтдаа хүрээгүй тул би үлдэгдэл мөнгөө өгөхгүй байгаа” гэх тайлбар, үндэслэлийг буруутгах боломжгүй байна. 

5.2 Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн “нэхэмжлэгч хариуцагч нар нь анхнаасаа гэрээ байгуулах үед талуудын аль аль нь ипотекийн барьцаанд байгаа байрыг мэдсээр  байж худалдах худалдан авах гэрээг амаар хийж эд хөрөнгөө шилжүүлсэн нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн ипотекийн зээлийг төлж дуусах хүртэл буюу 2030 он хүртэл уг байрны гэрчилгээг чөлөөлж өгөх ямар ч боломжгүй” гэх агуулгатай тайлбар үндэслэл нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн үүрэг гүйцэтгэх зарчимд нийцэхгүй байна.

5.3 Анхан шатны шүүхийн “талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч талд гэрээнээс татгалзах хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй, хариуцагч Н.Чинбат худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцыг өөрийн эзэмшилдээ авсан тул хууль бус эзэмшил гэж үзэхгүй” гэх дүгнэлтүүд үндэслэл бүхий болсон байна.  

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.  Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2023/00447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

 

                                   ШҮҮГЧ                                                 М.НЯМБАЯР