Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00881

 

“Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/01367 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 573 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Нэйшнл химикал” ХХК, “Зотол групп” ХХК, Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нарт холбогдох,

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 7 802 089.51 ам.доллар буюу 15 376 279 985 төгрөг гаргуулах, нотариатын зардал гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан №12-131 тоот зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2012 оны 7 дугаар сарын 06-ны едрийн 12/131/01 тоот барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрлийг авалгүй хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг, өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагч “Нэйшнл химикал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагч Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхтөр, өмгөөлөгч Ж.Ундармаа, хариуцагч “Зотол групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар, өмгөөлөгч Р.Эрдэнэсүрэн, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч “Нэйшнл химикал” ХХК нь “Хаан банк” ХХК-тай 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 11/122 тоот зээлийн гэрээ байгуулан 4 900 000 ам.долларын зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай химийн үйлдвэр барих зориулалтаар авсан. Зээлдэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний хугацааг сунгасан. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11/122-1 барьцааны гэрээнд заасан хөрөнгүүд болон тус гэрээнд 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан барьцааны гэрээнд тусгасан хөрөнгүүдийг барьцаалуулсан. 

2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 12/131 тоот зээлийн гэрээ байгуулан 1 500 000 ам.долларын зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар авсан. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 12/131-01 тоот барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдийг барьцаалуулсан.

2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 13/06 тоот зээлийн гэрээ байгуулан 800 000 ам.долларын зээлийг 15.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар авсан. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13/06-01 тоот барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдийг барьцаалуулсан.

Зээлдэгч нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар авсан зээлүүдээс 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 11/122 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд  27 818 ам.доллар 16 цент, зээлийн хүүд 1 532 411 ам.доллар 19 цент, нэмэгдүүлсэн хүү 47 811 ам.доллар 50 цент, нийт 2 108 040 ам.доллар 85 цент төлсөн.

2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 12/131 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 447 574 ам.доллар 78 цент, зээлийн хүүд 305 725 ам.доллар 81 цент, нэмэгдүүлсэн хүү 10 201 ам.доллар 65 цент,  нийт 763 502 ам.доллар 24 цент төлсөн. 

2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 13/06 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 0 ам.доллар 0 цент, зээлийн хүүд 72 563 ам.доллар 22 цент, нэмэгдүүлсэн хүү 683 ам.доллар 84 цент, нийт 73 247 ам.доллар 06 цент төлсөн байна.

Зээлийн төлбөрийг төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлсэн тул банкнаас зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдэл, мөн зээлийн гэрээг цуцлах, мэдэгдлийг хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11/122 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагуудыг шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

Ам.доллараар тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэргийг шийдвэрлүүлэхдээ нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Хариуцагч нарын болон гуравдагч этгээдийн гаргаж буй мэтгэлцээний байр суурийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Иймд хариуцагч нараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд 7 802 089.51 ам.доллар буюу 15 376 279 985 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Нэйшнл химикал” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

“Хаан банк” ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 21/2102 дугаар албан бичгээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай мэдэгдлийг “Нэйшнл химикал” ХХК-д хүргүүлсэн.

Уг мэдэгдэлдээ “Зээлийн гэрээний 8.2.1 дэх заалтад заасан үндэслэлээр “Хаан банк” ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байна” гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл, “Хаан банк” ХХК нь зээлийн гэрээнд заасны дагуу 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөр өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, дуусгавар болгосон байна.

Иймд зээлийн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэлд дурдсан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар биш харин “Хаан банк” ХХК-ийн санаачлагаар гэрээ цуцалсан 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөр тооцож бодох ёстой.

Уг мэдэгдэлд зааснаар зээлийн хүүнд 442 120.45 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 35 488.42 ам.доллар төлнө.

Харин зөрүү зээлийн хүү 1 035 490.55 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 79208.58 ам.долларыг төлөхийг зөвшөөрөхгүй.

“Хаан банк” ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13/06 тоот зээлийн гэрээ байгуулан “Нэйшнл химикал” ХХК-д 800 000 ам.долларын үндсэн зээлийг 15.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар олгосон. Гэтэл уг 800 000 ам.долларын зээл нь гэрээнд заасны дагуу “Нэйшнл химикал” ХХК-ийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зарцуулагдаагүй бөгөөд харин урьд авсан хоёр удаагийн үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт зарцуулагдсан. Өөрөөр хэлбэл “Хаан банк” ХХК нь өмнөх зээлүүдийн хүүгээ авах зорилгоор дараагийн зээлүүдийг олгож байсан бөгөөд энэ нь угаасаа хүнд нөхцөлд байсан зээлдэгчийн өр төлбөрийн байдлыг мэдсээр байж улам хүндрүүлсэн үйл ажиллагаа болсон. Улмаар энэхүү 800 000 ам.долларын зээл нь цэвэр хүүгийн төлбөрт зарцуулагдсан байтал түүнээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь банкинд хэт ашигтай, харин зээлдэгчид шударга биш, түүнийг шулах, хүүлэх зорилгыг агуулсан гэж үзэж байна.

Иймд 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13/06 тоот зээлийн гэрээ нь Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль зэргийг зөрчсөн анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болжээ гэж дүгнэж байна. Иймд 800 000 ам.долларын зээлээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсоныг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Зээлдэгч “Нэйшнл химикал” ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд хүсэлт гаргаж үүний дагуу 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1/610 дугаар “Нөхцөл байдлын гэрчилгээ”-г тус танхимаас олгосон. Уг гэрчилгээгээр “Монгол Улсад үүсээд буй валютын ханшийн өөрчлөлт нь тус компанийг гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдал үүссэнийг тодорхойлж “Нэйшнл химикал” ХХК-д энэхүү гэрчилгээг олгов” гэж тодорхойлсон.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь МҮХАҮТ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар “Давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх”, МҮХАҮТ-ын дүрмийн 2.3.13 дахь хэсэгт зааснаар “Хүнд хэцүү нөхцөл /hardship/ болон давагдашгүй хүчин зүйлийг /force majore/ баталж, гэрчилгээ олгох” бүрэн эрх бүхий байгууллага юм.

Иймд “Нэйшнл химикал” ХХК нь “Хаан банк” ХХК-иас авсан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11/122 тоот зээл, 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 12/131 тоот зээл, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13/06 тоот ам.долларын зээлүүдийн үлдэгдэл зээл, зээлийн хүү буюу “Хаан банк” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл болох 6 209 780.47 ам.доллар, хуримтлагдсан зээлийн хүү 1 477 611.95 ам.доллар, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү болох 114 697.09 ам.доллар, нийт 7 802 089.51 ам.долларыг нэхэмжилсэн өдрийн ханшаар төгрөгт хөрвүүлбэл зээл авсан үеийн ханш, нэхэмжилсэн өдрийн ханшийн зөрүү 5 143 144 279 төгрөг болохоор байна. Уг ханшийн алдагдалын 50 хувь болох 2 571 572 139.5 төгрөгийг буюу 1 305 134.69 ам.долларыг бид зөвшөөрөхгүй байна. Банк ч бас ашгийн төлөө байгууллага тул эрсдэлийг хуваалцах ёстой гэж үзэж байна.

Зээлийн хүү тооцохгүй талаар хэлсэн тул хүүнд төлөгдсөн төлбөрүүд бүгд үндсэн төлбөрт шилжих ёстой байгаа. Эцсийн байдлаар хэлэхэд манайх “Хаан банк” ХХК-д 4 190 148.73 ам.долларыг үүрэг үүсэх үеийн ханшаар төлөх ёстой юм гэжээ. 

 

Хариуцагч “Зотол групп” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

“Зотол групп” ХХК нь “Нэйшнл химикал” ХХК-ийн Химийн үйлдвэр барих зориулалтаар “Хаан банк” ХХК-иас авах 4 900 000 ам.долларын зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Хаан банк” ХХК-тай 31711/122 тоот зээлийн гэрээ байгуулсан. 4 900 000 ам.долларыг нэг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 42 сарын хугацаанд зээлж авах, зээлдүүлэгч “Хаан банк” ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан нөхцөл хангагдсан тохиолдолд ажлын 2 өдрийн дотор зээлийг олгохоор харилцан тохиролцсон.

Гэвч банк нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж гэрээ байгуулснаас хойш 10 сарын турш 4 885 173.41 ам.долларын зээлийг цувуулан олгосон байдаг бөгөөд гэрээ ёсоор олгох ёстой 4 900 000 ам.долларын зээлийг зээлдэгчид бүрэн хэмжээгээр олгоогүй болно. Дээрх үндэслэлээр зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд “Хаан банк” ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай” мэдэгдлийг зээлдэгчийн хувьд хүлээн зөвшөөрснөөр Талуудын хооронд байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай” мэдэгдлийг зээлдэгчийн хувьд хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ11/12 тоот зээлийн гэрээ цуцлагдсан.

Банкны хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлэн зөрчсөн үндэслэлээр хүү авах эрхгүй, зээлийн гэрээ цуцлагдсанаас хойш хүү тооцох үндэслэл байхгүй гэж үзэж байна.

“Хаан банк” ХХК-тай байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13/06 тоот зээлийн гэрээгээр 800 000 ам.долларыг 18 сарын хугацаанд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцсон байсан. Энэхүү гэрээ ёсоор “Хаан банк” ХХК нь 800 000 ам.долларыг зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д заасан хугацааны дотор олголгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өмнөх зээлийн өр төлбөр төлөх хугацаа болмогц 7 сарын турш “Нэйшнл химикал” ХХК-ийн дансанд хэсэгчлэн шилжүүлж улмаар тэр өдөртөө зээлийн өр, төлбөр төлүүлэх зорилгоор бидний зөвшөөрөл даалгаваргүйгээр буцаан авсан уг зээлийг зориулалтын дагуу олгож ашиглаагүй болно.

“Хаан банк” ХХК нь 800 000 ам.долларын зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгож, зээлийн гэрээгээр бий болвол зохих үр дагаврыг хүсч байгуулаагүй, анхнаасаа зөвхөн зээл төлүүлэх хүсэл зорилгоор байгуулсан болох нь дансны хуулгаар нотлогдож байна. Иймд талуудын хооронд гэрээ хэлцэл анхнаасаа байгуулагдаагүй байх тул 800 000 ам.долларт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох хуулийн үндэслэлгүй байна.

Талууд 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 12/131 тоот шугамын зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 ам.долларыг 18 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Энэхүү гэрээний хугацаа 2014 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр дууссан.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ хугацаа дуусахаас өмнө ам.долларын ханшид маш их өөрчлөлт гарсан тул гэрээний хугацаа дууссан өдөр буюу үүрэг үүсэх өдөр болох 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ам.долларын ханшаар тооцож зээлийн тооцоог хийх ёстой гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2 940 260.10 ам.доллар гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Энхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие “Зотол групп” ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан. Харин хувь хүний хувьд тухайн зээлийн гэрээнд оролцож байгаагүй. 

“Хаан банк” ХХК нь “Нэйшнл химикал” ХХК, “Зотол групп” ХХК-тай байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ11/122 тоот зээлийн гэрээний дагуу зээл олгосноос хойш буюу 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт гэрээг байгуулсан байдаг бөгөөд энэхүү гэрээгээр үндсэн зээлийн зөвхөн хугацаа болон зээл буцаан төлөх хуваарьт өөрчлөлт оруулж харилцан тохиролцсон тул “Хаан банк” ХХК-ийн шаардсанаар би гарын үсэг зурсан.

“Хаан банк” ХХК болон “Нэйшнл химикал” ХХК, “Зотол групп” ХХК-тай байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ11/22 тоот зээлийн гэрээний мөнгийг авч ашиглаагүй, энэхүү зээлийн гэрээний дагуу нэгэнт үүссэн байсан зээлийн өр, төлбөр, үүргийг давхар болон нөхөж хариуцах талаар “Хаан банк” ХХК-тай харилцан тохиролцоогүй тул энэхүү зээлийн гэрээтэй холбоотой шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “Хаан банк” ХХК-ийн хувьд дээрх зээл нь компанийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар компанид олгогдож байгаа, түүнийг хувь иргэн авч ашиглах гэсэн хүсэл зорилго байгаагүй буюу Д.Энхбаатар нь иргэнийхээ хувьд өөрөө хүсч гэрээнд оролцоогүй, хуулиар эрх үүрэг хүлээх хүсэл, зорилго, эрмэлзэл байхгүй гэдгийг мэдсээр байж гэрээнд оролцуулж гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу хүссэн үр дагаврыг үүсгээгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна.

Миний хувьд дээрх 2 зээлийн гэрээг өөрөө хүсч байгуулаагүй, анхнаасаа хүчин төгөлдөр бус дүр үзүүлсэн хэлцэл болохыг талууд анхнаасаа мэдэж байсан тул компанийн авч ашигласан зээлийн өр, төлбөрийг хариуцах хуулийн үндэслэл байхгүй болно. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар компанид олгогдсон, түүний үйл ажиллагаанд зориулагдсан дээрх зээлийн өр, төлбөрийг хувьцаа эзэмшигч хариуцах хуулийн үндэслэл байхгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Д.Энхбаатар надад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө.Байгалмаа шүүхэд гаргасан тайлбартаа:

“Хаан банк” ХХК нь “Нэйшнл химикал” ХХК, “Зотол групп” ХХК-тай байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ11/122 тоот зээлийн гэрээний дагуу зээл олгосноос хойш буюу 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан байдаг бөгөөд энэхүү гэрээгээр үндсэн зээлийн зөвхөн хугацаа болон Зээл буцаан төлөх хуваарьт өөрчлөлт оруулж харилцан тохиролцсон тул “Хаан банк” ХХК-ийн шаардсанаар би гарын үсэг зурсан.

“Хаан банк” ХХК болон “Нэйшнл химикал” ХХК, “Зотол групп” ХХК-тай байгуулсан 2011 оны оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ11/22 тоот зээлийн гэрээний мөнгийг авч ашиглаагүй, энэхүү зээлийн гэрээний дагуу нэгэнт үүссэн байсан зээлийн өр, төлбөр үүргийг давхар болон нөхөж хариуцах талаар “Хаан банк” ХХК-тай харилцан тохиролцсон тул энэхүү зээлийн гэрээтэй холбоотой шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Ө.Байгалмаа надад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд “Залуу Монгол” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэж тус тус заасны дагуу 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан №12-131 тоот зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 12/131/01 тоот барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрлийг авалгүй хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Манай зүгээс барьцааны гэрээ байгуулахад оролцсон асуудал байхгүй, манай эрх ашгийг хохироосон, хүчин төгөлдөр бус гэрээний холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/01367 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Нэйшнл химикал” ХХК, “Зотол групп” ХХК, иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нараас зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 14 767 436 842 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 609 023 143.3 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Хаан банк” ХХК болон “Нэйшнл химикал” ХХК-ийн хооронд 2012 оны 7 дугаар 06-ны өдөр байгуулсан 12/131-01 тоот барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 2.2.3 дахь хэсэг болох “Залуу Монгол” ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр-1 /17060/, үйлдвэрийн гудамж-21-д байршилтай, конторын зориулалттай 2771 м.кв талбайтай барилга /УБД:Ү-2206004599/, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр-1 /17060/, үйлдвэрийн гудамж 25-д байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай 2777.4 м.кв талбайтай барилга /УБД:Ү-2206004979/, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 8014/5113 дугаар бүхий 16289 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрхийг /гэрчилгээ.0228261/ тус тус барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурдсан барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хангуулж,. Үүнд: А. 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 11/122-1 тоот болон 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 13/06-01 тоот гэрээний барьцаа: БГД, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 94-р байрны үйлчилгээний зориулалттай 128 м.кв талбайтай 1 давхарын хэсэг /УБД:Ү-2205032365, өмчлөгч Зотол групп ХХК/, БГД, 5 дугаар хороо, Энхтайваны өртөн чөлөө, 94-р байрны орон сууцны зориулалттай 162.2 м.кв талбайтай зоорийн давхарын хэсэг /УБД:Ү-2205035494, өмчлөгч Зотол групп ХХК/, СБД, 5 дугаар хороо, 5-р хороолол, 118.7 м.кв талбайтай 1-р давхар /УБД:Ү-2203018451/, ХУД, 15 дугаар хороо, Олимпийн гудамж, 51-г байр, 1 тоот, 247.6 м.кв талбайтай 6 өрөө орон сууц, авто зогсоолын хамт /УБД:Ү-2206017832, өмчлөгч Д.Энхбаатар/, Төв аймаг, Цээл сум, 1 дүгээр баг, Сүүл буга, Цайдам нуур, Хүхэрт натрийн химийн үйлдвэрийн цогцолбор /Ү-1422000118, өмчлөгч Нэйшнл химикал ХХК/, Төв аймаг, Цээл сум, 6 дугаар бригад, 5 га төмс хүнсний ногооны газар /гэрчилгээ:0201596, эзэмшигч Нэйшнл химикал ХХК/,  Төв аймаг, Заамар сум, Цайдам нуурын орчмын 218 га малын шүү бэлтгэх, сувилалын зориулалттай газар /гэрчилгээ:0297044, эзэмшигч Нэйшнл химикал ХХК/, Төв аймаг, Цээл сум, Цайдам нуурын 6 га үйлдвэрлэлийн зориулалттай газар /гэрчилгээ:0201931, эзэмшигч Нэйшнл химикал ХХК/, Төв аймаг, Цээл сум, 6 дугаар бригадын 300 га хадлан бэлчээрийн зориулалттай газар /гэрчилгээ:020590, эзэмшигч Нэйшнл химикал ХХК/, Төв аймаг, Цээл сум, Цайдам нуурын хогийн цэгийн зориулалттай 1 га газар /гэрчилгээ:0201597, эзэмшигч Нэйшнл химикал ХХК/, Төв аймаг, Цээл сум, Цайдам нуурын уурхайн зориулалттай 192 га газар /гэрчилгээ:0201906, эзэмшигч Нэйшнл химикал ХХК/, Төв аймаг, Цээл сум, Цайдам нуур нэртэй газар орших 192.31 га талбай бүхий MV-013278 тоот уурхайн ашиглалтын зөвшөөрөл /эзэмшигч Нэйшнл химикал ХХК/, Төв аймаг, Цээл сум, Цээлийн хөндийн 303.77 га газарт хайгуул хийх XV-8251 тоот тусгай зөвшөөрөл /эзэмшигч Нэйшнл химикал ХХК/, Төв аймаг, Цээл сум, Цайдам нуурын 221.64 га газарт хайгуул хийх XV-8147 тоот тусгай зөвшөөрөл /эзэмшигч Нэйшнл химикал ХХК/, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 11/122-1 тоот барьцааны гэрээний хавсралт-1-д заасан 27 698 227 төгрөгөөр үнэлэгдсэн 73 ширхэг тавилга, эд хогшил, мөн гэрээнд тусгасан 92 691 770 төгрөгөөр үнэлэгдсэн 4 тээврийн хэрэгсэл, БЗД, 19-р хороо, аж ахуй, авто дромын зориулалттай 7346 м.кв талбайтай газар /гэрчилгээ:0232583, эзэмшигч Зотол групп ХХК/, Б. 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 12/131-01 тоот гэрээний барьцаа болох Нэйшнл химикал ХХК-ийн бараа материал, дансны авлага, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн хөлсөнд нэхэмжлэгчээс 25 920 төгрөг, хариуцагч нараас 622 080 төгрөг тус тус гаргуулан Монгол банкинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 63,1,1, 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 109 550 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 9 544 520 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Нэйшнл химикал” ХХК, “Зотол групп” ХХК, иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нараас 73 995 134 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгож, “Хаан банк” ХХК болон “Нэйшнл химикал” ХХК нараас тус бүр 4 772 260 төгргө гаргуулах “Залуу Монгол” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 573 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/01367 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч “Нэйшнл химикал” ХХК, “Зотол групп” ХХК-иас 11 947 951 371 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний дагуу “Нэйшнл химикал” ХХК, “Зотол групп” ХХК болон иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нараас 2 663 733 559 төгрөг нийт 14 611 684 930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 764 595 055 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн 5 дах заалтын “73 995 134 төгрөг” гэснийг “73 216 374 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Нэйшнл химикал” ХХК-иас төлсөн 880 000 төгрөг, Ө.Байгалмаагаас төлсөн 5 000 000 төгрөгийг тус тус буцаан олгохыг дурджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 764 595 055 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ нэг өгүүлбэрээр ч тайлбарласангүй. 3 удаагийн Зээлийн гэрээний дагуу банк зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 7 802 089,51 ам доллар нэхэмжилсэн. Мөн Монгол банкны шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэлийн үнийн дүн үндэслэлтэй болох нь батлагддаг.

Гэтэл давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгиин төлбөрөөс 764 595 055 төгрөг хасаж шийдсэн үндэслэлээ тайлбарлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

“Хаан банк” ХХК болон “Нэйшнл химикал” ХХК, “Зотол групп” ХХК, иргэн Д.Энхбаатар. Ө.Байгалмаа нарын хооронд 4,9 сая ам доллар, 1,5 сая ам доллар, 800 000 ам.долларын гэрээнүүдийг байгуулсан байна гэж дүгнэсэн атлаа “гэрээний тал болсон гэж үзэхгүй”, “гэрээний тал гэж үзэхгүй” гэх мэтээр нэг дор зөрүүтэй дүгнэлт хийж, хариуцагч нарыг хариуцлагаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нарыг хариуцлагаас чөлөөлж байгаа бол нотлох баримтыг үндэслэх учиртай.

Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэмж оруулсан 2013 оны 01 дүгээр сарын 16-ны 13/05 тоот Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг Хаан банк хэрэгт баримтаар өгсөн ба уг гэрээний 2.2-т Зээлийн гэрээний бусад заалтууд хэвээр дагаж мөрдөгдөх ба Энэхүү гэрээ нь Зээлийн гэрээний салшгүй хэсэг байхаар холбож өгсөн. 2011 оны 5 дугаар сарын 19-ний 11/122 тоот 4,9 сая ам.долларын зээлийн гэрээг хэрэгт баримтаар гаргаж өгсөн ба уг гэрээнд “иргэн Д.Энхбаатар” гэж гарын үсэг зурсан. Харин Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нар дээрх зээлүүдийн хамтран үүрэг гүйцэтгэгч биш гэх ямар ч баримт хэрэгт гаргаж өгөөгүй юм.

...Анхан шатны шүүх “Залуу Монгол” ХХК-ийн олгосон баримтыг итгэмжлэл гэж үзэхгүй гэж дүгнээд уг барьцааг чөлөөлж шийдсэнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийсэнгүй орхигдууллаа. Харин анхан шатны шүүх “Нэйшнл Химикал” ХХК “Хаан банк” ХХК 2-ын хооронд “Залуу Монгол” ХХК-ийн хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг байгуулахдаа “Залуу Монгол” ХХК-ийн захирлын тушаал гэх баримт бичгээс өөр зүйлд үндэслээгүй, хөрөнгөө барьцаалах талаар “Залуу Монгол” ХХК-ийн ХААН Банкинд хандан хүсэлтээ илэрхийлээгүй, хөрөнгийг барьцаалах гэрээнд гарын үсэг зурах эрхийг “Залуу Монгол” ХХК-ийн “Нэйшнл химикал” ХХК-д Иргэний хуулийн 64-т заасан итгэмжлэл олгоогүй гэх мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь хэрэгт авагдсан “Залуу Монгол” ХХК-ийн захирлын тушаал гэх баримт нь өөрийн хөрөнгийг “Нэйшнл Химикал” ХХК-ийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн баримт юм.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар “Залуу Монгол” ХХК өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг “Нэйшнл Химикал” ХХК-д баримт бичиг үйлдэх замаар өгсөн ба “Нэйшнл Химикал” ХХК тус баримт бичгийг үндэслээд банктай Барьцааны гэрээ байгуулсан байхад өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд болох “Залуу Монгол” ХХК “Нэйшнл Химикал” ХХК-ийн төлөөлөх бүрэн эрхгүй байсныг ашиглан Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхгүй юм.

…Захирлын тушаал гэх баримт бичигт “Залуу Монгол” ХХК барьцаалуулахыг зөвшөөрсөн үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ, үл хөдлөх хөрөнгийн дугаар зэрэг мэдээллийг тусгаж, ХААН Банкнаас “Нэйшнл Химикал” ХХК-ийн нэр дээр авах 1 500 000 ам.долларын зээлийн барьцаанд тавих зөвшөөрсүгэй гэж зориулалтыг нь тодорхой зааж улмаар Барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг “Нэйшнл Химикал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Эрдэнэцогтод олгосон байхад Иргэний хуулийн 66.1-д зааснаар төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг илүү харгалзан үзэх учиртай гэж үзэж байна. “Залуу Монгол” ХХК өөрийн илэрхийлсэн хүсэл зоригийн үр дагаврыг хариуцах учиртай.

“Нэйшнл Химикал” ХХК-д олгосон 800 000 ам.долларын сүүлийн зээлийг Иргэний хуулийн 451.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1-д заасан үндэслэлээр мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Зээлийг захиран зарцуулсан хэлбэрээс хамаарч Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болж байгаа нь үндэслэлгүй байна. Зээлдэгч “Нэйшнл Химикал” ХХК-иас ХААН банкинд хүсэлтээ гаргаж, бизнес нь жигдэрээгүй, өмнөх 2 зээлийн хүүгийн төлбөрөө хийхэд асуудал гарсан шалтгаанаа учирлан хэлж, бичгээр мөн хүсэлтээ гаргаж өмнөх зээлүүдийн төлбөрөө төлөх зорилгоор 400 000 ам.долларын зээл авсан. Зээлийн гэрээгээ уншиж танилцсан, гарын үсгээ зурсан. Өмнөх 2 зээлийн төлөлтийг хийх хугацаа болоход банкны ажилтан мэйлээр болон бусад байдлаар хүсэлтийг нь баталгаажуулсны дараа 800 000 ам.долларын зээлээс төлөлт хийдэг байсан.

Иргэний хуулийн 189.1-д зааснаар талууд гэрээ байгуулсан байхад шүүх хэт нэг талын барьж барьцаа хөрөнгийг чөлөөлж байгааг зөвшөөрөхгүй байна.

Зээлийн төлбөрийг ам.доллараар гаргуулж өгнө үү. Бид нэхэмжлэлээ ам.доллараар гаргасан, гэрээг ам.доллараар байгуулсан, ам.долларын зээл олгосон.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Нэйшнл химикал” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх нэмэгдүүлсэн хүүг буруу тооцож хассан. 4.9 сая ам.доллар ба 1.5 сая ам.долларын зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүд шүүх Хаан банкны нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 114 697.09 ам.доллараас 65 948.31 ам.долларыг гаргуулж, 48 748.78 ам.долларыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү тооцоон дээр анхан шатны шүүх арифметикийн алдаа гаргасан гэж үзэж байна. /хүснэгт/

...Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжилсэн үнийн дүнгээс Монгол банкны шинжээчийн тооцсон үнийн дүн болох 21 105.21, 44 843.10 ам.долларыг хассан байна. Үүнийг зөвтгөн тооцуулах буюу “Хаан банк” ХХК-ийн нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү 114 697,09 ам.доллараас шинжээчийн дүгнэлтээр нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөгдөх буюу Хаан банкны илүү тооцсон ам.доллар №11/122 тоот гэрээний 62 669.92 ам.доллар, №12/131 тоот гэрээний 13 571.08 ам.доллар, №13/06-01  гэрээний 25 797,69 ам.доллар буюу нийт 102 038.69 ам.долларыг хасах байтал шүүх 48 478.78 ам.доллар хасаж буруу тооцож шийдвэрлэсэн.

Зээлдэгч “Нэйшнл Химикал” ХХК гэрээний үүргээ биелүүлэх хүнд нөхцөл байдал үүссэн, валютын ханшийн өөрчлөлтийн улмаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй хүнд  нөхцөл  байдал үүссэнийг тодорхойлсон  Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хүнд нөхцөл байдлын гэрчилгээг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн болно. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх “энэхүү гэрчилгээ нь “Нэйшнл Химикал” ХХК-д үүссэн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал, түүний учир шалтгааныг гэрчлэх боловч компанийг бусдын өмнө хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн” байна. МУ-ын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байхад хавтаст хэрэгт байгаа хангалттай нотлох баримтыг үнэлээгүй, шинжлэн судлаагүй болно.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахыг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхтөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор зохицуулсан. Мөн “Нэйшнл химикал” ХХК, ХААН банкны хооронд байгуулсан 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 12/131 тоот зээлийн гэрээний 3.1.6-д зааснаар зээлдэгчийн ХААН банкин дахь зээлийн дансанд нь зээлийг бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцохоор тохиролцсон байгаа. Эдгээр зээлийн гэрээнүүдэд зааснаар зээлдэгч нь зөвхөн “Нэйшнл химикал” ХХК байгаа бөгөөд энэ хууль болон зээлийн гэрээнд зааснаар зээлийг буцаан төлөх үүргийг зээлдэгч л хүлээж байгаа болно. Иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нарын хувьд Хаан банкнаас зээл авах хүсэлт гаргаж байгаагүй төдийгүй нэг ч төгрөгийн зээл аваагүй, Хаан банкнаас нэг ч төгрөгийн зээл олгоогүй болно. “Нэйшнл химикал” ХХК нь ганцаараа Хаан банкнаас зээл авах хүсэлт гаргаж, авсан зээлээ өөрийн үйл ажиллагаандаа зархиран зарцуулж байсан зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байдаг.

“Нэйшнл химикал” ХХК нь Хаан банктай байгуулсан зээлийн гэрээнүүдийн дагуу авсан зээлээ өөрийн үйл ажиллагаандаа захиран зарцуулсан гэдэг дээр маргадаггүй, зээлээ бүрэн хариуцна гэж байхад давж заалдах шатны шүүх зээлийг иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нараар төлүүлэхээр шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргалаа гэж үзэж байна. 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 12/131 тоот зээлийн гэрээний олгосон зээл, хүүгийн төлбөр болох 2 663 733 559 төгрөгийг хариуцагч “Нэйшнл химикал” ХХК, “Зотол групп” ХХК болон иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нараас гаргуулах шийдвэр хүчин төгөлдөр боллоо гэж үзээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явагдахад хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах вэ гэдгээс хамаарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хүндрэл учрах үр дагавар гарахыг давж заалдах шатны шүүх хянаж, дүгнэж үзсэнгүй. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцдаггүй, мөн зүйлийн 9.3-т зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээдэг тул иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нар “Нэйшнл химикал” ХХК-д олгосон зээлийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11/122-1 тоот барьцааны гэрээний 2.2 дахь заалтын 3 дахь хүснэгт дурдсан “Чоногол трейд” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн У-2203018451 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, 52-р байрны үйлчилгээний зориулалттай 118.7 м.кв талбай бүхий 1-р давхрын хэсэг болон мөн заалтын 4 дэх хүснэгт дурдсан иргэн Д.Энхбаатарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206017832 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Олимпийн гудамж. 51Г байр, 1 тоот хаягт орших 6 өрөө орон сууцаар 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийи 11/122 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээр дурдсан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11/122-1 тоот барьцааны гэрээнд “Чоногол трейд” ХХК, иргэн Д.Энхбаатар нарыг төлөөлөх зтгээдүүд гарын үсэг зураагүй, төлөөлж гарын үсэг зурах эрх итгэмжлэл олгогдоогүй зэргийг үндэслэн уг барьцааны гэрээний 2.2 дахь заалтын 3, 4 дэх хүснэгтүүдэд заагдсан барьцааг барьцаалсан гэж үзэх үндэслэлгүй тул эдгээр хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл байхыг давж заалдах шатын шүүх хянаж үзсэнгүй.

Хаан банк нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлсэн байдаг бөгөөд “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай” мэдэгдлийг зээлдэгч “Нэйшнл химикал” ХХК болон “Зотол групп” ХХК нь хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗГП/122 тоот зээлийн гэрээ цуцлагдсан байдаг. Гэтэл банкны хувьд зээлийн гэрээ цуцлагдсанаас хойш хүү тооцох үндэслэл бүр байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь хүү тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Өөрөөр хэлбэл, дээрх зээлийн гэрээний хувьд гэрээ цуцалсан 2014 оны 3 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд бодогдсон үндсэн хүү нь Монгол банкны шинжээчийн тооцоолсноор 674 160,44 ам.доллар ба энэхүү хүүг хасаж тооцох ёстой гэж үэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, давж зааддах шатны шүүхийн 573 тоот магадлалд өөрчлөлт оруулж, 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 12/131 тоот зээлийн гэрээний олгосон зээл, хүүгийн төлбөрийг хариуцагч “Нэйшнл химикал” ХХК, “Зотол групп” ХХК-иас гаргуулж, 2011 оны 5 дугаар оарын 19-ний өдрийн 11/122-1 тоот барьцааны гэрээний 2.2 дахь заалтын 3, 4 дэх хүснэгтүүдэд заагдсан барьцааг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нарын өмгөөлөгч Ж.Ундармаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх “Хаан банк” ХХК нь иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нараас 4.9 сая ам.долларын гэрээний үүргийг Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэнтэй маргахгүй. Харин 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №11/122-1 тоот барьцааны гэрээнд буй “Д.Энхбаатарын нэр дээрх УБ хот ХУД 15-р хороо Олимпийн гудамж, 51Г байрны 1 тоотод байрлах 247.6 м.кв талбайтай 6 өрөө орон сууц, “Чоногол трейд” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг 5-р хороо, 5-р хороолол, 52-р байрны үйлчилгээний зориулалттай 118 7 м.кв талбайтай 1-р давхар оффис” зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх нэгэнт иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нарыг гэрээний оролцогч биш, хариуцагч, хамтран үүрэг гүйцэтгэгч биш гэж шийдсэн тул Барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хөрөнгөөс дээрх 2 хөрөнгийг суллахыг хүсч байна. Өөрөөр хэлбэл тухайн зээлийн гэрээний хариуцагч нь “Нэйшнл Химикал” ХХК, “Зотол Групп” ХХК тул зээлийн гэрээний хариуцагчийн эрх үүргийн дагуу компанийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй юм. Мөн уг гэрээнд тавьсан барьцаа эд хөрөнгө хангалттай, компанийн эд хөрөнгөөр хангуулах нь хууль ёсны буюу иргэний хувийн өмчөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний эрх зүйн байдал доройтох, хувийн өмчлөх эрх зөрчигдөх, цаашид ажил амьдралаа явуулах, үйл ажиллагаа эрхлэх боломжгүй хүнд нөхцөл байдал үүсэж байна.

Давж заалдах шатны шүүх 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний дагуу “Нэйшнл Химикал” ХХК, “Зотол Групп” ХХК болон иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нараас 2 663 733 559 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хаан Банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг зээлийн гэрээний зүйл буюу 1 500 000 ам.долларыг “Нэйшнл Химикал” ХХК нь Химийн үйлдвэр барих төсөл, бүтээн байгуулалтад зарцуулж хөрөнгө бий болгосон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Тиймээс Ө.Байгалмаа, Д.Энхбаатар нар нь гэрээний зүйлийг шилжүүлэн авч захиран зарцуулаагүй, гэрээнд заасан эрхийг эдлээгүй байхад хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-г баримталж хамтран хариуцагчаар татсан. Гэтэл Иргэний хуулийн 242.1-д “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэжээ. “шаардах эрх” бүхий байвал гэж хуулинд тодотгон заасан байна.

“Шаардах эрх” гэдэг нь хуулиар, гэрээнд зааснаар харилцан тэгш эрх эдэлж, нөгөө талуудад шаардах эрх үүсэх ёстой. Гэтэл дээрх зээлийн гэрээнүүдэд “Хаан банк” ХХК нь Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нарт эрхийг эдлүүлээгүй байж, үүрэг биелүүлэхийг шаардаж байгаа нь шаардах эрх үүссэн гэж үзэхгүй юм. Тиймээс Иргэний хуулийн 242.1-ийг хэрэглэж хамтран хариуцагчаар татах нь үндэслэлгүй байна.

Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

                                                         ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна. Харин шүүх зарим нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, гэрээний зарим заалтыг зөв тайлбарлаагүйгээс зээлийн болон барьцааны гэрээний оролцогч талыг зөв тодорхойлж чадаагүй байна. Хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 4 900 000 ам.долларын зээлийг 42 сарын хугацаатай, нэг жилийн 15.6 хувийн хүүтэй, 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1 500 000 ам.долларыг 18 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 800 000 ам.долларыг 18 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр хариуцагч “Нэйшнл химикал” ХХК, “Зотол групп” ХХК-д химийн үйлдвэр барих, хуулийн этгээдийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус олгожээ. 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг 60 сар болгон өөрчилж, барьцаа хөрөнгө нэмсэн нэмэлт гэрээ байгуулсан байна \1-р хх-ийн 19-21, 22-23, 65-69, 89-91 дүгээр тал\.

Дээрх зээлийг банк хоёр хуулийн этгээдэд олгосон болох нь зээлийн зориулалт болон зээлийн гэрээнүүдэд зээлдэгчээр тодорхойлогдсон этгээдийн нэрээс харагдаж байна.

Тухайлбал, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд зээлдэгчээр “Нэйшнл химикал” ХХК, “Зотол групп” ХХК заагдсан байх ба хуулийн этгээдийг төлөөлж гэрээнд оролцсон Р.Эрдэнэцогт болон Д.Энхбаатарыг тухайн гэрээний зээлдэгч гэж үзэх үндэслэлгүй болно. Мөн дээрх гэрээний зээлдэгчээр заагдаагүй Д.Энхбаатар нь гэрээнд “Зотол групп” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурснаас гадна “иргэн Д.Энхбаатар” гэж гарын үсэг зурсан байх нь түүнийг хувь хүний хувьд зээлийн гэрээний үүрэг хүлээх этгээд гэж үзэх үндэслэлгүй болно.

Энэхүү зээлийг химийн үйлдвэр барих зориулалтаар ашиглах талаар гэрээнд заасан байх ба уг үйлдвэрийг иргэн Д.Энхбаатар биш харин “Нэйшнл химикал” ХХК болон “Зотол групп” ХХК барих үйл ажиллагаа явуулж байсан байна. 

“Нэйшнл химикал” ХХК нь Төв аймгийн Цээл сумын нутагт орших Цайдам нуурын мөсөн шүүний ордыг түшиглэн Хүхэрт натрийн химийн үйлдвэрийн цогцолборыг 2008 оноос барьж байгуулан 2013 онд ашиглалтад оруулсан гэх тайлбар хэрэгт авагджээ.  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.6.-д зааснаар ашигт малтмалыг ашиглах үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах боломжтой ба Төв аймгийн Цээл сумын Цайдам нэртэй газар ашигт малтмал ашиглах зөвшөөрөл “Нэйшнл химикал” ХХК-д олгогдсон байна \1-р хх-ийн 158-172, 2-р хх-ийн 91 дүгээр тал\.  

 

Харин 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд зээлдэгчээр “Нэйшнл химикал” ХХК болон “Зотол групп” ХХК-иас гадна иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нар заагдсан байх боловч энэхүү зээл нь бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэх шугамын зээл байх ба уг зээлийн зориулалт нь эргэлтийн хөрөнгөд зарцуулагдахаар гэрээнд тусгагджээ. Химийн үйлдвэр барих үйл ажиллагааг явуулж буй хуулийн этгээдэд урьд өмнө олгосон зээлийн үндсэн дээр үргэлжлүүлэн шугамын зээл олгогдсон байх ба иргэн Д.Энхбаатар болон иргэн Ө.Байгалмаа хувиараа ямар бизнес эрхэлдэг, улмаар түүнд ямар зорилгоор шугамын зээл олгогдож буй нь зээлийн гэрээнээс харагдахгүй байна. Банкнаас зээл хүссэн этгээд нь “Нэйшнл химикал” ХХК байна \2-р хх-ийн 235-246 дугаар тал\.

 

Мөн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээнд иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмааг хамтран зээлдэгчээр заасан боловч уг зээлийг мөн л урьд авсан хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон байна.

 

Түүнчлэн дээрх гурван зээлийг банк иргэдийн бус харин “Нэйшнл химикал” ХХК-ийн дансанд байршуулж, зээлийн хөрөнгийг уг хуулийн этгээд захиран зарцуулж, банк гэрээнд заасны дагуу зээлийг зориулалтаар ашиглаж буй эсэхийг хянаж, төлбөр тооцоог өөрийн банк дахь компанийн дансаар хийж байсан, зээлийн талаар бүх харилцаа энэ компанитай хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Энэ тохиолдолд шүүх иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нарт хуулийн этгээдийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг хамтран хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

 

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь дээрх гурван зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр барьцааны гэрээ болон эдгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг тус тус байгуулжээ \1-р хх-ийн 22, 24-27, 63, 64, 70-72, 92-94 дүгээр тал\.

Барьцааны зүйл болох эд хөрөнгийг эзэмших болон өмчлөх эрхийг тодорхойлсон нотлох баримтууд хэрэгт авагдсан байна \1-р хх-ийн133- 172 дугаар тал\.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болдог. Гагцхүү бусдын эд хөрөнгийг өөр этгээдийн үүрэгт барьцаалуулах эсэхийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч өөрөө гэрээ байгуулах, эсхүл ийнхүү барьцаалуулахыг зөвшөөрсөн байх учиртай.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсдэг байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2., 9.4.-т зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй бөгөөд барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байх ёстой байна. Хуулийн этгээдийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг барьцаалуулах шийдвэрийг хууль буюу дүрэмд заасан эрх бүхий этгээд гаргадаг.

Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг барьцаалах 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11\122-1 гэрээний “барьцааны зүйл” хэсгийн 3-т Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 52 дугаар байрны үйлчилгээний зориулалттай 118.7 мкв талбайтай нэгдүгээр давхар, 4-т Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпийн гудамж, 51Г байрны 1 тоот 247.6 мкв талбайтай 6 өрөө орон сууц автозогсоолын хамт бүртгэгджээ \1-р хх-ийн 24-27 дугаар тал\.

Дээрх барьцааны зүйл болох үйлчилгээний зориулалттай хэсэг нь “Чоногол трейд” ХХК-ийн өмчлөлийн, мөн орон сууц, автозогсоол нь Д.Энхбаатарын өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ \хх-ийн 1-р хх-ийн 135, 136 дугаар тал\.

 

Барьцааны 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11\122-1 гэрээг нэг талаас “Хаан банк” ХХК, нөгөө талаас “Нейшнл химикал” ХХК, “Зотол групп” ХХК байгуулсан байх ба “Чоногол трейд” ХХК, иргэн Д.Энхбаатар өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалуулах зөвшөөрөл олгосон гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Барьцааны дээрх гэрээнд барьцаалуулагчаар хоёр хуулийн этгээд заагдсан байх тул эдгээр хуулийн этгээдийг төлөөлж, гэрээнд оролцсон хүмүүсийн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн өмчлөлийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүйгээр барьцаалах хууль зүйн үндэслэлгүй.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нарыг хуулийн этгээдийн зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх ёстой гэж үзсэн нь алдаатай болсноос гадна өмчлөгчийн зөвшөөрөлгүй барьцаалагдсан Д.Энхбаатар болон “Чоногол трейд” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгөөс хасаагүй нь буруу болжээ. Барьцааны гэрээний эдгээр хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Барьцааны гэрээний энэ хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага гараагүй боловч шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх байжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зээлийн гэрээний үндсэн үүрэг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоог тодорхойлсон байх ба давж заалдах шатны шүүх шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэд үндэслэн зээлийн хүүг илүү тооцсон гэж үзэж, хариуцагчийн төлөх төлбөрийн үнийн дүнгээс хассаныг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх шинжээчээр томилогдсон Монгол банкны дүгнэлтийн дагуу зээлийн төлбөрийн тооцоог зөвтгөсөн байх тул хариуцагч “Нэйшнл химикал” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Хоёр шатны шүүх  гуравдагч этгээд “Залуу монгол” ХХК-ийн  бие даасан шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 12\131 тоот зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэг талаас “Хаан банк” ХХК нөгөө талаас “Нэйшнл химикал” ХХК 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр “Залуу монгол” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “Залуу монгол” ХХК эзэмших болон өмчлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Гагцхүү өмчлөгч нь өөрийн эд хөрөнгийг бусдын үүрэгт барьцаалах талаар “Нэйшнл химикал” ХХК-тай хэлэлцэж байсан боловч барьцааны гэрээ байгуулах зөвшөөрөл, бүрэн эрх, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу барьцааны гэрээний талуудад олгосон гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй байна. “Залуу монгол” ХХК-ийн захирлын 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 52\2 дугаартай тушаал нь “Нэйшнл” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн эд хөрөнгө барьцаалах, гэрээ хийхэд оролцох этгээдийг томилох, итгэмжлэл олгохыг үүрэг болгосон боловч тушаалын дагуу итгэмжлэл олгогдсон, гэрээнд компанийн төлөөлөгч оролцсон гэх байдал тогтоогдоогүй тул энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч “Нэйшнл химикал” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 573 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/01367 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар хариуцагч “Нэйшнл химикал” ХХК, “Зотол групп” ХХК-иас 14 611 684 930 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 764 595 055 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Д.Энхбаатар, Ө.Байгалмаа нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтаас “СБД, 5-р хороо, 5-р хороолол, 118.7 мкв талбай бүхий 1-р давхар \УБД:Ү-2203018451\, ХУД, 15-р хороо, Олимпийн гудамж, 51-р байр, 1 тоот, 247.6 мкв талбайтай 6 өрөө орон сууц, автозогсоолын хамт \УБД:Ү-2206017832, өмчлөгч Д.Энхбаатар\” гэснийг хасч, 5 дахь заалтаас “иргэн Д.Энхбаатар, Ө.Байгалмаа” гэснийг хасч, “73 995 134 төгрөг” гэснийг “73 216 374 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч “Нэйшнл химикал” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн /5 000 000+3 000 000/ нийт 8 000 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Нэхэмжлэгч ”Хаан банк” ХХК, хариуцагч “Нэйшнл химикал” ХХК-ийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН