Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2023/00041

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2023/00041

 

 

  

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 149/ШШ2023/00289 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын ******* холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: Орон нутагт ажилласны 5 жилийн мөнгөн урамшуулал болох 36,840,270 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 

1... 36,840,270 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс гаргуулж өгнө үү

 ...******* миний бие Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын ******* Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагчаар ажиллаж байгаад "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль"-д зааснаар тэтгэвэр тогтоолгох болзол ханган 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр цэргийн байнгын тэтгэвэрт гарч чөлөөлөгдсөн.

...Би 2014 оны 11 дүгээр сарын 11-нд 9 дүгээр тойргийн Тахарын албаны Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь хэсэгт хуяглан хүргэх харуулаар анх томилогдон ажиллаж байгаад 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/204 тоот тушаалаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь хэсгийн хуяглан хүргэх харуулын ажлаас чөлөөлөгдөн Мандал сум дахь хэсгийн даргаар томилогдон 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажиллаад Тахарын алба татан буугдан Цагдаагийн байгууллагад шилжсэнээр үргэлжлүүлэн Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Б/347 дугаар тушаалаар Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн даргаар томилогдон 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр цэргийн байнгын тэтгэвэрт гарч чөлөөлөгдөх хүртлээ аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил 1 сар 20 хоног ажилласан байна. Миний Тахарын албанд ажилласан 1 жил 09 сарын хугацаа нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийн 2 дугаар зүйл: Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Тахарын албаны тухай хуулийн 25.3-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн ахлах болон дунд цолны, мөн хуулийн 25.4-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн бага цолны албан тушаалд ажиллаж байснаар тооцно" гэснээр цагдаагийн алба хаагчийн ажилласан жилд орж байгаа нь би аймгийн төвөөс бусад суманд ажилласан 5 жил тутамд олгох 30 сарын тэтгэмжийг нэхэмжлэх эрхтэй болсон тул цагдаагийн алба хаагчийн эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй байна гэж үзэн энэхүү шаардлагыг гаргаж байна. Тухайн үед миний авч байсан цалингийн дундаж 1,000,000 төгрөг гэж үзэн 30 сараар тооцоход 30,000,000 төгрөгийн тэтгэмж нэхэмжилнэ. Иймд олгогдоогүй буюу надад учирсан хохирол болох 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн тухайн үед нарийн тооцоололгүй дунджаар 1,000,000 төгрөгөөр тооцсон боловч хариуцагч талаас цалингийн тооцоолбол ирүүлээгүй байгаа тул ХНАЯ-ны сайдын баталсан дундаж цалингийн тооцох журамд зааснаар олговол зохих 6,840,270 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа бөгөөд нийт 36,840,270 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч хариу тайлбартаа:

1.Тус цагдаагийн хэлтсээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй

Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт "Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна.", Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт "Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гээд 16.5.3 дахь заалтад "батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;" гэж тус тус зохицуулсны дагуу Цагдаагийн ерөнхий газраас өөрийн хэлтэст оногдсон төсвийг зориулалтын дагуу зарцуулж байна.

... тус цагдаагийн газар нь Цагдаагийн Ерөнхий газраас хуваарилсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд заагдсан зориулалтаас гадуур мөнгө зарцуулах эрхгүй, дээрх мөнгөн урамшууллыг цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр олгодог тул уг маргааны хариуцагч нь цагдаагийн ерөнхий газрын дарга байх нь хуульд нийцэж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн." гэж заасан. Нэхэмжлэгч нь өөрт олгогдох ёстой байсан урамшууллыг нэхэмжилж байгаагаас үзвэл захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж үзэх тул уг маргаан нь иргэний хэргийн бус захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх магадлалтайг анхаарч үзэх нь зүйтэй. ... Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 149/ШШ2023/00289 дугаартай шийдвэрээр:

 Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс Орон нутагт ажилласан хугацааны 5 жилийн мөнгөн урамшуулал болох 21,923,342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* *******д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 14,916,928 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

 Хариуцагч байгууллага давж заалдах гомдолдоо:

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 149/ШШ2023/00289дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатанд гомдол гаргаж байна.

1.Мандал сум дахь сум дундын анхан шатны шүүх нь Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсээс орон нутагт ажилласан хугацааны 5 жилийн мөнгөн урамшуулал болох 21.923.342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овгийн ******* *******д олгуулах шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна., Төсвийн тухай хуулийн 16 дугаар эүйлийн 16.5 дахь хэсэгт Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.' гээд 16.5.3 дахь заалтад батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох; гэжтус тус зохицуулсны дагуу Цагдаагийн ерөнхий газраас өөрийн хэлтэст оногдсон төсвийг зориулалтын дагуу зарцуулдаг.

Тус цагдаагийн хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газраас хуваарилсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд заагдсан зориулалтаас гадуур мөнгө зарцуулах эрхгүй, дээрх мөнгөн урамшууллыг цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр олгодог тул Мандал сумын цагдаагийн хэлтсийн төсөвт олгох мөнгө байдаггүй.

2.Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Тахарын албаны тухай хуулийн 25.3-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн ахлах болон дунд цолны, мөн хуулийн 25.4-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн бага цолны албан тушаалд ажиллаж байснаар тооцно." гэж тус тус заасан.

Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгоно гэж заасан болохоос биш цагдаагийн албанд ажилласан гэж үзэхгүй. Иймд иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 Хариуцагчаас ирүүлсэн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. ...Би Цагдаагийн байгууллагад хамаг сайхан залуу насаа зориулж, тэтгэвэрт гаран гартлаа ажилласан гэтэл хуулиар олгох ёстой мөнгөн тэтгэмжийг олгохгүй байгаад Цагдаагийн байгууллагадаа гомдоллох сэтгэл төрж байна.

Талууд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил 1 сар 20 хоног ажилласныг хүлээн зөвшөөрч байга. ЦАТХуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан миний Тахарын албанд ажиллаж байсан хугацааг цагдаагийн ахлах болон дунд, бага цолны албан тушаалд ажиллаж байснаар тооцно гэдэг дээр мөн маргаан байхгүй. Өнөөдөр ч Тахарын албанд ажиллаж байсан алба хаагч нар энэхүү хуулиар ажилласан жилээ тооцуулж Цэргийн байнгын тэтгэвэрт гарах болон түүнээс үүдэн гарах бусад эрх зүйн үр дагавар болох тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж гаргуулах асуудал шийдэгдээд явж байна.

Ямар нэгэн дарга албан тушаалтны гаргасан шийдвэр, албан бичиг нь хуулиас давсан байх учиргүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 3.Хэргийг судлан үзвэл: ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд заасан орон нутагт ажилласан хугацааны урамшуулал гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч ...тухайн жилийн төсөвт тусгаагүй, түүний Тахарын албанд ажилласан хугацааг цагдаагийн албанд ажилласан гэж үзэхгүй... гэж маргасан ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 4.Хариуцагч давж заалдсан гомдлын үндэслэлээ ...Тус цагдаагийн хэлтэс нь төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд заагдсан зориулалтаас гадуур мөнгө зарцуулах эрхгүй, дээрх мөнгөн урамшууллыг олгох төсөв байхгүй, урамшууллыг цагдаагийн алба хаагчид олгодог бөгөөд нэхэмжлэгчийг Тахарын албанд ажилласан хугацааг цагдаагийн албанд ажилласан гэж үзэхгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй... гэж тайлбарлажээ.

 5.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь Тахарын Ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №433 дугаартай тушаалаар Есдүгээр тойргийн Тахарын албаны Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь хэсгийн хуяглан хүргэх харуулаар 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн томилогдож, Тахарын Ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №Б/204 дугаартай тушаалаар Есдүгээр тойргийн Тахарын албаны Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь хэсгийн хуяглан хүргэх харуулын үүрэгт ажлаас 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн чөлөөлж, Есдүгээр тойргийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын хэсгийн даргаар томилогдож 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажиллаад хуулийн өөрчлөлтөөр Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/438 дугаар тушаалаар Төв, орон нутгийн Цагдаагийн зарим газар, хэлтэс, төвийн бүтэц орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч *******гийн Тахарын албанд ажиллаж байсан хугацааг цагдаагийн алба хаасан гэж үзэхгүй гэж маргажээ.

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар ... Тахарын албаны тухай хуулийн 25.3-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн ахлах болон дунд цолны, мөн хуулийн 25.4-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн бага цолны албан тушаалд ажиллаж байснаар... тооцохоор зохицуулжээ. Энэхүү хуулийн зохицуулалтаар *******гийн Тахарын албанд ажилласан хугацааг цагдаагийн алба хаагч гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 6.Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам мөнгөн урамшуулал олгоно гэсэн хуульд заасан болзлыг нэхэмжлэгч хангасан байхад төсөв байхгүй, хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар урамшуулал олгохгүй нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй тул хариуцагчийн татгалзал хуулийн үндэслэлгүй байна.

 7.Иймд анхан шатны шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 149/ШШ2023/00289 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН

Bottom of Form