Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01909

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01909

 

 

 

 

 

 

 

2023 10 30 210/МА2023/01909

 

Э.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 11-ний өдрийн 184/ШШ2023/03292 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Г-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 115,500,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Х-, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Г- бид нар найзын холбоотой бөгөөд түүний гэр бүлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 70,000,000 төгрөгийг, нэг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Тэрээр зээлсэн мөнгөө хугацаанд нь төлж чадахгүй бол алданги төлнө, мөн Чингэлтэй дүүргийн 123 тоот хаягт байх 367 м.кв газартай хашаа, 72 м.кв 2 өрөө хувийн сууцаа барьцаалсан.

Гэтэл хариуцагч нь зээлсэн мөнгөө хугацаанд нь өгч чадаагүй бөгөөд хүүтэй нь төлнө гэдэг боловч төлдөггүй өнөөг хүрсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70,000,000 төгрөг, 3 сарын хүү 10,500,000 төгрөг, алданги 35,000,000 төгрөг, нийт 115,500,000 төгрөгийг Д.Г-аас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Үндсэн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, хүү, алданги хасаад 70,000,000 төгрөг дээр эвлэрэх хүсэлтэй. Тухайн үед Ковид-19 цар тахлын улмаас хилийн хоригтой байсны улмаас мөнгийг өгч чадахгүй нөхцөл байдал бий болсон. Зээлийн хүү, алдангийг бууруулах эрх хэмжээ шүүхэд байгаа тул хүү, алдангиас бууруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Г-аас 115,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Х-т олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Д.Г-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 123 тоот хаягт байх, нэгж талбарын 00000000000000, улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай, 367 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байх, улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, 72 м.кв талбайтай, 2 өрөө хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.Х-аас 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод, хариуцагч Д.Г-аас 805,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Х-т тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан болон зээлийг хүлээн авсан талаар маргаагүй. Харин шүүхээс зээлийн гэрээний хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр зээлийн төлбөрийг хүүгийн хамт бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Манай зүгээс хүүгийн төлбөр болон үндсэн зээлийг төлөх тал дээр маргадаггүй бөгөөд гагцхүү алданги тооцох үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул алданги 35,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талаас зээлийн гэрээ болон барьцааны гэрээтэй холбоотойгоор маргадаггүй. Хүү 10,500,000 төгрөг, алдангид тооцсон 35,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэх гомдол нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Шүүхэд энэ талаар нотлох баримт гаргаж байгаагүй учир энэ талаарх шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Э.Х- нь хариуцагч Д.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 115,500,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 70,000,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2021 оны 12 сарын 17-ны өдрийн зээлдэгч зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Э.Х- нь 70,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Д.Г- нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хугацаанд буцаан төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчид 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаангүй байна. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ зээлийн хүүгийн хэмжээ илт өндөр, цар тахлын нөхцөл байдлыг харгалзан алдангиас чөлөөлөх үндэслэлтэй гэж тайлбарласан байх ба энэ нь талуудын маргааны зүйл болжээ.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж, хариуцагч Д.Г-аас зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

7. Харин хариуцагч 2023 оны 09 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд зээлийн хүүгийн хэмжээг багасгах агуулгатай тайлбар гаргасныг шүүх анхаараагүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан.

Талууд зээлийн гэрээгээр харилцан тохиролцон нэг сарын хүүг 5 хувиар тогтоосон байгаа нь зээлийн үйл ажиллагаа байнга эрхлэх эрх бүхий этгээдийн нийтэд санал болгосон зээлийн дундаж хүүгээс илт өндөр гэж үзэхээр байна.

Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээдийн зээлийн хүүгийн хэмжээ нь нийтэд илэрхий баримт бөгөөд банкнаас олгох бизнесийн зээлийн нэг сарын дундаж хүү 1.5-2.0 хувь, банк бус санхүүгийн байгууллагын олгох зээлийн нэг сарын дундаж хүү 2.59-3.2 хувь байна. Дээрх нөхцлийг харьцуулан үзээд, талуудын гэрээгээр тохирсон хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон гэх үндэслэлтэй тул хариуцагчийн хүсэлтээр зээлийн хүүг багасгах нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Ингээд хариуцагчийн зээлийн хүүгийн үүргийг банк бус санхүүгийн байгууллагын олгох зээлийн нэг сарын дундаж хүү болох 3,2 хувиар тооцвол, хариуцагч нь 70,000,000 төгрөгийн зээлд нэг сарын 2,240,000 төгрөг, 3 сарын хугацаанд 6,720,000 төгрөгийн хүү төлөхөөр байна. Иймд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон тооцооллын өөрчлөлт оруулна.

 

8. Талууд гэрээгээр анз тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Хариуцагч үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцон шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь алданги шаардахдаа үндсэн зээл 70,000,000 төгрөгийн 50 хувиар тооцсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Мөн хэргийн нөхцөл байдалтай харьцуулахад хуулиар тогтоосон анзын хэмжээнээс илт их гэх байдал тогтоогдоогүйн гадна хариуцагч эдийн засгийн чадавхи буурснаас зээл төлж чадаагүй гэх тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг хэрэглээгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийг буруутгаж, алдангид 35,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна. . Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Д.Г-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 123 тоот хаягт байх, нэгж талбарын 00000000000000, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай, 367 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, 72 м.кв талбай бүхий 2 өрөө хувийн сууц зэргийг барьцаалахаар харилцан тохиролцон гэрээ байгуулж, гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байна. /хх.../

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 123 тоот хаягтай, нэгж талбарын 00000000000000, улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай, 367 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт орших, улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, 72 м.кв талбайтай, 2 өрөө хувийн сууцыг тус тус албадан худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрт зохигч гомдол гаргаагүй тул эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 11-ний өдрийн 184/ШШ2023/03292 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Г-аас 111,720,000 гаргуулан нэхэмжлэгч Э.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,780,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын ...805,650 төгрөг... гэснийг 716,550 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ