Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01940

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01940

 

 

Н у и Э-ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/02579 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н у и Э-ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э Э А- ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 398,080,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүү, Х.Хатантөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвэгмид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь нисэх буудлын аэродромын хөөрч, буух зурвасын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, зорчигч болон авиа компаниудын нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор хөөрч, буух зурвас цэвэрлэх, зам талбай усалж, шүрших, цас цэвэрлэх зориулалт бүхий тусгай тоноглосон 0000000000х маркийн автомашиныг худалдах-худалдан авах гэрээг 2020 оны 03 сарын 10-ны өдөр Э Э А- ХХК-тай байгуулсан. Гэрээний үнэ 298,080,000 төгрөгийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн. Харин Э Э А- ХХК нь гэрээнд заасан үндсэн үүргээ зөрчиж зориулалтын дагуу ашиглах боломжгүй, биет байдлын буюу чанарын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн.

1.2. Талуудын хооронд байгуулагдсан цас цэвэрлэгээний автомашин худалдах-худалдан авах гэрээний хавсралтаар нийлүүлэх машиныг -40С болон +40С-т ажиллах, тус автомашин нь цасыг 98% цэвэрлэх үзүүлэлттэй, камаз КО-829А1 маркийн цас цэвэрлэгээний тусгай тоноглол бүхий эсхүл түүнтэй дүйцэхүйц 2019 оны шинэ автомашин байхаар тохиролцсон бөгөөд шүүр, хусуурын жин материал зэрэг техникийн хүчин чадлын нарийвчилсан үзүүлэлтүүд анхны техникийн шаардлагад тусгагдаагүй.

1.3. Манай компанийн хувьд тухайн машиныг доголдлын улмаас ашиглах боломжгүйгээс шалтгаалан 2021-2022 онд цас цэвэрлэгээний тусгай тоноглолтой автомашин тул Иргэний нисэхийн үндэсний төвтэй Тусгай зориулалтын автомашин түрээслэх гэрээг 2021 оны 11 сарын 05-ны өдрөөс 2022 оны 04 сарын 05-ны өдөр хүртэл байгуулж сарын төлбөрт 10,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан. Мөн 2022-2023 онд цас цэвэрлэгээний автомашин түрээслэх гэрээг дахин байгуулж 5 сарын хугацаанд 50,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээг байгуулан түрээсээр цасны автомашин ашиглаж, нийтдээ 100,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан.

1.4. Иймд Э Э А- ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 298,080,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах, Э Э А- ХХК гэрээний үүргээ зөрчсөний улмаас манай компани аэродромын цэвэрлэгээ, аюулгүй ажиллагааг ханган ажиллахын тулд 2021-2023 онд Иргэний нисэхийн үндэсний төвөөс 100,000,000 төгрөгөөр автомашин түрээслэн авч ажиллуулсан тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагчаас гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 100,000,000 төгрөг, нийт 398,080,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Анх 2020 оны 02 сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид ямар үзүүлэлттэй автомашиныг хэдэн төгрөгөөр худалдаж авах талаар үнийн саналаа бол явуулсан. Тухайн автомашины фото зураг нь авагдсан, техникийн үзүүлэлт нь танилцуулагатай байгаа ба уг танилцуулгатай нэхэмжлэгч танилцан энэ автомашиныг худалдан авах гэрээг байгуулагдсан.

2.2. Автомашиныг 2020 оны 06 сарын 29-ний өдөр хүлээлгэж өгсөн, мөн гэрээний биелэлт гэдэг хэсэгт төлбөрийг төлсөн гэрээнд заасан бүх тоног төхөөрөмжийг хүлээн авсан. Нэхэмжлэгч нь 3 доголдол ярьдаг. Цельсийн -40 хэмд ажиллах чадваргүй гэж байна. Энэ нөхцөлийг хариуцагч талаас 2021 оны 08 сарын 16-ны өдөр акт үйлдэж, автомашиныг хүлээлгэж өгөхдөө доголдлыг арилгасан. Мөн шүүрний асуудал нь сайжруулсан хаймеран металаар хийх боломжтой гэж хэлсэн, үйлдвэрлэгчээс шүүрийг төмрөөр хийх боломжгүй гэж тайлбар нь ирсэн. Нэхэмжлэгч хэдийгээр гэрээнээс татгалзаж болох ч хязгаарлагдмал байх ёстой.

2.3. Гэрээний үндсэн зүйл болох автомашинд ямар нэгэн доголдол байхгүй. Хоёр компани бол олон удаагийн хамтын ажиллагааныхаа хүрээнд автомашины үнэ болох 50 хувьд бэлнэ мөнгөөр 30 хувьд сэлбэг хэрэгслээр нийлүүлэх санал удаа дараа тавьж байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Э Э А- ХХК-аас 398,080,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н у и Э-ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2,148,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э Э А- ХХК-иас 2,148,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н у и Э-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг харгалзан үзээгүй. Талуудын хооронд үүссэн маргаанд хуулийг буруу тайлбарласнаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.2. Манай компани нь "Н у и Э-" ХХК-тай 2020 оноос эхлэн хамтран ажиллаж олон тооны автомашин, сэлбэг хэрэгсэл нийлүүлсээр ирсэн. Манай компаниас автомашиныг нэхэмжлэгч талд 2020 оны 06 сарын 29-ний өдөр гэрээ дүгнэсэн актаар хүлээлгэн өгсөн бөгөөд актад хэрэгт ач холбогдолтой дараах нөхцөлууд тусгагдсан. Үүнд:

- Гэрээнд заасан бүх тоног төхөөрөмжийг хүлээн авч холбогдох актыг үйлдэж, гарын үсгээр баталгаажуулсан.

- "Н у и Э-" ХХК-ийн захиалгаар Ажил гүйцэтгэх Дугаар: ТМ-ALM:2001 дугаартай гэрээнд заасан бүх тоног төхөөрөмжийг хүлээн авсан.

- Нийлүүлэгч компани тоноглосон автомашиныг 2020 оны 04 сарын 19-ний өдөр хүлээлгэж өгсөн ч захиалагч нь тухайн автомашины техникийн шаардлагад дурьдаагуй, нэмэлт нөхцлийг удаа дараа шаардсан. Энэ нь хутганы ирийг хатуу чанарын үйлдвэрийн резинээр солих, нэмэлт бэхэлгээ, 1 удаагийн техникийн үйлчилгээнд ашиглах сэлбэг хэрэгслийн хамт нийлүүлэх байсан. Нийлүүлэгч нь эдгээр ажлуудыг нэмэлт үнэ төлбөр, ажлын хөлсгүйгээр хийж гүйцэтгэн нэмэлтээр шаардсан бүх ажлын хамт 2020 оны 06 сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн.

4.3. Дээрх гэрээ дүгнэсэн актаас үзэхэд нэхэмжлэгч нь анхнаасаа автомашины танилцуулга, техникийн үзүүлэлтэд дурдаагүй, гэрээнд тусгаагүй нөхцлийг удаа дараа шаардсан нь илэрхийлэгддэг ба энэ нь "Э Э А-" ХХК-ийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 02/377 дугаартай албан бичигт ....Нийлүүлсэн автомашины шүүрэнд гарсан эвдрэл нь уг шүүрийн зориулалтын бусаар горимын дагуу ашиглаагүйгээс үүдэлтэй байх магадлалтай бөгөөд энэхүү эвдрэл нь үйлдвэрлэлийн доголдолд хамаарахгүй буюу баталгаат засварын бодлогод нийцэхгүй.... "Н у и Э-" ХХК-ийн инженер, техникийн ажилтнуудаас хуванцар шүүрийг төмөр троссон шүүрээр солих хүсэлт гаргасныг үйлдвэрлэгчээс тодруулахад дараах тайлбарыг ирүүлсэн..., Төмөр троссон шүүр нь автозам эвдэнэ ... мөн шүүр нь автомашины арал тэнхлэгт байрладаг тул төмөр шүүрээр солиход машины үндсэн эд анги гэмтэл учрах, ажлын бүтээмж муудах сөрөг үр дагавартай. Хэрэв зайлшгүй төмөр шүүрээр солих бол автомашины урд хэсэгт цас хусагчийн оронд байрлуулна" гэж хариулснаар нотлогдож байхад анхан шатны шүүх энэхүү албан бичгийн бүрэн агуулгыг тусгахгүйгээр хариуцагчийг доголдолтой бараа нийлүүлсэн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4.4. Хариуцагчаас нэхэмжлэгчид автомашиныг 2021 оны 03 сарын 11-ний өдөр хүлээлцэхэд шаардлагатай үзлэг хийж акт үйлдэн хүлээлгэн өгсөн ба энэхүү актад .... оврийн нэг гэрэл салсан, бинзен дачикны ажиллагаа хэвийн бус, хойд шүүр солих..." зэрэг шаардлагуудыг, мөн 2021 оны 08 сарын 16-ны өдөр Автомашин хүлээн авахад шаардлагатай үзлэг хийх актад "...цилиндр солих боломжгүй, шүүрний үзүүлэлтийг е-майлаар явуулах, хий дамжуулах тоноглолыг дулаалсан .... тавьсан гэж гэрээний зүйлийн ялимгүй зөрчлийн талаар дурдан автомашиныг хүлээлгэн өгсөн. Дээрх бага хэмжээний гэмтэлүүд нь автомашины үндсэн эд анги /мотор, кроп, явах эд анги/ хамааралгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.4.1-т зааснаар гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал байxaд шүүхээс доголдолтой автомашин нийлүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна.

4.5. Мөн талууд Автомашин бэлтгэн нийлүүлэх тухай гэрээгээр MNS 4598-2011,MNS 4599-2003 дугаартай стандартын шаардлага хангасан автомашиныг нийлүүлэхээр тохиролцсон байхад энэхүү шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоохгүйгээр хариуцагчийн CD дэх бичлэгийг баримтлан цэвэрлэгээний ажлыг дутуу хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр хариуцагчийн нийлүүлсэн автомашин нь үнэхээр цэвэрлэгээний ажлыг дутуу гүйцэтгэсэн талаарх хөндлөнгийн дүгнэлт байхгүй, зөвхөн нэхэмжлэгчийн баримтаар доголдолтой эд хөрөнгө гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

4.6. Нэхэмжлэгч анхнаасаа автомашиныг доголдолтой гэж буцаах хүсэлтээ илэрхийлэх боломжит хугацаа хангалттай байсан ч өнөөдрийг хүртэл автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй, нэхэмжлэгчийн эзэмшилд байгаагаас үзэхэд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол үүссэн нь тодорхойгүй байхад бусдаас автомашин түрээслэсэн төлбөрийг хариуцагчаас гаргуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн харуул хамгаалалт өндөр хэмжээнд байдаг ба хариуцагч нь засвар үйлчилгээ хийх бүртээ нэхэмжлэгчээс зөвшөөрөл авдаг байдлаар тогтоодоно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, хянан шийдвэрлэсэн. Хариуцагч тал шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй. Автомашины доголдлыг арилгасан боловч эргээд 2021 оны 08 сарын 13-ны өдөр тухайн автомашиныг авчирсан. Гэвч улирлын байдлаас шалтгаалан цас цэвэрлэх механизмыг туршиж үзэх боломжгүй байсан. 2021 оны 11 сард цас цэвэрлэх автомашиныг ажиллуулж үзэхэд шанага нь өргөгдөхгүй, шүүр нь ажиллахгүй, үс нь салж унасан байдалтай байсан. Иймд цаашид ашиглах боломжгүй тул цас цэвэрлэх автомашин түрээслэсэн. Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Н у и Э-ХХК нь хариуцагч Э Э А- ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 398,080,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн маргаж буй маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдалд дүгнэлт өгч, тодруулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Талуудын хооронд 2020 оны 03 сарын 10-ны өдөр зам шүүрдэгч, цас цэвэрлэгч автомашин нийлүүлэх худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болон худалдан авагч Н у и Э-ХХК нь гэрээний төлбөрт 298,080,000 төгрөгийг худалдагч Э Э А- ХХК-д төлсөн талаар зохигч маргаагүй. Харин худалдагч биет байдлын доголдолгүй автомашиныг худалдан авагчид хүлээлгэж өгсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Нэхэмжлэгчээс ...гэрээний үүргээ зөрчиж зориулалтын дагуу ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч татгалзлын үндэслэлээ ...гэрээнд заасан ердийн шаардлагыг хангасан автомашиныг нийлүүлсэн... гэж тус тус тодорхойлжээ.

 

6. Талуудын хооронд 2020 оны 03 сарын 10-ны өдөр байгуулсан Зам шүүрдэгч, цас цэвэрлэгч автомашин худалдах-худалдан авах гэрээний хавсралт, техникийн тодорхойлолт TM-ALM;2001-т заасан шаардлагыг хангасан автомашиныг хариуцагч нийлүүлээгүйн улмаас нэхэмжлэгч уг автомашиныг ашиглах явцад доголдол нь илэрсэн, эсхүл автомашиныг ашиглах явцад ашиглалтын байдалтай холбоотой доголдол үүссэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар зохигч шүүх хуралдааны явцад мэтгэлцээгүй байна.

Энэ нөхцөлд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдсон эсэхийг зайлшгүй дүгнэх учиртай. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй боловч хариуцагч гэрээний ямар үүргээ зөрчсөн нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэл болж байгаа, уг зөрчил нь гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлд хамаарах эсэхэд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст хэргийг хянан шийдвэрлэх байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.

 

7. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь зам шүүрдэх, цас цэвэрлэх зориулалт бүхий автомашиныг хариуцагчаас худалдан авахдаа техникийн хувьд ямар шаардлага хангасан автомашин байхаар тохиролцсон, уг шаардлагад нийцсэн автомашиныг хариуцагч нийлүүлсэн эсэхийг шүүх талуудаас тодруулж, энэ талаархи үйл баримтыг дүгнээгүй байна. Учир нь нэхэмжлэгч уг автомашиныг ашиглах явцад автомашины цас шүүрдэгч шүүр салж унасан, цас хусагч нь цасыг бүрэн цэвэрлэхгүй байсны улмаас хуванцар шүүрийг төмөр шүүрээр солих, цас хусагчийн ирийг хатуу чанарын ирээр солих зэрэг шаардлага тавьсан нь нэмэлт шаардлага эсэх, эсхүл техникийн шаардлагын дагуу шаардаж байгаа эсэхийг тодорхойлсноор талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг зөрчигдсөн эсэхийг дүгнэх боломжтой юм.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээ, техникийн шаардлагын дагуу нийлүүлэгдсэн автомашин нь монголын цаг агаарын нөхцөлд нийцээгүйн улмаас ажиллах боломжгүй болсон, эсхүл нэхэмжлэгч автомашиныг техникийн шаардлагын дагуу ажиллуулж чадаагүйн улмаас эвдрэл үүссэн эсэхийг хөдөлбөргүй тогтоох нь хэрэгт нотолгооны ач холбогдолтой гэж үзэхээр байна.

8. Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/02579 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагчийн 2,148,350 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Э.ЭНЭБИШ