Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 137/2017/00022/И |
Дугаар | 001/ХТ2017/00883 |
Огноо | 2017-06-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2017/00883
Ц.Чулуундаваагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 137/ШШ2017/00106 дугаар шийдвэр,
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 202/МА2017/00011 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Ц.Чулуундаваагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Т.Бадамдолгорт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5 940 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 250 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь Т.Бадамдолгорт 2015 оны 4 дүгээр сарын 14-нд үндсэн зээл 3 500 юань ороод 1 700 000 төгрөгийг 20 хувийн хүүтэй 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд зээлдүүлсэн.
Зээлийн хүүнд 1 700 000 төгрөг төлөөд үндсэн зээлээ төлөөгүй. Зээлийн хүү 340 000х20 сар= 6 800 000, алданги 850 000 төгрөг, нийт 8 480 000 төгрөг гаргуулахаас 5 940 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үндсэн зээл 3 500 юанийг юанаар нь авна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Ц.Чулуундаваагаас 3 500 юань зээлээгүй болно. Нэхэмжлэлд дурдаж байгаа 3 500 юанийг иргэн Чулуундаваагийн түр хамтран амьдарч байсан Цэцэгмаагаас авсан. 2015 оны 4 дүгээр сарын 14-нөөс 2015 оны 5 дугаар сарын 14-нд үндсэн зээл болох 3 500 юанийг 1 сарын хүү болох 180 000 төгрөг өгсөн.
Энэ хугацаанд үндсэн зээл болох 3 500 юань буюу 1 000 000 төгрөгийг өгч чадаагүй тул шахалтаар 1 700 000 төгрөг болгон төлж өгнө гэсэн бичиг хийлгэж авсан.
3 500 юанийг төлж дуусгасан. Уг нь 3 500 юанийг зээлэхэд гэрээ хэлцэл хийгдээгүй, итгэлцлийн журмаар зээлсэн. Үүнд хүү, торгууль, алдангийн талаар дурдаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
2014 оны 6 дугаар сарын 15-нд 1 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай гар дээрээ авсан. Тухайн үед бидний хооронд ямар нэгэн байдлаар бичгээр гэрээ хийгээгүй, амаар тохиролцож 2 сарын дараа өгөхөөр тохирч авсан. Ингэж тохирч авахдаа мөнгө олж өгсөнд баярлалаа гээд 100 000 төгрөг өгөөд миний хувьд хугацаа дуусахад нийт 1 350 000 төгрөгийг төлсөн бөгөөд анх мөнгө авахдаа 100 000 төгрөг, дараа нь Эрээн хотоос орж ирээд 80 000 төгрөг, дараа 1 170 000 төгрөг өгч төлж дуусгасан. Чулуундаваа миний төлсөн дээрх мөнгийг тухайн үед авахдаа ингээд зээлсэн төлбөр тооцоо дууссан гэж авч байсан мөртлөө үндсэн зээлээс хасахгүйгээр одоо зээлийн хүүд тооцож авсан гэж иргэн намайг илт хохироож байна.
Иргэний хуульд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх ба дээрх гэрээ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, зээлийн гэрээний хүүд илүү төлсөн 250 000 төгрөгийг Ц.Чулуундаваагаас гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр бид 2 ярьж тохироод зээлийн гэрээ хийсэн. Сөрөг нэхэмжлэлд бичсэн 1 350 000 төгрөгийг надад өгөөгүй гэжээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 137/ШШ2017/00106 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Т.Бадамдолгороос зээлийн гэрээний үүрэгт 6 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 934 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Чулуундаваа, хариуцагч Т.Бадамдолгор нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 46 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 42 150 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 202/МА2017/00011 дүгээр магадлалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 137/ШШ2017/00106 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...6000...,” гэснийг “891 000” гэж, “...5 934 000...” гэснийг “5 049 000” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Т.Бадамдолгорын “2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, илүү төлсөн 250 000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “...4550...” гэснийг “25 934” гэж тус тус өөрчилж, мөн заалтаас “...42 150 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгосугай” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Чулуундаваагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.
Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Нэхэмжлэгч Ц.Чулуундаваа хариуцагч Т.Бадамдолгор нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 15-нд амаар тохиролцож тэдний хооронд 1 000 000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Ингээд хариуцагч Т.Бадамдолгорыг зээлсэн мөнгөө эргүүлэн төлөхгүй гэдэг шалтгаанаар хариуцагчийн унаж явсан машины түлхүүрийг булаан авч барьцаалан тухайн зээлсэн 1 000 000 төгрөг дээр түүний хүү гэж 700 000 төгрөгийг нэмж бичүүлэн гэрээ хийхийг шаардсан нь зохигчдын хэн хэнийх нь анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудаар тогтоогддог юм. Ингээд 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа хариуцагч нь бусдаас өдрийн түрээсээр авсан машиныг унаж явсан байдаг ба хариуцагчийн машины түлхүүрийг гэрээ хийж гарч ирсний дараа өгсөн, хариуцагч нь нэхэмжлэгчийн шахалт, дарамтад орж тус өдөр зээлийн гэрээ байгуупсан нь Иргэний хуульд заасан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болж байна. Иргэний хуульд зааснаар талууд гэрээг байгуулахдаа хэн нэгний дарамт шахалтгүй, гэрээний хоёр тал хүсэл зорилгоо чөлөөтэй илэрхийлж байгуулахыг хэргийн байдалд анхан шатны шүүхээс зөв үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.
Давж заалдах шатны шүүхээс хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч Ц.Чулуундаваагийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан хэмжээг нэмэгдүүлсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч Ц.Чулуундаваа нь хариуцагч Т.Бадамдолгорт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан байна. Хариуцагч Т.Бадамдолгор нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзсанаас гадна нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, илүү төлсөн төлбөрийн буцаан гаргуулахаар нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг шаардлага гаргажээ.
Зохигчдын хооронд 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч гэрээний зүйл болох 3 500 юань буюу 1 260 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч Т.Бадамдолгор зээлийн хүүд 1 354 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээг нөхөж бичгээр байгуулсан байна.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээ, агуулгыг магадлалдаа тодорхой тусгасан байна.
Нөгөө талаар, шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3., 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, зээлдэгч Т.Бадамдолгорын гэрээний дагуу хүлээх үүргийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон байна.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсхүл хүчин төгөлдөр бусад тооцох Иргэний хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх ямар хуулийн зохицуулалтыг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг хэрхэн зөрчсөн талаар хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо заагаагүй, гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаарахгүй байх тул гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 202/МА2017/00011 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН