Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/0042

 

 

“М п м г” ХХК-ийн 

нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      Ц.Цогт

Танхимын тэргүүн:    Ч.Тунгалаг

Шүүгчид:                    М.Батсуурь

              П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0090 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 265 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 259 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Алтантуяа, Д.Эрдэмбилэг нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “М п м г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдуулан “М п м г” ХХК-ийн албан татварын тооцооллыг хянаж, албан татварыг 36,925,874 төгрөгөөр илүү тодорхойлсон хэсгийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, уг захиргааны актын улмаас албан татварт илүү төлсөн 36,925,874 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэргийн нөхцөл байдал:

2. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын дэд даргаас 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/1227, 01/1228 дугаар албан бичгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6-д заасны дагуу 60,000,000 төгрөгийг эрх борлуулсны орлогын албан татвар төлсөн болохыг тодорхойлжээ.

3. Нэхэмжлэгчээс “...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс тусгай зөвшөөрлийг авах үед төрд төлсөн төлбөрийн дүнг хасалгүй татвар ногдуулах орлогыг тодорхойлсон, том татвар төлөгчийн газрын эрдэс баялгийн татварын тасаг нь татварын ногдлыг хянаж, тодорхойлохдоо буруу тооцоолол хийсэн, албан татварыг хуульд заасны дагуу зөв тодорхойлоогүй, эрх зүйн хувьд зөрчилдөөнтэй шийдвэр гаргах үйл ажиллагаа явуулсан, үүний улмаас илүү төлөлт хийж, мөнгөн хөрөнгийн хохирол учирсан...гэж тайлбарлан маргасан.

3.1. Хариуцагчаас “...нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлт, баримтыг хянаж үзэхэд, тусгай зөвшөөрлийн үнэлгээ нь өртөгт суурилсан аргаар тооцоолоход 369,509,000 төгрөг, гэрээний үнэ 600,000,000 төгрөг болсон. Татвар төлөгч татварын ногдлоо өөрөө тодорхойлон төлдөг бөгөөд Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээг өртөгт суурилсан аргаар тодорхойлохдоо аргачлалын 5.1-д заасан зардлаар тооцоолоогүй, гэрээний үнийн дүнгээр тооцон татвар төлөн ирүүлснийг үндэслэн Том татвар төлөгчийн газраас 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/1227, 01/1228 албан бичгээр холбогдох газруудад татвар төлсөн талаар тодорхойлолт өгсөн, журмын 3.2-т заасны дагуу татвар төлөгчийн тусгай зөвшөөрлийн үнэлгээ гэрээний үнээс бага байсан учир гэрээний үнэлгээгээ барьсан, хасагдах зардлын талаар энэ журамд байхгүй тул гэрээний үнээс хасаж тооцохгүй, татвар ногдох орлогыг гэрээний үнээр тооцсон тул тодорхойлолт нь хуульд нийцсэн гэж шүүхэд тайлбар гаргажээ.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: 1 дэх заалтаар Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 75 дугаар зүйлийн 75.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, 30.3.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М п м г” ХХК-иас Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж албан татварын тооцооллыг хянаж, албан татварыг 36,925,874 төгрөгөөр илүү тодорхойлсон хэсгийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, албан татварт илүү төлсөн 36,925,874 төгрөгийг хариуцагчаас гаргуулж,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0090 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзийгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

7. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах гомдол гаргасан. Үүнд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

7.1. Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”-ын 3.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээний үнэ бол тусгай зөвшөөрлийн үнэлгээний нэг хэлбэр мөн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1-т “төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн бармтаар нотлогдох төлбөр, хураамж”, 18.7.2-т “бусдаас худалдаж, шилжүүлж авсан тохиолдолд хэлцлийн дагуу худалдах, шилжүүлэн авахад төлсөн, шилжүүлсэн баримтаар нотлогдох төлбөр” гэжээ.

7.2. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг ямар аргачлалаар тодорхойлсноос үл хамааран хуульд заасан хасагдах зардлуудыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох журамтай. Энэ нь татвар төлөгчдөд ижил хууль үйлчлэх эрх зүйн зарчим ба Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн албан татвар ногдох орлогоос хасагдах зардлын нийтлэг зохицуулалтад нийцсэн. Гэтэл хариуцагчийн төлөөлөгчид зөвхөн тусгай зөвшөөрлийн үнэлгээг өртөгт суурилсан аргаар тодорхойлсон бол хасагдах зардлуудыг хасаж татварын ногдлыг тодорхойлох журамтай, харин  гэрээний үнэлгээнд үндэслэн тодорхойлсон бол хасагдах зардлуудыг хасаж тооцохгүй гэсэн үндэслэл зааж, түүнийг нь давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэл болгосон нь хууль буруу хэрэглэхэд хүргэжээ.

ХЯНАВАЛ:

8. Дараахь үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

9. “М п м г” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зарласан Төв аймгийн Б сумын нутаг 1784.47 га бүхий Нарт уул нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ-51-23 кодтой сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, 2021 оны 05 сарын 27-ны өдөр сонгон шалгаруулалтын босго үнэд 8,030,115 төгрөг[1], 2021 оны 07 сарын 19-ний өдөр үнийн саналын зөрүүд 357,969,885 төгрөг[2], 2021 оны 07 сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт 259,000 төгрөг[3] болон эрх олгох үйлчилгээний хөлс[4] 3,000,000 төгрөг[5] (нийт:369,258.748.15)-ийг төлснөөр, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 269 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Б сумын нутаг Нарт уул нэртэй газарт 1784.47 гектар талбайд XV-021829 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.

10. “М п м г” ХХК 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн MPMG-21/007 дугаар бүхий “Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах гэрээ”-г “А м” ХХК-тай байгуулж, XV-021829 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогын албан татварыг тодорхойлж төлөхдөө Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар батлагдсан Аргачлалын 1 дүгээр хавсралтын “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээг өртөгт суурилсан аргаар тодорхойлох маягт”-ыг[6] бөглөж, гэрээний үнийн дүнгээс (600,000,000 төгрөг) тооцон татварт 60,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төлсөн байна.

11. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын дэд даргын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/1227, 01/1228 дугаар албан бичгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6-д заасны дагуу 60,000,000 төгрөгийг эрх борлуулсны орлогын албан татвар төлсөн болохыг тодорхойлжээ.

12. “М п м г” ХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын даргад хуульд заасны дагуу татварыг зөв тодорхойлоогүйгээс илүү төлөлт хийсэн талаар гомдол гаргаж, тус газраас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/1580 дугаар албан бичгээр “... харилцан хамааралтай этгээд нь тогтоогдоогүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д заасны дагуу хасагдах зардлыг тооцооллын дүнгээс хасаж тооцоход гэрээний үнэ болон тооцооллын дагуу зөрүү 20-оос дээш хувь байгаа тул аргачлал журмын дагуу гэрээний үнээр татвар ногдуулсан болно” гэх хариу өгсөн байна.

13. Нэхэмжлэгч компаниас “... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс тусгай зөвшөөрлийг авах үед төрд төлсөн төлбөрийн дүнг хасалгүй татвар ногдуулах орлогыг тодорхойлсон, татварын ногдлыг хянаж, тодорхойлохдоо буруу тооцоолол хийсэн, албан татварыг хуульд заасны дагуу зөв тодорхойлоогүй, эрх зүйн хувьд зөрчилдөөнтэй шийдвэр гаргах үйл ажиллагаа явуулсан, илүү төлөлт хийж, мөнгөн хөрөнгийн хохирол учирсан” гэж маргажээ.

Хууль хэрэглээний хувьд:

Энэ хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай эрх зүйн асуудал нь:

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1 болон 18.8, 30 дугаар зүйлийн 30.6-д заасан өрсөлдөөнт хэм хэмжээг аль тохиолдолд хэрхэн хэрэглэх эсэх тухай байна.

 14. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна:” 10.1.2-т “төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого” гэж заасан; Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагаас олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн /хайгуул/ эрхийг борлуулж, шилжүүлсэн орлого нь хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод хамаарахаар байна.

15. Дээрх хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо ямар баримтыг үндэслэж, хэрхэн тооцох талаар мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Энэ хуулийн 10.1.2-т заасан эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо тухайн эрхийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлно:” 18.7.1-т “төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж;” гэж заасан байна.

16. Хуулийн дээрх зохицуулалтыг маргааны үйл баримтад авч үзвэл, нэхэмжлэгч компани нь XV-021829 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо “сонгон шалгаруулалтад орж, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж”-д төлсөн зардлуудыг тухайн эрхийн үнэлгээнээс хасаж тодорхойлохоор заасан тул сонгон шалгаруулалтын үнийн саналын зөрүүд төлсөн 357,969,885 төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөгийг (хасагдах зардал нийт: 360,969,885 төгрөг) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-т заасанд хамруулан, хөрөнгө борлуулсны албан татвар ногдуулах орлогыг тооцох учиртай.

17. Тухайлбал, хөрөнгө борлуулсны албан татвар ногдуулах орлогыг тооцоолоход: “Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах гэрээ”-ний үнийн дүн болох 600,000,000 /зургаан зуун сая/-ээс сонгон шалгаруулалтын саналын зөрүүд төлсөн төлбөр 357,969,885 төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсөнд төлсөн хураамж 3,000,000 төгрөгийг (хасагдах нийт зардал: 360,969,885 төгрөг)-ийг тус тус хасаж албан татвар ногдуулах орлогыг 239,030,115 төгрөгөөр тодорхойлж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т зааснаар тус орлогод 10 хувиар тооцож 23,903,011.5 төгрөгийн татвар ногдуулахаар байна. Иймд, хариуцагчийн аргачлал баримтлан гэрээний үнийн дүнгээс 10 хувиар тооцож албан татварыг тодорхойлсон үйлдэл нь хуульд нийцээгүй тул нэхэмжлэгч компанийг 36,096,989 төгрөгийн татвар илүү төлсөн гэж үзэхээр байна. 

18. Харин давж заалдах шатны шүүхийн “Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-т зааснаар “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгох бөгөөд уг төлбөрийг төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн төлбөр гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн төлсөн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр (эхний жилийн 259,000) нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-т заасан хасагдах зардалд хамаарахгүй.

19. Анхан шатны шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, 30.3.1, Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”-ын 3.2-т, “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам”-ын 3.1, 3.2; заалтуудыг үндэслэн төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдож буй төлбөр хураамжийг хасаж тооцоогүй нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг хуульд зааснаас илүү хэмжээний татвар төлөхөд хүргэсэн хууль бус шийдвэр болсон …” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралгүй дээрх зохицуулалтыг хэрэглэсэн; давж заалдах шатны шүүхээс уг хууль хэрэглээний асуудлыг зөвтгөн дүгнэх байтал эсрэгээрээ хэрэглэх ёсгүй  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6, 30.10, 30.11, Аргачлалын 5.1, 3.1, 3.2, 3.3 дахь заалтыг үндэслэн “... нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн эрх худалдан борлуулсны албан татвар ногдуулах дүнг гэрээнд заасан дүнгээс өөрөөр тодорхойлж шилжүүлсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн ... гэрээгээр мэдүүлсэн үнийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлийг борлуулсан орлогод 10 хувийн татвар ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй ... ” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний алдаатай болсон.

 20. Шүүхүүд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д “Газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлоход энэ хуулийн 30.6-д заасан аргачлалыг баримтална” гэж зааснаар батлагдсан аргачлалыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

21. Учир нь, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Татварын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж зааснаар татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэж буй аливаа эрх зүйн акт, тэр дундаа аргачлал нь хуульд нийцсэн байх учиртай бөгөөд нэгэнт хууль тогтоогч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-т албан татвар ногдуулах орлогыг хэрхэн (эрх борлуулсан, шилжүүлсэн орлогод) тодорхойлох талаар салаа утгагүй шууд заасан, энэ тохиолдолд аргачлалыг хуулийн энэхүү заалтад нийцүүлэн хэрэгжүүлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан “хуульд үндэслэх” болон Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:” гээд 76.1.1-т “хууль дээдлэх”, 76.6-д “Татварын алба бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон ажиллах бөгөөд татварын алба энэ үүргээ хэрэгжүүлэхгүй бол татвар төлөгч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасантай нийцнэ.

22. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хяналтын шатны шүүх хуралдаанд “... нэхэмжлэгч маягт дээр гэрээний үнийн дүнгээр татвараа тодорхойлон ирүүлсэн тул аргачлалд заасныг баримталсан, хасаж тооцоолон татвараа тодорхойлон ирүүлсэн бол албан татварыг ногдуулах орлогоос төрийн байгууллагаас эрх авсантай холбоотой зардлуудыг хасаж тооцох боломжтой” гэх байдлаар зөрүүтэй тайлбарууд гаргаж байгаа хэдий ч нэхэмжлэгчээс албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох маягтыг зөв буруу мэдүүлсэн эсэхээс үл хамааран эрх борлуулсан, шилжүүлсэн орлогод албан татварыг ногдуулахад хасагдах зардлын талаар хуульд тусгайлан заасантай нийцүүлэлгүйгээр аргачлалыг баримтлан татвар ногдох орлогыг тодорхойлсноор татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

23. Иймд, анхан шатны шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1 дэх заалтыг тайлбарлаж хэргийг шийдвэрлээгүйн улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны албан татвар ногдуулах орлогыг буруу тодорхойлсон байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан (энэ тогтоолын 18 дахь хэсэг)  өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 265 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0090 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыгТатварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 75 дугаар зүйлийн 75.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М п м г” ХХК-иас Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, албан татварын тооцооллыг хянаж, албан татварыг 36,096,989 төгрөгөөр илүү тодорхойлсон хэсгийг хууль бусад тооцож, хүчингүй болгон, албан татварт илүү төлсөн 36,096,989 төгрөгийг хариуцагчаас гаргуулсугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М п м г” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ЦОГТ    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                 М.БАТСУУРЬ

                                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ

    Х.БАТСҮРЭН

 

 

[1] Хавтаст хэргийн 21-р хуудас.

[2] Хавтаст хэргийн 22-р хуудас.

[3] Хавтаст хэргийн 20-р хуудас.

[4] Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайдын 2017.07.25-ны өдрийн “Үйлчилгээний хөлс тогтоох тухай” А/161 тушаал, түүний хавсралт.

[5] Хавтаст хэргийн 23-р хуудас.

[6] Хавтаст хэргийн 61-р хуудас.