Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0265

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Монгол” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А, Д.Э нар

Нэхэмжлэгч: “Монгол” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: ““Монгол” ХХК-ийн албан татварын тооцооллыг хянаж, албан татварыг 36,925,874 төгрөгөөр илүү тодорхойлсон хэсгийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, уг захиргааны актын улмаас албан татварт илүү төлсөн 36,925,874 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А, Д.Э нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0899/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Монгол” ХХК нь “Татварын ерөнхий газрын “Монгол” ХХК-ийн албан татварын тооцооллыг хянаж, албан татварыг 36,925,874 төгрөгөөр илүү тодорхойлсон хэсгийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, уг захиргааны актын улмаас албан татварт илүү төлсөн 36,925,874 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 75 дугаар зүйлийн 75.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, 30.3.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монгол” ХХК-аас Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, албан татварын тооцооллыг хянаж, албан татварыг 36,925,874 төгрөгөөр илүү тодорхойлсон хэсгийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, албан татварт илүү төлсөн 36,925,874 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

4. Нэхэмжлэлийн агуулгад: Нэхэмжлэгч тал лиценз шилжүүлэхдээ гэрээний үнэлгээгээр татвар ногдуулсаар байтал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс татвар тооцдог үед ашиглагддаг хасагдах зардлыг хасч тооцох байсан гэж бичсэнийг шүүх хууль буруу хэрэглэсэн талаар:

4.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.2-т “Харин дээрх 302 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод татвар ногдуулах журам”-ын 3.1-т “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.7, 30.3-д заасан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж, татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 3.2-т “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.7.1, 30.3.1 дэх заалтыг төлбөр төлснийг нотолсон холбогдох төрийн байгууллагын баримт, эсхүл тухайн төрийн байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдийн албан тодорхойлолтыг үндэслэн хэрэгжүүлнэ” гэж тус тус заажээ.

4.2. Үндэслэх нь хэсгийн 4.3-т “Энэ тохиолдолд хариуцагч нь дээрх тушаалын 1 дүгээр хавсралтад заасан аргачлалын дагуу тусгай зөвшөөрлийн үнэлгээг тодорхойлсны үндсэн дээр уг үнэлгээнээс 2 дугаар хавсралтад заасан журмын дагуу хасагдвал зохих зардлыг хасч татвар ногдох орлогыг тодорхойлохоор байна. Гэтэл хариуцагч нь тусгай зөвшөөрлийг анх авахдаа төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдож буй төлбөр, хураамжийг хасч тооцоогүй нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хуульд зааснаас илүү хэмжээний татвар төлөхөд хүргэсэн хууль бус шийдвэр болжээ” гэсэн хэсэгт дараах хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн. Үүнд:

4.3. “Монгол” ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 21/054 дүгээр албан бичгээр тодорхойлолт хүсэх албан бичгийг тус татварын газарт ирүүлсэн. Манай газраас тус аж ахуй нэгж байгууллагын ирүүлсэн хүсэлт болон холбогдох баримт материалыг хянаж үзэхэд тусгай зөвшөөрлийн үнэлгээ нь өртөгт суурилсан аргаар тооцоолоход 369.509.000.00 төгрөг, гэрээний үнэ 600.000.000.00 төгрөг болсон. Татварын албаны зүгээс “Монгол” ХХК-ийн татварын ногдлыг шалгаж баталгаажуулахдаа дараах хууль, холбогдох дүрэм журмыг баримталсан болно. Үүнд:

4.3.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль: Татвар төлөгчийн эрх шилжүүлсэн орлогод гэрээгээр тооцох үндэслэл нь, энэ хуулийн 30.1-д заасан эцсийн эзэмшигч нь .... 30.3, 30.4, 30.5, 30.6-д заасны дагуу тооцсон эрх борлуулсан, шилжүүлсний орлогын зөвхөн аль өндөр дүнтэй орлогод холбогдох албан татварыг ногдуулна. Бага дүнтэй орлогыг албан татвараас чөлөөлнө. гэж заасны дагуу, мөн Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт, Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалын Гурав. “Хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох” журмын 3.2-т “Харилцан хамааралгүй этгээдэд борлуулсан, шилжүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэд үндэслэн тооцно” гэж заасны дагуу тус аж ахуй нэгж байгууллагын ирүүлсэн хүсэлт болон холбогдох баримт материалыг хянаж үзэхэд тусгай зөвшөөрлийн үнэлгээ нь өртөгт суурилсан аргаар тооцоолоход 369.509.000.00 төгрөг, гэрээний үнэ 600.000.000.00 төгрөг болсон тул дээрх холбогдох хуулийн заалтын дагуу гэрээний үнийг татвар ногдох орлогоор авсан.

4.3.2. Хамгийн гол нь холбогдох татварын тооцооллыг гаргахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д “Газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлоход энэ хуулийн 30.6-д заасан аргачлалыг баримтална.”, мөн хуулийн 30.6 дугаар зүйлд “Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах тохиолдолд татварын орлогыг тодорхойлохдоо Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”-ын 3.2-т “Харилцан хамааралгүй этгээдэд борлуулсан, шилжүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэд үндэслэн тооцно” гэсэн хуулийн дагуу гэрээний үнээр тооцож, 60,000,000.00 төгрөгийн татвар ногдуулсан.

4.4. Харин шүүхийн шийдвэрт тусгагдсан хасагдах зардлууд нь уг татвар ногдуулах орлогыг тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс татвар ногдуулсан үед хэрэглэдэг нь дараах хууль, холбогдон гарсан журмын зохицуулалтаар харагдаж байна. Үүнд:

4.4.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “Эрх борлуулсан, шилжүүлсний албан татвар ногдуулах орлогын суурийг энэ хуулийн 30.6-д заасан журмын дагуу тооцсон тухайн эрх, тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлно:”, 30.3.1-д “төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж;”, 30.3.2-т “бусдаас худалдаж, шилжүүлж авсан тохиолдолд хэлцлийн дагуу худалдах, шилжүүлэн авахад төлсөн, шилжүүлсэн баримтаар нотлогдох төлбөр” гэж заасан. Энэхүү заалт нь нийтлэг зохицуулалт бөгөөд харин тус этгээд Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөө шилжүүлэх үед тусгайлсан заалт болох тус хуулийн 30.6-д зааснаар тодорхойлох талаар заасан тооцно. Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалын 3.5-д “Татвар төлөгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрээний үнэ болон энэ аргачлалд заасан тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох аргын дагуу тооцсон тооцоолол, холбогдох баримт бичгийг татварын албанд мэдүүлнэ” гэж заасан тул гэрээний үнэ бус тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс л хасагдах зардлыг тооцно Шүүх дээрх заалтыг барьсан нь хуулийг буруу хэрэглэж, татвар төлөгчийн хууль ёсны дагуу төлсөн гэрээний үнээр татварыг тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс татвар ногдуулдаг тооцоололтой адилтгаж үзэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

5. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 5-д “Шүүхийн шийдвэрийн ...тусгай зөвшөөрлийн төлбөрийг өртөгт суурилсан аргаар тодорхойлох маягтыг бөглөж хүргүүлсэн, ингэхдээ хасагдах зардлыг худалдах, худалдан авах гэрээний нийт үнээр тодорхойлсон байхад хариуцагч захиргааны байгууллага нь уг зардлын дүнгээр татвар ногдох орлогыг тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, энэхүү маягтад хасагдах зардлыг 600,000,000 төгрөг гэсэн атлаа, ижил дүн бүхий худалдах, худалдан авах гэрээг хүргүүлснээс үзвэл, татвар ногдох орлого нь 0-тэй тэнцүү байж болзошгүй, эсхүл гэрээний үнэ нь ... 2 дахин их байж болзошгүй илт зөрүүтэй... гэсэн байна

5.1. Үүнд аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрлийн төлбөр биш үнэлгээг өртөгт суурилсан аргаар тодорхойлсон маягтад хасагдах зардлыг огт тодорхойлоогүй.

5.2. Тусгай зөвшөөрлийн үнэлгээг 600,000,000.00 төгрөг гэж маягтаа бөглөж ирүүлсэн. Хавсаргасан төлбөрийн баримтуудаар тусгай зөвшөөрлийн үнэлгээг татварын алба тооцсон. Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалын 3.3. “Энэ аргачлалын 3.2-т зааснаар татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэ нь доор дурдсаны дагуу тооцсон үнэлгээнээс 20 ба түүнээс дээш хувиар бага тохиолдолд энэ заалтад заасан аргачлалын дагуу тодорхойлсон үнээр тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцно" гэж заасны дагуу гэрээний үнэ нь тооцооллоос 20 хувиас дээш хувиар бага тул гэрээний үнээр татвар ногдуулсан.

5.3. Иймд тус шүүхийн шийдвэр нь ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын эрх шилжүүлэхтэй холбоотой татварын тооцооллыг тооцож, татварыг 60,000,000 байсныг 23,074,19.00 төгрөг болгож тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс хасдаг зардлыг гэрээний үнээс хасч тооцсон тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Жич: төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж гэдэгт Сонгон шалгаруулалтын босго үнэ, босго үнийн зөрүү, үйлчилгээний төлбөр орно. Харин тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр нь жил бүр заавал төлөх ёстой төлбөрт ордог тул эрх авахтай холбоотой гарсан зардал биш юм. Тухайн байгууллагын хувьд 258,748.15 төгрөг нь хасагдах зардалд хамаарахгүй” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

3.1. Нэхэмжлэгч “Монгол” ХХК нь Татварын ерөнхий газарт холбогдуулан ““Монгол” ХХК-ийн албан татварын тооцооллыг хянаж, албан татварыг 36,925,874 төгрөгөөр илүү тодорхойлсон хэсгийг хууль бусд тооцуулж, хүчингүй болгуулах, уг захиргааны актын улмаас албан татварт илүү төлсөн 36,925,874 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-аар маргасан бөгөөд Татварын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/1228 дугаар албан бичгээр “Монгол” ХХК-ийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6-д зааснаар 3210704129412 тоот нэхэмжлэлийн дагуу 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нийт 60.000.000 /жаран сая/ төгрөгийн эрх борлуулсны орлогын албан татвар төлсөн болохыг тодорхойлжээ.

3.2. Анхан шатны шүүх “...хариуцагч нь дээрх тушаалын 1 дүгээр хавсралтад заасан аргачлалын дагуу тусгай зөвшөөрлийн үнэлгээг тодорхойлсны үндсэн дээр уг үнэлгээнээс 2 дугаар хавсралтад заасан журмын дагуу хасагдвал зохих зардлыг хасаж татвар ногдох орлогыг тодорхойлохоор байна. Гэтэл хариуцагч нь тусгай зөвшөөрлийг анх авахдаа төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдож буй төлбөр, хураамжийг хасаж тооцоогүй нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг хуульд зааснаас илүү хэмжээний татвар төлөхөд хүргэсэн хууль бус шийдвэр болжээ” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч “Монгол” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, албан татварын тооцооллыг хянаж, албан татварыг 36,925,874 төгрөгөөр илүү тодорхойлсон хэсгийг хүчингүй болгож, албан татварт илүү төлсөн 36,925,874 төгрөгийг хариуцагчаас гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

3.3.  Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зарласан тусгай зөвшөөрөл олгох СШ-51-23 кодтой сонгон шалгаруулалтад оролцон 79.67 оноо авч шалгаран Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 269 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Борнуур сумын нутагт орших Нарт уул нэртэй солбицол бүхий 1784.47 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Монгол” ХХК-д олгож, сонгон шалгаруулалтын үнийн саналын зөрүүнд 357.969.885 төгрөг, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт 258.748,15 төгрөг, тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсөнд 3.000.000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ч талууд энэ талаар маргаагүй.

3.4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6-д “Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 30.10-т “Энэ хуулийн 30.4-т заасны дагуу тодорхойлсон албан татвар ногдуулах орлогод 10 хувиар албан татвар ногдуулна”, 30.11-т “Энэ хуулийн 30.10-т заасны дагуу ногдуулах албан татварыг тухайн эрх эзэмшигч ногдуулж, 30 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн эрх худалдан борлуулсны албан татвар ногдуулах дүнг гэрээнд заасан дүнгээр өөрөө тодорхойлж, 60.000.000 төгрөгийг төсөвт шилжүүлсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцжээ.

3.5. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний 302 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”-ын 5.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг өртөгт суурилсан аргаар тооцохдоо геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хянасан хайгуулын ажлын жил бүрийн тайлан дахь хайгуулын ажлын зардлын нийлбэрийг аргачлалын 1 дүгээр хавсралтад байгаа хүснэгтийн дагуу холбогдох үржүүлэгчээр үржүүлж гаргасан дүн болон бусад зардлуудын нийлбэр дүнгээр тодорхойлно” гэж зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээд эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн үнэлгээг өртөгт суурилсан үнэлгээний аргачлалын дагуу өөрөө тодорхойлохоор байх бөгөөд уг журмын 3.1-д “Харилцан хамааралтай этгээдэд борлуулсан, шилжүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг доор дурдсаны дагуу тооцсон үнэлгээ ба татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнийн аль өндрөөр тооцно:”, 3.2-т “Харилцан хамааралгүй этгээдэд борлуулсан, шилжүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэд үндэслэн тооцно”, 3.3-т “Энэ аргачлалын 3.2-т зааснаар татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэ нь доор дурдсаны дагуу тооцсон үнэлгээнээс 20 ба түүнээс дээш хувиар бага тохиолдолд энэ заалтад заасан аргачлалын дагуу тодорхойлсон дүнгээр тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцно” гэж зааснаас үзэхэд “Монгол” ХХК-ийн “А” ХХК-тай байгуулсан гэрээгээр мэдүүлсэн үнийг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг борлуулсан, шилжүүлсний орлогод 10 хувийн татвар ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

3.6. Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтын үнийн саналын зөрүүнд 357.969.885 төгрөг, тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсөнд 3.000.000 төгрөг төлсөн, үүнээс тусгай зөвшөөрлийн үнэлгээг өртөгт суурилсан аргаар тооцоход нийт 369.000.000 төгрөг, харин тусгай зөвшөөрөл борлуулах гэрээний үнэ 600.000.000 байх энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийн үнэлгээг дээр дурдсан журмын 3.3 дахь заалтаар буюу 600.000.000 төгрөгөөр тооцсон нь журамд нийцжээ.

3.7. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д зааснаар “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгох бөгөөд уг төлбөрийг төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн төлбөр гэж үзэхгүй.

3.8. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “нэхэмжлэгч тал лиценз шилжүүлэхдээ гэрээний үнэлгээгээр татвар ногдуулсаар байтал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс татвар тооцдог үед ашиглагддаг хасагдах зардлыг хасч тооцох байсан гэж бичсэнийг шүүх хууль буруу хэрэглэсэн” гэсэн гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Монгол” ХХК-аас Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын “Монгол” ХХК-ийн албан татварын тооцооллыг хянаж, албан татварыг 36,925,874 төгрөгөөр илүү тодорхойлсон хэсгийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, уг захиргааны актын улмаас албан татварт илүү төлсөн 36,925,874 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ЕРӨНХИЙ     ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ