Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01997

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01997

 

 

 

 

 

 

 

2023 11 15 210/МА2023/01997

 

Г.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02857 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Н-ид холбогдох,

Гэм хорын хохиролд 2,582,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Рэнцэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2023 оны 01 сарын 18-ны өдрийн өглөө 07:30 цагийн үед гэрээсээ ажил руугаа буюу Хан-Уул дүүргийн нутаг тэмээтэй хөшөөний зүүн талын замын ногоон гэрлээр явж байх үед Toyota Crown маркийн автомашин улаан гэрлээр орж ирэн намайг мөргөсөн. Одоо хүртэл миний бие болон нуруу өвдөж байгаа ба ажлаа хийж чадахгүй байгаа. Миний ээж Ч.Б- нь 02 сарын 17-ны өдөр холбогдож хийлгэсэн оношилгоо, шинжилгээ эмчилгээний хохирлыг барагдуулж өгнө үү гэхэд хэл амаар доромжлон басамжилж хохирол барагдуулахаас татгалзсан.

Иймд миний эрүүл мэндэд хохирол учруулсан Л.Н-оос эмчилгээний зардал болох 2,582,400 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 07 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Т- маркийн 00-00 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байх үед автомашины арын хэсэгт хүн цохих мэт дуу гарахад зогсож автомашинаас бууж харахад хэвийн байсан. Тухайн үед хүн мөргөсөн гэдгийг мэдээгүй, гарцаар гарч яваа явган зорчигчдын хэн нэг нь автомашиныг цохисон гэж бодоод явсан.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 0003 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Г.Х-ын биед гэмтэл тогтоогдоогүй. Гэтэл нэхэмжлэгч нь нуруу өвдөж ажлаа хийж чадахгүй гэсэн нь үндэслэлгүй. Түүний биед ил шарх сорвигүй, биед гэмтэл тогтоогдоогүй байхад дүрс оношилгооны зардал төлсөн төлбөр, сувилалд сувилуулсан зардлаа шаардсан нь зайлшгүй гарах зардал биш төдийгүй бодит нөхцөл байдалд ямар шалтгаант холбоотой нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Л.Н-оос 860,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Х-т олгож, нэхэмжлэлээс 1,722,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,662 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.Нямдоржоос улсын тэмдэгтийн хураамжид 23,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Х-т олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт ...шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 0003 дугаар шинжээчийн дүгнэлтэд: Г.Х-ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. Хариуцагч Л.Н-ийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Г.Х-ын биед ямар нэгэн гэмтэл учраагүй, гэм хор үүсээгүй байхад 2023 оны 01 сарын 19-ний өдөр М- эмнэлэгт бүсэлхий нуруу, мөрний үе, хүзүүний нугалам, толгой гэсэн 4 хэсэгт тус бүртээ тодосгогч бодисгүй компьютерт томографи дүрс онишилгоог 560,000 төгрөгөөр хийлгэхэд "өөрчлөлт, гэмтэлгүй, хэвийн гэсэн хариу гарсан байдаг.

5.2. Г.Х- нь 2023 оны 05 сарын 06-ны өдөр мөн дүрс оношилгоог 300,000 төгрөгөөр хийлгэсэн нь гэм хорыг арилгахад хариуцагчийн гэм буруугаас гадна, түүний гэм буруутай үйлдлээс учирсан гэм хор хоорондоо шалтгаан холбоотой байх, гэм хорын хэмжээ нотлогдсон байхыг шаарддаг. Гэвч Г.Х- нь зөрчил гарснаас хойш 4 сарын дараа дахин "дүрс онишилгоо" хийлгэсэн нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн гэм хор гэх үндэслэлгүй, хоорондоо шалтгаант холбоогүй байна.

Иймд Л.Н-оос 860,000 төгрөгийг гаргуулж Г.Х-т олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г.Х- нь хариуцагч Л.Н-ид холбогдуулан гэм хорын хохиролд 2,582,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

4. Хэрэгт авагдсан Тээврийн Прокурорын газрын 2023 оны 02 сарын 08-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 000 дугаартай прокурорын тогтоолоор хариуцагч Л.Н- нь 2023 оны 01 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Т- маркийн 00-00 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-ын а, б, г, 16.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас нэхэмжлэгч Г.Х-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь тогтоогджээ. Хариуцагч прокурорын уг шийдвэрт гомдол гаргасан, тогтоолыг дээд шатны прокурор өөрчилсөн, хүчингүй болгосон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор үүссэн гэх үндэслэлгүй, шалтгаант холбоогүй гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, прокурорын тогтоолоор хариуцагчийн гэм бурууг тогтоосон, уг тогтоол хүчин төгөлдөр байна. Энэ талаархи үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, хариуцагч Л.Н-ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэхэмжлэгч Г.Х-ын эрүүл мэндэд хохирол учирсанд хариуцагчийн үйлдэл шалтгаант холбоотой гэж үндэслэл бүхий дүгнэжээ. /хх-57-59, 65, 67ар, 68/

 

5. Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 0003 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Уг дүгнэлтэд 2023.01.18-ны өдрийн ГССҮТ-ийн эмчийн үзлэгт: Онош: Бүх биеийн доргилт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний үеийн зөөлөн эдийн няцрал гэжээ, Г.Х-ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэж дүгнэжээ. Г.Х-ын биед гэмтэл тогтоогдоогүй нь Л.Н-ийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах үндэслэл болсныг прокурорын 000 дугаартай тогтоолд заажээ.

 

Харин нэхэмжлэгч нь 2023 оны 01 сарын 19, мөн 05 сарын 06-ны өдрүүдэд Med Trauma эмнэлэгт бүсэлхий нуруу, мөрний үе, толгойны дүрс оношилгоо хийлгэж нийт 860,000 төгрөгийн зардал гаргасан нь хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж нэхэмжлэгчийн биед доргилт, бүсэлхий, зүүн мөрний үеийн зөөлөн эдийн няцрал үүсгэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн зардал гэж үзнэ. Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн биед аливаа өөрчлөлт үүссэн эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэгч үзлэг, шинжилгээ хийлгэсэн нь тухайн хэрэгт хамааралтай учир нэхэмжлэгчийн биед заавал гэмтэл тогтоогдож, хохирол учирсан эсэх нь ач холбогдолгүй юм.

 

6. Анхан шатны шүүх хохирлын шалтгаант холбоог зөв тогтоож, хэрэгт авагдсан үзлэгийн хуудас, төлбөрийн баримтыг үндэслэн хариуцагч Л.Н-оос 860,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Х-т олгохоор шийдвэрлэсэн нь гэм хор учруулснаас үүсэх үүрэгт хамаарах Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн биед шинжээчийн дүгнэлтээр гэмтэл тогтоогдоогүй, эмчийн үзлэгээр биед нь өөрчлөлт, гэмтэлгүй, хэвийн гэж гарсан гэж татгалзал, энэ агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 000 дугаар зүйлийн 000.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02857 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 000 дугаар зүйлийн 000.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ