Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2019/0073

 

 

  

 

 

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2019/0073

Улаанбаатар хот

 

                                                                                                                                     

“М.Э.И” ХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Л.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0751 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлоор, “М.Э.И” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад  холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0751 дүгээр шийдвэрээр:

1 дүгээр заалтаар: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 32 дугаар зүйл, 33.1, 38 дугаар зүйлийн 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан  Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дугаар заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь "М.Т” ХХК-д эрх шилжүүлэн олгосон 27340 мкв газрын асуудлаар эхэлж шинэ захиргааны акт гаргасны дараа уг газрыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд олгох эсэх, олговол ямар хэмжээгээр олгох талаар тус тус шийдвэр гаргаж энэ шийдвэрийг биелүүлэхийг даалгаж,

3 дугаар заалтаар:Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Нийслэлийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжийг хүчингүй болгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүх дээрх шийдвэрээ гаргахдаа “М.Т" ХХК-д газар эзэмшихийг шилжүүлэн олгосон Нийслэлийн Засаг даргын А-211 дугаартай захирамж хүчин төгөлдөр байхад зөвхөн “М.Э.И” ХК-д 3820 газар аж ахуйн зориулалтаар, 700 мкв газрыг конторын зориулалтаар 15 жилийн хугацаагаар олгосон Нийслэлийн Засаг даргын А/68 дугаар захирамж шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан захиргааны акт гэж үзэх боломжгүй гэж дүгнэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар “М.Э.И” ХК -ны өмч хөрөнгө болох Сонгино-Хайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт 99/А тоот хаяганд байрлах компанийн конторын барилга бүхий газрыг тухайн үеийн компанийн эрх бүхий албан тушаалтнууд хууль бус тогтоол шийдвэр гарган, хуурамч бичиг баримт үйлдэж, илт хэргийн шинжтэй үйлдлээр бусдын эзэмшилд шилжүүлэхийг оролдсон боловч хэрэгт авагдсан Газрын харилцаа Геодези зураг зүйн газрын 2007 оны 02 дугаар сарын 06-ны  өдрийн 1/79 дугаартай албан бичиг болон бусад нотлох баримтуудаар Нийслэлийн засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-211 дугаартай захирамжаар “Монгол  эд импекс” ХК-ны газар эзэмших эрх дуусгавар болоогүй байдаг төдийгүй, уг захирамжид “М.Т” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлэн олгосон ямар нэгэн заалт үг үсэг байдаггүй.

Харин уг захирамжаар Ц.А гэгч хүнд манай компанийн газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэх боловч Ц.А-д газар эзэмших олгосон акт илт хууль бус байсан төдийгүй уг иргэн Ц.А-д газар эзэмших  олгосон гэх Нийслэлийн засаг даргын захирамжийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар сунгаж илт хууль бус гаргасан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байдаг.

 Харин хариуцагчаас удаа дараагийн захиргааны хэргийн шийдвэрийг “М.Т” ХХК-ны газар эзэмших ашиглах эрхийг Нийслэлийн засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

 Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “М.Т” ХХК-иас Захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Уг захиргааны хэрэгт “М.Э.И” ХК нь гуравдагч этгээдээр оролцож байсан бөгөөд  Захиргааны хэргийн гурван шатны шүүхээс “М.Т” ХХК-ны нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, урьд өмнө нь захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэж байсан “М.Э.И” ХК-ны хувьцаа эзэмшигч Ж.Д-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн шийдвэрүүдийг баталгаажуулсан үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой байдаг.

Ингээд удаа дараагийн захиргааны хэргийн шийдвэрийг үндэслэж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 тоот захирамжаар “М.Э.И” ХК-д 3820 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 700 м.кв газрыг конторын зориулалтаар олгож шийдвэрлэсэн.

Уг захирамж нь манай компанийн төдийгүй компанийн 3396 тооны хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эерэгээр нөлөөлсөн шийдвэр мөн боловч манай компанийн зүгээс үлдсэн 22820 мкв газрын асуудлыг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаад гомдолтой байсан.

Учир нь удаа дараагийн шүүхийн шийдвэрүүдээр “М.Т” ХХК-ны 27340 м.кв газар эзэмших эрхийг цуцалсан, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл удаа дараагийн захиргааны хэргийн шийдвэрийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 тоот захирамж гаргасан нь анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр “нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүй” гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Нийслэлийн  Засаг даргаас “М.Т" ХХК-д газар эзэмших эрх олгохгүй байх тухай ямар нэгэн захирамж гаргах шаардлагагүй төдийгүй “М.Т” ХХК-ны газар эзэмших ашиглах, эрх нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжаар хүчингүй болгосноос хойш уг газрын эзэмших эрх дуусгавар болсон тул ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй этгээд юм.

Учир нь хавтаст хэрэгт байгаа уг хэрэг үүсгэсэн тогтоол болон бусад нотлох баримтуудаар “Үндсэн хөрөнгө тухай” 05 дугаар тогтоол хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох нь тогтоодсон, иргэн Ц.Амарсайханаас Т.Цоггэрэлд маргаан бүхий газрыг шилжүүлсэн захирамж гараагүй, тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжуудаар нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд гаргасан актыг доод шатны Засаг дарга буюу Дүүргийн засаг дарга сунгах эрх хэмжээ байхгүй зэрэг илэрхий, тодорхой нөхцөл байдлууд байдаг.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэртээ Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 150 дугаар тогтоол болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны давж заалдах шатны  шүүхийн магадлалуудыг илт буруу тайлбарлан нотлох баримт үндэслээгүй дүгнэлтүүд гаргасанд гомдолтой.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11  дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0751 дүгээр  шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү”. 

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч “М.Э.И” ХК-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0751 дүгээр шийдвэрийг хянаад зохих өөрчлөлт оруулж  шийдвэрлэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын зүгээс давж заалдах гомдол гаргаагүй байна.

Болсон үйл баримтыг он дарааллын хувьд авч үзвэл анх Монгол улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1993 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Худалдаа үйлдвэрийн яамны Түүхий эдийн нэгдлийг хувьчлах тухай” 36 дугаар тогтоолоор Түүхий эдийн нэгдлийг “Монгол-эд” хувьцаат компани болгон хувьчлахаар шийдвэрлэж, улмаар хувьчлагдсан байна.

 Улмаар Нийслэлийн Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/138 дугаар захирамжаар 27.3 га газрыг “М.Э.И” компанид 4 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг газрыг ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” А-211 тоот захирамжаар иргэн Ц.Амарсайханд шилжүүлсэн байна. /хугацаа нь 2 жил/ Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/31 тоот захирамжаар Ц.Амарсайханы газар эзэмших эрхийг 4 жилийн хугацаагаар сунгасан байх бөгөөд 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар иргэн Т.Ц-д шилжүүлсэн гэх боловч уг захирамжид байхгүй, Ц.А, Т.Ц- нар нь 2002 оны 08 дугаар 23-ны өдөр буюу Б/54 захирамжаас хойш газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаж байжээ.

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 434 тоот захирамжийн хавсралтаар маргаж буй газрын ашиглах эрхийг иргэн Т.Цогтэрэлээс “М.Т” ХХК-д шилжүүлсэн байна.

Энэ захирамжийн дараанаас эхлэн талуудын хооронд маргаан гарсан байх бөгөөд анх Ж.Д нь 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 288 дугаар шийдвэр гаргаж “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна. Улмаар 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 361 тоот магадлал,  2010 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2/10 тогтоол гарч байжээ.

Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаартай  “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж гарсан байх бөгөөд ... ”Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2008 оны 361 дүгээр магадлалаар Нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлэх ... үүднээс ... "М.Т" ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан байна.

Захиргааны хэргийн шүүхэд иргэн Ж.Д нэхэмжлэл гаргаснаар үндсэн дээрээс “М.Т” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байхад Нийслэлийн Засаг дарга шинэ акт гаргахдаа “М.Т” ХХК-д газрыг эзэмшүүлж шийдвэрлэж байжээ.

Гэвч Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/448 дугаар захирамжаа гаргаж өмнөх 2011 оны 677 дугаартай захирамжийн “М.Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, алдаагаа залруулсан байна.

 Уг А/488 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар "М.Т" ХХК нэхэмжлэл гаргаснаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 169 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 150 дугаар тогтоол тус тус гарч байсан байна. Дээрх шат шатны шүүхийн шийдвэрээр “М.Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон  шийдсэнээр талуудын маргаж буй газрын тухайд ямар нэгэн хүчин төгөлдөр эрхийн акт гаргаагүй байсан гэж үзэх үндэслэлтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А/68 дугаартай захирамж гаргасан нь буруу биш байна.

Өөрөөр хэлбэл энэхүү газрын тухай 10 гаруй жил маргаантай явж ирсэн байдлыг харгалзан тухайн асуудлыг шийдвэрлэх зорилгоор А/68 дугаартай захирамжийг гаргасан байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс “дахин шинэ акт гартал уг захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” шаардлагагүй гэж үзэв. 

Учир нь 10 гаруй жил шүүхээр маргаж явсан, шат шатны шүүхийн олон шийдвэрүүд гарсан, одоо дахин цуглуулах нотлох баримт, шалган тогтоох нөхцөл байдал байхгүй, шүүх эрх зүйн маргааныг шийдвэрлэдэг үндсэн үүргийнхээ дагуу маргааныг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай юм.

Энэ удаад талуудын маргаж буй А/68 дугаар захирамж нь “М.Э.И” ХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газар болон орчны газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй юм. Одоо харин үлдэж буй 22820 мкв газрыг хэн алинд нь ямар хэмжээгээр эзэмшүүлэх вэ гэдэг асуудлыг захиргааны зүгээс судлан шийдвэрлэх шаардлагатай юм.

Гуравдагч этгээд “М.Т” ХХК-ийн тухайд, Нийслэлийн засаг даргын 2018 оны А/68 дугаар захирамжийг хүчингүй болгож, 27340 мкв газрыг бүхэлд нь эзэмшихийг хүсэж бие даасан шаардлага гаргаж байгааг хүлээн авах боломжгүй.

“М.Т” ХХК компанийн тухайд хэдийгээр шударга эзэмшигч гэж тайлбарладаг боловч дараах нөхцөл байдал тогтоогдоод байгаа дурдах нь зүйтэй.

2006 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс “Монгол эд имтпекс” ХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Дгийн гомдлоор Ц.Амарсайханд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг шалгаж улмаар эцэстээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн байна. 

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2010 оны 02 сарын 01-ний өдрийн 52 дугаартай Прокурорын тогтоол, Сонгино хайрхан дүүргийн Прокурорын газрын Орлогч прокурорын 2010 оны 03 сарын 02-ны өдрийн 104 тоот Хариу мэдэгдэх хуудас, Сонгино хайрхан дүүргийн Прокурорын 2010 оны 03 сарын 23-ны өдрийн 148 тоот Хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Прокурорын 2010 оны 04 сарын 14-ний өдрийн 1/494 тоот Хариу мэдэгдэх хуудас тус тус гарч байжээ.

Дээрх тогтоол, хариу мэдэгдэх хуудсанд : ..."Монгол-Эд” компанийн өмчийг Ц.Агэгч нь завшиж үрэгдүүлсэн гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад дараах байдал тогтоогдлоо.

Үүнд :“Монгол-эд" ХК-ний Хувьцаа эзэмшигчдийн ээлжит 4 дүгээр хурал 1997 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаараа Г.Мөнхбилэг гэгчийг сонгосон ба Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 1997 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 тоот тогтоолоор “Монгол-эд” компаний гүйцэтгэх захирлаар П.Мөнхчулууныг томилсон байна. Гэтэл тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.Мөнхбилэг, гүйцэтгэх захирал П.Мөнхчулуун нар нь дээрх албан тушаалуудад томилогдохоос өмнөх он, сар, өдрөөр буюу 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 05 тоот Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын тогтоол гэгчийг хуурамчаар үйлдэн тус компанийн өмч болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энх тайвны өргөн чөлөөнд байрлах 2.7 га ам дөрвөлжин метр газар бүхий конторын барилга, агуулах, 238 ширхэг бетонон хашаа, түүний барилга зэргийг иргэн Цэнддорж овогтой Амарсайханд худалдахыг гүйцэтгэх захирал П.Мөнхчулуунд зөвшөөрсөн байна.

Энэ тогтоолыг үндэслэл болгон Ц.А гэгч нь "Монгол-эд” ХК-ний үндсэн хөрөнгө болох барилга объектыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч тухайн компанийн захирлаар томилогдсон гэх тогтоол шийдвэргүй атлаа тамга тэмдгийг ашиглан дур мэдэн үйл ажиллагаа явуулж уг эд хөрөнгийг “Алтан хөндий” ХХК-д 2002 оны 08 дугаар сарын 23-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөлийн эрхийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна.

Дээрх “Монгол-эд” ХК-ний ТУЗ-ийн дарга Г.М, компанийн гүйцэтгэх П.М нарын гэмт үйлдэл нь 1986 оны Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3-т заасан “албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг урвуулж ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй үйлдэл боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 10 жилээс дээш хугацаа өнгөрсөн байна.

Мөн яллагдагч Ц.А-ы “Монгол эд” ХК-ийн эд хөрөнгийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч үйл ажиллагаа явуулж, компанийн удирдах ажлыг ямар нэгэн тогтоол шийдвэргүйгээр /өөрөөр хэлбэл 2000 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон гэх боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй/ гүйцэтгэж хувь нийлүүлэгчдийн өмч хөрөнгийг бусдад хууль бусаар худалдан хувь нийлүүлэгчдийг хохироосон гэмт үйлдэл нь 1986 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна. Гэвч тухайн хэрэг үйлдэгдсэнээс хойш 10 жилээс дээш хугацаа өнгөрч, уг хуулийн Ерөнхий ангийн 44 дүгээр зүйлийн 1-ийн г/-д зааснаар гэм буруутай этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн байна” гэж дурдсан байна.

Дээрх Ц.Ань Т.Цогтгэрэлд тухайн хөрөнгө, газрыг шилжүүлсэн гэх боловч газар эзэмших эрхийг шилжүүлсэн хүчин төгөлдөр захиргааны акт байхгүй, Т.Цогтгэрэлээс одоогийн энэхүү хэргийн гуравдагч этгээд болох “М.Т” ХХК худалдан авсан байна.

Дээрх байдлыг харгалзан үзэхэд “М.Т” ХХК-д тухайн маргаж буй газрыг дангаар нь, бүхэлд нь эзэмшүүлэх боломжгүй, энэ нь эд хөрөнгийн хувьд хохироод байгаа “М.Э.И” ХК-ийг улам хохироохоор байна.

“М.Т” ХХК-д газрыг бүхлээр нь эзэмшүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь Монгол улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасан “шударга ёс”-ны зарчимд нийцэхгүй.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн

ТОГТООХ нь :

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0751 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 33 дугаар зүйлийн 33.1, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “М.Э.И” ХК-ий гаргасан ““М.Э.И” ХК-д 22820 мкв газрыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 99/А хаягт байрлах үлдэгдэл 22820 мкв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,  2 дахь заалтыг  “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 33 дугаар зүйлийн 33.1, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус баримтлан гуравдагч этгээд "М.Т” ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “М.Т” ХХК-г 27340 мкв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, 27340 мкв газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай“ гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтын дугаарыг 3 болгон өөрчилсүгэй.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

  

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                  ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

                   ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР