Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/0047

 

 

“Ф п” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны

газарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      Д.Мөнхтуяа

Шүүгчид:                    М.Батсуурь

              П.Соёл-Эрдэнэ

              Ц.Цогт

Илтгэгч шүүгч:           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2022/0037 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 249 дүгээр магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 275 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А, түүний өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Б.З, Р.Э нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөлөөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Ф п” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгох, гэрээний хугацааг 2 жилийн хугацаагаар сунгахыг  даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/92а дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэргийн нөхцөл байдал:

2. Ашигт малтмал, газрын тосны газар нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Ф п” ХХК-тай 18/01 дүгээр “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулжээ.

2.1. “Ф п” ХХК-иас Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний 1.1-т заасны дагуу талбайд хамаарал бүхий мэдээллийг гаргуулах тухай хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 05/2018 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж, тус газрын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8626 дугаар албан бичгээр Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талбайд өмнө нь хийсэн зарим тайланг бичгийн хэлбэрээр 2 хэмжээст чичирхийллийн шугамын скайндсан хувилбарыг “Ф п” ХХК-д хүргүүлжээ.

2.3. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/92а дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Газрын тосны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэг, Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний 5.3.а дахь заалтыг тус тус үндэслэн “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын техникийн зөвлөл”-ийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны дүгнэлт гарсантай холбогдуулан ... “Ф п” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан газрын тосны Эрлийн ажлын гүйцэтгэх гэрээг дуусгавар болгожээ.

3. Нэхэмжлэгчээс “... 2018 оны 12 дугаар сард гэрээний дагуу эхний жилд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийн тайлангаа хүргүүлсэн, гэрээний 3.2.3-т заасны дагуу талбайд хамаарал бүхий мэдээллийг гаргуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан  боловч шийдвэрлэж өгөхгүй байсаар их хугацаа алдуулсан, эрлийн ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд саад учруулж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироосон, мөн 2019 оноос цар тахал эхэлсэнтэй холбоотой Засгийн газраас хорио цээрийн дэглэм тогтоосон, хөрөнгө оруулалтын давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон, үүнтэй холбоотой гэрээний хугацааг сунгах хүсэлтээ хариуцагчид өгсөөр байхад сунгахаас татгалзсан нь хууль бус...гэж тайлбарлан маргасан.

3.1. Хариуцагчаас “... Эрлийн ажил гүйцэтгэх гэрээт талбайд хамаарах тайлан материалыг цаасан хэлбэрээр 2018 оны 10/8626 дугаар албан бичгээр хүргүүлсэн, дижитал хэлбэрээр авах хүсэлт ирүүлсэн боловч тухайн мэдээлэл нь “П д т” ХХК-ийн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаар тухайн мэдээллийг өгөх эрх зүйн боломжгүй, Эрлийн ажил гүйцэтгэх гэрээт талбайд мэдээллийг салган өгөх техникийн боломжгүй талаар мэдэгдсэн ... гэж шүүхэд тайлбар гаргажээ.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.7, 57 дугаар зүйлийн 57.1, Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ф п” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гэрээний нэмэлт хугацаа тооцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний нэмэлт хугацааг 2 жилээр тооцуулах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгаж, тус газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/92а дугаар тушаалын “Ф п” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2022/0037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.5, 16.6, 19 дүгээр зүйлийн 19.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасныг баримтлан Ашигт малтмал газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгох, гэрээний хугацааг 2 жилийн хугацаагаар сунгахыг  даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/92а дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий “Фронтиер петролиум” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 275 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

7. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Амарзулаас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолдоо:

7.1. Нэхэмжлэгч “Ф п” ХХК болон Ашигт малтмал, газрын тосны газрын хооронд Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.6-д заасны дагуу газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх 18/01 дугаар гэрээг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гурван жилийн хугацаагаар байгуулсан. Мөн Газрын тосны тухай хуульд тодорхой нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хэтийн төлөвийг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизикийн тойм судалгааны ажлыг “Эрэл” гэж нэр томьёоных нь хувьд тодорхойлсон. Түүнчлэн эрлийн ажлын арга, аргачлал нь олон улсын жишигт нийцсэн байх шаардлагыг эрлийн судалгаа хийж байгаа этгээдэд Газрын тосны тухай хуулиар тавигддаг.

7.2. Нэхэмжлэгч компанийн хувьд эхний жилийн эрлийн судалгааны хүрээнд газрын тос байж болох эсэхийг тогтооход Монгол Улсад өмнө нь хийгдэж байгаагүй, хамгийн сүүлийн үеийн олон улсын хэмжээнд хэрэглэж буй аргаар Иодын судалгааг хийсэн. Талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 18/01 дүгээр Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний 3.2.3-т зааснаар “Ашигт малтмал, газрын тосны газрын өмчлөлд байгаа эрлийн ажил гүйцэтгэх талбайд хамаарах тайлан мэдээллээр хангаж, шаардлагатай бол холбогдох журмын дагуу бэлтгэж өгөх үүргийг гэрээний нэг тал болох Ашигт малтмал, газрын тосны газар хүлээсэн байдаг.

7.3. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж заасан. Тайлбар: Нөхөн тохируулж хэрэглэх гэж тухайн асуудлыг зохицуулсан заалт энэ хуульд байхгүй тохиолдолд Иргэний хуулиас нөхөж хэрэглэх бөгөөд түүнийг хэрэглэхдээ нийтийн эрх зүйн зарчимтай уялдуулан захиргааны үйл ажиллагаа болон захиргааны гэрээнд тохирч байгаа эсэхийг нягтлан шалгаж тохируулан хэрэглэхийг ойлгоно” гэж тус тус заасан. Мөн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэжээ.

7.4. Анхан шатны шүүх “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний 3.2.3-ын “Ашигт малтмал, газрын тосны газрын өмчлөлд байгаа эрлийн ажил гүйцэтгэх талбайд хамаарах тайлан мэдээллээр хангаж, шаардлагатай бол холбогдох журмын дагуу бэлтгэж өгнө” гэсэн заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-ийн Захиргааны байгууллага захиргааны гэрээний биелэлтийг хангах үүргийн дагуу хариуцагч тухайн эрлийн ажлын гэрээт талбайд хамаарах судалгаа тайлан материалыг цаасан хэлбэрээр буюу скайнердаж хүргүүлснийг ... гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй ... мэдээлэл авах эрхийг хангаагүй, ... мэдээллийг дижитал хэлбэрээр авах мэдээлэл нь эрлийн ажилд боловсруулалт хийх боломжтой ... гэх зэргээр дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

7.5. Давж заалдах шатны шүүх мэдээллээр хангах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг байхад ...Талуудын хооронд байгуулсан Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг захиргааны гэрээ гэж үзсэн атлаа Эрлийн ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд “Тухайн шаардсан мэдээлэл зайлшгүй шаардлагатай эсэх, тухайн гэрээ үргэлжлэх боломжтой эсэх зэрэгт дүгнэлт хийгээгүй” гэх мэтээр дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

7.6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний 3.2.3-ын заалтыг зөрүүтэй ойлгож хэрэглэсэн, мөн давж заалдах шатны шүүх Сонгон шалгаруулалт зарлахгүйгээр бусдын гүйцэтгэсэн эрлийн ажлын талбайд дахин эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь Газрын тосны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг зөрчсөн ... гэх мэтээр гэрээ байгуулсан асуудлаар талууд маргаагүй, энэ асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хариуцагч давж заалдах гомдолд энэ талаар дурдаагүй байхад Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь илт хууль бус гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах” гэснийг тус тус зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасанд хамаарах ба энэ нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул магадлал хууль зүйн үндэслэлгүй.

7.7. Тодруулбал, Газрын тосны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2 дахь заалт зөрчигдөөгүй. Учир нь бусад этгээд тус талбайд өмнө эрэл хийгээгүй бөгөөд 19.1.2-т заасан Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас татгалзсан асуудал биш. Харин “П д т” ХХК нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр хайгуулын ажил хийж Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд хайгуулын талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаах” гэсний дагуу буцаагдсан талбай юм.

7.8. Газрын тосны тухай хуулийн дөрөвдүгээр бүлэг нь Эрэл, тавдугаар бүлэг нь Хайгуул хийх харилцааг тус тусад нь зохицуулсан бөгөөд давж заалдах шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ эрэл, хайгуулын ажлыг нэг зүйл мэтээр хамтатган үзэж, Газрын тосны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг буруу ойлгож хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, тус талбайд өмнө Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж байгаагүй, хариуцагч захиргааны байгууллага маргаж буй эрлийн талбайг хайгуулын талбай зарлаагүй үед нэхэмжлэгч компанийн Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Уг асуудалд нэхэмжлэгч ямар ч гэм буруугүй байхад гэрээнд заасны дагуу хугацаагаа сунгуулах эрхийг шүүхийн шийдвэрээр хааж байгаад гомдолтой байна.

7.9. Нөгөө талаар эрлийн судалгаа цар тахлын улмаас хэрэгжих боломжгүй болсон эрлийн талбайд ажиллах, хөрөнгө оруулагч нартай хийх уулзалтуудыг зохион байгуулах, уулзалт хийх, гадаадын мэргэжилтэн хүрэлцэн ирж газар дээр ажиллах тул Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний хугацааг нөхөн тооцуулах, хойшлуулах, зогсоох тухай хүсэлтийг гэрээний нөгөө тал болох захиргааны байгууллагад удаа дараа гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй орхиж нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

7.10. Манай компанийн хувьд гэрээний 2 болон 3 дахь жилийн ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон нь нөгөө талаас дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлтэй шууд холбоотой байсан. Цар тахалын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62, 64, 178, 181, 188, 226 дугаар тогтоол болон 2021 оны 1, 27, 91 дүгээр тогтоолоор бэлэн байдлын болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн ба шалтгаалан бусдын нэгэн адил “Ф п” ХХК-ийн үйл ажиллагаа зогссон тул гэрээний хугацааг нөхөж тооцуулах хүсэлтээ хариуцагч захиргааны байгууллагад хандаж удаа дараа гаргасаар байхад “... гэрээний үүргээ биелүүлээгүй” гэж давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

7.11. Хариуцагчийн шаардсаны дагуу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас “Ф п” ХХК-д гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болсныг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаар тогтоолгож гэрчилгээг  хүсэлтийн хамт өгсөн ч гэрээний хугацааг нөхөн тооцох асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байсан хариуцагчийн үйл ажиллагаа гэрээний хугацаа дуусгавар болоход ч шууд нөлөөлсөн байхад давж заалдах шатны шүүх Ковидоос өмнө 2, 3 жилийн ажлаа хийх боломжтой байсан гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь хууль бус юм.

7.12. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана”, 25.7-д “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 25.7.5.а-д “анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэж заасан тул гомдлын дагуу хэргийг хянан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8. Хариуцагчаас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

10. Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д “Энэ хуулийн 17.4-т заасан хэлэлцээ хийх явцад талууд тохиролцоонд хүрч чадаагүй бол газрын тосны эрлийн талбайг энэ хуулийн 19.1-д заасны дагуу хайгуулын талбайгаар зарлана.”, 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрийн захиргааны байгууллага доор дурдсан хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана:” гээд 19.1.2-т “эрэл хийсэн этгээд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас татгалзсан;” гэж заажээ.

11. “Ф п” ХХК-ийн “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан Дорнод аймгийн Матад, Х гол сумын нутаг дэвсгэрт байрлах 416 км2 талбайд “П д т” ХХК өмнө нь хайгуулын ажил хийж гүйцэтгэсэн, улмаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас татгалзаж, буцаан олгосон талбай болох нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

12. Анхан шатны шүүх захиргааны байгууллагын гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан эсэх, уг гэрээний дагуу мэдээлэл шаардах эрх нь үндэслэлтэй эсэхийг шалгалгүй, зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар захиргааны байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ хангах үүрэг хүлээнэ, Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, шаардагдах мэдээллээр хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу, харин давж заалдах шатны шүүх “... хариуцагч сонгон шалгаруулалт зарлахгүйгээр нэхэмжлэгч компанитай бусдын гүйцэтгэсэн эрлийн ажлын талбайд дахин Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь Газрын тосны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг зөрчсөн, ... хариуцагчийг үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй, ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

13. Газрын тосны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Хуулийн этгээд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийх хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар “Ф п” ХХК-иас эрэл хийх хүсэлтээ гаргасан боловч бусад этгээдийн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас татгалзсан талбай буюу өмнө нь эрлийн ажил гүйцэтгэж байсан талбайд Газрын тосны тухай хуулийн 17.4, 19.1.2-т зааснаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлах замаар гэрээлэгчийг тодруулах ёстой.

14. Гэтэл газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өмнө нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас татгалзсан талбайд Газрын тосны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2-т зааснаар сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Ф п” ХХК-тай шууд Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсныг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” тохиолдолд илт хууль бус байна гэж заасанд хамааруулан үзэхээр байна.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэл хангагдах бөгөөд Газрын тосны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангаж гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч компанид гэрээгээр олгосон эрх, үүргийг хуулийн дагуу үүссэн гэж үзэхгүй, энэ тохиолдолд, шүүх анхнаасаа хууль зөрчиж байгуулсан гэрээг үргэлжлүүлэн сунгахыг даалгах үндэслэлгүй.

16. Нөгөөтэйгүүр, Газрын тосны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д “Энэ хуулийн 16.3, 16.4-т заасан шийдвэрийг үндэслэн газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх гэрээг гурав хүртэл жилийн хугацаагаар байгуулна.” гэж зааснаас өөрөөр тухайн хуульд “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацаа сунгах зохицуулалт байхгүй байна.

17. Иймээс давж заалдах шатны шүүхийн даалгах шаардлагын хүрээнд хийсэн дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан заалтыг зөрчөөгүй, энэ талаар гаргасан “... гэрээтэй холбоотой маргаагүй,  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

18. Нэхэмжлэгчийн эрлийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан талбай нь шинээр эрэл хийж буй талбай биш бөгөөд тухайн талбайд өмнө эрэл хийсэн этгээдийн ажлын үр дүнгийн тайлан, мэдээллүүд цугласан, тухайн тохиолдолд хариуцагч байгууллагаас хуулиар олгосон хүрээнд гэрээт талбайд хамаарах мэдээллийг цаасан хэлбэрээр өгсөн, мөн бусад этгээдтэй байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний мэдээллийг бусдад зөвшөөрөлгүйгээр өгөх эрх зүйн болон техникийн боломжгүй талаар холбогдох мэдээллийг өгсөн байх тул хариуцагчийг мэдээллээр хангах үүргээ биелүүлсэн гэж үзнэ, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-тэй атлаа хайгуулын ажлын үр дүнгээс мэдээлэл шаардаж буй нь үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд зөв.

19. Түүнчлэн, нэхэмжлэгчээс 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-г 3 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд Ковид-19 цар тахал гарахаас өмнө эрлийн ажлыг гүйцэтгэж, гэрээг үргэлжлүүлэх боломжтой, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн “... 2020 оны 02 дугаар сард цар тахал гарахаас өмнө нэхэмжлэгч нь гэрээт ажлаа хийх боломжтой байсан” гэх дүгнэлтийг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийн “... цар тахлын улмаас гэрээ хэрэгжихгүй боломжгүй байсан, энэ нөхцөл байдлыг харгалзан дүгнэлт хийгээгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

20. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэдэг. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны А/92а дугаар тушаалаар нэгэнт нэхэмжлэгчийн Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний хугацааг дуусгавар болгосон /уг акт нь хууль ёсны/ тул түүний хувьд шүүхээр хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй байна.

21. Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Ашигт малтмалын тухай хуулийн” гэж техникийн алдаа гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

22. Иймд, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 249 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ф п” ХХК-ийн төлөөлөгч Т.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ф п” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                              М.БАТСУУРЬ 

                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                    Ц.ЦОГТ

              Х.БАТСҮРЭН