Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0249

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  “Ф п” ХХК-ийн

                          нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Ф п” ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: “1. гэрээний хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гэрээний хугацааг 2 жилийн хугацаагаар сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах, 2. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/92а тоот тушаалын “Ф п” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Б.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

 

Хэргийн индекс: 128/2021/0512/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр

сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.7, 57 дугаар зүйлийн 57.1, Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ф п”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гэрээний нэмэлт хугацаа тооцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний нэмэлт хугацааг 2 жилээр тооцуулах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгаж, тус газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/92а дугаар тушаалын “Ф п”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал  дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1 “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэрээний хугацааг нэмж тооцуулах хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан бий эсэхийг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдсон эсэхийг харгалзан шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус байх тул гэрээний хугацааг дуусгавар болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/92 тоот тушаалыг шүүх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэжээ. Дээрх дүгнэлтийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь “Ф п” ХХК нь Газрын тосны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01/2018 тоот албан бичгээр эрлийн гэрээ байгуулах хүсэлт ирүүлснээр Ашигт малтмал, газрын тосны газар болон “Ф п” ХХК-ийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутаг дэвсгэрт 416 мк2 талбайд газрын тосны эрлийн гэрээ байгуулж, 3 жилийн хугацаанд геологийн мэдээлэл цуглуулах, геологи геохимийн дээжлэлт, хүндийн хүч, соронзон судалгаа, талбайн нэгдсэн геологийн үнэлгээ, тайлан боловсруулах зэрэг нийт 427 сая төгрөгийн эрлийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн. Эхний жил буюу 2018 оны эрлийн ажлын төлөвлөгөө, төсвийг Геологийн ажлын мэдээ цуглуулж дүн шинжилгээ хийх, Геологи, геохимийн дээжлэлт 600 ширхэг дээж, үйл ажиллагааны зардал гэж нийт 27 сая төгрөгийн төсөвтэй ажлын төлөвлөгөөг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус газраар батлуулсан.

2.2. Орон нутагт хийх эрлийн ажлаа 2018 оны 09 дүгээр сард хийж гүйцэтгэсэн. Талбайгаас авсан дээжийг Америкийн Нэгдсэн Улсад лабораторид шилжүүлсэн. Эхний жилийн гүйцэтгэсэн ажлын тайланг 2018 оны 12 дугаар сард ирүүлсэн болно. Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт, эрлийн ажил гүйцэтгэх гэрээний 3.1.1 дэх заалтын дагуу “Ф п” ХХК нь эхний жилийн ажлын төлөвлөгөө, төсвийн батлуулж хэрэгжүүлсэн боловч 2 болон “ дахь жилүүдэд эрлийн ажлын төлөвлөгөө, төсвийг ирүүлж батлуулаагүй. Эрлийн гэрээний хүрээнд геохимийн дээжлэлт авч, шинжилгээнд хамруулан тайланг манай газарт ирүүлснээс бусад төлөвлөсөн эрлийн ажлаа гүйцэтгээгүй байна.

2.3. “Ф п” ХХК нь эрлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9/2018 тоот албан бичгээр тайлан материал авах тухай хүсэлт ирүүлсний дагуу манай газраас тухайн эрлийн гэрээт талбайд хамаарах тайлан материалыг цаасан хэлбэрээр 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8626 тоот албан бичгээр хүргүүлсэн. Тус компани дээрх тайлан мэдээллийг авсны дараа дахин дижитал хэлбэрээр мэдээлэл авах хүсэлт ирүүлсэн боловч тухайн мэдээлэл нь газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй Тамсаг ХХI талбайн мэдээлэлтэй хамт байгаа бөгөөд “Перточайна дачин тамсаг” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээний 12.8-д заасныг оролцуулахгүйгээр 12 дугаар зүйлд дурдсан бүх тайлан мэдээг нууцалж, нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд өгөхгүй” гэж заасан тул тухайн мэдээллийг өгөх боломжгүй, эрлийн гэрээт талбайд хамаарах мэдээллийг салган өгөх техникийн боломж байхгүй талаар албан бичгээр болон уулзалт хийн удаа дараа мэдэгдсэн болно.

2.4. Тус компаниас цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эрлийн гэрээний хугацааг нэмж тооцуулах хүсэлт ирүүлсэн боловч “Ф п” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэн гэрээний хугацааг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзсэн. Холбогдох хуулийн дагуу захиргааны актыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт юм.

2.5. Түүнчлэн эрлийн гэрээ байгуулж байгаа зорилго нь тухайн талбайд газрын тосны хэтийн төлөв байгаа эсэхийг тогтоох байтал сүүлийн 2 жил эрлийн гэрээний хавсралтад заагдсан эрлийн ажлыг хийгээгүй, уг гэрээний хэрэгжилт хангалтгүй байсан. “Ф п” ХХК нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдохоос өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эрлийн ажил гүйцэтгэх бүрэн боломжтой байсан. Тодруулбал, Монгол Улсад Ковид-19 вирусийн анхны тохиолдол илэрснээр Засгийн газрын 2020 оны 11 дүгээр арын 11-ний өдөр “бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол гарч төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Харин Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр тогтоол нь өмнө гарсан Засгийн газрын тогтоолуудаар авсан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг үргэлжлүүлэн сунгасан тогтоол бөгөөд уг тогтоолуудаар иргэдийн хөл хориог хязгаарлаагүй, төрийн болон хувйин хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан.

2.6. Иймд гомдлыг хуулийн дагуу хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлоор хянахад хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Ашигт малтмал, газрын тосны газар нь нэхэмжлэгч “Ф п” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 18/01 дугаар газрын тосны эрлийн ажил гүйцэтгэх гэрээ /цаашид Гэрээ гэх/ байгуулсан, тус гэрээгээр Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутаг дэвсгэрт 416 км.кв газарт газрын тосны эрлийн ажил гүйцэтгэхээр тохирч, 3 жилийн хугацаатайгаар байгуулжээ.

3. Нэхэмжлэгч “Фронтиер петролеум” ХХК нь 2018 оны 12 дугаар сард Гэрээний дагуу эхний жилд төлөвлөсөн 27 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн тайлангаа хүргүүлсэн, харин Гэрээнд заасны дагуу холбогдох материалыг хариуцагчаас шаардсан боловч ирүүлээгүйгээс 2 дахь жилийн ажлыг гүйцэтгээгүй байж байтал цар тахал гарч, давагдашгүй хүчин зүйлийн улмаас Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон, үүнтэй холбоотой  “гэрээг сунгах хүсэлтээ өгсөөр байхад сунгахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, сунгахыг хариуцагчид даалгах, хариуцагчийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/92а дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон байна.

4. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 ны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/92а дугаар тушаалаар “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын техникийн зөвлөл”-ийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны дүгнэлт гарсантай холбоотой дээрх гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

5. “Ф п” ХХК нь анх 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9/2018 дугаар албан бичгээр Гэрээний 3.2.3-д зааснаар “тайлан материал авах тухай” хүсэлт гаргасны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8626 дугаар албан бичгээр тухайн эрлийн гэрээт талбайд хамаарах тайлан материалыг цаасан хэлбэрээр хүргүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

6. Гэвч нэхэмжлэгч нь тухайн хүлээж авсан материалыг дижитал  хэлбэрээр авах хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн боловч хариуцагч нь  2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 3/1564 дүгээр албан бичгээр 2019 онд хийсэн ажлын тайлан, 2020 оны хийх ажлын төлөвлөгөөг ирүүлэхийг мэдэгдсэн, ... “Петрочайна дайчин тамсаг” ХХК-ийн “Бүтээгдэхүүн хуваах гэрээний 12.8-д зааснаар мэдээг нууцлах, нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд өгөхгүй” гэж заасан учраас тухайн мэдээллийг өгөх эрх зүйн боломжгүйгээс гадна тухайн талбайд хамаарах мэдээллийг салган өгөх техникийн боломжгүй байгаа талаар мэдэгдсэн байна.

7. Анхан шатны шүүх “... Ашигт малтмал газрын тосны газар нь эрэл, хайгуулын ажлын явцад олдсон судалгааны бүхий л мэдээлэл, тайлан, материалын нэг хувийг өмчилдөг, энэ мэдээллийг дараагийн гэрээ хэрэгжүүлэгч этгээд худалдан авч хэрэглэх эрхийг гэрээгээр олгосон байна. Эрлийн ажилд тодорхой зардал гардаг, эрлийн ажлын бүхий л төсөв, зардлыг хэн гаргахаас үл хамаараад нэг талбайд ийнхүү зардал гаргаж хийгдсэн эрэл, хайгуулын тодорхой үе шатны ажлын судалгаа, тайлан, мэдээллээр хангах нь, уг мэдээллийг  ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашигтай. ... цаасан хэлбэрээр өгснийг нэхэмжлэгчийн шаардсан мэдээллээр хангах тухай Гэрээний 3.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн.

8. Тэрээр дээрх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Газрын тосны тухай хуульд заасан газрын тосыг эрэх, хайх үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг хэрэглэж, тухайн гэрээний зорилго, эрлийн гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд “тухайн шаардсан мэдээлэл” зайлшгүй шаардлагатай эсэх, тухайн гэрээ үргэлжлэх боломжтой эсэх зэрэгт дүгнэлт хийгээгүй байна.

9. Нэхэмжлэгчийн шаардсан “... гэрээний 2 болон 3 дахь жилийн төлөвлөгөөнд заасан хүндийн хүч, соронзон хайгуулын судалгааны ажлаар олж авах боломжтой геологийн мэдээлэл нь өмнө нь хийгдсэн АМГТГ-ын өмчлөлд байсан. Уг баримтыг дижитал хэлбэрээр өгөх үүргээ биелүүлээгүй” гэх тайлбар, хариуцагчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/1299 дүгээр албан бичигт “... талбайд урьд нь хийгдсэн бүтээгдэхүүн хуваах гэрээ ... “Петрочайна дайчин тамсаг” ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнд ... мэдээг нууцалж, зөвшөөрөлгүйгээр өөр этгээдэд өгөхгүй гэж заасан учир эрх зүйн болон техникийн боломжгүй” гэж дурдсан зэргээс үзвэл нэхэмжлэгчийн эрэл хийх хүсэлт гаргасан талбайг хамруулж “Петрочайна дайчин тамсаг” ХХК нь эрэл, хайгуулын ажил хийж, зарим хэсэгт нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан, харин нэхэмжлэгчийн эрэл хийхээр тохирсон тухайн 416 м.кв талбайг буцааж өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.  

10. Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "эрэл" гэж тодорхой нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хэтийн төлвийг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизикийн тойм судалгааны ажлыг;” ойлгохоор, 15 дугаар зүйлийн 15.1-д “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгэнэ” гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д “Хуулийн этгээд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийх хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргана.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудаар эрлийн ажил хийхийг хүссэн хуулийн этгээд хүсэлтээ ирүүлсний дагуу гэрээ байгуулж болохоор заасан боловч мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн захиргааны байгууллага доор дурдсан хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана: ... 19.1.2.эрэл хийсэн этгээд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас татгалзсан;” гэж зааснаас үзвэл нэгэнт бусад этгээдийн эрлийн ажил гүйцэтгэсэн талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар байна.

11. Гэтэл хариуцагч нь сонгон шалгаруулалт зарлахгүйгээр нэхэмжлэгч “Ф п” ХХК-тай бусдын гүйцэтгэсэн эрлийн ажлын талбайд дахин эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь дээрх Газрын тосны тухай хуулийн 19.1.2-т заасныг зөрчсөн байна.

12. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж, 55 дугаар зүйлийн 55.1-д “Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна: 55.1.1.захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн;” гэж зааснаас үзвэл дээрх гэрээ нь Газрын тосны тухай хууль зөрчиж байгуулсан “илт хууль бус” гэрээ гэж үзэхээр байна. 

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “...  Бид манай хийх гэж байгаа эрлийн ажлыг давуулан эрэл, хайгуул хийчихсэн талаар мэдээд тухайн материалыг хариуцагчаас дижитал хэлбэрээр шаардсан, хариуцагч аливаа материал өгөх үүргээ биелүүлээгүй ...” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчээс хүссэний дагуу хариуцагч бусад этгээдийн хийсэн ажлын мэдээллийг үнэ төлбөргүй, цаасаар өгсөн, харин дижитал хэлбэрээр шаардсаныг биелүүлэх боломжгүйгээ илэрхийлснийг үүргээ биелүүлээгүй гэж үзэхээргүй байна.

14. Учир нь Газрын тосны тухай хуулийн 15, 16 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь бусад этгээд эрэл хийснийг мэдээгүй байхдаа тухайн талбайд эрлийн ажил хийх хүсэлтээ гаргаж, улмаар 427 сая төгрөгийн ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр Гэрээний В-д тодорхой заасан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн өөрийнх нь хийх хүсэлт тавьсан, гэрээгээр тохирсон ... ажлыг бусад этгээд урьд нь хийчихсэн байсантай холбоотой тухайн ажлын мэдээллийг өгөхийг шаардах эрхтэй гэж үзэхээргүй байна. Үүний улмаас эрлийн ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүйд хариуцагчийн үүргээ биелүүлээгүй нь нөлөөлсөн гэж үзэхгүй.

15. Харин гэрээ байгуулах үед байсан нөхцөл байдал өөрчлөгдөж, гэрээнд заасан ажлыг “бусад этгээд хийчихсэн” буюу  гэрээний зорилго биелэгдсэн тохиолдолд гэрээг үргэлжлүүлэх боломжтой эсэх, өөр этгээдийн хийсэн ажлын мэдээллийг хэрхэн ашиглах, хэрэв худалдаж авах бол ямар хэлбэрээр, ямар үнээр худалдах талаар гэрээнд тодорхой заах буюу гэрээний “гол нөхцөл”-д хамаарах асуудлыг гэрээний нөгөө талтай тохиролцож, гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр энэ талаар шаардах эрх үүсэх боломжтой.  

   16. Үүнээс дүгнэвэл 2020 оны 02 дугаар сард цар тахал гарахаас өмнө нэхэмжлэгч нь гэрээт ажлаа хийх боломжтой байсан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч нь тухайн үед гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах саналаа гаргах, эсхүл гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзсэн бол холбогдох гомдлоо шүүхэд хандах боломжтой байсан боловч хандаагүй байна.

17.Анхан шатны шүүх дээр дурдсанаар хууль зөрчиж байгуулсан захиргааны гэрээ цаашид хэрэгжих боломжгүй буюу гэрээгээр тохирсон ажил нэгэнт хийгдчихсэн, тухайн талбайд бусад этгээд зардал гаргасан, хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлах ёстой талбай байхад тухайн захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй, уг харилцааг зохицуулсан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

18. Мөн шүүх нэхэмжлэгчийн “бусдын хийсэн ажлын мэдээллийг дижиталаар шаардах эрх”-тэй эсэхэд дүгнэлт хийлгүй, “... хариуцагч нь тухайн мэдээллийг дижитал хэлбэрээр өгөх боломжгүй гэсэн нь үндэслэлгүй. П ХХК өөрийн программыг ашиглуулах боломжтойг илэрхийлсэн, мэдээллийг талбайгаар салгах техникийн боломж байгааг ашиглаагүй атлаа боломжгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй” гэж хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлжээ. 

19. Учир нь хэрэгт “чичирхийллийн мэдээллийг салгах программ хангамжийг ашиглуулах боломжтой” гэж “Фронтиер петролиеум” ХХК-д хандсан П ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 123/021 дүгээр албан бичиг уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн байхад дээрх байдлаар хариуцагчийг буруутгаж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь  бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

20. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл бусад этгээдийн эрэл хийсэн талбайд Газрын тосны хууль зөрчиж гэрээ байгуулсан, гэрээг үргэлжлүүлэх боломжгүй байх тул гэрээний хугацаа сунгахаас татгалзсан, гэрээний хугацааг дуусгавар болгосон хариуцагчийн үйлдлүүдийг хууль зөрчсөн гэж үзэхгүй, мөн эдгээрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2022/0037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.5, 16.6, 19 дүгээр зүйлийн 19.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасныг баримтлан Ашигт малтмал газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгох, гэрээний хугацааг 2 жилийн хугацаагаар сунгахыг  даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/92а дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий “Ф п” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                         Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                         С.МӨНХЖАРГАЛ