Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 224/МА2022/00025

 

 

 

 

 

2022         12           12                                 224/МА2022/00025

 

“ Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 152/ШШ2022/00476 дугаар шийдвэртэй,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бөд холбогдох, гэрээний алданги 27.359.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол 15.395.000 төгрөг, нийт 42.754.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагчийн 4.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний алданги 27.359.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол 15.395.000 төгрөг, нийт 42.754.000 төгрөг гаргуулах тухай.

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа : “Г” ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Бтэй Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Эрчимт 200 гудамжид баригдаж буй 160 айлын орон сууцны А блокын 80 айлын орон сууцны барилгын гадна хөөсөнцөр фасадны ажлыг иж бүрнээр гүйцэтгэх ГЭ-2021/06 тоот гэрээ байгуулсан. Гэрээний 2.2.1-т зааснаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажлаа эхэлж хуанлийн 30 хоног буюу 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрээт ажлыг хүлээлгэн өгөх ёстой байсан ч хүн хүч дутмаг, ажлын хурд удаан, ажлын зохион байгуулалт муутайгаас хугацаа их алдаж, 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажиллан захиалагч талд хэлж мэдэгдэхгүй ажлаа хаяж явсан.

Хийх ёстой нийт ажлын 40 хүртэлх хувийг гүйцэтгэсэн. Гэрээ байгуулсан цагаас эхлэн Б.Бөд ажлаа эрчимжүүлэх шаардлага тавьж байсан бөгөөд удахгүй хотоос хүмүүс ирээд хурдан дуусгана гэж худлаа ярьж, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гүйцэтгэлийн төлбөрөө гуйж, урьдчилж аваад 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажлаа хаяж сураггүй алга болсон. 5 дугаар сарын сүүлээр гэрээ хийж эхэлсэн ажил 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилж цаг хугацаа алдан, байгаль цаг уурын нөхцөл хүйтэрч эхэлсэн учраас яаралтайгаар хүн олж ажлаа дуусгах шаардлага тулгарсан. Намар болж хүйтэрч, барилгын гадна ажлууд цаг хугацаанд шахагдаж, ажлын үнэ өртөг өсөж, ажиллах хүн хүч ховордож хүнд байдалд орж өндөр үнэ ханшаар дараагийн хүмүүстэй гэрээ хэлцэл байгуулж, Б.Бийн гүйцэтгээгүй орхисон ажлыг Улаанбаатар хотоос иргэн Н.Энх-Амгалантай ажил гүйцэтгэх ГЭ-2022/09 тоот гэрээ байгуулан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусгасан. Барилгын гадна фасадны ажлыг иж бүрэн гүйцэтгэх гэрээгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хаяж гэрээний үүргээ зөрчсөн учраас ГЭ-2021/06 тоот гэрээний дараах зүйл, заалтын дагуу доорх төлбөрүүдийг төлүүлөх шаардлага үүссэн. Үүнд:

1.2. Гэрээний 6.1-р зүйлийн...Гүйцэтгэгч нь фасадны ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг захиалагчид төлнө...гэсэн заалтын дагуу 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 229 хоногийн хугацааны алданги 27.359.000 төгрөг төлүүлэх,

1.3. Гэрээний 6.6-р зүйлийн...Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй...гэсэн заалтаар захиалагч талд өөр иргэнтэй Б.Бийн хийхгүй орхисон ажлыг үргэлжлүүлэн хийлгэхэд 15.395.000 төгрөгийн нэмэлт зардал гаргаж, бодитой хохирол учруулсан тул 15.395.000 төгрөг төлүүлэх шаардлагыг  гэрээний 7.2-р зүйлд заасны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. 27.395.000 төгрөгийн алданги, захиалагчид учруулсан хохирол 15.395.000 төгрөг, нийт 42.754.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах.

2.1. Хариуцагчийн татгалзлын үндэслэл:

Хариуцагч Б.Б анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Гидро Эко” ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ГЭ-2021/06 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Эрчим 200 гудамжид баригдсан 160 айлын орон сууцны барилгын А блокын 80 айлын орон сууцны гадна талын хөөсөнцөр фасадны ажлыг нийт 54.718.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон.

Нэхэмжлэгч “Гидро Эко” ХХК гэрээ байгуулахад барилгын цутгалтын ажил бүрэн дуусаагүй байсан бөгөөд удахгүй цутгалтын ажил дуусна, гэрээгээ ямар ч гэсэн байгуулчих гэж хэлэхэд нь миний бие 1 сарын хугацаанд энэ ажлыг хийж гүйцэтгэж амжихгүй гэхэд, Б.Нямдаваа хугацаа хамаагүй, хамгийн гол нь чанартай хийгээд өгөөрэй ахдаа гэж гуйсан. Би 2 сар гаруй хугацаанд хийгдэнэ гэж хэлээд гэрээг байгуулсан. Тухайн үед Улаанбаатар хот Гэмтлийн эмнэлгийн хажууд 7 давхар барилгын гадна фасадны өнгө сэргээх ажлыг хийж гүйцэтгэж байсан ба уг ажлаа дуусгаад ирэхэд барилга бэлэн болно гэж хэлсэн байсан.

Гэрээ байгуулснаас хойш 1 сар орчим хугацааны дараа буюу 2021 оны 6 дугаар сарын дундуур компанийн захирал Б.Нямдаваа өөрийн 9999-3094 дугаарын утсаар холбогдон ажлаа хэзээ эхлүүлэх вэ, манай барилгын цутгалт дуусах ер нь дөхөж байна, одоо 10 давхрын цуцтгалтаа авч байна, та нар одоо хийж байгаа Улаанбаатар хот Гэмтлийн эмнэлгийн хажууд байрлах 7 давхар барилгын гаднах фасадны ажлаа нэг мөр дуусгаад ирэхгүй юу даа гэж хэлэхэд нь за нэг мөр ажлаа дуусгаад очъё гэж хэлж тохиролцсон. Ийнхүү 2021 оны 6 дугаар сарын сүүлээр ярьж тохироод явахаар болоход тоног төхөөрөмжийнхөө засвар сэлбэгийн зардал болон ажилчдынхаа замын зардал, хоол, унаа, түлшний зардал болгон гэрээний урьдчилгаа төлбөрт 4 сая төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн. Увс аймагт очиход барилгын цутгалтыг бүрэн дуусгаагүй дээврийн фум буюу хэв хашмалыг аваагүй байсан. Бидний ажлын үндсэн талбай бэлэн болоогүй учраас люлк буюу дүүжин өргүүрийг зүүх боломжгүй байсан. 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаа эхлүүлэн гүйцэтгэж эхэлсэн.

Түүнээс гадна захиалагч талаас ажил гүйцэтгэх явцад гэрээний хавсралтын хугацаанд төлбөрөө төлөлгүй гүйцэтгэгч бригадыг хохироосон. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2 сая төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 9.350.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 9.418.000 төгрөг, нийт ердөө гэрээт ажлын хөлсөнд 24.768.000 төгрөгийг л хугацаа хэтрүүлэн байж төлсөн. Тиймээс захиалагч компани нь гэрээнд заасан үүргээ өөрсдөө зөрчсөн тул гүйцэтгэгч талаас алданги хохирол төлбөр нэхэмжлэх эрхгүй юм.

Ийнхүү 2021 оны 9 дүгээр сарын дунд хүртэл ажиллаад миний бие ажлын багаж хэрэгсэл болох люлкын мотор шатаж, түүнийг засварлахаар Улаанбаатар хот руу ирсэн байхад Б.Нямдаваа надруу залган чи ажлаа хаяж явлаа, чи юун мөнгө надаас нэхээд байгаа юм бэ, ажлаа дуусгаад ав гэхэд нь надад мөнгөний хэрэг байна, мотор шатчихлаа, ажиллах хүч хэрэгтэй байна, 2 сая төгрөг нэмж өгөөчээ гэж гуйсан.

Гэтэл чи ингэж ажил хаяж явж байвал надаас мөнгө авна гэж бодож байна уу, намайг хараарай гэж сүрдүүлээд утсаа тасалсан. Улирлын шинжтэй ажил хийгдэж байсан учраас захиалагч талын санхүүжилтээс шалтгаалан ажил гүйцэтгэл зогсонги байдалд хүрсэн билээ. Гүйцэтгэгч талаас гэрээгээр тохирсон нийт дийлэнх хувийг хийж гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан шиг 40 хувь гэдэг нь огт үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл тухайн барилгын бүх хөөсөнцөрийг битүүлж дуусгаад хар замаск татагдсан байсан ба зөвхөн будгийн ажил л хийгдээгүй байсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага : 4.500.000 төгрөг гаргуулах

3.1. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: “ Миний бие Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Эрчимт 200 гудамжинд байрлах 160 айлын орон сууцны А блок барилгын ажлаас явахдаа тухайн барилга дээр ашиглаж байсан өөрийн өмчлөлийн 3 ширхэг дүүжин өргүүрийг үлдээж явсан.

Уг 3 ширхэг өргүүрийг “Гидро эко” ХХК нь барилгын гадна талын хар замаск, грунт будаг, цонхны тавцангийн ажлыг гүйцэтгүүлэхдээ 1 сарын хугацаанд ашигласан байдаг. Уг дүүжин өргүүрийн нэг өдрийн түрээсийн зах зээлийн үнэ 50.000 төгрөг байдаг ба нэг өргүүрт сарын 1.500.000 төгрөг, 3 ширхэг өргүүр нь сарын 4.500.000 төгрөг юм. Гидро эко ХХК нь тухайн барилгын ажлыг гүйцэтгүүлэхэд бусдаас дүүжүүр өргүүр түрээслэж ашиглах байсан хэдий ч манай бригадын үлдээсэн өмч хөрөнгийг ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөж 4.500.000 төгрөгийн ашиг орлого олсон байх тул энэхүү мөнгийг нэхэмжилж байна. 2021 оны 12 дугаар сард очиж дүүжин өргүүрээ авахад барилгын ажлыг бүрэн дуусгаад айлын хашаанд оруулсан байхад нь авсан болно. Иймд Иргэний хуулийн 492.1-т зааснаар “Гидро эко” ХХК-аас 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 152/ШШ2022/00476 дугаар шийдвэрээр:

- Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Бөөс гэрээний алданги 27.359.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол 15.395.000 төгрөг, нийт 42.754.000 төгрөг гаргуулах тухай “Гидро Эко” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б-ийн “Гидро Эко” ХХК-аас 4.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Гидро Эко” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371.720 төгрөгийг, хариуцагч Б.Бийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 86.950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээхээр шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Нэхэмжлэлийг Иргэний хуулийн 343.1 дүгээр зүйлээр гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэсэн, гүйцэтгүүлэгч ажлын үр дүнг хүлээн авсан гэсэн үндэслэлээр шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр ажлыг бүрэн дуусгаж, ажлын тоо хэмжээ болон төлбөр тооцооны талаар гэрээ байгуулсан эрх бүхий этгээдүүд харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж тамга дарж баталгаажсанаар ажлыг хүлээлцсэн гэж үзнэ.

Гэтэл гүйцэтгэгч талыг төлөөлөх эрхгүй этгээд нь хаяад явсан ажлын бодит байдлыг баримтжуулахад гэрчээр оролцсон бөгөөд иргэн н.Чинзориг нь Иргэний хуулийн 62.3 дугаар зүйлд заасан шаардлагаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан иргэн Б.Бийг албан ёсоор төлөөлөх эрхгүй этгээд тул ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй. Гүйцэтгэгч тал ажлаа хаяж яваад удсан, утсаа авахгүй цаг алдаад байсан тул арга буюу дараагийн гүйцэтгэгчээр ажлаа хийлгэх зайлшгүй шаардлага тулгарсан учраас Г ХХК нь үлдэгдэл ажлын явц, тоо хэмжээг гаргасан ба тэр баримт бичиг дээр гэрээ байгуулсан талууд тооцоо нийлсэн болон ажил хүлээлцсэн, гэрээ дүгнэсэн акт гэж гарчиг, нэр тавиагүй, хуулийн этгээдийн тамга дарж албан ёсны акт болж албажаагүй болон баталгаажуулаагүйгээс тодорхой харагдана. Талуудын тооцоо нийлсэн актад Иргэний хуулийн 64.2.2 дугаар зүйлийн дагуу хуулийн этгээдийн нягтлан бодогч тооцоо хийж гарын үсэг зурсан байх ёстой байдаг бол энэ баримтад нягтлан бодогч оролцоогүй учраас төлбөр тооцоо нийлсэн гэж үзэх боломжгүй юм.

5.2. Талуудын хооронд 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 2021/06 тоот гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа бөгөөд анхан шатны шүүхийн 152/ШШ2022/00476 дугаар шийдвэрт гүйцэтгэгч тал үүргээ гүйцэтгээгүйгээс захиалагч талын учирсан хохирлоо шаардах эрхийг тухайлбал, Иргэний хуулийн 219.1-т заасаны дагуу хохирлоо шаардах эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Гүйцэтгэгч нь хэлж мэдэгдэхгүй ажлаа хаяаад олон хоног болсон, хүйтний улирал эхлэж гадна ажил хийх боломжгүй болж цаг хугацаанд шахагдсан учраас арга буюу өндөр үнэ ханштай байдаг үе таарсан, мөн барилгыг ашиглалтад орох хугацаа тулсан зэрэг хүчин зүйлийн улмаас гуравдагч этгээдтэй 54.718.000 төгрөгийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл биш бөгөөд гүйцэтгэгчээс шалтгаалан гарсан 15.395.000 төгрөгийн нэмэлт зардлыг хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэх нь хууль бус үйлдэл биш юм. Гүйцэтгэгч тал нь мөн хуулийн 222.1.1, 222.1.2 дугаар зүйлээр гэрээний үүргээ зөрчсөн нь тогтоогдох бөгөөд мөн хуулийн 222.3, 222.4 дүгээр зүйлийн гүйцэтгэгчийн үүргийг, 222.7 дугаар зүйлд заасан захиалагчийн эрхийг тус тус хязгаарласныг эсэргүүцэж байна.

5.3. Гидро Эко ХХК нь Иргэний хуулийн 227.5 дугаар зүйлд заасны дагуу өөр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан ажлаа дуусгасан нь хохирлоо төлүүлэх хуульд заасан эрхээ хязгаарлуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Гидро Эко ХХК нь гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан үлдэгдэл ажил хийлгэсний хөлсөнд Бтэй байгуулсан гэрээний үнээс илүү 15.395.000 төгрөгийн нэмэлт мөнгө төлж үлдсэн ажлаа дуусгасан бөгөөд гүйцэтгэгч тал гэрээгээ зөрчсөнөөс үүссэн төлбөр тул захиалагч тал төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь зүй ёсны шаардлага гэж үзэж байна.

5.4. Гүйцэтгэгч тал хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй тул талуудын хооронд байгуулсан 2021/06 тоот гэрээний 6.1 дүгээр зүйлд заасны дагуу 27.359.000 төгрөг төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн 232.6 дугаар заалтыг хангуулах боломжгүй болгосон нь үндэслэлгүй байна. Дээрх гэрээний 6.6 дугаар зүйл болон Иргэний хуулийн 232.7 дугаар зүйлд заасан хохирлоо төлүүлэх эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Түүнчлэн иргэн Б.Б нь өөрийн гаргасан үйлдлээ нуун далдлах зорилгоор худлаа, гүтгэсэн мэдүүлэг өгч төөрөгдүүлэх санаа агуулсан нь мэдрэгдэж байгаа бөгөөд энэ мэт улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй, захиалагч мөнгөө өгөхгүй байна гэж худал хэлж авсан мөнгөө ажилтнууддаа өгдөггүй, худал үнэн ярьж итгэл олж аван ажиллаж байгаад хаяж явж сурсан. Ийм этгээдүүд цаашид хичнээн олон компанийг хохироохыг тааварлах аргагүй тул бригад нэртэй 3-4 ажилтан хөлсөлсөн этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох ёстой.

5.5. Түүнчлэн анхан шатны шүүхийн 152/ШШ2022/00476 дугаар шийдвэрийн 10 дугаар хуудасны дээрээсээ 4 дэх мөрөнд Гэсэр Алтай гэх манай компани болон энэхүү нэхэмжлэлд ямар ч хамааралгүй компанийн тухай оруулсныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 152/ШШ2022/00476 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү”  гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нэхэмжлэгч талд ямар хохирол учирсан нь нотлогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч талаас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хоёрдогч гүйцэтгэгчтэй өндөр үнийн дүнгээр хийсэн гэрээ гаргаж өгсөн. Өөр бусад хохиролтой холбоотой гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг. Хэрэв хариуцагч тал нь үүргээ гүйцэтгээгүй бол яагаад 1 удаа ч гэсэн үүргээ гүйцэтгэх талаар мэдэгдэл өгөөгүй вэ гэдэг асуудал байна. Мөн дараагийн гүйцэтгэгчийг ажиллуулахдаа яагаад ийм өндөр үнэ хөлстэй гэрээ байгуулсан зэрэг асуудал байна. Эдгээр нөхцөл байдлуудаа нотолж чадаагүй. Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тухайн барилгын зургийг 4 талаас нь авч хийж гүйцэтгэсэн ажил, хийгээгүй ажлын квадрат метрийг тооцоолж гаргасан.

Нэхэмжлэгч талаас ийм баримтыг үйлдэж ирүүлэхэд энэ тооцоог тухайн компанийн хариуцсан ажилтан хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Үүнийг талууд анхан шатны шүүх дээр маргаагүй. Харин анхан шатны шүүх дээр хэлэлцэгдээгүй үйл баримтаар давж заалдах шатны шүүх дээр гомдол гаргасан байна. Энэ асуудлыг юу гэж үзэж байна бэ гэвэл тухайн хийсэн ажлын хэмжээнд талууд харилцан тохиролцож акт үйлдэж хийсэн ажлынхаа хөлсөө гүйцэтгэгч тал аваад гэрээ дуусгавар болсон гэж үзэж байна.

Ийм харилцаан дээр нэхэмжлэгч тал дараагийн гүйцэтгэгчийг оруулж ирээд ажлыг үргэлжлүүлээд дуусгасан. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажилд ажлын доголдол илрээгүй. Чанарын зохих түвшинд хүлээлгэж өгсөн, улсын комисс нь хүлээж авсан зэрэг баримтууд байгаа учраас энэ асуудал дээр хариуцагчийг буруутгаад хохирол төлбөр үүссэн гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзсэн.

Гэрээ цуцлагдсан гэсэн үйл баримтууд тогтоогдсон. Өөрөөр хэлбэл дараагийн гүйцэтгэгчийг сонгож гэрээ хийчихсэн байдаг. 2022 оны 10 дугаар сараас хойш Б.Бтэй хийсэн гэрээний харилцаа цуцлагдсан. Гэтэл үүнээс хойш цуцлагдсан гэрээнд алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргасныг анхан шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 15.395.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ үнийн дүнг яаж гаргасан нь тодорхойгүй байна.

Б.Бийн авсан ажлын хөлсний дүнгээс дараагийн гүйцэтгэгчтэй гэрээ хийж ажиллуулсан үнийн дүнгийн зөрүү гэхээр тийм биш байна. Нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж чадаагүй  тул шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Бтэй байгуулсан гэрээг анхнаасаа  хямд үнийн дүнгээр хийсэн. Техник хэрэгсэл нь саатсаны улмаас Улаанбаатар хот руу явсны дараа маргаан үүсэж үл ойлголцол бий болсон. Хийж байсан ажлаа санаатайгаар хаяж явсан гэх баримт тогтоогдохгүй байна. Хариуцагчид ноцтой гэм буруу байхгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважавын давж заалдсан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 152/ШШ2022/00476 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хугацаа хэтрүүлсний алдангид 27,359,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 15,395,000 төгрөг, нийт 42,754,000 төгрөг гаргуулах шаардлага,

хариуцагч Б.Б нь “Г” ХХК-д холбогдуулан эд хөрөнгө ашигласны хөлс 4,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  

4. Нэхэмжлэгч “ Г” ХХК, хариуцагч Б.Б нарын хооронд Увс аймгийн Улаангом сумын 10-р баг, Эрчим 200 гудамжинд баригдаж буй 160 айлын орон сууцны А блокын 80 айлын орон сууцны барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдаж, гэрээгээр гүйцэтгэх ажил буюу фасадны ажлын нийт үнийг 54,718,000 төгрөгөөр, гүйцэтгэгч нь барилгын гадна фасадны ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги тооцохоор, алдангийн нийт хэмжээ нь гэрээний нийт үнийн дүнгийн 50%-аас хэтрэхгүй  байхаар, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай тал төлөхөөр тус тус тохиролцжээ /хх-ийн 8-р талд авагдсан 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ГЭ-2021/6 тоот гэрээнд зааснаар/.

5. Нэхэмжлэгч тал хариуцагч Б.Бийг гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүй гэж үзэж, 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 229 хоног хугацаа хэтрүүлсний алдангид нийт 27, 359,000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн  үндэслэлгүй гэж  дүгнэлээ.

5.1. Үүрэг гүйцэтгэгч Б.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл орон сууцны барилгын гадна фасадны ажил гүйцэтгэж, ажлын хөлсөнд 24,768,000 төгрөг авсан, гэрээнд заасан ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбараар,

захиалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч “ Г” ХХК нь үүрэг гүйцэтгэгч Б.Бийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээр гэрээг цуцалж,  гүйцэтгээгүй үүргийг өөр этгээд/ 3 дагч этгээд/-ээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тус тус нотлогдсон.

5.2. Талууд гэрээндээ 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр барилгын гадна фасадны ажлыг  гүйцэтгэж, акт үйлдэн хүлээлцэхээр тохиролцсон байх боловч ажил гүйцэтгэгч тал 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажиллаад, ажлаа бүрэн дуусгахгүйгээр орхиж явсан талаар нэхэмжлэгч тал тайлбарласан байх ба хариуцагч энэ хугацааны талаар маргаагүй байна.  

Үүрэг гүйцэтгүүлэгч “Г” ХХК-ийн хүсэл зоригоор буюу ажил гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээр гэрээг цуцалсан байх тул гэрээг цуцалсан тухайн үеэс талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үйлчлэл зогсоно. Энэ тохиолдолд гэрээ цуцлахаас өмнө бий болсон үүргийн гүйцэтгэл, түүний үр дүн хэвээр үлдэнэ.

5.3. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаар  үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болох тул нэхэмжлэгч тал гэрээ цуцлагдсанаас хойш хугацааны анз / алданги/ төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсанаас хойш хугацааны буюу 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 229  хоногийн алданги тооцож, 27.359.000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуульд нийцээгүй байна.

Иймд алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн энэ шаардлагагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж дүгнэв.

6. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар  гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 227дугаар зүйлийн 227.1-т зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон гарсан хохирлоо арилгуулахаар шаардах, мөн  ажил гүйцэтгэх гэрээний тусгай зохицуулалт болох Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо гэрээг цуцалсанд буруутай этгээдээр төлүүлэхээр шаардах эрхтэй,

мөн талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 6.6 дугаар зүйлд “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг буруутай тал нь төлөх”-өөр заасан байх боловч хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 15,395,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

6.1. Үүрэг гүйцэтгэгч Б.Бийн гүйцэтгээгүй дутуу орхисон барилгын гадна фасадны ажлыг гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан 2021 оны 10дугаар сарын 07-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд гүйцэтгүүлсэн талаар нэхэмжлэгч тайлбарлаж, холбогдох гэрээг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 5-т : Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байх боловч гэрээ цуцалснаас ямар ямар хохирол учирснаа нотлоогүй байна. 

            6.2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “ Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 15,395,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй, тухайлбал, өөр этгээдтэй шинээр гэрээ байгуулан хариуцагчийн гүйцэтгээгүй орхисон ажлыг гүйцэтгүүлэхэд нэмэлт зардал 15,395,000 төгрөг гарсан гэж тайлбарласан боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт  хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ. 

7. Хариуцагч Б.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 ширхэг дүүжин өргүүр ашиглуулсны хөлс 4.500.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

8. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ .

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371.720 /гурван зуун далан нэгэн мянга долоон зуун хорь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 152/ШШ2022/00476 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважавын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371.720 /гурван зуун далан нэгэн мянга долоон зуун хорь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                Л.АЛТАН