Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/00885

 

“Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00412 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 922 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ургамалд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12 317 256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхнэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн, Г.Баттөгс, хариуцагч Д.Ургамал, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нямхүү, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус банк нь Анод банкны эрх хүлээн авагчтай 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 217/2010 ЭХА дугаартай шаардах эрх болон ипотек шилжүүлэх гэрээгээр шаардах эрх үүссэн. Д.Ургамал нь 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр №31715040732 тоот зээлийн гэрээ, № БГ15040732 тоот барьцааны гэрээ байгуулж 13 000 000 төгрөгийн зээлийг 84 сарын хугацаатай, нэг сарын 1.13 хувийн хүүтэй олгосон.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 226-143 тоот 30 м.кв ҮХЭХБГэрчилгээний Ү-2204010168 дугаартай хоёр өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан.

Зээл, зээлийн хүүгээ гэрээний дагуу хугацаандаа төлөхгүй байгаа тул Д.Ургамалын банкинд барьцаалсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 226-143 тоот 30 м.кв 2 өрөө орон сууцыг албадан борлуулсан үнийн дүнгээс үндсэн зээл 3 620 489 төгрөг, хүүгийн төлбөрт 7 247 305 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 449 461 төгрөг, нийт 12 317 256 төгрөгийг Д.Ургамалаас гаргуулж өгнө үү.

Барьцааны гэрээг улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлээгүй учраас барьцаатай холбоотой шаардлагаа гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн баруун талд 32 айлын орон сууцны 5 давхар орон сууцны 18 тоот 48.5 м.кв талбай бүхий байрыг 17 500 000 төгрөгөөр худалдан авахаар “Эрчим арт” ХХК-тай 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Орон сууцанд хөрөнгө оруулж ашиглалтад оруулсаны дараа эзэмшүүлэх тухай” 19 тоот гэрээг байгуулж баталгаажуулан Анод банкнаас 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15040732 тоот гэрээгээр 13 000 000 зээл авч шууд компани руу шилжүүлсэн.

Энэхүү зээлээс үндсэн зээл 3 620 499 төгрөг, төлөгдөөгүй хүү 2 856 200 төгрөг байгааг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Анод банкны мэргэжилтэн Т.Ганцэцэг тооцоо хийж гарын үсэг зурж өгсөн.

Шүүхээс 2008 оны 02 дугаар сарын 30-ны өдөр Банкны тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Анод банкны дампуурлыг зарласан. Анод банк дампуурсан учраас ЗГ-15040732 тоот зээлийн гэрээ Дампуурлын тухай хуулийн 33-36 дугаар зүйлд заасны дагуу хүчингүй болсон. Хэрвээ зээлийн гэрээтэй холбоотой ямар нэгэн асуудал байгаа бол Банкны тухай 67 дугаар зүйлийн 67.2-т зааснаар Дампуурлын тухай хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл Капитал банк надаас үндсэн зээл 3 620 489 төгрөг, хүү 7 247 305 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 449 461 төгрөг, бүгд 12 317 256 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

Би Капитал банктай ямар нэгэн зээлийн гэрээ хэзээ ч байгуулаагүй. Хэрвээ Анод банкны өрийг шилжүүлэн авсан юм бол Шаардах эрх шилжүүлэх гэрээний 1.4 дэх хэсэгт “Энэхүү шаардах эрх болон ипотек шилжүүлэх гэрээг зээлдэгч болон барьцаалуулагчтай нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ гэрээ нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй.

Нөгөө талаар шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.7-д “Эрх шилжүүлж шаардах эрхээ шилжүүлсэн тухай зээлдэгч, барьцаалагчид албан албан бичгээр мэдэгдэнэ” гэсэн заалтыг одоо хүртэл биелүүлээгүй бөгөөд надад албан бичиг ирж байгаагүй. Ийнхүү миний асуудлыг миний оролцоогүй шийдвэрлэсэн.

Харин Капитал банк миний зээлийн үлдэгдлийг Анод банкнаас шилжүүлэн авч байгаа талаар 2011 онд утсаар надтай холбогдож хэлсэн бөгөөд миний бие нөхцөл байдлыг хэлж тайлбарлахад “төлөгдөх боломжгүй юм байна ш дээ”, “өө тиймүү яанаа буцаая” гэж хэлээд утсаа тасалсан дахин холбогдоогүй.

2016 оны 11 сард Капитал банкны хуулийн ажилтан Анод банкнаас эрх шилжүүлэх гэрээг танилцуулан 8 294 460 төгрөгийн зээл шилжин ирсэн тухай мэдэгдсэн. Анод банктай анх байгуулсан зээлийн гэрээний 7.6-д энэхүү “Энэхүү гэрээний дагуу аливаа шаардлагатай эсвэл зөвшөөрөгдсөн арга хэмжээ авах, мөн баримт бичиг үйлдэх эрхийг банкны нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирлын бичгээр зөвшөөрсөн албан тушаалтан зээлдэгч нар хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзвэл шаардах эрх шилжүүлэх гэрээнд банкнаас гадна зээлдэгч бид нар оролцож өөрийн зээл, зээлийн хүүгийн асуудлыг харилцан тохиролцох эрхтэй байжээ. Энэ эрхийг маань эрх шилжүүлэн авч байгаа Капитал банк ч хангах үүрэгтэй байснаа хэрэгжүүлээгүй нь харагдаж байна.

“Эрчим арт” ХХК нь 2004 онд ашиглалтад орох гэрээтэй байрыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй, шүүхийн маргааны улмаас 2016 оны 8 дугаар сард эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн болно. Учир нь Анод банк миний худалдан авсан 18 тоот 1 өрөө байрны нийт объект 5 давхар байрыг 1813.6 кв.м талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэйгээр барьцааны 00040398 тоот зээлийн гэрээгээр “Эрчим арт” ХХК-д 180-250 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж авсан зээл нь төлөгдөөгүй олон жил болж шүүхийн маргаан үүссэн байсныг би хожим мэдсэн. Анод, “Эрчим арт” ХХК 2 зээлийн маргааныг Чингэлтэй дүүргийн шүүх 2005 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 842 дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн байсан.

Намайг зээл авах үед тэр үеийн Анод банк энэ мэдээллийг өгсөн бол миний бие заавал энэ байрыг зээлээр авахгүй, эсвэл хожим мэдэгдсэн ч гэсэн зээлийн гэрээг буцаан цуцлах боломжтой байсан. Дээрх маргааны улмаас байрыг улсын комисс хүлээн авахгүй, компани ч хүлээлгэн өгөх талаар ажиллахгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй, байрыг ашиглалтад оруулаагүй 2016 он хүрсэн. Анод банкинд миний бие өмгөөлөгчөөрөө дамжуулан 2012 онд өргөдөл өгч өөрийн банкны барьцаатай хөрөнгө дээр давхар зээл олгосноос хохирч байгаа талаар асуудал тавьж өргөдөл гаргахад 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр таны төлөх зээлийн үлдэгдэл үндсэн зээл 3 620 489 төгрөг, зээлийн хүү 2 856 200 төгрөг байна гээд бид зээлийн асуудлыг судалж шийднэ. “Эрчим арт” ХХК-ийн захирал н.Цэцгээ 2 cap хоригдоод хавдар туссан гэсэн магадалгаа өгөөд алга болсон та бол одоогоор байргүй болох магадлалтай байгаа юм байна манай хүмүүсийн буруутай үйл ажиллагаа байна эдгээр бусад олон асуудлаас манай хүмүүс шоронд орох болоод байна гэсэн аман хариу өгсөн болно.

2006 оноос хойш миний бие орон сууц түрээслэн амьдарч байна. Одоогийн байдлаар түрээсийн төлбөр бүгд 44 800 000 төгрөг төлсөн байна. Орон сууцны зээлийн гэрээний 5.1.2-т “Зээлдэгчээс энэхүү гэрээний үүргийн биелэлт болон худалдан авсан орон сууц нь эзэмшил, ашиглалтад хяналт тавина” гэсэн үүргийг хүлээсэн боловч нэг ч удаа тухайн орон сууцны барилгыг ашиглалтад оруулах талаар санаачилга гаргаагүй, хяналт тавихаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлдэгч намайг хохироосон юм. ...Гэтэл Капитал банк 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар батлуулсан барьцааны гэрээг шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгч уг барилгыг албадан борлуулж зээл зээлийн хүүгийн төлбөрийг гаргуулж аль гэж намайг сүрдүүлж шахалт үзүүлж 3 000 000 төгрөгийн төлөөсөнд хүний 2 өрөө орон сууцыг авахаар санаархаж байна.

Уг барьцааны гэрээг 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсанаар хийсэн атлаа тухайн үед нотариатаар батлуулаагүй болох нь тогтоогдож байна. Нэгэнт нотариатаар батлуулаагүй учраас тухайн үед нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй гэдэг нь тодорхой юм. Үнэхээр барьцааны гэрээ байгуулсан бол эрх шилжүүлэх гэрээний 2.8-д заасны дагуу үндсэн материалууд нь Капитал банкинд байх ёстой. Нөгөө талаар барьцааны гэрээг нотариатаар батлахдаа талуудыг байлцуулан байж үндсэн бичиг баримтыг үзэж байж батладаг журамтай байна. Гэтэл гэрээ байгуулсан 2004 оноос хойш 8 жилийн дараа 2012 онд намайг байлцуулахгүйгээр нотариатын тэмдэг даруулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хуурамч гэрээ буюу нотлох баримт гэж үзэж байна.

Дээр дурдсан Анод болон Капитал банкны хууль бус ажиллагааны улмаас олон хохирол амссан. Миний бие Капитал банкны нэхэмжилж байгаа зээлийн хүү 7 247 305 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 449 461 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Харин үндсэн зээлийн үлдэгдэл 3 620 499 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00412 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ургамал үндсэн зээл 3 620 489 төгрөг, хүү 7 247 305 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 449 461 төгрөг, нийт 12 317 256 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Капитал банкинд холбогдуулан БГ/15040732 дугаарттай барьцааны гэрээ нь хууль бус болохыг тогтоон, хууль бус барьцааны гэрэз-хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа Д.Ургамал татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 212 026 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 212 026 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 922 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Ургамалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 026 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

 

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэн, хууль бус гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой авч үзэж хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу зөв зүйтэй үнэлээгүй, мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль бус гарахад нөлөөлсөн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн илт хууль буруу тайлбарлан хэрэглэж байгаа алдааг залруулалгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж буйг хууль бус гэж үзэж байна.

...Шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.3-т “зээлийн гэрээнээс гадна барьцааны гэрээнд заагдсан өөрийн бүхий л эрх, үүргийг шинэ үүрэг гүйцэтгэгчид шилжүүлж байна” гэж бичсэн, 2.6-д “Шилжүүлж буй шаардах эрх болон ипотекийн холбогдох бичиг баримт нь үнэн зөв бүрэн гүйцэт гэдгийг үүгээр батлаж байна” гэж бичсэн байна. Гэтэл барьцааны гэрээ хүчингүй гэдгийн Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны тайлбартаа Капитал банк хүлээн зөвшөөрсөн байгаа. Тэгвэл яах гэж шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.6-д үнэн гэдгийг нотлон тусгаваа. Аливаа албан ажил гэрээ хэлцэл үнэн зөв нотлох баримттай байж л хүчин төгөлдөр болно. Гэтэл дунд нь хуурамч, хүчин төгөлдөр бус баримтыг үнэн гэж нотлоод гэрээ хийсэн заалт явж байна. Мөн гэрээний 2.8-д “Барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ итгэмжлэл, хамтран өмчлөгчийн зөвшөөрөл, зэрэг бусад баримтыг талууд акт үйлдэн хүлээлцэнэ” гэж заасан гэтэл тэдгээр нь байхгүй хуурамч барьцааны гэрээг баримт болгон хүлээн аваад хуулбар үнэн гэсэн нотариатын баталгаа гаргуулсан, энэ заалт худал байна. Энэ бүхнээс Капитал банк өөрөө маш хариуцлагагүй, худал хуурмаг юм хийсэн, хүнээс хуурамч ч хамаагүй баримттай эрхийг аваад дарамтлаж гүтгэж нэхэмжлэл гаргаад хэдэн төгрөгийн ашиг олохоор төлөвлөн хувь хүнийг амьдралаар нь тоглохоор улайрч байна гэж үзэх үндэслэлтэй. Иймээс Капитал банкны Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлийг шаардах эрхгүй нэхэмжлэл гэж үзэж байна.

...Анод банкны эрх хүлээн авагч нь Капитал банкинд “шаардах эрх шилжүүлэх” талаар хоорондын гэрээ байгуулсан бол хууль болон зээлдэгчтэй хийсэн гэрээнд заасны дагуу зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй, ийнхүү мэдэгдэхдээ зохих журмын дагуу бичгээр мэдэгдэх үүрэгтэй байсан, энэ үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй, нотлож чадаагүй, мөн хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй байхад 2 шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдсон, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заажээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Капитал банкны эрх зээлийн сүүлийн төлөлт болох 2011 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болж байна гэж хүлээн зөвшөөрч тэмдэглэсэн атлаа нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “...Д.Ургамал оршин суух хаягаа өөрчилсөн тухайгаа мэдэгдээгүй олдохгүй байсан” гэж тайлбарласан. Хариуцагч Д.Ургамал нь хоёр удаа утсаар ярьсан, үндсэн зээл 3 620 489 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдана гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн хууль бус дүгнэлт хийж төлбөр хариуцуулсныг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байна. Иймд 2 шатны шүүх иргэн Д.Ургамал нь Капитал банкгай утсаар ярьсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл болгож байгаа нь хууль бус юм.

...Мөн барьцааны гэрээ нь зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд Анод банкны өөрийн өмнө нь өөр хүнд барьцаалсан хөрөнгөө надад давхар барьцаалж зээл олгосон нь мөн Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчиж олгосон зээл бөгөөд надтай хийсэн энэхүү зээлийн гэрээ мөн хүчингүй, үүнийг дагаад хүчингүй зээл шилжүүлсэн эрх шилжүүлэх гэрээ мөн хүчингүй гэж үзэж байна. Үүнээс гадна намайг “капитал банкнаас 2 удаа утсаар ярьсан, үндсэн зээл 3 620 489 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө” гэж тайлбар гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг тасалдана гэж үзэх үндэслэл болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь миний бие энэ талаар тайлбар хангалттай өгсөн, би зээл энд байгааг ч мэдээгүй гэдгээ сайтар үнэнээр тайлбарласан, зээлээ шилжүүлсэн, шилжүүлж авсан талаар мэдэгдээгүй банкны бурууг илт миний буруу болгон үнэлж дүгнэж байгаад гомдолтой байна.

...Түүнчлэн Банкны тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар 2008 оны 02 сарын 20-ны өдөр Анод банк дампуурсаныг шүүхээс зарласан байдаг. Банкны тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Монгол банк тус банкны эрх хүлээн авагчийг томилсон бөгөөд Банкны тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу банк эрх хүлээн авагч томилогдсоноос хойш 24 цагийн дотор тус банкны удирдлага хяналт нь түүнд шилжсэн тухай зарлалыг түүний салбарын байранд нийтэд харагдахуйц газар байрлуулж хариуцагч нарт мэдэгдэх ёстой байтал Анод банк надад огт мэдэгдээгүй, энэхүү хууль бус зээлийг банкны мэргэжлийн байгууллага Капитал банк өөр дээрээ шаардах эрх шилжүүлэн авсан, 2016 он болтол бас надад мэдэгдээгүй нь ч хууль бус юм гэдгийг нь дахин хэлье.

...Иймд хуульд заасны дагуу илт хууль бус гарсан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Капитал банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Оюунтунгалаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэн, хууль бус гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой авч үзэж хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу зөв зүйтэй үнэлээгүй, мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль бус гарахад нөлөөлсөн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн илт хууль буруу тайлбарлан харэглэж байхад анхан шатны шүүхийн алдааг залруулалгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж буйг хууль бус гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг хууль хэрэглээний хувьд зөв шийдвэр гаргасан гэж дүгнээд зогсохгүй хэргийг хянан үзэхдээ Иргэний хуулийн 79 дүгээр зүйлий 79.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглээд зогсохгүй 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүд мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгүүдийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Бодит нөхцөл байдалд 2008 оны 02 дугаар сард “Анод” банк дампуурч Банкны тухай хуульд зааснаар дампуурлыг албан ёсоор зарласан. Нэгэнт “Анод” банк дампуурсан тул банкны эрх үүрэг “эрх хүлээн авагч”-д шилжсэн тул “Анод” банкны эрх хүлээн авагч нь “Анод” банктай холбоотой төлбөр тооцоо зээлийн үлдэгдэл гэх мэт бүх тооцооны талаархи эрх үүргийг хүлээн авсан тул зээлдзгч нартай холбоотой төлбөр тооцооны үлдэгдлийн асуудлаар шүүх эрх бүхий байгууллагад хандан нзхэмжлэл хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан атлаа шаардах эрхээ “Капитал” банкинд шилжүүлсэн, ийнхүү эрх шилжүүлэхдээ хууль болон зээлдэгчтэй байгуулсан гэрээг зөрчсөн нь илт байхад анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэн үнэлж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж буй нь хууль бус байна. Хэрвээ “Анод” банкны эрх хүлээн авагч нь “Капитал” банкинд “шаардах эрхээ шилжүүлэх” талаар хоорондын гэрээ байгуулсан бол хууль болон зээлдэгчтэй хийсэн гэрээнд заасны дагуу зээлдэгч нарт мэдэгдэх үүрэгтэй, ийнхүү мэдэгдэхдээ зохих журмын дагуу бичгээр мэдэгдэх үүрэгтэй байсан ба энэ үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тоггоогдож байгаа. Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйл, 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдсон, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

“Анод” банктай анх дан ганц зээлдэгч Д.Ургамал зээлийн гэрээ байгуулаагүй, мөн иргэн Ш.Дашбалжир нь Д.Ургамалтай хамт зээлийн гэрээ байгуулсан, мөн ижил эрх үүрэг бүхий зээлдэгч байсан атал дан ганц Д.Ургамалд холбогдуулан “Анод” банктай байгуулсан зээлийн гэрээний шаардах эрхийг “Капитал” банкинд шилжүүлсэн тухай баримтыг үндэслэн зээлдэгч Ж.Дашбалжирын эрхийг хөндөгдсөн болохыг мэдсээр атлаа шүүх шууд шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.

Зүй нь энэ тухайд хариуцагч, нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт хэрэгт хангалттай авагдсан байдаг тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хурлыг нэг удаа хойшлуулан “зээлдэгч Ж.Дашбалжиртай холбогдох хэсгийг зээлийн үүргээс хэрхэн чөлөөлсөн, Ж.Дашбалжирт холбогдох зээлийн төлбөрийн үүргийг хэрхэн хүлээн авсан” талаархи баримтыг “Капитал” банкнаас шаардан гаргуулж байж маргаан бүхий иргэний хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй байсан, энэ тухайд шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гарах үндэслэл болсон байна.

Иймд хуульд заасны дагуу илт хууль бус гарсан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж, Капитал банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Нямхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Банкны тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхээс Анод банкны дампуурлыг зарласан. Үүнээс өмнө Банкны тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Монгол банк нь банкны эрх хүлээн авагчийг томилж ажиллуулсан бөгөөд мөн хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу банк эрх хүлээн авагч нь томилогдсоноос хойш 24 цагийн дотор тус банкны удирдлага хяналт нь түүнд шилжсэн тухай зарлалыг түүний салбарын байранд нийтэд харагдахуйц газар байрлуулж хариуцагч нарт мэдэгдэх ёстой. Гэтэл Д.Ургамалд мэдэгдээгүй. Банк Д.Ургамал нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлд заасан гэрээг цуцлах заалт нь зөрчигдөөд байхад энэ талаар ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд ямар ч шаардлага гаргаагүй байж байгаад 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шаардах эрхээ Капитал банкинд шилжүүлсэн байдаг. Үүнээс харахад Анод банкны эрх хүлээн авагчийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа нь 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дууссан. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2-т зааснаар банкны актив хөрөнгийг 2 жилд багтаан бусдад шилжүүлэх худалдан борлуулах ёстой. Гэтэл 3 жил гаруй хугацааны дараа Капитал банкинд шаардах эрхээ гэрээний дагуу шилжүүлсэн байдаг. Энэ нь хуулийн үндэслэлгүй юм.

2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Капитал банк нь банкны эрх хүлээн авагчаас шаардах эрхээ гэрээгээр шилжүүлж авсан бөгөөд түүнээс хойш 2011 оны 11 дүгээр сард тус банкнаас нэр нь үл мэдэгдэх эмэгтэй Ургамалтай утсаар холбогдсоноос хойш нэг ч удаа холбоо бариагүй. Банкны эрх хүлээн авагч Капитал банк нарын хооронд 2011 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн №301/2011ЭХА шаардах эрхийн гэрээний 2-р зүйлийн 2.7-д эрх шилжүүлэгч шаардах эрхийн шилжүүлсэн тухайгаа зээлдэгч болон барьцаалуулагчдад албан бичгээр мэдэгдэх ёстой. Гэтэл эрх хүлээн авагч болон банкны зүгээс түүнд албан ёсоор бичгээр мэдэгдээгүй бөгөөд Капитал банкны шаардах эрх нь хуулийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дууссан байхад шүүх буруу дүгнэлт хийсэн. Д.Ургамал нь оршин суугаа хаягаа аргагүй байдлаас болж байр түрээслэн өөрчилсөн байдаг бөгөөд харин Ургамал нь Улаанбаатар хотод өөрийн албан газартаа тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн бөгөөд түүний гар утас нь өөрчлөгдөөгүй болох нь түүнтэй утсаар Капитал банкны зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр утсаар ярьсан гэх нэхэмжлэгч хариуцагч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул Капитал банк нь Д.Ургамалыг заасан хаягтаа байхгүй олдохгүй байсан гэж мэдүүлдэг нь худал юм. Ургамал нь Капитал банктай зээлийн төлбөрийн талаар эрх бүхий этгээдтэй урьдчилгаа олгох, хүү төлөх баталгаа гаргасан зүйл байхгүй. Энэ байдлаас үзэхэд шүүхийн дүгнэлт нь үгүйсгэгдэж байгаа юм.

...Хариуцагчийн зүгээс шаардах эрхээ шилжүүлэхдээ Д.Ургамалаас зөвшөөрөл авах ёстой талаар маргаагүй. Харин шаардах эрх шилжүүлэх гэрээний 2-р зүйлийн 2.7-д зааснаар эрх шилжүүлэгч шаардах эрхээ шилжүүлсэн тухайгаа зээлдэгч болон барьцаалагчдад албан бичгээр мэдэгдэнэ гэсэн заалт биелэгдээгүй талаар тайлбар гаргасан байдаг. Үүнээс харахад шүүхийн дүгнэлт нь буруу гарсан нь харагдаж байна. 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Анод банк Д.Ургамал нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.7-д “Зээлдэгч үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар батлуулж мөн улсын бүртгэлийн албанд бүртгүүлсний дараа зээлийн хөрөнгийг харилцах дансандаа авах эрхтэй болно” гэж заажээ. Гэтэл 2004 оны 10 дугаар сарын 22-нд байгуулсан зээлийн гэрээний барьцааны гэрээ нь хуулийн шаардлагыг хангаагүй, Анод банкнаас барьцаа гэрээ хэрэггүй гээд буцаасан хуучин гэрээг 2012 онд нотариатаар батлуулж шүүхэд өгч тэр гэрээ нь хуурамч болох нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хариуцагч нарын гаргасан тайлбараар батлагддаг. Барьцааны гэрээ нь зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг болох нь банкны зээлийн бодлогын журамд заасан байдаг бөгөөд иймд Анод банк Д.Ургамал нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй гэрээ байх ба банк эрх хүлээн авагч, Капитал банкны хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа харагддаг ба банкны зүгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны үндэслэлтэй шийдвэр болж чадаагүй тул дээрхи шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Капитал банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, улмаар зохигчдын хоорондох маргааны эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүйгээр шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Д.Ургамалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 3 620 489 төгрөг, хүү 7 247 305 төгрөг, нийт 12 317 256 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж үндсэн зээл 3 620 489 төгрөг төлөхийг зөвшөөрчээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Д.Ургамал нь 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Анод банк” ХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 13 000 000 төгрөгийг 84 сарын хугацаатай, жилийн 13,60 хувийн хүүтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн хажуу дахь 32 айлын орон сууцны 4 давхрын 48,5 мкв талбай бүхий 18 тоот орон сууцыг худалдан авах зорилгоор зээлж авсан байна \хх-ийн 8\.

Мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 22б байрны 143 тоот орон сууцыг 16 000 000 төгрөгт тооцон барьцаалсан боловч барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна \хх-ийн 11 дүгээр тал\.

 

Хариуцагч Д.Ургамалын зээлийн төлбөр 2010 оны 4 дүгээр сарын 29-ний байдлаар үндсэн зээл 3 620 499 төгрөг, хүү 2 856 200 төгрөг байсан нь “Анод  банк” ХК-иас гаргаж өгсөн баримтаар тогтоогджээ \хх-ийн 65-72 дугаар тал\.

Зээлийн гэрээний хугацаа 2011 оны 10 дугаар сарын 22-нд, уг гэрээний талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусах байжээ.

 

“Анод банк” ХК нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Капитал банк” ХХК-тай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Д.Ургамалын зээлийн үүргийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар үндсэн зээл 3 620 489 төгрөг, 7 700 төгрөгийн нотариатын зардал, 4 666 2221 төгрөгийн балансын гадуурх авлага гэж тодорхойлжээ \хх-ийн 6 дугаар тал\.

 

Ийнхүү шаардах эрхээ шилжүүлсэн талаар “Анод банк” ХК хариуцагч Д.Ургамалд огт мэдэгдээгүй, шаардах эрх шилжүүлж авсан талаар “Капитал банк” ХХК хариуцагч Д.Ургамалд зохих ёсоор мэдэгдээгүй байна. Эрх шилжүүлсэн болон хүлээн авсан тал нь энэ талаар зээлдэгчид албан ёсоор, бичгээр мэдэгдээгүй нь зээлийн гэрээний 7.3.-т заасан “гэрээний нөхцөл болзлуудад аливаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа урьдчилан зөвшөөрөл авна. Нэмэлт өөрчлөлтүүдийг бичгээр үйлдэж гарын үсэг зурна”, 7.5.-д заасан “энэхүү гэрээний хүрээнд талууд харилцан гаргасан аливаа мэдэгдэл, хүсэлт болон зөвшилцлийг бичгээр үйлдэнэ” гэсэн нөхцлийг зөрчсөнөөс гадна Шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.7.-д заасан “эрх шилжүүлэгч шаардах эрхээ шилжүүлсэн тухай зээлдэгч болон барьцаалагчид албан бичгээр мэдэгдэнэ” гэснийг мөн зөрчжээ.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1., 123.2.-т “шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ”, “хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж зааснаас үзвэл шаардах эрх шилжүүлэх тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөл шаардагдахгүй ч ийнхүү эрх шилжиж буй талаар түүнд зайлшгүй мэдэгдэх ёстой байна.

  

Хариуцагч Д.Ургамал нь “Капитал банк” ХХК-тай зээлийн гэрээг шинэчилж байгуулаагүй тул шаардах эрх шилжих гэрээнд заасан 4 666 221 төгрөгийн балансын гадуурх авлагыг эрх шилжүүлж авснаас хойшхи хугацаанд нэмэгдүүлж тооцох эрх зүйн үндэслэл тодорхой бус байна.

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр  “Анод банк” ХК-иас зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлж авснаар уг зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1., 79 дүгээр зүйлийн 79.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зогсох, эсхүл тасалдах эрх зүйн үндэслэл үүсээгүй байна.

 

Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг байхад шүүх “хариуцагч Д.Ургамалтай хоёр удаа утсаар ярьсан, үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрсөн” гэж хэрэгт авагдаагүй баримтыг дурдаж, хариуцагчийн тайлбарын агуулгыг гуйвуулан хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзжээ.

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нэхэмжлэлээ 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргаснаар зээлийн гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2 жил хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч Д.Ургамал үндсэн зээлийн 3 620 489 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргасан байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь  Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1., 82.3.-т заасан зохицуулалтын агуулгад нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 922 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00412 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д” гэснийг “82 дугаар зүйлийн 82.1.-д” гэж, “хариуцагч Д.Ургамал” гэснийг “хариуцагч Д.Ургамалаас” гэж, “нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай” гэснийг “нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8 696 676 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, “хүү 7 247 305 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 449 461 төгрөг, нийт 12 317 256 \арван хоёр сая гурван зуун арван долоон мянга хоёр зуун тавин зургаан\ төгрөг” гэснийг хасч, 3 дахь заалтын “хариуцагчаас 212 026 төгрөгийг” гэснийг “72 877 төгрөгийг” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 212 026 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН