Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 103

 

 

 

Г.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/187 дугаар цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 79 дүгээр магадлалтай, Г.Б-т холбогдох 1931004230034 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 29-ний төрсөн, 41 настай, эрэгтэй, хувиараа зөгийн аж ахуй эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Г-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, энэхүү хэрэгт битүүмжилсэн ***** СЭА улсын дугаартай, “Самсунг” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Б.А-т буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн их биетэй 1 ширхэг цахилгаан хөрөө, хэрэгт битүүмжилсэн 77 ширхэг “нарс” модыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, Г.Б-т буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 3.1-д заасны дагуу Г.Б-т түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгогдож мод бэлтгэх эрх үүссэн. Гэтэл Г.Б-ийн мод тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тодорхойгүй шалтгааны улмаас эвдрэл үүсч эрхийн бичигт заасан эхний өдөр мод бэлтгэж чадаагүй бөгөөд дараагийн өдөр нь мод бэлтгэхээр явсан боловч эрх бүхий байгууллага, байгаль орчны хяналтын улсын байцаагч, ойн ангийн мэргэжилтэн, холбогдох албан тушаалтан нь түлшний модыг хаана ямар газраас бэлтгэх ёстойг зааж өгөөгүй, гэр бүлийн хэрэгцээнд түлээг бэлтгэх зорилгоор ойгоос бэлтгэх модыг тэмдэглэн өгч, хяналт тавиагүй, мод бэлдэхээр тусгаарласан талбай дахь огтлолтод орохоор тэмдэглэгдсэн мод нь чухам хаана болох нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдлаас Г.Б нь мод бэлтгэх газрыг мэдэлгүй, унанги хуурай нарс мод ойгоос авсан болох нь хэрэгт цугларсан баримтаас тодорхой харагдана.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд 2016 оны А/133 дугаар тушаалаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 7.1 “Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, ойн анги мод бэлтгэх, тээвэрлэх ажлын явцад байнгын хяналт тавина”, 7.2 дугаар зүйлийн 7.2.1 “Байгаль хамгаалагч мод бэлтгэх эрхийн бичиг, бусад шаардлагатай бичиг баримтыг нягтлан шалгаж, технологийн картад үндэслэн тусгаарласан талбай дээр эхлэлийн акт үйлдэж талбайг хүлээлгэж өгнө”, 7.2.2 “Мод бэлтгэлийн технологийн картын мөрдөлтөнд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах, шаардлагатай тохиолдолд ажлыг зогсоох хүртэл арга хэмжээ авна”, 7.2.3 “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө өгч ажиллана, 7.3 дугаар зүйлийн 7.3.1 “Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан мод бэлтгэх дээд хязгаар, эрх бүхий албан тушаалтнаас олгосон эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ, мод бэлтгэх, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавина”, 7.4 дүгээр зүйлийн 7.4.1 “Мод бэлтгэлийн технологийн картыг хянаж, хэрэгжилтэнд хяналт тавина” гэж тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтнууд нь зохих хяналтыг тавьж ажиллаагүйн улмаас Г.Б-ийг гэмт хэрэгт холбогдуулсан нь үндэслэлгүй гэж үздэг.

Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд хууль зүйн зөв дүгнэлтийг хийж Г.Б-ийг цагаатгасан боловч давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь дараахь байдлаар тогтоогддог. Тухайлбал Г.Б-т эрх бүхий албан тушаалтнууд нь мод бэлтгэх газрыг зохих ёсоор зааж өгөөгүй буюу хаанаас мод бэлтгэхээ мэдээгүй, таамаг төдий явсан байтал түүнийг төөрч будилсны улмаас өөр газарт мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-т зааснаар зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн нь тогтоогдсон гэж дүгнэсэн боловч Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу Г.Б нь зохих төлбөрийг төлж, эрхийн бичиг авсан тухай хууль зөрчсөн гэж үндэслэлгүй хэмээн хоорондоо эрс зөрүүтэй ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн ба давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтээс үзэхэд хэргийг бүрэн судлаагүй, нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй байдал харагдаж байна.

Г.Б-т Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу мод бэлтгэх эрхийн бичгийг олгосон нь мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-т заасан зохих зөвшөөрөлгүй гэснийг үгүйсгэж байна. Түүнчлэн Г.Б нь ойгоос унанги, хуурай мод түүж авсан нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18-04-015/13 тоот шинжээчийн дүгнэлтээр “...нарс төрлийн хуурай, түлээний зориулалтаар 1 метр 50 сантиметрийн урттайгаар тайрагдаж бэлтгэгдсэн мод байна” гэснээр батлагдана.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтаас үзвэл Г.Б нь мод бэлтгэх эрхийн бичгийг зохих журмын дагуу авсан ба хуурай, түлээний мод ойгоос авсан байдаг ба түүний үйлдлийн улмаас хохирол учраагүй, нийгэмд аюултай шинжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Харин Ойн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, мод бэлтгэхдээ технологийн горим зөрчсөн /үүнд: талбайг тодорхойлуулаагүй, мод ачих, тээвэрлэх, бэлтгэл ажлыг хангах ... зэрэг /, Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4, 10-т тус тус заасан зөрчлийн шинжтэй гэж үзэх боломжтой байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 79 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/187 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, өгнө үү” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд Ойн тухай хууль зөрчсөн зөрчлүүдийн шинжийг тодорхойлж, тухайн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг заасан боловч хууль бусаар мод бэлтгэх буюу түлшний модыг хууль бусаар бэлтгэх талаар уг хуульд тусгаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хууль зүйн үндэслэлтэй ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Г.Б-ийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг хэрхэн зөрчсөн талаарх эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/187 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хяналтын шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Б-т холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

Прокуророос шүүгдэгч Г.Б-ийг ***** аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг “****” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос 77 ширхэг, 4,1365 метр куб хуурай нарс мод бэлтгэж, **** СЭА улсын дугаартай “Самсунг” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж байгаль экологид 833,532 /найман зуун гучин гурван мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Б-ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтүүд учир дутагдалтай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын суурь болдог билээ.

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг болно.

Ингэхдээ шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг шүүхээс тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаарна.

Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.

Энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог.

Шүүгдэгч Г.Б-т эрх бүхий албан тушаалтнууд нь мод бэлтгэх газрыг зохих ёсоор зааж өгөөгүй буюу хаанаас мод бэлтгэхээ мэдээгүй, таамаг төдий явсан... гэж шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх гомдолдоо дурьдсан хэдий ч мод бэлтгэх эрхийн бичигт Хүдэр сумын Шанд гэх газар, хэсэглэл ялгарлын дугаар 63, нарс мод гэж тодорхойлсон төдийгүй шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд ...надад **** сумын **** гэх газраас түлээний мод бэлтгэх талаар **** сумын байгаль орчны алба хаагч нар мод бэлтгэх газрыг зааж өгсөн..., гэрч Б.Б-ийн ...Г.Б-ээс гадна нэр бүхий 3 хүнд **** сумын **** гэх газарт дагуулж очин мод бэлтгэх газрыг зааж өгч мод бэлтгэх эрхийн бичиг олгосон ба тухайн хүмүүс түлээний мод бэлтгэх газрыг сайн мэдэж байгаа..., гэрч Т.М-ын ...түлээний мод бэлтгэх талбай тусгаарласан газарт дагуулж очин зааж өгсөн..., мөн гэрч Ж.А-ийн ...**** сумын **** гэх газар луу хамт очиж мод бэлтгэх талбайг заалгуулж, мод бэлтгэхээр явж байсан иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлсэн... гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Үүнээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо ...Г.Б нь унанги хуурай нарс мод ойгоос авсан болох нь хэрэгт цугларсан баримтаас тодорхой харагдана… гэх боловч зөвхөн унанги хуурай нарс мод ойгоос авсныг гэм буруугүй гэх үндэслэлээр түүний үйлдлийг үгүйсгэх, хууль зөрчөөгүйг батлан харуулах баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий гарчээ.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4-т Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим, түүний эх сурвалжийг тодруулан хуульчилжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг Ойн тухай хуулийг иш татаж түүнд тусгагдсан ойлголтуудыг тайлбарлан хэрэглэснийг буруутгах боломжгүй байна.              

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл, шаардлагууд хуульд нийцсэн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 79 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ                               Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                      С.БАТДЭЛГЭР

                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН