Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/0037

 

М.Э-гийн нэхэмжлэлтэй,

НЗД-д холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                         Д.Мөнхтуяа

            Танхимын тэргүүн:                       Ч.Тунгалаг

            Шүүгчид:                                             М.Батсуурь                                   

                                                                          Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:                               П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:               Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 820 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч М.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: НЗД-ын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/683 дугаар захирамжийг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: НЗД-ын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 3565 мкв газрыг М.Э-д эзэмшүүлсэн байх бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/683 дугаар захирамжаар хууль зөрчиж газар эзэмшүүлсэн буюу “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, газрын хэмжээ хуульд заасан хэмжээнээс илүү байхад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр М.Э-д газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгчээс “Хууль болон гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байсан, Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох аль ч үндэслэлд хамааралгүй заалтыг барьж захиргааны акт гаргасан, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан гэх боловч зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй” гэж, хариуцагчаас “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг эзэмшүүлсэн, хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай байсан, тухайн газарт авто зам баригдахаар төлөвлөгдсөн” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “...М.Э-д эзэмшүүлсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байршилтай 3565 м.кв газар нь нийслэлийн 2016, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэх газарт хамаарч байна. Тухайн газарт төлөвлөгдсөн авто зам, замын байгууламжийн нөлөөлөлд нэхэмжлэгчийн эзэмшил газрын зарим хэсэг болох 1444 мкв газар өртөж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй, М.Э 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ 35,500,000 төгрөгийг төлсөн, төлбөрийн үлдэгдэл болох 82,145,000.00 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсоныг дуудлага худалдааны үнэ төлсөн гэж үзэх боломжгүй тул М.Э- дээрх төлбөрийг буцаан шаардах эрхтэй. НЗД- хуульд заасан эрх хэмжээний хүрээнд М.Э-д газар эзэмшүүлсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актаа хуульд нийцүүлэн хүчингүй болгосон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “...маргаан бүхий 3565 м.кв газрыг нэхэмжлэгчид дуудлага худалдааны журмаар олгосон эсэх, эсхүл төлөвлөгөөнд тусгагдсан, тусгагдаагүй газрыг олгосон эсэх нь тодорхойгүй зөрүүтэй баримтуудыг гаргаж өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нөхцөл үүссэн гэж үзнэ. Маргаан бүхий газрыг анх олгохдоо дуудлага худалдааны журмаар олгосон агуулгаар, эсхүл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон агуулгаар зөрүүтэй баримтуудыг гаргаж өгснөөр тус баримтуудыг шүүхээс дүгнэж шийдвэр гаргах боломжгүй. “Нийтийн ашиг сонирхол”-ыг хамгаалах зорилгоор эрх зүйн зөрчилтэй болон зөрчилгүй захиргааны актыг хүчингүй болгох, цуцлах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон, тухайн тохиолдолд, хамгаалагдах “нийтийн ашиг сонирхол” байгаа гэж хариуцагч маргасныг шүүх үгүйсгэхгүй, зөрүүтэй баримтууд болон эдгээр бусад асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэсэн үндэслэлээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 820 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг тус тус баримтлан энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинэ акт гаргах хүртэл НЗД-ын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/683 дугаар захирамжийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, 2 дахь заалтад “хариуцагч шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд НЗД-ын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/683 дугаар захирамжийг хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмэн, шийдвэрийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. Үүнд:

6.1.Маргаан бүхий газар 2018 оны Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, анх олгосон үйл ажиллагаа нь хууль зөрчсөн, хууль бус шийдвэр тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэл болгох шаардлагагүй.

6.2.Маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 61.1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан зохицуулалттай давхар хэрэглэсэн байх тул магадлалын үндэслэх хэсэгт тусгасан шаардлагыг хангасан гэжээ. 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М-гийн хяналтын журмаар гомдол гаргасан гомдлыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаар тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

8.Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

9.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, захиргааны байгууллага нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр заагаагүй газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлж, хууль зөрчсөн, мөн маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн зам барихаар төлөвлөсөн газартай давхцаж, нийтийн эрх хууль, ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул захиргааны байгууллага өөрийн гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

10.Тодруулбал, маргаан бүхий газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохоор тусгагдаагүй газар болох нь Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01-07/6084 дүгээр албан бичигт “нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн, Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хан-Уул дүүргийн 4-р хороонд зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр зааснаар тогтоогдож байна.

11.Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхгүйгээр “шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэсэн дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

12.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан, энэ хэргийн тухайд “хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай” гэх урьдчилсан нөхцөл үүсээгүй буюу дахин нэмж тодруулах үйл баримт байхгүй, маргаан бүхий газар нь иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлж болох газар биш гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байна.

13.Мөн давж заалдах шатны шүүхийн “маргаан бүхий газрыг дуудлага худалдааны журмаар олгосон эсэх, эсхүл төлөвлөгөөнд тусгагдсан, тусгагдаагүй газрыг олгосон эсэх нь тодорхойгүй зөрүүтэй баримтыг гаргаж өгсөн” гэх дүгнэлт нь дээрх хуульд заасан “шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх үндэслэлд хамааралгүй, харин шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд, зөрүүтэй нотлох баримтын зөрүүг арилган шийдвэрлэх асуудал юм.

14.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг захиргааны байгууллагаас шалган тогтоох үүрэгтэй байсан, ийнхүү шалгалгүйгээр газар эзэмшүүлсэнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй” гэх тайлбараар нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

15.Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох эрхийг захиргааны байгууллагад олгосон, нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1180 мкв газар эзэмших хүсэлт гаргасан байхад 3565 мкв газрыг зөвхөн өргөдлийг үндэслэж эзэмшүүлсэн буюу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчим хэрэглээгүй, нэхэмжлэгчийн тайлбарласнаар Зөвлөлийн хуралдаанаар газрын хэмжээг нэмэгдүүлэх эрхгүй, харин дуудлага худалдааны анхны үнэд төлсөн төлбөрөө иргэний журмаар буцаан шаардах эрх нь нээлттэй болно.  

16.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”; 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэснээр захиргааны байгууллага нь хуульд заасан буюу Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон байх тул маргаан бүхий захиргааны акт хууль зөрчөөгүй байна.

17.Авто замын хөгжлийн газрын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2/3182 дугаар албан бичигт “дугаар бүхий газар нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2015 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан Нисэх-Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөний авто зам болон НЗД-ын 2020 оны А/66 дугаар захирамжийн хүрээнд хийгдэж буй “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармаг шинэ дэд төвд шилжүүлэн байршуулах болсонтой холбогдуулан шинээр барих авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил”-ын авто зам, замын байгууламжийн нөлөөлөлд өртсөн байна” гэж, Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01-11/6496 дугаар албан бичгээр “авто замын нөлөөлөлд иргэн М.Э-гийн 3565 мкв газраас 1444 мкв газар нөлөөлөлд өртөж байна” гэж тодорхойлсон боловч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх анхнаасаа хууль ёсоор үүсээгүй гэж үзэж, бүхэлд нь хүчингүй болгосон нь дээрх байдлаар хуульд нийцсэн, захиргааны байгууллагын өөрийн эрх хэмжээний хүрээнд байх тул нэхэмжлэгчийн “үлдэх газрыг эзэмших” тухай тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

18.Дээрх үндэслэлүүдээр, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 820 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                           М.БАТСУУРЬ

                                                                            Х.БАТСҮРЭН

             П.СОЁЛ-ЭРДЭНЭ