Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2021/0174

 

М.Э-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу М.Э-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Э-н Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/683 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3565 м.кв газрыг М.Э-д үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр иргэн М.Э-д 3565 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байх тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/683 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд дараах үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн урьдчилсан нөхцлийг дараах байдлаар тодорхойлсон.

Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн,

Газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Дээрх 2 нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу дээд шатны байгууллага, албан тушаалтан хууль бус шийдвэрээ хүчингүй болгох зохицуулалт юм” хэмээн тусгасан ба Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг нь дээрх 2 урьдчилсан нөхцөлийг зэрэг хангагдсан байхыг шаардахгүй бөгөөд аль нэг нь хангагдсан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан уг хууль бус шийдвэрээ хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох юм.

Маргаан бүхий газар нь 2018 оны “Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-нд эзэмшүүлэхээр тусгагдаагүй газар бөгөөд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-ийг зөрчиж олгогдсон буюу анх газар олгосон үйл ажиллагаа нь хууль зөрчсөн, хууль бус шийдвэр тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэл болгох шаардлагагүйгээр тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн дагуу хүчингүй болгох нь зүйтэй юм. Ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-д заасны дагуу “шүүх ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ...” байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 198 дугаар тогтоол нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсруулагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө юм.

Тухайн жилд ямар байршилд газрыг шинээр олгох нь зөвхөн “Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-нд тусгагдана.

Шүүхээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 198 дугаар тогтоолыг 4400 га газрыг олгохоор тусгасан гэж тайлбарласан нь алдаатай бөгөөд “Авто замын хөгжлийн газар”-аас ирүүлсэн нотлох баримтыг үнэлээгүй ба хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг буруу тайлбарлан үндэслэх хэсэгтээ тусгажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг тус тус баталсан бөгөөд М.Э-д 2018 онд газар олгохдоо уг журмыг зөрчиж олгосон байна.

Хариуцагчийн зүгээс дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлалгүйгээр иргэн М.Э-д газар эзэмших эрх олгож газрын тухай хууль тогтоомж зөрчсөн тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгосноо илэрхийлж байгаа бөгөөд шүүх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалттай холбоотой нотлох баримтыг дутуу цуглуулсан ба Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01-07/6161 дугаар албан бичгийг үнэлээгүй байна.

Газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан байх шаардлагатай бөгөөд 31.2 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж тусгасан ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэхүү заалтыг үндэслэсэн боловч хэргийн нөхцөл байдалтай уялдуулан дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.3.5 дах хэсэгт заасан үндэслэл бий болсон тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, ач холбогдол бүхий зарим баримтыг үнэлээгүй, шаардлагатай баримтыг дутуу цуглуулсан, хууль буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Э-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжаар /Хавсралтын 42 дахь хэсэг/ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 3565 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрх олгосон байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/683 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4.1.2, 4.1.4, 33.4, 61.1-д заасныг үндэслэн, “Нийслэлийн Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр иргэн М.Э-д 3565 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон дээрх А/988 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.

1. Хариуцагч нь Газрын тухай хуулийн 33.4-т заасныг зөрчиж газар эзэмших олгосон гэж үзэж мөн хуулийн 61.1-д “... албан тушаалтан өөрийн шийдвэр ...-ээрээ газрын тухай хууль тогтоомж... зөрчсөн бол өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг үндэслэж маргаан бүхий актыг гаргажээ.

Гэтэл анхан шатны шүүх тус актаар шийдвэрлээгүй, түүний үндэслэлд хамааралгүй нөхцөл байдал буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэрчилгээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчиж, гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь хариуцагч нь хууль ёсоор газар эзэмших эрх олж авсан этгээд газар эзэмших эрхээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйтэй холбоотой газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах талаар зохицуулсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр маргаан бүхий актыг гаргаагүй тул хэрэгт уг үндэслэлтэй холбоотой баримт байхгүй, гэрчилгээ цуцлах үндэслэл тогтоогдохгүй нь ойлгомжтой юм.

2. Шүүх Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх 2 нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд албан тушаалтан хууль зөрчсөн шийдвэрээ өөрөө хүчингүй болгох зохицуулалт гэж үзэж, эдгээр урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад маргаан бүхий актыг гаргасан гэж хуулийн заалтыг явцууруулан буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Газрын тухай хуулийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.

Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан хууль зөрчсөн шийдвэрээ өөрөө хүчингүй болгоход заавал хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх нөхцөлийг шаардах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох “хууль дээдлэх” зарчимд нийцэхгүй.

Мөн дээрх хуулийн заалт нь албан тушаалтан өөрөө хууль зөрчсөн шийдвэр гаргасан бол түүнийг өөрөө хүчингүй болгох талаар зохицуулсан байхад “... нэхэмжлэгч нь хууль зөрчөөгүй, өөр бусад газар эзэмшигч, ашиглагчийн эрх зөрчигдөөгүй” гэж дээрх хуулийн заалтаар зохицуулсан харилцаатай хамааралгүй асуудлыг дурдаж, дээрх хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэж дүгнэжээ.

3. Шүүх маргаан бүхий актын “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газарт газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлтэй холбоотой маргаж буй 3565 м.кв газрыг иргэнд үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдаагүй, Хан-Уул дүүрэгт ерөнхийд нь 4400 га газрыг олгохоор тусгасан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолын 3-т Хан-Уул дүүргийн 4,5, 7, 8, 9, 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Нисэх, Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө”-г үнэлж, “маргаж буй газар багтсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь дээрх ерөнхий төлөвлөгөөний дагуу Нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байршил, зориулалт тус бүрээр эзэмшүүлж болох газрыг тусгадаг бөгөөд шүүх хэрэгт авагдсан Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж үнэлсэн атлаа тухайн газрыг эзэмшүүлж болохоор тусгагдсан байж болох Нийслэлийн 2016, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргуулж, тухайн газрыг хэрхэн төлөвлөснийг тодруулаагүй байна.

4. Маргаан бүхий актын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлээгүй гэх үндэслэлийн талаар дүгнэхдээ дуудлага худалдааны анхны үнийн заримыг төлсөн, үлдсэнийг төлөх хуваарь гаргаж Нийслэлийн газрын албатай тохиролцож байсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн нь маргаан бүхий актыг хуульд нийцсэн эсэхэд өгсөн дүгнэлт болж чадаагүй байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж зохицуулжээ.

Үүний дагуу Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг шинэчлэн баталсан байна.

Анхан шатны шүүх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй атлаа дуудлага худалдааны анхны үнийг ямар үндэслэлээр төлүүлж байсан талаар тодруулах, хэрэгт авагдсан “И с” ХХК-ийн албан бичигт “... урьд нь эзэмшиж байсан газар эзэмших эрх хүчингүй болсонтой холбоотой дуудлага худалдааны төлсөн төлбөрийг М.Э-д шилжүүлэхээр” тусгасан нь энэхүү газрыг эзэмшүүлэхтэй холбоотой эсэх зэргийг тодруулж, хариуцагчийн “... дээрх хууль тогтоомжийг зөрчиж газар эзэмшүүлсэн тул хүчингүйд тооцсон” гэж үзсэн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

5. Шүүх маргаж буй газарт авто зам, замын байгууламж барихаар төлөвлөсөн гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбартай холбоотой Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд зааснаар “бусдын эзэмшилд нэгэнт олгогдсон газрыг тусгай хэрэгцээнд авах буюу нийтийн эдэлбэрийн газар болгох зохицуулалт тусгайлан зохицуулагдсан” гэжээ.

Хэрэгт авагдсан Авто замын хөгжлийн газрын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2/1798 дугаар албан бичигт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/570 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг үндэслэж баталсан талаар дурдаж, Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармаг шинэ төвд шилжүүлэн байршуулан болсонтой холбогдуулан шинээр барих авто зам, замын байгууламжийн схем зургийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгатай “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн хойд талд гүүрэн гарц, авто зам”-ын МЗХ****/**-** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл зэргээс үзвэл маргаж буй газрыг иргэнд эзэмшүүлэх, эсхүл авто зам, замын байгууламж барихын аль нь хэрхэн төлөвлөгдсөн талаар дүгнэлт өгөхөд эргэлзээтэй байна.

Мөн хэрэгт нэхэмжлэгч М.Э Газрын тухай хуулийн 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.2-т “эзэмших газрын ... хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж заасны дагуу 1180 м.кв газар эзэмшихээр хүсэлт гаргасан, баримтад Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 3565 м.кв газрын зарим хэсэг авто зам барихаар төлөвлөж буй хэсэгтэй давхацсан талаар дурдсан зэргээс үзвэл ямар үндэслэлээр нэхэмжлэгчид хүсэлтэд дурдсанаас илүү газрыг эзэмшүүлсэн, М.Э-н анхны хүсэлт гаргасан газарт нь авто зам, замын байгууламж барихаар төлөвлөсөн байсан эсэх, уг газартай нь давхацсан эсэх зэрэгтэй холбоотой нотлох баримт цуглуулж, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, түүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэх шаардлагатай.

Хэрэгт маргаан бүхий акт үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн зөрчигдсөн хэмээн маргаж буй эрх хууль ёсны дагуу үүссэн эсэхийг нотлох дээр дурдсан нотлох баримтууд авагдаагүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д заасан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 90 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч төрийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ