Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01915

 

2023 оны 11 сарын 01 өдөр                       210/МА2023/01915

 

Ж.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/03693 дугаар шийдвэртэй,

 

Ж.Оын нэхэмжлэлтэй,

Б.П, А.М нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 138,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ж.О нь Б.П, А.М нартай 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 90,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд, сар бүр 4.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Гэрээний дагуу зээлдэгч А.Мд 11,470,000 төгрөгийг бэлнээр, А.Мгийн хадам ээжийн дансанд 25,630,000 төгрөг, 52,900,000 төгрөгийг Б.Пын “Мл” ХХК-ийн данс руу тус тус шилжүүлсэн.

1.2 .Гэтэл Б.П, А.М нар гэрээгээр хүлээсэн үүргээ 1 жил 2 сарын хугацаагаар хэтрүүлсэн тул 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш сарын 4.5 хувиар хүүг 12 сараар тооцож зээлийн хүүд 48,600,00 төгрөгийг, үндсэн зээлд 90,000,000 төгрөг, нийт 138,600,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Б.Пын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ж.О бид нарын хооронд ямар ч зээлийн эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд миний ажиллуулдаг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Д” нэртэй шөнийн клубт нэхэмжлэгч Ж.О нь 100,0 сая төгрөгийн хөрөнгө оруулах замаар хамтран харилцан ашигтай ажиллахаар тохиролцож, хөрөнгө оруулалт хийхдээ Ж.О нь “зээлийн гэрээ байгуулах замаар хийнэ” гэхэд нь ажлаа үр дүнтэй шуурхай явуулах нь чухал байсан тул хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан.

Хамтран ажиллах явцад Ж.О нь хөрөнгө оруулна гэж тохиролцсон хөрөнгөө бүрэн оруулаагүйгээс түүнд ногдол ашиг хуваарилах, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон бөгөөд энэ тухай түүнд биеэр, утсаар, цахим байдлаар хэд хэдэн удаа мэдэгдэхэд хариу өгөөгүй атлаа шүүхэд зээлийн гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргасанд гайхаж байна.

2.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардаж, түүний хүүг мөн шаардах эрхгүй гэж үзэж байна. Харин мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн 56.1-т заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” бөгөөд хариуцагч Б.Пын зүгээс дээрх хамтран ажиллах харилцаагаа дуусгавар болгож, шилжүүлсэн хөрөнгийг нь буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно.

2.3. Б.П зээлийн гэрээ байгуулсан, гэхдээ зээлийн гэрээгээр тохирсон мөнгийг хүлээж аваагүй. “Мл” ХХК-ийн данс руу орсон мөнгө нь дансны хуулгаар тогтоогДо. Хэрэв Б.Пын зээл авсан гэж үзэж байгаа бол 52,900,000 төгрөгийг Б.Пд өгснөө нэхэмжлэгч өөрөө нотлож чадахгүй байна. Зээлийн гэрээгээр буцаан төлөх дансыг тохиролцсон боловч Б.Пд хэрхэн яаж олгох талаар заагаагүй. Б.Пын хадам ээжийн данс руу мөнгө хийсэн зүйл байхгүй. Б.П нэг ч төгрөг хүлээж аваагүй.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4-т зааснаар хариуцагч А.Мгаас 69,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 69,300,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Пд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 850,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 504,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.От олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Хариуцагч Б.П нь “Ж.О нь зээлийн гэрээ байгуулах замаар хийнэ гэхэд миний зүгээс ажлаа үр дүнтэй шуурхай явуулах нь чухал байсан тул хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан, ... хамтран ажилллах явцад Ж.О нь хөрөнгө оруулна гэж тохиролцсон хамтран ажиллах харилцаа дуусгавар болгож шилжүүлсэн хөрөнгийг нь буцаан өгөхөд татгалзах зүйлгүй” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.  

Уг тайлбараас үзвэл талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн, “Мл” ХХК нь Б.Пын өөрийн компани бөгөөд компанийн дансаар дамжуулж зээлийн мөнгийг шилжүүлж авсан зэрэг үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн байдлыг шүүх харгалзан үзэж дүгнэлт хийгээгүй нь шүүх нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.2. Хэргийн үйл баримтаас үзвэл Ж.О, Б.П, А.МөнхАмгалан нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг Б.Пын “М” ХХК-ийн данс руу шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч дансны хуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ нотлож байгаа үед түүний эсрэг татгалзалаа хариуцагч мөн адил нотлох үүрэгтэй. Гэтэл шүүхээс зөвхөн нэхэмжлэгч л нотлох үүргийг дангаар хүлээх байдлаар хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан нь талууд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн шийдвэр болжээ.

4.3. Мөн нэхэмжлэгчээс хариуцагч Б.Пын өөрийн нэр дээрх “Хаан банк”-ны данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг” гэх байдлаар баримттайгаар үнэлсэн боловч шийдвэртээ хариуцагч Б.Пыг зээлийн гэрээний төлбөрт мөнгө аваагүй гэх байдлаар тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 52,000,000 төгрөгийг хийсэн гэж маргадаг. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээнд Б.П гарын үсэг зурсан эсэх дээр маргадаггүй. Харин Б.П зээл авсан эсэх дээр маргадаг. Нотлох баримт шинжлэн судлах шатанд бүх нотлох баримтыг шинжлэн судлаад, 52,900,000 төгрөгийг Б.Пын данс руу шилжүүлээгүй болох нь тогтоогдсон.  

Б.Пын хариуцан ажиллуулдаг “Мл” ХХК буюу шөнийн клубын засварын ажил явагдаж байхад Ж.О “100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулъя” гэхэд Б.П хөрөнгө оруулсан хэмжээгээр нь ашиг хүртэх гэдэг байдлаар талууд тохиролцсон.

Хариуцагч зээл аваагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нотлох баримт шинжлэн судлах шатанд гаргасан тайлбар зэргээр нотлогддог тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй, хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Б.П, А.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 138,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Б.П нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан бол хариуцагч А.М нь нэхэмжлэлээс 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрсөн баримт гаргажээ.    

 

3.1. Ж.О, А.М, Б.П нар 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Ж.О 100,000,000 төгрөгийг, сарын 4,5 хувийн хүүтэй, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаагаар зээлдүүлэх, А.М, Б.П нар зээлийн хүүг сар бүр, үндсэн зээлийг гэрээний хугацааны эцэст төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн гэж тэмдэглэгдсэн байна.

3.2.Түүнээс гадна хариуцагч А.Мгаас шүүхэд баримтаар гаргаж өгсөн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Зээлийн гэрээнд баталгаа”-нд “... Зээлдэгч А.М нь зээлдүүлэгч Ж.Оаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлсэн 90,000,000 төгрөгөөс 45,000,000 төгрөгийг дангаар хариуцан төлөх бөгөөд 33,000,000 төгрөгийг даснаар ... 12,000,000 төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр гардаж авсан болно. ... 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу сарын 4.5 хувийн хүү, мөн төлөлтийг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги нэмж тооцон төлнө” гэж тусгаж, нэхэмжлэгч Ж.О, хариуцагч А.М нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулжээ.

3.3. Харин зээлдүүлэгч Ж.О нь гэрээний 3.4-т зааснаар 100,000,000 төгрөгийн зээлээс 65,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ зээлдэгчийн хүсэлтийн дагуу бөөнөөр болон хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ. Тэрээр 52,900,000 төгрөгийг банкны 5006228059, 001415116731, 5429674149 тоот данс руу шилжүүлэхдээ утгыг “оюунаас байрны барьцааны ...”, “Мл засварын зардал”, “оюунаас засварт”, “оюун байрны засварт”, “оюунаас буцаав”, “26 хүртэл хүүтэй зээлүүлэв”, оюун түр зээл”, “байр84”, “оюун”, “оюун 4 саяийн үлдэгдэл” гэж тодорхойлсныг анхан шатны шүүх уг данс эзэмшигч н.Н, “Метрокапитал” ХХК, н.Д нар болохыг харьцуулан дүгнээд анхан шатны шүүх Ж.О нь зээлдэгч Б.Пд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгөөгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай, зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгснөө нотлох үүрэг нь нэхэмжлэгчид хуваарилагдсан гэж үзсэн нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

3.4. Дээр үйл баримтыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэж анхан шатны шүүх хариуцагч Б.П болон Ж.О нарын хооронд хамтран ажиллахаар тохиролцсон гэх хариуцагч Б.Пын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

4. Дээрхээс дүгнэвэл Ж.О болон А.М нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, харин Ж.О болон Б.П нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгөөгүй тул зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй болжээ. Анхан шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан зарчмын дагуу нэхэмжлэлийг шаардлага, үндэслэлээр хязгаарлаж зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргаан гэж дүгнэж Б.Пд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 69,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Оын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

5. Хариуцагч А.М нь 45,000,000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт хүлээн зөвшөөрөх тайлбар гаргасныг үндэслэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл  45,000,000 төгрөг, зээлийн хүү 24,300,000 төгрөг нийт 69,300,000 төгрөгийг хариуцагч А.Мэс гаргуулж нэхэмжлэгч Ж.От олгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд энэ шийдэлд зохигч давж заалдах гомдол гаргаагүй.  

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/03693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

     ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА