Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01928

 

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01928

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 104/ШШ2023/00401 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК, Б.М, Г.Э нарт холбогдох,

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Б.М, Г.Э нарыг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “А” ХХК-аас 407,149,898 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.М, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагч Б.М, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П, хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “А” ХХК нь Б.Мтай 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 02/19 дугаар орон сууцны зээлийн гэрээ, 01/19 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулсан. Гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо - 302 тоот орон сууцны үнэ 197,040,000 төгрөг, үүнээс урьдчилгаа 25,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 172,040,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 8 жилийн хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон.  2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр cap хүртэл 17,391,763 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 154,648,237 төгрөгийг төлөөгүй байна.

1.2: Хариуцагч Г.Э нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо -ны 301, 303 тоот орон сууцыг худалдан авахаар зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс урьдчилгаа 25,000,000 төгрөгийг бэлнээр авч,  үлдэгдэл төлбөр 260,990,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 8 жилийн хугацаатай төлөхөөр харилцан тохиролцсон боловч 234,596,226 төгрөгийг төлөөгүй байна.

1.3. “А” ХХК-аас тухайн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой, гэрээ цуцлах талаар мэдэгдлийг тухай бүрд нь өгсөн. Хариуцагч нарын зүгээс гэрээ цуцалсан, гэрээний үүргээ биелүүлээгүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрдөг. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь “А” ХХК бөгөөд Иргэний хуулийн 219, 225, 227 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаж, өөрийн өмчийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх эрхтэй.

1.4. “А” ХХК нь “Б” ХХК-тай түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан. Дээрх 3 орон сууцыг худалдаж авахаас өмнө 2018 онд 1 сарын түрээсийн төлбөрийг 1,120,500 төгрөгөөр тооцож байсан. Б.Мтай байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой 302 тоотыг “Б” ХХК түрээслэж байсан учраас тухайн үеийн түрээсийн ханшаар нэг жилийн түрээсийн төлбөрийг тооцоход 14,566,500 төгрөг юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хариуцагчийн буруутай үйлдлээс болж олгох ёстой байсан орлого гэж тооцож нэхэмжилсэн.

1.5. 301, 303 тоот буюу Г.Этой хийсэн гэрээний хувьд 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг хүртэлх түрээсийн төлбөр 19,110,000 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Тус байрыг 2019 оны 03 дугаар сарын 25-нд 02/19 дугаартай "Орон сууцны зээлийн гэрээ"-ээр худалдан авч, эзэмшиж, ашиглах болсон. Гэрээгээр орон сууцны 1 м.кв талбайн үнийг 3,000,000 төгрөг байхаар тохиролцож, урьдчилгаанд 50,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 8 жилийн хугацаатай графикийн дагуу төлөхөөр болсон.

2.2. “А” ХХК нь А хотхоны -анд үйлчилгээний зориулалттай 19,106 м.куб талбай, 14 давхар, 5,213 м.кв талбайтай орон сууцыг зочид буудлын зориулалтаар, 100 машины 3558 м.кв талбайтай дулаан зогсоолыг өмчилж, ашиглаж, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ус дулааны болон засвар үйлчилгээний зардлыг cap бүр “Б” ХХК-д төлдөг байсан.

Иймд талууд тохиролцон орон сууцны үнийн cap бүрийн төлөлт болон “А” ХХК-ийн ашиглалтын зардлын cap бүрийн төлөлтийг тооцоо нийлж харилцан тооцоод “А” ХХК нь тооцооноос илүү гарсан ашиглалтын зардлыг “Б” ОСНААК-д төлж хамтран ажиллаж байсан.

Хамгийн сүүлд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тооцоо нийлж “Б” ОСНААК Б.М миний орон сууцны үнийн cap бүрийн төлөлтийг 2020 оны 04 дүгээр сарыг дуустал төлсөн, “А” ХХК ашиглалтын зардлаас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 6,272,482 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохыг тохиролцон тогтоосон. Энэхүү тооцоо нийлснээс хойш “А” ХХК тооцооны үлдэгдэл төлбөр болон түүнээс хойших хугацааны ашиглалтын зардлын зөрүүг төлөхгүй байсаар 2020 оны 12 дугаар сарын байдлаар нийт 63,048,861 төгрөгийн өр үүсгэж төлбөр тооцооны талаарх тохиролцоогоо зөрчиж үл ойлголцолд хүрээд байна.

2.3. Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, орон сууцны үнийн урьдчилгаанд 50,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарыг дуустал 13 сарын хугацаанд хоорондын тооцоогоор орон сууцны үнэд 79,580,879 төгрөг, нийт 129,589,879 төгрөгийг төлсөн.

“А” ХХК 2020 оны 04 дүгээр сараас хойш хоорондын тооцоогоор манайд төлбөл зохих төлбөрөө огт төлөөгүй. 2020 оны 12 дугаар сарын байдлаар нийт 63,448,861 төгрөгийн ашиглалтын зардлын үлдэгдэлтэй байгаа тул төлбөр тооцоог харилцан тооцох тохиролцооны дагуу би графикт хугацаанд орон сууцны үнийг төлсөн болно.

Иймд “А” ХХК дангаараа гэрээг цуцлах эрхгүй, бид орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгч “А” ХХК нь орон сууц ашиглалтын төлбөрт 2020 оны 04 дүгээр сараас хойш 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч “Б” ХХК-д 725,223,162 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн.

Хариуцагч Б.М, Г.Э нар нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/19, 02/19 дугаартай зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл 318,000,073 төгрөгийг төлж барагдуулсан гэж үзэх бүрэн боломжтой байх тул хариуцагч Б.М, Г.Э нарыг маргаан бүхий орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч “А” ХХК-аас 407,149,898 төгрөгийг гаргуулан “Б” ХХК-д олгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа сөрөг нэхэмжлэгч буюу хариуцагч өөрсдөө нотлох үүрэгтэй. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгагдаад явж байгаа баримт нь хэргийн 205 дугаар талд авагдсан байгаа. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн баримт юм. Тэгэхээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч холбоогүй үйл баримтыг холбож гаргаж байгаа нь үндэслэлгүй.

4.2. Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/975 албан тоотод 2021 оны 02 дугаар сараас А хотхоны -, -, - дугаартай байруудын хэрэглэгчдэд дулаан түгээх, хангах үйл ажилагааг “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнээс хассан бөгөөд үүнтэй холбоотой маргаан нь 3 шатны шүүхээр байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж шийдвэрлэгдсэн.

“А” ХХК нь “Б” ХХК-аас дулаан, хүйтэн, халууны хангамжийг аваагүй, “Б” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2021 онд цуцалсан байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн төлбөр, алданги нийт 725,223,162 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай уялдаа холбоогүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, А хотхоны 301, 302, 303 тоот орон сууцуудыг хариуцагч талын хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжпэгч талд олгон, хариуцагч “Б” ХХК-аас 33,676,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, орон сууцны үнэд бэлнээр болон хэсэгчилэн төлсөн 129,580,879 төгрөгийг нэхэмжпэгч талаас гаргуулж хариуцагч Б.М, Г.Э нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг баримтлан хариуцагч Б.М, Г.Э нарыг Хан-уул дүүрэг 3 дугаар хороо, А хотхоны - 301, 302, 303 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоон, нэхэмжлэгч “А” ХХК-аас ашиглалтын төлбөрийн үлдэгдэл 407,149,898 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,683 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,266,899 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 624,683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч Б.М, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчдыг илт ялгаварлан гадуурхаж хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаарр зүйлийн 67.1.3-т заасанчлан шүүгчийн зайлшгүй явуулах ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр шүүх хуралдааныг хуралдуулж шийдвэр гаргасан асуудал нь маргаан бүхий иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хариуцагч Б.М, Г.Э нарын мөн хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 тоот “Аргачлал, баримтын загвар батлах тухай” тогтоолын 1.3 дахь хэсэгт “Иргэний хэргийн хөдөлгөөний хяналт, удирдлагыг шүүгч хэрэгжүүлнэ” гэж заасан байна.

“Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх баримтын загварыг” хавсралтаар баталсан байх бөгөөд уг хавсралтын 4.2.2-т “Шүүгч ИХШХШТХ-ийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт ззааснаас бусад хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж баримт №7-г үйлдэж хэрэгт хавсаргана” гэсэн байна.

Хариуцагч Б.М, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П нь шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшлуулах хүсэлтийг цахимаар гаргасан, мөн хариуцагч “Б”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.1-д заасны дагуу “төлөөлөгч бүрэн эрхээсээ татгалзсан” учир хуульд зааснаар хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн шүүхэд хариуцагчийг төлөөлөх төлөөлөл дуусгавар болсон байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч “Б” ХХК-ийн хуулиар олгогдсон эрх болох шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэх эрхийг нь эдлүүлэх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан “зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хянан шийдвэрлэсэн” нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт “Хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй. Энэ эрхийг эдлэхгүй гэж тохирсон хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан тул анхан шатны шүүх хариуцагч “Б” ХХК-ийн захирал Б.Мт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэх үндэслэлээр шүүх хурлыг үргэлжлүүлэн хэлэлцэж шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг баримтлан явуулсан нь илт хууль бус, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг илтэд хязгаарласан үйлдэл болсон төдийгүй мэтгэлцээний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүй байхад шүүх хуралдааныг явуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

6.2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв хөдөлбөргүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй, мөн Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсгүүдийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлохоор өгсөн баримтууд нь эргэлзээгүй баримт гэж үзэхээргүй, хуулийн шаардлага хангахгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэн мөн хариуцагч талыг байлцуулалгүйгээр хууль зөрчин “...Хариуцагч талын “А” ХХК-ийн төлөх ашиглалтын зардлаас Б.М, Г.Э нарын зээлээр худалдан авсан орон сууцны төлбөрийг тооцон суутгахаар талууд тохиролцсон бөгөөд 2020 оны 04 дүгээр сарыг дуустап дээрхи тохиролцооны дагуу төлбөрийг суутган тооцсон гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэсэн, хариуцагч тал өөрийн тайлбарыг баримтаар нотлоогүй....нэхэмжлэгч тал маргаан бүхий орон сууцуудад “Б” ХХК үйл ажиллагаа явуулдаг талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан, хариуцагч тал нэхэмжлэгчийн дээрх тайлбартай маргаагүй, хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа маргаан бүхий орон сууцуудад “Б” ХХК-ийн оффис байрлаж байгаа талаар дурдсан ба хариуцагч “Б” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл маргаан бүхий орон сууцыг түрээслэх талаар нэхэмжлэгч талтай тохирсон, гэрээ байгуулсан баримт хэрэгт авагдаагүй боловч бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь хуульд нийцэхгүй тул хариуцагч “Б” ХХК-аас түрээсийн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ” гэх дүгнэлтээр талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан огт өөр өөр харилцааг зохицуулсан хуулиудыг хамтатган хэрэглэсэн нь анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаагүй шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн, зориудаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамаарахгүй гэж дүгнэн хэлэлцэхгүй байх зорилгоор дээрх хуулийн заалтыг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Дээрх бүх байдлууд нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болохыг нотлож байх тул шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр анхан шатны шүүхээс хариуцагч Б.М, Г.Э нарт “шүүхэд төлөөлж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хуульд заасан та бүхний эрх ашгийг хамгаалж оролцохгүй байна, та бүхэн өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томил, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдөө оролц” гэх мэдэгдлийг хүргүүлсэн. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаж, хурлыг удаа дараа хойшлуулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж, үүргээ биелүүлж, мэтгэлцэх үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Б” ХХК, Б.М, Г.Э нар нийт 8 удаа итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэл олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан. Хариуцагч нарын эрхийг хязгаарласан, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэдэг нь тогтоогдоогүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Б.М, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэж байна. Өмнөх шүүх хуралдаанаар хэргийг бүтэн хэлэлцсэн ч шинээр ирсэн нотлох баримтыг хэргийн оролцогчдод танилцуулах үүрэгтэй. Шүүхээс хариуцагч Б.Мт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэн оролцох талаар мэдэгдлийг хүргүүлээгүй.

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “А” ХХК ашиглалтын төлбөрт 824,006,643 төгрөг төлөх ёстой байснаас Б.М, Г.Э нарын зээлээр худалдаж авч байгаа орон сууцны төлбөрт ашиглалтын төлбөрөөс 318,073,264 төгрөгийг хасаж тооцсон тооцоо нийлсэн актаас үүдэлтэйгээр нэхэмжлэх явуулсан. “А” ХХК онцгой нөхцөл байдлын улмаас чөлөөлөгдсөн төлбөрөөс тооцохгүй, бусад төлбөрийг Б.М, Г.Э нарын төлбөрт тооцоод “А” ХХК, “Б” ХХК нь тооцоо нийлсэн акт үйлдсэн, акт хэрэгт авагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Б.М, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав. 

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК, Б.М, Г.Э нарт холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч Б.М, Г.Э нар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “А” ХХК-аас 407,149,898 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч Б.М, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлуулах тухай хүсэлтийг, эмнэлгийн магадлагааны хамт шүүхэд цахимаар ирүүлснийг шүүх хүлээн авч эмнэлгийн магадлагааг нотлох баримтын шаардага хангаагүй гэж дүгнэж, хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь уг эмнэлгийн магадлагааг цахимаар шүүхэд ирүүлсэн байх бөгөөд шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж буй бол шалгах боломжтой.

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдож байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4. Анхан шатны шүүхээс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч нарт мэдэгдэл хүргүүлсэн, уг мэдэгдлээр шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах, эсхүл өөрсдөө оролцох талаар мэдэгдсэн гэх агуулга бүхий тайлбарыг нэхэмжлэгч тал гаргасан бөгөөд дээрх баримт хэрэгт авагдсан байна.

Гэвч хэргийн нөхцөл байдлаас үзэхэд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/314 дугаар мэдэгдлийг хариуцагч нарт хүргүүлснээс хойш 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон, мөн хуульд заасан үндэслэлээр нотлох баримт бүрдүүлүүлэх хүсэлт гаргасаныг анхан шатны шүүх хүлээн авч, шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШЗ2023/01579 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн, уг нотлох баримттай танилцах эрхийг харицагч Б.М, Г.Э болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.М, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 104/ШШ2023/00401 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 754,264 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

     ШҮҮГЧИД                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА