Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0089

 

                               

 

 

   2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0089

             Улаанбаатар хот

 

 

 

 

 

Р.А-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                               

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Р.А-гийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга Н.Үйтүмэнд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.АГовь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын албан тушаал бууруулах тухай 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/02 захирамжийг хууль бус болохыг тогтоож, Р.А урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ”Нэхэмжлэгч Р.Алагааг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/02 дугаартай захирамжаар албан тушаал бууруулсан байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд Р.А-г албан тушаал бууруулах үндэслэл болсон гэж үзэх үндэслэлгүй зөвхөн шүүхэд зориулж шүүхийн шатанд л захирамжийн үндэслэлээ нотлохоор гаргаж өгсөн баримт болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийсэн.

Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа 2018 оны 03 дугаар сарын 23-ны 199 тоот албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/133 дугаартай албан шаардлага зэрэг нь Р.А-г албан тушаал бууруулсан захирамж гарсаны дараа буюу 16 хоногийн дараа гарсан байдаг.

Төсвийн жил дуусахад тусгай зориулагдсан шилжүүлгийн байгууллагуудын төвлөрүүлсэн зарцуулагдаагүй үлдэгдэл 4.6 сая төгрөгийн төсвийн захирагчаас олгосон санхүүжилт шилжүүлэг бүлгийн 213503 дугаартай код бүхий төвлөрүүлэх шилжүүлгийн дансанд тайлагнах байтал Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдад олгох татаас санхүүжилт бүлгийн 213403 код бүхий төвлөрүүлэх шилжүүлэгт бүртгэгдсэн гэж аудитын албан шаардлагад дурдагдсан бөгөөд энэхүү ажиллагаа нь аймаг нийтээр хийгдсэн аймгийн Засаг даргын төрийн сангийн үүрэг даалгавраа нийтээр зохион байгуулсан ажил байхад гагцхүү Р.Алагаад хамаатуулж байгаа нь үндэслэлгүй.

Түүнчлэн бусад төсвийн байгууллагуудын өр төлбөр үүсгэсэн байгааг Санхүүгийн албаны даргатай холбон тайлбарлаж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Санхүүгийн алба нь батлагдсан, санхүүжүүлэх төсөвт тааруулж, хяналтаа тавьж гүйлгээ шилжүүлгийг баталж өгдөг чиг үүрэгтэй  болохоос  тухайн байгууллага сангийн өр төлбөр тавьж байгаа тавих мэдэхгүй мэдэх боломжгүй энэ нь байгууллагын нягтлан бодогч дарга нарт хамаар байхад өр төлбөр үүсгэсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Санхүүгийн албан болон санхүүгийн албаны дарга, мэргэжилтний чиг үүргийг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаартай санхүүгийн алба байгуулах тухай тогтоол түүний хавсралтаар баталсан байдаг.Түүнчлэн төрийн байгууллага дээр тавигдсан Аудитын албан шаардлага актуудын зөрчлийн хариуцан арилгах үүрэг нь тухайн байгууллагын 1,2 дугаар гарын үсэг зурдаг дарга нягтлан бодогч нарт хариуцуулсан байхад санхүү албаны дарга эдгээрийг арилгаагүй гэж үзэж түүнийг албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй байхад шүүх бодит байдлын нягталж дүгнэлтгүйгээр хийсвэрээр дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

Харин ч төсвийн тухай хууль тогтоомжоо зөрчиж алдаа зөрчил гаргасан албан шаардлага акт тавиулсан нягтлан бодогч П.Д Санхүүгийн албаны дарга Р.Аоронд тавьж байгаа нь өөрөө ашиг сонирхол, хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байгаа болно.

Мөн 2017 оны Р.А тухай ажлыг хийж гүйцэтгэж байсан гэж П.Дийн нэр дээр тавигдсан албан шаардлагыг түүнд хамаатуулж байгаа нь  үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл П.Д нь Засаг даргын тамгын газрын 2 дугаар  гарын үсгийг зурж байсныхаа хувьд өөрийн хийж гүйцэтгэж байсан ажил үүргийнхээ дагуу албан шаардлага авсан мэтээд хариуцагч тайлбарласныг шүүх өрөөсгөлөөр дүгнэж ийнхүү дүгнэлт хийж чадахгүй, ойлгохгүй бол Аудитын байгууллагаас холбогдох албан тушаалтнуудаар тайлбарыг хийлгэх боломжтой.

Гэтэл хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлтийг хийж байгаа нь ойлгомжгүй үндэслэлгүй учир гомдол гаргаж байна.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг  бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

 ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт зохих өөрчлөлт оруулав.

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар  2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн “ Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4, 26.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дахь заалт, Аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6/154 тоот албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 6/261 дүгээр албан бичгийг үндэслэн Санхүүгийн албаны дарга Р.Алагааг албан тушаалыг нь бууруулан Төрийн сангийн мэргэжилтнээр томилсон байна.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Р.Ань “Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга Н.Үйтүмэнд холбогдох, Хөхморьт сумын Засаг даргын Р.Алагааг албан тушаал бууруулах тухай 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/02 дугаар захирамж хууль бус болгохыг тогтоож, Р.Алагааг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.
Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “…албан үүргээ биелүүлээгүй…” гэж хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг хэлнэ” тайлбарласан.

 Мөн түүнчлэн “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ...дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэх...; ...“D” буюу “дутагдалтай” ...албан тушаал бууруулах; ...” гэж заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч Р.А нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга Н.Үйтүмэнгийн Үр дүнгийн гэрээний биелэлтийн дүгнэлтээр 92.5 хувь А буюу маш сайн үнэлгээ авсан байтал уг дээрх хуулийн заалтыг баримтлан албан тушаал бууруулсан нь буруу байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 ”албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;” гэсэн заалтыг маргаан бүхий актад дурдсан нь ойлгомжгүй, уг заалтад хамрагдах сахилгын шийтгэлийг албан тушаал бууруулахтай хамт  хэрэглэх боломжгүй юм. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл нь “Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх” харилцааг зохицуулсан, харин 26 дугаар зүйл нь “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах”-тай холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээ байна. Дээрх зүйл, заалт нь харилцан адилгүй учир хамтатган хэрэглэх үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан Санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг норматив, мөн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд Санхүүгийн албаны дарга нь “хянах” чиг үүрэгтэй ажиллахаар, харин төрийн сангийн мэргэжилтний хувьд “гүйцэтгэх” чиг үүрэгтэйгээр ажиллах төдийгүй “Төсвийн зарцуулалтын талаар зөрчил дутагдал гаргаагүй байх, Төсвийн байгууллагын нягтлан бодогч, нярав нарыг санхүүгийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь өдөр тутмын хяналтын тавьж, гарсан зөрчлийг тухай бүрт арилгуулж ажиллаж байхаар байна.

Гэтэл  Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6/154 дүгээр “Хариуцлага тооцох тухай” албан бичгийн хэрэгжилтийн хүрээнд тухайн үеийн Санхүүгийн албаны дарга Р.Алагааг албан тушаал бууруулж, тухайн үед уг ажил үүргийг гардан хариуцаж байсан Төрийн сангийн мэргэжилтэн П.Д албан тушаал дэвшүүлэн шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, ”Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцээгүй байна

Хөхморьт сумын Төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2017 оны санхүүгийн  нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайлангийн 1.9.2 “...Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр 0.5 төгрөгөөр, улсын тэмдэгтийн хураамж 0.2 сая төгрөгөөр, бусад татвар 0.1 сая төгрөгөөр тасарсан...” гэжээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 33 зүйлийн 33.1-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө”, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалын 3 дугаар зүйлийн 3.1 “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд улирал бүр тухайн улиралд худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гарган, эцсийн тооцоог харьяалах татварын албатай хийнэ”  гэж зааснаас үзвэл уг төлбөрийг улсын төсөвт тэр дундаа тухайн орон нутгийн татварын албанд ажлын чиг үүрэгт хамаарагдахаар байхад нэхэмжлэгчид хамааруулж, татварын улсын байцаагчийн эрхгүй нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй болсоныг дурьдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулж давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. “Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.А Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын албан тушаал бууруулах тухай 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/02 захирамжийг хууль бус болохыг тогтоож, Р.Аурьд нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.АГовь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын албан тушаал бууруулах тухай 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/02 захирамжийг хууль бус болохыг тогтоож, Р.Аурьд нь эрхэлж байсан Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Санхүүгийн албан даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг

гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

                      ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

                      ШҮҮГЧ                                                         Э.ЗОРИГТБААТАР