Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/0045

 

“Н ...” ХХК, “Б” ХХК-иудын

нэхэмжлэлтэй, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

тус Хурлын Тэргүүлэгчид, нийслэлийн Өмчийн ашиглалт,

удирдлагын газар, нийслэлийн Өмч хувьчлах комисст

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч   П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн  Ч.Тунгалаг

Шүүгчид:                  М.Батсуурь

                                 Х.Батсүрэн     

Илтгэгч шүүгч:         Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2021/0871 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 245 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч “Н ...” ХХК-ийн төлөөлөгч Т.Н, Л.О, өмгөөлөгч Ш.Э, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Л.Ө нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 264 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгч “Н ...” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “Н ...” ХХК, “Б” ХХК-аас “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Б үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоол, нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоол, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас “У ...” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” болон нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “У ...” ХХК-д олгосон өмчлөх эрхийн 06/2020 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1.2. Гуравдагч этгээд “У ...” ХХК-аас “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1, 2, 3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Жагсаалтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” бие даасан шаардлага тус тус гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.1. Нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Б” худалдааны төвийн барилгын “Ж” блокийн 1 дүгээр давхарт нэхэмжлэгч “Н ...” ХХК 175 м.кв, “Б” ХХК 155 м.кв талбайг 1991-2004 оныг хүртэл түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байсан бол гуравдагч этгээд “У ...” ХХК нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Б” худалдааны төвийн барилгын “Ж” блокийн 1220 м.кв талбайг 2005 оноос хойш эзэмшиж иржээ.

2.2. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг орон нутгийн өмчөөс хувьчлах талаар 2004 оноос хойш холбогдох шийдвэрүүд гарч, захиргааны болон иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2021/0871 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н ...” ХХК, “Б” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Б үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоол, нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоол, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас У ... ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” болон нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “У ...” ХХК-д олгосон өмчлөх эрхийн 06/2020 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож,

-Гуравдагч этгээд “У ...” ХХК-иас гаргасан “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1, 2, 3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Жагсаалтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүй болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

4.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 245 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 871 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 18 дугаар зүйлийн 18.1.3 а/-д 18.1.3 19 дүгээр 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н ...” ХХК, “Б” ХХК-иудын нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Өмч хувьчлах комисс, нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус холбогдуулан гаргасан “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Б үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоол, нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоол, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас “У ...” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” болон нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “У ...” ХХК-д олгосон өмчлөх эрхийн 06/2020 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

4.2. Гуравдагч этгээд “У ...” ХХК-иас гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1, 2, 3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, жагсаалтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

5. Нэхэмжлэгч “Н ...” ХХК- ийн төлөөлөгчөөс магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

5.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж үзэж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ:

5.2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

5.3. Маргаан бүхий 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид “өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан гэж үзсэн бөгөөд өөрөөр хэлбэл Магадлалын хянавал хэсэгт “.... ийнхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чөлөө цагт Хурлын Тэргүүлэгч өмч хувьчлах эрхтэй байхаар илүү нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалт болох Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн хариуцагчаас маргаан бүхий 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоол гаргасныг хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэхээр байна” гэжээ.

5.4. Тэгвэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 77.2-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй”, 77.2.3-д “Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах”, 77.3-д “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзвэл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тухайн хурлын хуралдааны чөлөөт цагт орон нутгийн өмчийг хувьчлах, шилжүүлэх, шинээр олж авах, жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах, хөрөнгийг хувьчлалаас гадуурх шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг хурлын чөлөөт цагт хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Харин орон нутгийн өмчийг хувьчлах, худалдах, бусдад шилжүүлэх буюу Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3-д заасан асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр 81.1-д зааснаар зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.

5.5. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1-д заасныг болон дээр дурдсан 20/21 дүгээр тогтоолыг үндэслэж маргаан бүхий 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтаар “Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг “У ...” ХХК-д Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлах”-аар шийдвэрлэсэн нь өөрт хуулиар эрх нь олгогдоогүй байхад гаргасан хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт гэж үзэх бүрэн боломжтой байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна.

5.6. Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1 дэх заалт болон 6 дугаар бүлгийн 32 дугаар зүйлд “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн энэ хуульд заасан арга хэлбэр нөхцөлийн дагуу хувийн өмчид шилжүүлэхийг төрийн өмч хувьчлах гэнэ” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахдаа дараах аргыг дангаар буюу хослуулан хэрэглэнэ” 1/дуудлагаар худалдах, 2/уралдаант шалгаруулалт” гэж тус тус заасан байхад “У ...” ХХК-д огт хамааралгүй арга хэлбэр болох Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлах арга хэлбэрээр шууд нэр заан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд ийм эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, тогтоож өгсөн хувьчлалын арга хэлбэр нь хуулиар зөвшөөрөгдөөгүй байна.

5.7. Харин ч давж заалдах шатын шүүхийн үндэслэл болгож байгаа шиг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг үндэслэл болгон хувьчлах тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Түрээсэлсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх /тэргүүн ээлжинд худалдан авах/ эдлүүлэх эсэхийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ” гэж заасанчлан манай компани түрээсийн давуу эрхээр хувьчлан авах эрхтэйг Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1а/481 тоот албан бичгээр тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх ямар баримтыг үндэслэн түрээсийн давуу эрхээр хувьчлан авах эрхтэй гэж үзэж давуу эрхээр хувьчлан авах эрхгүй, түрээсийн гэрээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, баримт, материалгүй компани болох “У ...” ХХК-ийг түрээсийн давуу эрхээр хувьчлан авах эрхтэй гэж дүгнэсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй байна.

5.8. Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай “19 дүгээр тогтоол, нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоол, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас “У ...” ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ болон, нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “У ...” ХХК-д олгосон өмчлөх эрхийн 06/2020 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

5.9. Хэргийн материалд цугласан нотлох баримтуудаас үзвэл нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар хуралдааны тэмдэглэлд “Д.Р: ... У ...д маргаан бүхий газрыг өг гэсэн шүүхийн шийдвэр байгаа ...” гэж огт худал мэдээлэл өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын 2004 оны 473 дугаар захирамжийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад хүчинтэй мэтээр танилцуулсан, харин нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр “... “Н ...” ХХК-ийн түрээсээр эзэмшиж буй байрын хувьчлалын арга, хэлбэрийг тодорхойлж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелүүлэх үүрэгтэй атал энэ талаар дээрх танилцуулгад огт дурдаагүй орхигдуулсан зэргээс үзэхэд хариуцагч нь тухайн хөрөнгийн талаарх танилцуулгыг үнэн зөв хийгээгүй, танилцуулгад дурдсан мэдээллүүд нь бодит нөхцөл байдалтай уялдаагүй гэж үзэх бүрэн боломжтой байдаг. Энэ талаар ч анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн.

5.10. Гэтэл давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болсон тул дагалдах эрх зүйн актуудыг хүчингүй болгох шаардлагагүй мэтээр нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож буй үндэслэлдээ хууль зүй- дүгнэлт хийлгүйгээр магадлал гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

5.11. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болох “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Жагсаалтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүй болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд:

5.12. Давж заалдах шатны магадлалын хянавал хэсэгт “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” маргаан бүхий 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1, 2, 3 дахь хэсэг илэрхий алдаатай байх бөгөөд уг хавсралтыг зөвтгүүлэх талаар гуравдагч этгээдээс удаа дараа нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсан байхад зохих ёсоор шийдвэрлэж хариу өгөөгүй байх тул хавсралтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ” гэжээ.

5.13. Гуравдагч этгээдийн шаардлагад дурдагдсан маргаан бүхий нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолыг батлахдаа эрх бүхий байгууллага нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн хуулиар тогтоож эрх олгосон эрх хэмжээний хүрээнд тус тогтоолыг гаргасан бөгөөд маргаж буй тогтоолын хавсралт нь үндсэн тогтоолын утга агуулгаас давсан эсхүл түүнээс утга агуулгын илт зөрөөтэй байдлаар тогтоосон зүйлгүй тул 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгүүдийг утга агуулгын илэрхий алдаатай гэж хууль зүйн үндэслэлгүй юм.

5.14. Анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлага болсон 2 дугаар хавсралтын 1 дэх хэсэгт гуравдагч этгээдийн нэрийг бичсэн буюу тухайн хуулийн этгээдэд эерэг нөлөөлөл үзүүлсэн байхад ямар учраас эрх ашиг хөндөгдсөн гэж үзэн тус шаардлагыг гаргаж байгаа нь ойлгомжгүй гэж хууль зүйн ач холбогдол бүхий дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүхийн зүгээс “У ...” ХХК-ийн эрх ашгийг хамгаалсан баримтууд, хуулийн заалтуудыг үндэслэн дан ганц гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалсан дүгнэлт хийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг хууль бус үндэслэлээр үгүйсгэсэнд гомдолтой байна.

5.15. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн хэлсэн тайлбарыг илтэд гуйвуулан, өөрчлөн гуравдагч этгээдэд ашигтай байдлаар тайлбарласан нь тус шүүхийн магадлал нь хууль ёсны байх зарчмыг зөрчсөн байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 245 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 17 дахь хуудсанд “Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Галбаяр: Хуралдааны тэмдэглэлд Монгол ардын намын бүлгийн санал гэж байгаа. Санал нь дотроо 3 хуваагдсан ирсэн. Саналыг бүхэлд нь дэмжиж явсан учраас хуралдааны тэмдэглэлд задаргааг нь тусгаагүй байгаа гэв.

-Шүүгч Н.Хонинхүү: саналд юу гэж ирсэн юм бэ гэж асуухад

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г: Монгол ардын намын бүлгийн саналд энэ 3 компанийн нэрийг бичээд хувьчлалын арга, хэрэгслийг нь Тэргүүлэгчдэд олгоно гэдэг санал ирсэн, тэр нь задаргаагаараа бүхлээрээ саналыг нь хураасан учраас тэмдэглэлд нь нарийн тусгаагүй гэсэн үг гэв, ... Тэмдэглэл нь буруу биш гэснийг шүүхийн магадлалд “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын явцад “Б” үйлчилгээний төвийн Ж блокийн байрыг тодорхой нэр бүхий этгээдүүдэд нэр зааж хувьчлах асуудлаар хэлэлцээгүй, энэ талаар шийдвэрлээгүй, тэмдэглэлд огт тусгагдаагүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “МАН бүлгээс уг объектыг 3 салгаж эзэмшиж байсан хуулийн этгээдүүдэд хувьчлах санал гаргасан нь дэмжигдээгүй гэх тайлбар” гэж өөрчилж, гуравдагч этгээдэд ашигтай байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

5.16. Мөн жагсаалын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах шаардлагын тухайд давж заалдах шатны шүүхийн зүгээс хууль зүйн ач холбогдол бүхий дүгнэлт хийлгүйгээр хангаж шийдвэрлэсэн. Тухайлбал гуравдагч этгээд эрх бүхий байгууллагад энэ асуудлаар удаа дараа хандсан байхад хариу өгөөгүй байх тул энэ шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлт хийжээ.

5.17. Хэргийн материалд авагдсан баримтуудыг дүгнэвэл гуравдагч этгээдийн хүсэлтэд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/214, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 07/946 дугаар албан бичгээр тус тус хариу өгч байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад эс үйлдэхүй буюу хариу өгөөгүй байна гэж дүгнэж байгаа нь хууль бус байна.

5.18. Мөн гуравдагч этгээд нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд одоо маргаж буй илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг “хүчингүй болгуулах”-аар тодорхойлж гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 7816 дугаар захирамжаар “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 835 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон нь хөөн хэлэлцэх хугацаа тоологдохоос зайлсхийсэн байна гэж анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт өмнө нь гарсан хүчин төгөлдөр шийдвэр, магадлалыг үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч давж заалдах шатны шүүхийн зүгээс хүчин төгөлдөр шийдвэр, магадлал болон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримтыг үндэслэлгүйгээр гуйвуулан хууль бусаар шийдвэр гаргасанд гомдолтой байна.

5.19. Шүүхэд хянагдаж буй талуудын хооронд үүссэн энэхүү маргаан нь 2005 оноос хойш үргэлжилж захиргааны хэргийн шүүхийн 8, иргэний хэргийн шүүхийн 4 маргаануудад холбогдох анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүдийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагдсан байгаа бөгөөд уг шүүхийн шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж дүгнэсэн байдаг. Гэтэл нийслэлийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчид 2020 оны 60 дугаар тогтоолыг гаргахдаа дээрх шүүхийн шийдвэрүүдийг үгүйсгэж, нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд хохироож, хууль бус шийдвэр гаргасан байдаг.

5.20. Маргаан эхэлснээс хойш 17 жилийн хугацаанд энэхүү хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй, нэхэмжлэгч байгууллагуудын эрх ашгийг удаа дараа хөндсөөр байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж үзэж байна.

5.21. Мөн нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр “Н ... ХХК-ийн түрээсээр эзэмшиж буй байрын хувьчлалын арга, хэлбэрийг тодорхойлж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн” нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2010 онд эхэлж, одоог хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй төдийгүй, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх талаар албан мэдэгдлийг холбогдох байгууллага руу удаа дараа явуулдаг боловч биелэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй юм.

5.22. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 245 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Энэ хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай эрх зүйн асуудал нь:

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 60 дугаар тогтоолд нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн эзэмшиж байсан талбайг бүхэлд нь гуравдагч этгээдэд хувьчилсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нийцсэн эсэх,

-Уг шийдвэр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан Хурлын бүрэн эрхэд нийцсэн эсэх

-Гуравдагч этгээдэд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 60 дугаар тогтоолд заасанчлан Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу эрх үүссэн эсэх, энэ нь нэхэмжлэгчийн /нарын/ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх тухай байна.

Энэхүү хэрэгт маргаж буй актуудын тухайд:

8. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/21 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар “нийслэлийн өмчөөс ... хувьчлах ... хувьчлалын арга хэлбэрийг судалж, тодорхойлон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг” баталсны дотор 1 дэх хэсэгт “Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн “У ...” ХХК-ийн эзэмшиж буй байр”, 2 дахь хэсэгт “Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн “Н ...” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг”, 3 дахь хэсэгт “Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн “Б” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг” тусгагджээ.

9. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Хувьчлалын арга хэлбэр тогтоох тухай” 60 дугаар тогтоолоор “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Б” үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг “У ...” ХХК-д Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлах”-аар хувьчлалын арга хэлбэрийг баталжээ.

10. Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг “У ...” ХХК-д тэргүүн ээлжинд санал болгон хувьчлахаар шийдвэрлэж, үнийг 1,590,000,000 /нэг тэрбум таван зуун ерэн сая/ төгрөгөөр тогтоож, “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулахыг зөвшөөрч, тус байранд оруулсан “Н ...” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 18,600,000 /арван найман сая зургаан зуун мянга/ төгрөгөөр, “Б” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 20,500,000 /хорин сая таван зуун мянга/ төгрөгөөр, “У ...” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 74,000,000 /далан дөрвөн сая/ төгрөгөөр тус тус тооцож, хувьчлалын төлбөрөөс буцаан олгохыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт зөвшөөрчээ.

11. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар болон “У ...” ХХК-ийн хооронд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 03/2020 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1, 2, 3 давхрын 1220 м.кв талбай бүхий байр, гүүрэн гарцын хамт худалдахаар тохирчээ.

12. Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар тогтоолоор “... байрны үнэ 1,590,000,000 /нэг тэрбум таван зуун ерэн сая/ төгрөгийг “У ...” ХХК нь хуульд заасан хугацаанд төлсөн” гэсэн үндэслэлээр” тус байрны өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгохоор шийдвэрлэж, улмаар “У ...” ХХК-д өмчлөгчийн эрхийн гэрчилгээ олгосон байна.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

Нэхэмжлэгч нарын хувьд:

13. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Б” худалдааны төвийн барилгын “Ж” блокийн 1 дүгээр давхарт нэхэмжлэгч “Н ...” ХХК 175 м.кв, “Б” ХХК 155 м.кв талбайг 1991-2004 оныг хүртэл түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байсан бөгөөд нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаас 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчилгээгээр уг барилгад “Н ...” ХХК нь 18,647,742 төгрөгийн , 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гэрчилгээгээр “Б” ХХК 20,505,090 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг тус тус батламжилжээ. Хэргийн оролцогчдоос нэхэмжлэгч компаниудын эзэмшил, ашиглалттай холбоотой дээрх тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэж маргаагүй байна.

14. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 559 дүгээр шийдвэрээр нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Н ...” ХХК-д холбогдуулан гаргасан “... Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны “Б” үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1 дүгээр давхрын зүүн жигүүрийн 175 м.кв талбай бүхий ажлын байрнаас албадан гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг байрыг чөлөөлж, нийслэлийн Өмчийн харилцааны газарт шилжүүлэхийг “Н ...” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2010 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 624 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэж, “Н ...” ХХК-ийн эзэмшиж байсан 175 м.кв талбай бүхий ажлын байрыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт шилжүүлэн өгчээ.

15.1. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Н ...” ХХК-д холбогдуулан “нийслэлийн өмчийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Б” үйлчилгээний төвийн “Ж” блокийн 175 м.кв талбай бүхий байранд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан “... хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна ...” гэж заасан нөхцөлийг хангаагүй болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2048 дугаар шийдвэр, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 212 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 299 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн и/36 дугаар тогтоолоор хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн шүүхэд буцаасан байна.

15.2. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... заасан нөхцөлийг хангасныг тогтоолгохоор” нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, улмаар “ ... 1991 оноос 2004 оны хооронд ... 175 м.кв талбайг түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан ба түрээсийн төлбөрийн өр авлагагүй болох нь нотлогдсон” гэсэн үндэслэлээр /нийслэлийн өмчийн харилцааны газрын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 4/3181 дүгээр албан бичиг/ нэхэмжлэлээсээ татгалзсаныг Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1477 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Гуравдагч этгээдийн хувьд:

16. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5474 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “У ...” ХХК-ийг Чингэлтэй үүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин байрлах “Б” үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1226.69 м.кв талбайг 2005 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн 10 жилийн хугацаанд хууль ёсоор эзэмшиж байгааг тогтоож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1119 дүгээр тогтоолоор хэвээр үлдээжээ.

17. Энэхүү хэрэгт маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаар захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрүүд болон Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдийн талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дэлгэрэнгүй тусгасан байна.

Дээрх үйл баримтуудаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрх зүйн байдлын талаар нэгтгэн дүгнэвэл:

18. Нэхэмжлэгч хоёр хуулийн этгээд тухайн барилгад 1991-2004 оны хооронд түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан талбайн хэмжээгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс уг эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх шийдвэр гаргасан тохиолдолд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байхаар байна.

19. Гуравдагч этгээдийн хувьд 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн актаар маргаан бүхий барилгыг хүлээн авснаас (“Э” ХХК, “Н” ХХК, иргэн Б нараас бусад түрээслэгч нар урьдчилан мэдэгдсэний дагуу байраа сулласан байсныг актад тэмдэглэжээ) хойш, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10 жилийн хугацаанд тухайн барилгыг хууль ёсоор эзэмшиж байгаа болохыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1119 дүгээр тогтоолоор тогтоосон. Нэхэмжлэгч “Н ...” ХХК-ийн өөрийн эзэмшиж байсан хэсгийг шүүхийн шийдвэрийн дагуу (энэ тогтоолын 14-т дурдсан) 2011 онд хүлээлгэн өгчээ.

20. Гуравдагч этгээд “У ...” ХХК-аас нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хийсэн тооцоо нийлсэн актад маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 1,590,000,000 төгрөгийг “У ...” ХХК төлсөн болохыг дараах байдлаар тооцож, тооцоо нийлсэн байна.

-Дэнчингийн үнэ болох 159,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банкнаас нийслэлийн Төрийн сангийн 100200000961 тоот дансанд бэлнээр,

-2005 оны 75 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрчилгээ”-нд заасан 74,038,489 төгрөгийн мэргэжлийн байгууллагаас тогтоосон өнөөгийн үнэ цэнэ болох 409,895,766 төгрөг,

-2008 онд хувьчлалын төлбөрт шилжүүлсэн 127,890,000 төгрөгийн өнөөгийн үнэ цэнэ болох 522,298,015 төгрөг,

-нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 78 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2011 оны 579 дүгээр захирамжаар хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн 111,993,797 төгрөгийн өнөөгийн үнэ цэнэ 349,538,320 төгрөг,

-Үлдэгдэл төлбөр болох 149,267,899 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банканд 62,267,900 төгрөгийг бэлнээр, 87,000,000 төгрөгийг Хаан банкнаас Төрийн сангийн 100200000961 тоот дансанд шилжүүлгээр тус тус төвлөрүүлсэн гэжээ.

21. Маргаан бүхий барилгын үнээс хасаж тооцсон дээр дурдагдсан хөрөнгө оруулалтуудыг гуравдагч этгээд “У ...” ХХК-ийн захиалгаар “В” ХХК-ийн гүйцэтгэсэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд үндэслэсэн байна. Энэхүү үнэд гуравдагч этгээд “У ...” ХХК нэхэмжлэгч хоёр хуулийн этгээдийн эзэмшиж байсан талбайд болон өөрийн эзэмшиж байсан талбайд түрээсийн төлбөр төлж байсан талаар дурдаагүй. Хэрэгт ийм баримт авагдаагүй байна.

22. “У ...” ХХК нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 60 дугаар тогтоолд зааснаар “Б” үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбайн нэхэмжлэгч хоёр хуулийн этгээдийн түрээсээр эзэмшиж байсан талбайг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрх үүсэх нөхцөл бүрдээгүй байжээ.

23. Учир нь нэхэмжлэгч нар тухайн барилгад тус тусын түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан талбайн хэмжээгээр өмчлөх эрхийг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар тэргүүн ээлжинд олж авах давуу эрх 2004 онд үүсчээ.

24. Үүнээс үзвэл, маргаан бүхий барилгыг эзэмшсэнтэй холбоотой гуравдагч этгээдэд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн эзэмшиж байсан талбайг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрх үүсэх хууль зүйн боломжгүй.

25. Ийнхүү “У ...” ХХК-д 1220 м.кв талбайн нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн эзэмшиж байсан хэсгийг хуульд заасан нөхцөл үүсээгүй байхад бүхэлд нь тэргүүн ээлжинд давуу эрхээр хувьчлахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөн байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Маргааны үйл баримтад хууль хэрэглээний хувьд:

26. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3.а/-д “орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх”, 18.1.3.б/-д “орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарах эд хөрөнгийн жагсаалтыг батлах, хууль тогтоомжид заасан журмын дагуу түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” эрхийг тус тус заасан бөгөөд 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заажээ.

27. Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ” гэж заажээ.

28. Ингэхдээ, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тодорхойлж, Хурлын бүрэн эрхийг чөлөө цагт нь хэрэгжүүлж болохоор зохицуулахдаа хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 а/, б/-д заасан эрхийг тусгайлан оруулаагүй байна.

29. Үүнээс үзвэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 а/, б/-д заасан орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх, орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарах эд хөрөнгийн жагсаалтыг батлах, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх зөвхөн Хуралд олгогджээ.

30. Өөрөөр хэлбэл, орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх эрх нь Хуралд олгогдсон бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлж болох боловч уг бүрэн эрхэд уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 а/, б/-д заасан орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх, түүнийг захиран зарцуулах эрх хамаарахгүй байна.

31. Тодруулбал, Хурлын Тэргүүлэгчдийн хэрэгжүүлж болох Хурлын бүрэн эрх нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан хүрээгээр хязгаарлагдах бөгөөд Хуралд олгогдсон бүх эрхийг Хурлын чөлөө цагт Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлэхгүй, түүний дотор орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрхгүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

32. Орон нутгийн өмчийн талаар хэн, ямар шийдвэр гаргахыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд, хэрхэн хувьчлах талаарх процессыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нарийвчлан зохицуулжээ.

33. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй”, 3/-т “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж заасан бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоолоор дээрх бүрэн эрхийн хүрээнд хувьчлах жагсаалтыг баталсан байна.

34. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3-т “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид[1] шийдвэрлэнэ” гэж заасан нөхцөл энэ тохиолдолд бүрдээгүй. Учир нь Хурал энэ асуудлыг 2018 оны 20/21 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн учир “Хурлын чөлөө цагт” энэ асуудлаар Тэргүүлэгчид шийдвэр гаргах нөхцөл үүсээгүй гэж үзнэ.

35. Мөн гуравдагч этгээдээс Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 20/21 дүгээр тогтоолын 5-д “Энэхүү тогтоолд өөрчлөлт оруулах, хэрэгжилтэд нь хяналт тавьж, өмч хувьчлалын явц, үр дүнг тооцож ажиллахыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасан”-ыг үндэслэн маргаж байгааг хүлээн авах боломжгүй. Учир нь хуулиар зөвхөн Хуралд олгогдсон бүрэн эрхийг Хурал бусдад шилжүүлэх эрхгүй.

36. Нөгөө талаар, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д заасан Тэргүүлэгчдэд олгогдсон эрх нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д нарийвчилж зохицуулсан зохицуулалтаар хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар Хурлын чөлөө цагт Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн өмчийн талаар шийдвэр гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1-д заасан эрх хэмжээгээр буюу орон нутгийн өмчийг зөвхөн эзэмших, ашиглах, түрээслүүлэх хүрээгээр хязгаарлагдана.

37. Гэтэл нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 60 дугаар тогтоолоор нийслэлийн өмчөөс хувьчлагдах барилга, байгууламжийн хувьчлалын арга хэлбэрийг баталсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1-д “Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж тусгайлан зааж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон бүрэн эрхэд халдсан, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн хууль бус тогтоол байна.

38. Өөрөөр хэлбэл, орон нутгийн өмчийн талаарх иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлэх бөгөөд энэхүү эрхэд “өмчийг хувьчлах арга, хэлбэр, журам” зэргийг тогтоох эрх хамаарахгүй, зөвхөн Хуралд олгогдсон эрх байна.

39. Давж заалдах шатны шүүх “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чөлөө цагт Хурлын Тэргүүлэгчид өмч хувьчлах эрхтэй байхаар илүү нарийвчлан зохицуулсан” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хууль нь орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрхийг хэн хэрэгжүүлэх, нөгөө талаар өмчлөлийн зүйлсийг эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг хэн гаргах талаар ялгамжтайгаар тогтоож, нарийвчлан зохицуулсан хууль болно. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 б/, в/-д заасан “хуульд заасан нөхцөл, журам”-ыг тогтоож, хувьчлах шийдвэрийг хэрхэн, яаж гаргах процессыг тодорхойлсон бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль хувьчлах шийдвэр гаргах эрхтэй этгээдийн тухайд ерөнхий зохицуулалттай хууль байна.

39. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр хуралдааны тэмдэглэлээс үзвэл уг тогтоолын төслийг Хурлын хуралдаанд танилцуулж, баталсан, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан орон нутгийн өмчийг хувьчлах Хурлын бүрэн эрхийн хүрээнд гарсан, хууль ёсны захиргааны акт байна.

40. Гэтэл давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг илтэд буруу тайлбарлан хэрэглэж, Хурал өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдсэн асуудлыг шүүх “... хавсралтад хувьчлах эд хөрөнгө, объектыг бүхэлд нь заахаас бус талбай давхраар нь ангилан салгасан нь учир дутагдалтай, маргаантай нөхцөл байдлыг үүсгэсэн” гэх мэтээр дүгнэж, захиргааны шийдвэрийг шүүх өөрийн үзэмжээр засаж шийдвэрлэсэн нь буруу.

41. Нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн, давж заалдах шатны шүүх дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 245 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2021/0871 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                   М.БАТСУУРЬ

   Х.БАТСҮРЭН

   Ц.ЦОГТ

 

[1] 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орохоос өмнө