Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2021/0318

 

 

“Н с” ХХК, “Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, өмгөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, Д.И, Ч.М, өмгөөлөгч А.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Л.Ө, өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “У р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Н с” ХХК, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн өмч хувьчлах комисст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаар шийдвэрийн

         1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19.1.3, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н с” ХХК, “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоож, түүнд үндэслэн гарсан Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар тогтоол, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас “У р” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хууль бус байсан болохыг тогтоож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд “У р” ХХК-ийн “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтад буруу үнэлэлт дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн шийдвэр гараагүй байна. Нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа болон хэрхэн сэргэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ өөрсдийн ямар эрх болон хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдсөн талаар тусгаагүй ба шүүх хуралдаан дээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн талаар тайлбар хийгээгүй байдаг. Мөн анхан шатны шүүх “нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шүүхээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлын хэмжээг тогтоогоогүй. Нэхэмжлэгч нар нь ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдаагүй ч гэсэн “Бадрал" ХХК нь 155 мкв, “Наранбулаг сервис’’ ХХК нь 175 мкв бүхий 2 өөр талбайг маргаан бүхий актаар хувьчилсан “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн барилгын Ж блокт түрээсээр эзэмшиж байсан тухай дурдсан байдаг. Иймд шүүхээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий актаар зөрчсөн гэж үзсэн бол нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлын хэмжээг тус бүрээр нь тогтоох ёстой байсан. Өөрөөр хэлбэл шүүх маргаан бүхий актаар хувьчилсан үл хөдлөх хөрөнгийн аль хэсэгт нэхэмжлэгч нарын ашиг сонирхол байна вэ? гэдгийг тогтоож тухайн хэсэгт л холбоотой шийдвэр гаргах боломжтой юм. Хуулийг буруу хэрэглэсэн. Хурлын Тэргүүлэгчид нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3 дахь хэсэг заасан эрхийг буюу тухайн хуулиар Хуралд олгосон бүх эрхийг түүний чөлөөт цагт хэрэгжүүлэгч нь юм. Мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/21 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар тогтоолын 2 дугаар хавсралтад дурдсан өмчийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар танилцуулж шийдвэрлүүлэхээр, 3 дахь заалтаар хувьчлагдах эд хөрөнгийн үнийг бодитойгоор тогтоож, холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулахыг нийслэлийн Засаг даргад даалгаж, 5 дахь заалтаар тогтоолд өөрчлөлт оруулах, хэрэгжилтэд нь хяналт тавьж, өмч хувьчлалын явц, үр дүнг тооцож ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэсэн. Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд маргаан бүхий 60 дугаар тогтоолыг батлан гаргах бүрэн эрх хууль зүйн хувьд олгогдсон байна. Тэргүүлэгчид нь Хурлаас болон хуулиар эрх олгосны дагуу 2018 оны 20/21 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/862 дугаар албан бичгээр “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м2 талбай бүхий хэсгийг Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу хувьчлах саналыг ирүүлснийг дэмжин маргаан бүхий актыг батлан гаргасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 Гуравдагч этгээд “У р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Гуравдагч этгээд “У р” ХХК нь “маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч “Н с” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, түрээсийн давуу эрхээр хувьчилж авах эрх үүсээгүй” гэж маргасан боловч уг байдалд огт дүгнэлт өгсөнгүй. Нийслэлийн өмчийн газар нь “Н с” ХХК-тай байгуулсан 1999, 2000, 2002, 2003, 2004 оны “Түрээсийн гэрээ”- нүүдийн 5 дахь заалтуудад “Төр засгийн эрх бүхий дээд байгууллагаас тухайн эд хөрөнгийг өөр байгууллагад шилжүүлэх, хувьчлах шийдвэр гаргах тохиолдолд түрээслүүлэгч гэрээг дангаараа цуцлах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч уг заалтыг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан байгаа нь эдгээр гэрээгээр нэхэмжлэгч “Н с” ХХК түрээсийн давуу эрхээр хувьчлан авах эрх үүсээгүй гэдгээ мэдэж байсан. Харин нэхэмжлэгч “Н с” ХХК нь 1998-1999 оныг хүртэл түрээсийн гэрээ байгуулж байгаагүй байх тул “түрээсийн харилцааг хүчин төгөлдөр гэрээгээр үүссэн, хууль ёсны” гэж үзэх хууль зүйн үндэслэл огт байхгүй, 1999 оноос хойшхи түүнтэй байгуулсан гэрээнд түрээсийн давуу эрх эдлэхгүй байх агуулгатай заалт орсон байгаагаас үзвэл “Н с” ХХК-д түрээсийн давуу эрхээр хувьчилж авах эрх үүсэхгүй болно. Түүнчлэн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2010 оны 624 дүгээр тоггоолоор “Н с” ХХК-ийг 2004 оноос хойш түрээсээр эзэмших гэрээ хэлцэл байгуулаагүйгээс хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна гэх үндэслэлтэй. Давуу эрхээр хувьчилж авах, эзэмших, өмчлөх тухай хүсэлт нь хууль ёсны эзэмшигч, өмчлөгч гэж үзэх эрх зүйн үр дагаварыг бий болгохгүй уг байрыг хууль бусаар эзэмшиж байгаа” гэдгийг тогтоосон. Ийнхүү “Н с” ХХК нь түрээсийн давуу эрхээр хувьчлах эрх үүсгэсэн гэрээ 2004 оноос хойш байхгүй, ийм нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, 2004 оноос хойш уг байранд үйл ажиллагаа явуулаагүй, байрыг шүүхийн шийдвэрээр чөлөөлж, түрээсийн харилцаа дуусгавар болсон байгаа. Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл “Н с” ХХК-д 1999 оноос буюу анхнаасаа түрээсийн давуу эрхээр хувьчилж авах эрх үүсээгүй тул “тус компанид шүүхээр сэргээлгэх хууль ёсны эрх гэж байхгүй” байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн илт үндэслэлгүй байсан болно. Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд түрээсийн гэрээг огт гаргаж өгөөгүй байгаа тул “Б” ХХК-д аливаа нэг байдлаар шаардах эрх үүсээгүй, түүнд шүүхээр сэргээгдэх хууль ёсны эрх байхгүй болно. Түүнчлэн “Б” ХХК нь 2005 оноос хойш сайн дураар уг байрыг чөлөөлж, түрээсийн харилцаа үүсгээгүй, “Наран булаг сервис” ХХК-ийг шүүхийн шийдвэрээр албадан гаргасан. Гуравдагч этгээдээс ийнхүү маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжэгч нарын Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, түрээсийн давуу эрх үүссэн эсэх, үүссэн гэж үзсэн бол уг эрх нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 318 дугаар зүйлийн 318.3-д хэрхэн нийцсэн талаар, гэрээнд түрээсийн давуу эрх үүсэхгүй талаар заасан гэрээний заалтыг хэрхэн үзсэн, нэхэмжлэгч нарт ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол байгаа талаар огт дүгнэлт өгсөнгүй. Анхан шатны шүүх ийнхүү Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 318 дугаар зүйлийн 318.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3 дахь заалтыг огт хэрэглээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа “нэхэмжлэл гаргасны дараа акт цуцлагдсан”, “эсхүл бусад байдлаар хэрэгжсэн” гэх гипотези нөхцлийн аль нь актад үүссэнийг тайлбарлаж чадаагүй байхад анхан шатны шүүх уг байдлыг тодруулаагүй. Маргаан бүхий актын хувьд хуулийн 106 дугаар зуйлийн 106.3.3-т заасан гипотези нөхцөл огт үүсээгүй, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа эсэхийг тогтоогоогүй, өмнөх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд нь “Н с” ХХК, “Б” ХХК нарт “түрээсийн давуу эрх үүссэн” гэж дүгнэсэн, тогтоосон дүгнэлт нэг ч байхгүй байхад уг хуулийг баримтлан хэрэг шийдвэрлэснийг нь уг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Түрээслэсэн хөрөнгөд хөрөнгө оруулалт хийсэн нь түрээсийн давуу эрхээр худалдан авах эрх үүсэхгүй, хөрөнгө оруулалтаа хуульд заасан арга, хэрэгслээр буцаан авах боломжтой байхад мөн энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэл гаргасны дараа акт цуцалсан зүйл байхгүй, акт хэрэгжиж дууссан нөхцөл байхгүй нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаагүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэлийг хангах үндэслэл огт байгаагүй юм. Нэхэмжлэгч нар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхийг Хурлын Тэргүүлэгчид нь булаан авч 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор “өмч хувьчлах шийдвэр гаргасан” тул илт хууль бус гэж маргасныг анхан шатны шүүх “хангаж” шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, чиглэлийг тодорхойлох, захиран зарцуулах онцгой бүрэн эрхтэй байна. Энэ нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь орон нутгийн өмчийн талаарх онцгой бүрэн эрх, бүрэн эрхийг хуульчлан тогтоосон ерөнхий зохицуулалт нь юм. Нарийвчилсан зохицуулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар тогтоосон бөгөөд уг хуулийн 77 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 81 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасан байна. Энэ хууль нь төрийн болон орон нутгийн өмчийн харилцаа, түүний удирдлагын нарийвчилсан зохицуулалт бөгөөд уг хуулийн дээрх заалтын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хөрөнгийг хувьчлах ба бусдын өмчлөлд шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт баталж, өмч хувьчлах арга, хэлбэр, журмыг тогтоох бүрэн эрхтэй бөгөөд хурлын чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид уг эрхийг эдлэхээр хуульчлан тогтоосон, энэ нь Хурлын дангаар эдлэх бүрэн эрхэд хамаарахгүй, энэхүү эрхээ чөлөөт цагтаа Хурлын Тэргүүлэгчдэд шилжүүлэхийг хуулиар хориглоогүй гэдэг нь уг хуулийн зохицуулалтаас харагдаж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/21 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “ ...хувьчлалын арга хэлбэрийг судалж, тодорхойлон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар баталсугай” гэж, мөн тогтоолын 5 дахь хэсэгт “Энэ тогтоолд өөрчлөлт оруулах, хэрэгжилтэд хяналт тавьж, өмч хувьчлалын явц, үр дүнг тооцож ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай” гэж тус тус шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэгч нарын “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Хурлынхаа онц бүрэн эрхийг булаан авч, өмч хувьчлалын асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл байхгүй.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад үндэслэн үнэлээгүй, нотлох баримтыг ямар үндэслэлээр үнэлээгүй талаар шийдвэртээ дүгнээгүй нь “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар: Гуравдагч этгээд “У р” ХХК-иас “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс уг хөрөнгийг “У р” ХХК-д хувьчлахаар шийдвэрлэсэн нь дан ганц үл хөдлөх хөрөнгийн хувьчлал биш” гэж дараахь үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг гаргаж маргасан боловч анхан шатны шүүхээс огт дүгнэлт өгсөнгүй. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл ба Монгол Ардын Хувсгалт Намын Төв Хорооны 1995 оны 325/300 дугаар тогтоолоор “Нийслэлийн хөдөлмөрчдөд зориулан хотын шугамаар тусгай нэвтрүүлэг явуулахаар анх шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/273 дугаар захирамжаар нийслэл хотын удирдлагын үйл ажиллагаа бодлого, зорилтыг сурталчилах зорилго бүхий “Дөрвөн уул” радиог байгуулж, уг радиод ажлын байр гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн байдаг. Энэхүү “Дөрвөн уул” радио нь “У р” нийслэлийн өмчит төсөвт байгуулага болж статус, нэрээ өөрчлөн зохион байгуулагдсан байгаа бөгөөд 2005 онд “Хэвлэл мэдээллийн байгууллагыг хувьчлах тухай” тогтоол гарч, “У р”-гийн үйл ажиллагааны зорилго, чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр менежментийн хувьчлалаар хувьчлахдаа үйл ажиллагаа явуулж байсан байр болох Баруун сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокын 1222 метр квадрат талбайг блансаас блансад шилжүүлж шийдвэрлэсэн болно. Гэтэл “Н с” ХХК нь манайх өөрийн түрээслэдэг талбайгаа хувьчилж авах давуу эрхтэй гэж шүүхэд маргаснаар уг менежментийн хувьчлалаас байрны асуудал нь орхигдож, харин “У р”-г нэр бүхий этгээд хувьчилж аваад хязгаарлагдмал хувьцаат компани болгож, уг байранд өнөөдрийг хүртэл радиогийн үйл ажиллагаа явуулж байгаа. “У р”-г менежментийн хувьчлалын гэрээнд заасны дагуу үйл ажиллагааны зорилго, чиглэлийн дагуу явуулах үүрэгтэй байсан учраас цаашид радиогийн ажлыг хэвийн явуулах ёстой ба радио нь стандартын шаардлага хангасан орон байргүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй тул үүнийг үндэслэн байрыг шилжүүлсэн байгаа гэдэгт дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийг бүх талаас нь, зөвхөн нотлох баримтад үндэслэн, хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй байна.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар: Манай бие даасан шаардлагыг Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 7816 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан. Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 835 дугаар тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгож бие даасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үндэслэл тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх шинэ нотлох баримт, шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад дахин хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргажээ. Манай бие даасан шаардлагыг хэлэлцэж шийдвэрлэх нь үндсэн хэрэг маргааныг шийдвэрлэх, манай компанийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Н с” ХХК, “Б” ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Баруун сэлбэ үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” 19 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, түүнд үндэслэн гарсан Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаар тогтоол, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас “У р” ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн, шүүх энэхүү өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас болж өөрийн зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах ба ингэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон байх учиртай.

Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд маргааны зүйл болох акт нь эрх зүйн үйлчлэлийн хувьд дуусгавар болоогүй байхыг шаарддаг бол захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусахаас өмнө тухайн маргаан бүхий акт нь бодит шалтгааны улмаас хэрэгжээд дууссан тохиолдолд гаргах боломжтой  нэхэмжлэлийн төрөлд хамаардаг.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт нь нэгэнт хэрэгжээд дууссан тул хүчингүй болгох боломжгүй болсон байдаг бөгөөд захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээх шүүхийн хамгаалалт хэрэгжихгүй, харин нэхэмжлэгчийн тухайд онцгой ашиг сонирхол байгаа тохиолдолд /хохирол шаардах, дахин захиргааны байгуулагатай эрх зүйн харилцаанд ороход хууль бус захиргааны акт гаргуулахгүй байх гэх мэт/ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулж чадаагүй, хувьчилсан үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд бус нэхэмжлэгч нарт хувьчлах ёстой гэсэн агуулгаар маргаж байхад нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн хүсэл зоригийн илэрхийллийг зөв тодорхойлоогүй, маргаан бүхий энэ харилцаанд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргээгдэхээргүй шийдвэр гаргажээ.

Хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хэргийн оролцогчдод ойлгомжтой, биелэгдэх боломжтой, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээж байгаа нь тодорхой байх учиртай бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа этгээд нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээ хуульд нийцүүлэн тодорхойлох үүрэгтэй, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ зөрүүтэй тодорхойлсон, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байдлаар тодорхойлсон тохиолдолд түүнийг тодруулж зөвтгөх нь шүүхийн үүрэг болно.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болохыг тогтоогоогүй, шүүхийн шийдвэрт дүгнэснээр нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх нь зөрчигдөөгүй бол ямар эрх нь зөрчигдсөн эсэх нь ойлгомжгүй, гуравдагч этгээдэд үл хөдлөх хөрөнгө хувьчилсан шийдвэртэй нэхэмжлэгч нарын хэн нь ямар хэмжээгээр маргаж байгаа нь тодорхойгүй байна.

Аливаа этгээд хууль ёсны бус эрх, ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулахаар шаардах эрхгүй.

Зүй нь нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, хариуцагч захиргааны байгууллагуудын хууль бус ямар буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч нарын хууль ёсны ямар эрх зөрчигдсөн эсэхийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон удаа дараагийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон нөхцөл байдалтай харьцуулан судалсаны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой.

Иймд хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “У р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “нэхэмжлэгч нарын ямар эрх болон хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдсөн талаар огт дүгнэлт өгөөгүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тогтоогоогүй энэ тохиолдолд “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй.

Харин гуравдагч этгээд “У р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Учир нь Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 7816 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 835 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэхдээ “...хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн эсэх нь хангалттай тогтоогдоогүй байхад бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй...” гэж дүгнэсэн бөгөөд уг тогтоолоос хойш хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээдийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолтой маргаж шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь нотлогдсон, энэ талаар шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн  121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл бий болсон байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   А.Сарангэрэл

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН