Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/Ма2023/01972

 

 

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01972

 

  

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/02763 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б-д холбогдох,

газар ашиглах гэрээний дагуу төлсөн төлбөр 48,840,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Т ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Б уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутаг болох Баруун богины ам нэртэй газарт 3.0 га газрыг аялал жуучлалын зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулж, гэрчилгээ авсан юм. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаал гаргаж манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Манай компанид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгох ёсгүй газарт, газар ашиглах эрх олгосон, энэ алдаагаа Байгаль орчин, аялал жуучлалын сайд засаж 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаалыг гаргасан талаар тайлбарладаг.

1.2. Манай компани нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016/205 дугаартай гэрээний дагуу газар ашиглах гэрээний төлбөрт 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 29,700,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 9,900,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 9,240,000 төгрөг, нийт 48,840,000 төгрөг төлсөн. Манай компани нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалыг үндэслэн газрын төлбөрт 48,840,000 төгрөг төлж хохироод байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016 онд олгосон шийдвэрийн дагуу газар эзэмших эрх олж авсан, улмаар газрын төлбөр төлсөн боловч хожим буюу 2018 оны А/76 тушаалаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосноор тухайн газрыг цаашид анх олгосон зориулалтаар эзэмшиж ашиглах боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн төлсөн газрын төлбөрийн хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэл хамаарч байх тул хариуцагчаас газрын төлбөрт авсан 48,840,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын албаны эрх хэмжээнд хамаарна. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх дэх хэсэгт Газрын төлбөрийн орлогыг аймаг, сум, нийслэл, дүүргийн төсөвт оруулна. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ... гэж тодорхой зохиуцуулсан. Мөн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2016/205 дугаартай Хан-Уул дүүргийн Засаг дарга, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, Т ХХК-ийн гурвалсан гэрээний 2.4 дэх хэсгийн в заалтад зааснаар Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албаны Улаанбаатар хотын банкны 260300**** тоот дансанд төлөхөөр заасан.

2.2. Дээрх хууль болон гэрээнд заасны дагуу Б газрын төлбөрийг авдаггүй тул тус яамыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон байна.

Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагчаар сольж Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б-д холбогдох 48,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдаагүй байна.

4.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016 онд олгосон шийдвэрийн дагуу газар эзэмших эрх олж авсан, улмаар газрын төлбөр төлсөн боловч 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/76 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосноор тухайн газрыг цаашид анх олгосон зориулалтаар эзэмшиж ашиглах боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 48,840,000 төгрөг төлсөн, газрын төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах түхай 2016/205 дугаар гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн нутагт орших Б уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор Богины амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаатайгаар байгуулсан байдаг.

4.2. Түүнчлэн "Т" ХХК-ийн захирал Б.Пнь "А" ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд "А" ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэсвгэрт орших Б уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хүүшийн зүүн богины ам нэртэй газарт 4.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болж, 2015/767 дугаар гэрчилгээ авч, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016/082 дугаартай гэрээг А ХХК, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан боловч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/76 дугаар тушаалаар А ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байдаг.

Ингээд "А" ХХК-иас захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, гэрээний дагуу төлсөн газрын төлбөр 105,600,000 төгрөг, зураг төсөл боловсруулах гэрээний төлбөр, 13,090,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02588 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2022/01962 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 09-ниЙ өдрийн 001/ХТ2023/00024 дугаар тогтоолоор хариуцагч Б наас гэрээний дагуу төлсөн газрын төлбөр 105,600,000 төгрөгийг буцаан гаргуулж шийдвэрлэсэн байдаг.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2023/00024 дугаар тогтоолоор газрын төлбөр төлсөн хэмжээгээр Байгаль орчин, аялал жуучлалын яам нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тогтоогдсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

5.1. А ХХК-ийн нэхэмжлэлтэй маргааныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж шийдвэрлэсэн тул энэ хэрэг маргааныг мөн адил үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шийдвэрлэж өгөөч гэж байх шиг байна. Улсын Дээд шүүхийн тогтоол энэ хэрэгт хамааралгүй тул адилхан шийдвэрлэх боломжгүй. Энэ хэргийн агуулгын хувьд яам төлбөрийг авсан асуудал байхгүй, Хан-Уул дүүргийн Газар, зохион байгуулалтын албаны дансанд төлбөр нь орж байсан дээр зохигч аль, аль нь маргадаггүй. Манайхаас төлбөр авсан зүйл байхгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан 48,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

4. Хэрэгт авагдсан баримтын талаар:

4.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Б уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Баруун богины ам нэртэй газарт 3.0 га газрыг аялал жуучлалын зориулалтаар ашиглуулахаар Т ХХК-д таван жилийн хугацаатай 2016/409 дугаартай гэрчилгээ олгосон.

4.2. Уг тушаалыг үндэслэн нэхэмжлэгч Т ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2016/205 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан.

4.3. Дээрх гурвалсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны Улаанбаатар хотын банкин дахь 2603007906 тоот дансанд газрын төлбөрт нийт 48,840,000 төгрөг төлсөн.

4.4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Б уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг болох Баруун богины ам нэртэй газарт 3.0 га газар ашиглах Т ХХК-ийн эрхийг цуцалсан нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0868 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 173 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 371 дугаар тогтоолоор тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй.

Харин хариуцагч газар эзэмших эрхийг дуусгавар болгосноор нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхэд талууд маргажээ.

 5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч газрын төлбөрийг Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанд шилжүүлсэн тул хариуцагчийг хөрөнгө олж авсан этгээд гэж үзэх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэгдээгүй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим дуусгавар болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б наас 2016 онд олгосон шийдвэрийн дагуу газар ашиглах тухай гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан, улмаар газрын төлбөрийг Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанд төлсөн боловч хожим буюу 2018 онд хариуцагч А/76 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосноор тэрээр тухайн газрыг цаашид анх олгосон зориулалтаар эзэмшиж, ашиглах боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн төлсөн газрын төлбөрийн хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.

Нэхэмжлэгч газрын төлбөрийг гэрээнд заасан этгээд болох Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны харилцах дансанд төлсөн нь хариуцагчийг хөрөнгө олж авсан этгээд биш гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б наас 48,840,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэнэ.

 6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/02763 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б наас 48,840,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 2,200 төгрөг гаргуулж улсын орлогод, хариуцагчаас 402,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Д.БЯМБАСҮРЭН