Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01446

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01446

 

 

Д.Батцолмонгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/01247 дугаар шийдвэртэй,

Д.Батцолмонгийн нэхэмжлэлтэй, Ц.Сүхбаатарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 761,304,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батцолмон, түүний өмгөөлөгч Д.Майдри, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбямба, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох, Б.Уранзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Сүхбаатараас

1.а. Зээл 370,438,056 төгрөг,

1.б. Зээлийн хүү 205,647,466 төгрөг,

1.в. Алданги 185,219,028 төгрөг нийт 761,304,550 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 82,255 ам.долларыг сарын 2,7 буюу 2,220 ам.долларын хүүтэй байхаар харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан.

Энэхүү зээлийн гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 7 сарын хугацаатай байсан. Үндсэн зээл 82,255 ам.доллар, түүний хүү 15,540 ам.доллар, нийт 97,795 ам.доллар төлөх үүргийг хариуцагч хүлээсэн. Энэ үүргээ биелүүлээгүй байх үедээ зээлдэгч дахин нэмж 28,000 ам.доллар зээлэх хүсэлт гаргасан. Улмаар 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тухайн гэрээ дээр бид гараар бичиж нэмж 28,000 ам.долларыг зээлдүүлж, гэрээний бусад заалт буюу, хүү, хугацааны хувьд анхны гэрээтэй ижил нөхцөлөөр харилцан тохиролцсон.

Энэ үеэс түүний нийт зээл анх авсан 82,255 ам.доллар дээр 28,000 ам.долларыг нэмээд 110,255 ам.доллар болсон.

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны хүү сарын 2,976.8 ам.доллар буюу нийт 20,838 ам.доллар болсон.

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нийт зээлийн үлдэгдэл 140,675 ам.доллар дээр харилцан тохиролцож, гэрээ дүгнэсэн актыг бичгээр байгуулсан.

Мөн өдрөө зээлийг хэрхэн төлж барагдуулах талаар зөвшилцөөд 2019/04/17-1 тоот зээлийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дуустал буюу 18 сарын хугацаатай, 140,675 ам.доллароос сарын 3 хувийн хүүтэй буюу 1 сард төлбөл зохих хүүгийн хэмжээг 4,220.25 ам.доллар байхаар харилцан тохиролцож, гэрээгээ нотариатаар баталгаажуулсан. Энэхүү гэрээний хүрээнд үндсэн зээл 140,675 ам.доллар, хүүд нийт 75,964.50 ам.доллар төлөх үүргийг зээлдэгч буюу хариуцагч хүлээсэн.

Гэвч 4-т заасан гэрээний хүрээнд зөвхөн хүүг тооцохдоо 140,675 ам.доллароос биш 110,255 ам.доллароос сарын 3 хувийн хүү буюу 3,307.65 ам.доллароор тооцож, нийт 18 сарын 59,537.7 ам.долларыг нэхэмжилж байна. Учир нь энэ нэхэмжлэлийн үндэслэлийн 3-т заасан гэрээ дүгнэсэн акт үйлдэж, 140,675 ам.доллар гэж тооцоо нийлснийг задалж үзвэл 110,255 ам.доллар нь үндсэн зээл байсан.

Харин 30,420 ам.доллар нь зээлийн хүү байгаа учраас хамгийн сүүлд байгуулсан зээлийн гэрээний хүрээнд дахин хүүгээс хүү бодохгүй байх, хариуцагчид бизнесийн ёс зүйтэй хандах үүднээс 110,255 ам.доллароос хүүг тооцлоо.

Үндсэн зээл 110,255 ам.доллар, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх талуудын тооцоо нийлсэн хэмжээгээр хүү 30,420 ам.доллар,

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хүү 59,537.7 ам.доллар нийт 200,212.7 ам.доллар болсон.

Зээл төлөлтийн тухайд,

Хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд дараах 9 удаагийн төлөлт хийсэн.

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг буюу 3,509.3 ам.доллар,

2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг буюу 3,509 ам.доллар,

2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөг буюу 5,263.5 ам.доллар,

2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг буюу 3,510.4 ам.доллар,

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг буюу 1,752.6 ам доллар төлсөн. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг буюу 3,288.5 ам.доллар,

2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг буюу 1,627.1 ам.доллар,

2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг буюу 3,158.8 ам.доллар

2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг буюу 3,130.8 ам.доллар, нийт 28,750 ам.доллар төлсөн бөгөөд төлбөр төлсөн өдрийн ам.долларын төгрөгтэй тэнцэх ханшаар хөрвүүлэн тооцсон. Үндсэн зээл 110,255 ам.доллар, хүү 89,957.7 ам.доллар бүгд 200,212.7 ам.доллар төлөх үүрэгтэй байсан.

Хүү 89,957.7 ам. доллароос хариуцагчийн төлсөн 28,750 ам.долларыг хасвал 61,207.7 ам.долларын хүү төлөх үүрэгтэй байна. Одоо нийт үндсэн зээл, зээлийн хүү 171,462.7 ам.доллар төлөх үүрэгтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах /2022.10.10-ны/ өдрийн Монгол банкнаас зарласан валютын ханшаар тооцоход 171,462.7 ам.доллар нь 576,085,523 төгрөг болно. Алдангийн тухайд, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний 3.4-т зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоногт 0.25% (110255$/100%*0.25%*723 хоног=) байхаар харилцан тохиролцсон. Зээлийг төлөх сүүлийн хугацаа нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байсан ба үндсэн зээл 110,255 ам.долларыг төлөлгүй 723 хоног хугацаа хэтрүүлсэн. Энэ хугацаагаар алданги тооцоход 199,285,9 ам.доллар гарч байх буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн /үндсэн зээл/-ийн 50 хувиас хэтэрч байх тул 110,255 ам.долларын 50 хувь болох 55,127.5 ам.доллар буюу 185,219,028 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Иймд хариуцагчийн нийт үүрэг нь зээл 370,438,056 төгрөг, хүү 205,647,466 төгрөг, алданги 185,219,028 төгрөг, нийт 761,304,550 төгрөг гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Хариуцагч П.Сүхбаатар нь малын ноос ноолуур, арьс шир боловсруулах бизнес, үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд 2018 онд нэхэмжлэгч А.Батцолмон гэх хүнээс их хэмжээний Узбекистан хонины ноос худалдан авахаар ярилцаж тохиролцсон. Тус тохиролцооны дагуу нэхэмжлэгчээс 400,000,000 төгрөгийн хонины ноосыг худалдан авсан бөгөөд ноосны төлбөрт 204,528,154 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн үлдэгдэл 197,019,643 төгрөгийг хугацаатайгаар хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон.

Энэхүү тохиролцооны дагуу хариуцагчийн зүгээс 106,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

2.2.Гэвч А.Батцолмонгоос авсан хонины ноос нь удаан хадгалагдсан чанараа алдсан доголдолтой байснаас шалтгаалж хариуцагчийн зүгээс ашиглаж чадахгүй их хэмжээний алдагдал хүлээсэн байдаг.

Гэтэл хариуцагч нэхэмжлэгчээс 71,459,640 /тухайн өдрийн долларын ханшаар 28,000 доллар/ төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлсэн нь дээрх ноос худалдах худалдан авах харилцаанаас тусдаа харилцаа бөгөөд уг зээлийг талууд тохиролцохдоо хүү, алдангийн хэмжээг тохиролцоогүй тул хариуцагчаас хүү, алданги нэхэмжлэх үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлдээ энэхүү ноос худалдах-худалдан авах харилцаа болон зээлийн гэрээг тайлбарлан хүү, алданги тооцон 761,304,550 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт их хэмжээний мөнгө шаардаж байгаа нь Иргэний хуулийн 281.1, 282.3-т заасан заалт болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг Монгол улсын нутаг дэвсгэр дээр төлбөр тооцоог үндэсний мөнгөн дэвсгэртээр хийх гэх заалтыг тус тус зөрчиж байна. Талуудын хооронд 2018 онд 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээ нь бодитоор байгуулагдаагүй, зээл гэрээнд дурдсан зээлийг аваагүй, зээлийн хариу төлбөрт зээлийг буцаан төлөх үүрэг хүлээгээгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн гэрээ бөгөөд нэхэмжлэгч гэрээний дагуу хүү, алданги тооцож их хэмжээний төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байгаа үйлдэл нь хууль бус болно. Иймд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн гэрээ хэлцэл тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ц.Сүхбаатар нь хариуцагч Д.Батцолмонгоос 2018 онд Узбекистан хонины ноос худалдан авахаар тохиролцож, үүний дагуу ноосны төлбөрт 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэвч үлдэгдэл төлбөрийг ноосны чанар доголдолтой байсан тул хэрхэн тооцоо нийлэх талаар харилцан тохиролцоогүй, ноос худалдах-худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болоогүй хэвээр үргэлжилж байсан. Учир нь худалдаж авсан ноос нь чанарын шаардлага хангаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй нэхэмжлэгч тал хохирсон бөгөөд ноосны чанар шалгагч мэргэжилтнүүд гааль дээр уг ноосыг хүлээж авахдаа ашиглах боломжгүй, шаардлага хангахгүй ноос ирсэн гэдгийг мэдэгдэж энэ тухай хариуцагч Д.Батцолмонд удаа дараа хэлж тайлбарлаж байсан.

Гэтэл хариуцагч ноос худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр төлөх үүргийг дуусгавар болгож талууд зээлийн гэрээний үүрэг болгон сольсон мэтээр тайлбарлаж байна.

Худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцагчид 2021 онд 65 000 000 төгрөгийг төлсөн байхад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ноос худалдах худалдан авах гэрээг зээлийн гэрээний үүргээр талууд харилцан тохиролцон сольсон мэтээр тайлбарласан үндэслэлгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2, 282.3 хуульд шаардлагаас үзвэл зээлийн гэрээ нь 2 талын хариу төлбөртэй, зээлдүүлэгч зээлдэгчид зээлийг бүрэн шилжүүлснээр байгуулагдсанд тооцдог байтал талуудын хооронд байгуулсан 2018 оны 03-р сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ нь дээрх шаардлагыг зөрчсөн, зээл бодитой олгогдоогүй. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн талууд зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 39-р зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хэлцэл хийхэд тавигдах шаардлагыг зөрчсөн тул нэхэмжлэгчээс энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна.

Хариуцагч Д.Батцолмон нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй атлаа өндөр хүү тооцож, нэхэмжилж байгаа нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлж бодитой байгуулсан мэтээр тайлбарлан, зээл олгосон учир хариу төлбөрийг гадаад валютаар тооцон түүний зөрүү дээрээс хэт өндөр ашиг олох зорилгоор МУ-ын Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйл болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4-р дүгээр зүйлийн 4.4-т заасан заалтуудыг тус тус зөрчиж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг дордуулж, мөнгөн төлбөр нэхэмжилсэн нь хууль зөрчсөн үйлдэл болно. Иймд 2018 оны 03 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хууль зөрчсөн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Анх бидний хооронд ноос худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь үнэн. Ноос чанарын шаардлага хангахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ талаар надад нэг ч удаа хандаж байгаагүй, өөрсдөө худалдаад дуусгасан. Ноосны төлөгдөөгүй төлбөрт зээлийн гэрээ байгуулсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасныг тус тус баримтлан Шарнууд овогт Цэдэнгийн Сүхбаатар /Ч........./-аас 717,098,096 /долоон зуун арван долоон сая ерэн найман мянга ерэн зургаан/ төгрөг гаргуулан Тангад овогт Додонгийн Батцолмон /Ц........./-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44,206,454 /дөчин дөрвөн сая хоёр зуун зургаан мянга дөрвөн зуун тавин дөрвөн/ төгрөгийг, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч Ц.Сүхбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,964,472 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,143,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сүхбаатараас 3,743,440 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батцолмонд олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 болон 282 дугаар зүйлийн 282.4-т заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн

Нэхэмжлэгч Д.Батцолмон болон хариуцагч Ц.Сүхбаатар нар нь 2018 онд Узбекстан улсаас 400,000,000 /дөрвөн зуун сая/ орчим төгрөгийн хонины ноосыг оруулж ирсэн бөгөөд уг гэрээний дагуу хариуцагчийн зүгээс 2018 онд 202,980,357 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн.

Ноос худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй бөгөөд учир нь оруулж ирсэн хонины ноос нь чанарын доголдолтой хөгцөрч муудсан, ашиглагдах боломжгүй

Энэ талаар нэхэмжлэгч Д.Батцолмонд мэдэгдэж байсан. Уг ноосны чанарын доголдлын улмаас ашиглах боломжгүй байсан тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Д.Алтанчимэгийн шүүх хуралд гаргасан тайлбар мэдүүлгээр нотлогддог.

Нэхэмжлэгчийн зүгээс Ноос худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардсан ч хариуцагчийн зүгээс ноосыг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй харин алдагдалтай ажиллаж байсан тул ноосны үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явуулах зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4- 1 "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагчийн дансанд 82,255 доллар шилжиж ороогүй, зээл олгогдоогүй болно.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т 236.2-т заасны дагуу гэрээний үүргийг талууд солихоор тохиролцсон бол өөр үүргээр солих буюу анх тохиролцсон үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргээр солихыг зөвшөөрсөн тусгай гэрээ эсхүл талууд хүсэл зоригоо бодитоор илэрхийлсэн илэрхийлэл нотлох баримтаар хангалттай нотлогдсон байх ёстой. Хариуцагчийн зүгээс гэрээний үүргийг солихоор хүсэл зоригоо илэрхийлээгүй 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд тусгаагүй атал шүүх ноос худалдах-худалдан авах гэрээний үүргийг сольсон хэмээн шийдсэн нь илтэд үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 236.1.3-т заасан Талууд өмнөх үүргийн өөр үүргээг солих" гэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Түүнчлэн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ болон бусад банкны дансны хуулбараас үзэхэд 82,550 ам.доллар нь А.Сүхбаатарт шилжээгүй, хавтас хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 71,459,640 төгрөгийн шилжүүлсэн бөгөөд энэхүү гэрээний үндэслэл болсон 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ нь бодит нөхцөл байдал дээр хуульд заасан шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ буюу Иргэний хуулийн 282.3 дугаар зүйлийн 282.3, 283.4-т заасан хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцэл юм.

6.2. Хариуцагчийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр М.Ганчимэгийг хэрэгт ач холбогдол бүхий байдлыг мэдэх тул гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх 183/ШЗ2023/03337 дугаартай захирамжаар хүсэлтийг хангалгүй орхиж шийдвэрлэсэн байдаг. М.Ганчимэгийг гэрчээр асуулгах хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

Энэхүү гэрчийг асуулгаснаар талуудын хооронд үүссэн ноос худалдах худалдан авах харилцааг тодорхойлох, ноосны чанарын доголдолтой байсан эсэхийг асуулгах, хариуцагч гэрээг дуусгавар болгох хүсэл сонирхол байхгүй болохыг нотлох зэрэг ач холбогдолтой гэрч байсан болно.

6.3. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр хэмээн үзсэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2, 282.3 заасны дагуу хоёр талын хариу төлбөртэй, зээлдүүлэгч зээлдэгчид зээлийг бүрэн шилжүүлснээр байгуулагдсанд тооцдог бөгөөд уг гэрээ нь хуульд шаардлагад нийцээгүй шүүхээс хүчин төгөлдөр гэрээ хэмээн үзсэн нь үндэслэлгүй.

Мөн талууд ноос худалдах-худалдан авах гэрээг зээлийн гэрээний үүргээр солиогүй байхад нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бодитоор олгоогүй зээлийн хүүг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөрчиж байгаа бөгөөд шүүхээс дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй .

Иймд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хуульд заасан шаардлагыг зөрчиж байгуулсан, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Д.Батцолмон, Ц.Сүхбаатар нарын хооронд 4 удаагийн хэлцэл хийгдсэн. Эхний хэлцэл нь амаар хийгдсэн. Энэ нь ноос худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн.

Хоёрдугаарт 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ, гуравдугаарт 2018 оны 09 дүгээр сард гар бичмэлээр, дөрөвдүгээрт 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нотариат орж зээлийн гэрээ байгуулж, тооцоо нийлсэн. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ноосны асуудлын талаар нэг ч үг, үсэг дурдаагүйгээр зээлийн гэрээний үүрэг шаардаж, нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хариу тайлбарт 197,019,643 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон гэж дурдсан. Уг мөнгийг ам.долларт шилжүүлэхээр 82,255 ам.доллар гардаг. Үүнээс үзэхээр ноосны үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний харилцаа болгох буюу үүрэг сольсонтой холбогдуулж, худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон гэж талууд үйлдлээрээ нотолж, гэрээ байгуулсан. Зээлийн төлбөр төлөгдсөн байдлуудыг авч үзвэл Сүхээ зээл төлөв гэсэн утгатай гүйлгээнүүд байдаг.

Ноос ирээдүй ХХК-аас ноосны үнэ гэж шилжүүлж байсан тохиолдлууд байдаг. Ноосны үнэд 204,000,000 төгрөгийг төлсөн. Ц.Сүхбаатар гэж хүн худалдан авсан ноосоо өөр компанид эсхүл хэн нэгэн этгээдэд зарцуулах нь манай талд хамааралгүй. Мөн хариуцагч тал 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргадаг. Гэтэл энэ гэрээнээс хойш 2 зээлийн гэрээ байгуулагдсан. Эдгээр хоёр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гараагүй. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр юм. Үүрэг солигдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Д.Батцолмон нь хариуцагч Ц.Сүхбаатарт холбогдуулан

1.а. Зээл 370,438,056 төгрөг,

1.б. Зээлийн хүү 205,647,466 төгрөг,

1.в. Алданги 185,219,028 төгрөг, нийт 761,304,550 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ..,2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Хэргийн үйл баримтын талаар.

2.а. Зохигчдын хооронд анх 400,000,000 төгрөгийн хонины ноосыг худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг үнийн дүнгийн хэмжээгээр хонины ноосыг нийлүүлсэн үйл баримтад талууд маргаангүй.

2.б. Ноосны төлбөрт 204,528,154 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид шилжүүлсэн, 195,471,846 [Bs1] төгрөгийн үлдэгдэлтэй байсанд үйл баримт тогтоогдсон.

2.в. Мөн хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Д.Батцолмон, Ц.Сүхбаатар нарын хооронд 82,255 ам.долларыг сарын 2,7 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлдүүлэхээр, алдангийг хоног тутам 0,25 хувиар тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ авагдсан /хх 6-8/

2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр талууд гэрээний үргэлжлэл гэх баримтыг үйлдэж,...1 гэрээний үргэлжлэл болгож, 1 гэрээний бүх заалтыг хэвээр мөрдөж, нэмж 28,000 ам.доллар зээллээ /хүү алданги хэвээр/... гэх утгатай гар бичвэр үйлдсэн /хх 8/

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зохигч 140,675 ам.долларыг сар тутам 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, алдангийг хоног тутам 0.25 хувиар тооцох зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь авагдсан /хх 10-14/

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн зээлдэгч 140,675 ам.долларын үндсэн зээл, хүүгийн өглөгтэй гэх гэрээ дүгнэсэн акт авагдсан /хх-15/

Мөн удаа дараагийн мөнгөн шилжүүлсэн баримтууд авагджээ

2.г. Дээрх авагдсан гэрээнүүдээс 28,000 доллар зээлсэн, өмчлөлдөө шилжүүлж авсан гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрчээ.

2.д Мөн ноосны гэрээнээс төлөөгүй үлдэгдэл 195,471,846[Bs2]  төгрөг байсан гэдэгт талууд маргахгүй байна.

 

3.Ноос худалдах, худалдан авах гэрээний үүргийг ам.долларын зээлийн гэрээний үүрэгт шилжүүлж үүргийг сольсон эсэх, зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, ам.доллароор гэрээний үүргийг шаардах нь хуульд нийцэх эсэх, мөн төлбөрийн хэмжээ зэрэгт маргажээ.

4. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

4.а. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болохоор заасан.

Талууд өмнөх үүргийг өөр үүргийн харилцаанд шилжүүлж байгаа тохиолдолд шилжүүлж байгаа үндэслэл, шаардлагын хэмжээг тодорхой заасны дараагаар өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно. Хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй учир худалдах худалдан авах гэрээний харилцааг зээлийн гэрээний харилцаанд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй. Учир нь гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд талуудын гэрээнд үүрэг сольж байгаа талаар заагаагүй.

Иймд хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох 400,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 204,528,154 төгрөгийг хасч тооцон /400,000,000-204,528,154=195,471,846/ 195,471,846 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Д.Батцолмонд олгох нь зүйтэй. Худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэх 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн шаардлага хангаагүй, хууль зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ юм.

4.б. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан

Талууд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 28,000 ам.долларын зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа өмнөх гэрээний бүх заалтыг хэвээр үргэлжлүүлэхээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус хэдий ч тус гэрээний нөхцөлөөр 28,000 ам.долларыг сарын 2,7 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлдүүлсэн гэж үзэхээр байна. /хх8/ Иймд 28,000 ам.долларыг гэрээнд заасан хүү, хугацаагаар тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Алдангийн хувьд, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 3.4-т алданги хоног тутам 0,25 хувь гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасанд хамаарах ба гүйцэтгээгүй үндсэн үүрэг болох 33,292 ам.долларын 50 хувьтай тэнцэх 16,646 ам.долларын алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэгт /28,000$x2.7%x7сар=33,292$/ 33,292 ам.доллар, алданги 33,292$x50%=16,466$, 16,646 ам.долларыг нэмж, /33,292$+16,646$=49,938$/ 49,938 ам.долларыг нэхэмжлэл гаргасан өдөр болох 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн /1$=3,359.82₮/ ханшаар тооцоход 49,938x3,359.82=167,782,691 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 106,000,000 төгрөгийг хасч тооцон 167,782,691₮-106,000,000₮=61,782,691₮/ нийт 61,782,691 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Д.Батцолмонд олгох нь зүйтэй байна.

Дээрхийг нэгтгэвэл хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 195,471,846 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 61,782,691 төгрөг, нийт 195,471,846+61,782,691=257,254,537 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Батцолмонд олгохоор нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 504,050,013 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор заасан.

Талуудын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа нь бодитоор байгуулагдаагүй. Өмнөх үүргийн харилцааг хуульд заасны дагуу дуусгавар болгоогүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

6. Түүнчлэн талууд зээлийн гэрээний мөнгөн дүнг ам.доллароор тохиролцож, зээлдүүлэгч гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг ам.долларын төгрөгтэй тэнцэх албан ханшаар тодорхойлон шаардаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасанд нийцэж байх тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгааг тайлбарлах нь зүйтэй. Мөн ноос чанарын шаардлага хангаагүй гэх баримт хэрэгт авагдаагүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/01247 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Шарнууд овогт Цэдэнгийн Сүхбаатар /Ч........./-аас 257,254,537 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тангад овогт Додонгийн Батцолмон /Ц........./-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 504,050,013 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалт нэмж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагчийн гаргасан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангасугай гэж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,964,472 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,143,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сүхбаатараас 1,444,223 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батцолмонд олгож, нэхэмжлэгч Д.Батцолмонгоос 1,135,309 төгрөгийг гаргуулан хариуцагч Ц.Сүхбаатарт олгосугай гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтыг 4 гэж дугаарлан, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,886,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД

 

 

 

 

 

 

 

 

 

 


 [Bs1]195,471,846

 [Bs2]195,471,846