Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 298

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Ихтамир сумын Борт баг, Хавцгайтын ард оршин суух Боржигон овогт Самдангийн Гэрэлмаа /РД:АГ60060105/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Заан хошууны 6-10 тоотод оршин суух Боржгин овогт Дувдангийн Дэлгэрмаа /РД:АГ70072601/-д холбогдох

2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч С.Гэрэлмаа,

хариуцагч Д.Дэлгэрмаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Гэрэлмаа нь: шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Гэрэлмаа миний бие 2015 оны 6-р сарын 8-ны өдөр Д.Дэлгэрмаад 3 000 000 төгрөг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлье гэснээр нь зээлүүлсэн. 1 000 000 төгрөгийг нь өгөөд 2 000 000 төгрөгийг нь өгөлгүй маш их чирэгдэл учруулж байна. Иймд энэ төгрөгийг гаргуулж өгнө үү.

3 000 000 төгрөгийнхөө 2 300 000 төгрөгийг 9-р сард өгсөн нь үнэн. Сүүлдээ “Эгчээ би хүүгээ 1 000 000 болохоор нь үндсэн мөнгө 1 000 000 дээрээ нэмээд 2 000 000 болгоод өгье” гэж хэлсэн. Үндсэн мөнгөө /1 000 000 төгрөг/, хүү 1 000 000 төгрөгийн 50 хувийг буюу 500 000 төгрөг нийт 1 500 000 төгрөгийг гаргуулж өгвөл зөвшөөрч байна гэжээ.

шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихдээ: Хариуцагчтай зөвшилцөх санал тавьж байсан. Үндсэн зээл болох 3 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг төлсөн, үлдсэн 1 000 000 төгрөг, зээлийн хүү 1 000 000 төгрөгнөөс 50 хувийг нь хасаад хүүнд 500 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөг нэхэмжилж байна. 2015 оны 9-р сард надад хүүгийн төлбөрт 100 000 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоо өгч байсан гэв.

Хариуцагч Д.Дэлгэрмаа нь: шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний миний Дувдан овогтой Дэлгэрмаа нь 2015 оны 6-р сард тариалан эрхлэх төслийн зээл бүтэхгүй, ургамлын агротехникийн хугацаа дуусах гээд байхаар нь иргэн С.Гэрэлмаагаас 3 000 000 төгрөг зээл бүтэхээр өгөхөөр харилцан зөвшилцөж авсан болно.

Тэгээд 8-р сард гарын үсэг зурсан банк нь зээлийн түүх байхгүй, харилцаж байгаагүй банк байсан учраас зээлээ авч чадаагүй учир үйлдвэрлэл явуулаагүй одоог хүртэл аж ахуйн эрсдэлд орсон, татвар түрээс өгөөд л аргацааж байна. Тэгээд 8-р сард үйлдвэрлэл эрхлээгүй мөнгөний хүүнд хэцүүднэ гэж бодоод 2 300 000 төгрөгийг данс руу нь хийсэн. Миний бие үүнээс 7-р сард үр 300 000 төгрөгөнд авч өгсөн. Намар 9-р сард хүнсний ногоо /байцаа, лууван, төмс, сонгино, манжин/ гэх мэт ногоо өгсөн нь үнэн болно. Иймээс энэ асуудалд энэ зөв хуулийн дагуу шийдвэр гаргаж өгөхийг миний бие хүсч байна гэжээ.

шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл аваад 1 сарын хугацаатай мөнгө зээлээд “Төрийн банк”-аас зээл гарсны дараа өгөхөөр С.Гэрэлмаагаас зээл авсан боловч  миний зээл бүтээгүй. 3 000 000 төгрөгөө өгөх гэсэн боловч хүнд 1 000 000 төгрөг зээлүүлсэн байсан. 2 300 000 төгрөгийг С.Гэрэлмаагийн данс руу нь шилжүүлсэн. Мөн үр авч С.Гэрэлмаагийн гэрт нь буулгаж өгсөн. Би С.Гэрэлмаагаас зээлсэн мөнгийг сар сард төлөөд хохиролгүй болгосон. Надад одоо үнэхээр мөнгө алга. Би зээлсэн мөнгөө өгсөн гэж үзэж байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Гэрэлмаа нь хариуцагч Д.Дэлгэрмаагаас 2 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь зээлсэн мөнгө болох 3 000 000 төгрөгийг, хүүгийн хамт С.Гэрэлмаад өгсөн учир төлөхгүй гэсэн мэтгэлцээний байр суурьтай байсан бөгөөд зээл хүлээн авсан эсэх, хүүгийн төлбөрийг 10 хувиар тогтмол тооцсон зэрэг дээр талууд маргаагүй болно.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг 500 000 төгрөгөөр багасгаж зээлийн үндсэн төлбөрт 1 000 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөгийг нэхэмжлэхээр нэхэмжлэлдээ өөрчлөлт оруулсан болно.

            С.Гэрэлмаа, Д.Дэлгэрмаа нарын хооронд 2015 оны 6-р сарын 8-ны өдөр 10 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хуулиар тавигдсан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүг нэхэмжлэх эрхтэй. 

Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч нь 2015 оны 8-р сарын 12-ны өдөр зээлийн үндсэн төлбөрт 2 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 300 000 төгрөг төлсөн, мөн оны 9-р сард хүүгийн төлбөрт 100 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны орлогын мэдүүлэг, талуудын төлбөр төлөгдсөн эсэх талаар гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон.

2015 оны 6-р сарын 8-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нь биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар түүний гэрээгээр хүлээсэн хүү төлөх үүрэг цаашид үргэлжилсэн гэж үзнэ. Хүүгийн төлбөрийг нэхэмжлэгч 2015 оны 9-р сараас эхлэн тооцож авна, мөн хүүгийн төлбөр нэхэмжилсэн шаардлагаа 500 000 төгрөгөөр хязгаарласан тул хариуцагчийн төлсөн 100 000 төгрөгийг хасч тооцон 400 000 төгрөгийн хүү төлүүлэх нь зүйтэй.

Үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан гэх тайлбар гаргасан боловч үүнийгээ нотлоогүй.

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 1 000 000 төгрөг, хүү 400 000 төгрөг, нийт 1 400 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

                        Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                    ТОГТООХ нь:

           

            1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар Д.Дэлгэрмаагаас 1 400 000 төгрөг гаргуулан С.Гэрэлмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дэлгэрмаагаас 37 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Гэрэлмаад олгосугай.

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                       

 

 

                                            

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Т.БАДРАХ