Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 205/МА2022/00014

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 316 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, 10 дугаар байр, ******* ХХК /РД:*******/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, Нутгийн удирдлагын ордонд байрлах, Завхан аймгийн Засаг даргад холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,210,000 /хорин есөн сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ын давж заалдах гомдлоор 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч В.*******цэрэн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Ж.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ний төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "*******" ХХК нь Завхан аймгийн Цагаанхайрхан суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлын тендерт оролцон шалгарч, захиалагч Завхан аймгийн Засаг даргын тамгын газартай 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн БУ-03/2011 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эхлүүлж, 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болгож ашиглалтад оруулахаар заасан. Гэрээний нийт дүн 348,000.000.00 /Гурван зуун дөчин найман сая/ төгрөгөөр санхүүжихээр байгуулсан. Гэвч барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад санхүүжилтийг улсын төсвийн тодотголоос хасах тухайн жил бүрийн төсөвт санхүүжилтийг бүрэн суулгаагүй захиалагч байгууллагын буруутай үйлдлээс хамаарч санхүүжилт зогссон. Ингээд захиалагч тал, хяналт хэрэгжүүлэгч байгууллага, гүйцэтгэгч талын хамтарсан ажлын хэсэг хуралдаж 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, дахин 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, 2017 оны 03 сарын 01-ний өдөр тус тус 3 удаа гэрээг сунгасан. Гэрээг сунгасан хэдий ч санхүүжилт орж ирээгүй шалтгаанаар ажил хойшлогдож манай компани банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч ажлыг явуулж байсан хэдий ч удаа дараагийн санхүүжилт хойшлогдсоны улмаас барилгын материалын үнийн өсөлт, ажилчдын цалингийн зардал өссөн. Гэсэн хэдий ч гэрээт хугацаанд манай компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр техникийн комисс 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр улсын комисс ажиллаж, цэцэрлэгийн барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн юм. Хоёр. 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн БУ-03/2011-СУНГАЛТ дугаар гэрээгээр гэрээний нийт дун 638,000,000 (зургаан зуун гучин найман сая төгрөг, үүнээс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд 63,800,000 аран гурван сая найман зуун мянга) төгрөг. 2017 оны 03 дугаар эхэлж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр багтаан ашиглалтад оруулна гэж заасан билээ. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Барилга угсралтын ажлын гүйцэтгэх wo3-т эцсийн гүйцэтгэл болох 63 800.000 (жаран гурван сая найман зуун мянга) төгрөгийн гүйцэтгэлээс захиалагчийн хяналтын инженер хянаад нийт төсөвт өртгийн дүнгээс 5 хувийн чанарын баталгааг суутгасан. Энэхүү баталгааны хугацаа барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь гэж заасны дагуу 2017 оноос тооцон 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дууссан ба манай компани зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 37/21, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 45/21 тоот албан бичгээр тус тус барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай албан хүсэлтийг хүргүүлсэн боловч 2021 оны 11 дүгээр сарын 19-ний 6/1188, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1361 тоот тус тус албан бичгээр барьцаа хөрөнгийг өмнөх шүүхийн шийдвэрээр олгох 43.8 сая төгрөгийг манай компанид олгосон талаар тайлбар ирүүлсэн байна. Мөн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ий өдрийн 140/Ш2021/00078 дугаартай шийдвэрээр "*******" ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 23 өдөр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханд холбогдуулан "Цагаанхайрхан сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлын үлдэгдэл санхүүжилт гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн 88,618,726 (наян найман сая зургаан зуун арван найман мянга долоон зуун хорин зургаан) төгрөгөөс "Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 564 дугаар үнэлгээний тайлангийн 42,517,088 төгрөгийг үлдэгдэл хийгдээгүй ажилд суутгахаар дүгнэснийг хасаж үлдэгдэл 46,101.638 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, харин үлдэгдэл хийгдээгүй ажилд суутгахаар тооцсон 42,517,088 төгрөгийг хийсэн гэж үзэж тус ажлыг хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэлийн шаардлага Завхан аймгийн Цагаанхайрхан сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан тул Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт "Улс орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжид энэ хуулийн 14.3-т заасан хугацаанд гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.6-д заасны дагуу зохицуулна гэж заасны дагуу барилга угсралтын ажлын чанарын баталгааны хугацаа дууссан тул Цагаанхайрхан сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын барьцаа хөрөнгө болох 29,210,000 /хорин есөн сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулахаар Завхан аймгийн Засаг даргаас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Э.******* нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаанхайрхан сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажилд ******* ХХК БУ-03/2011-СУНГАЛТ тоот нэмэлт 63,8 сая төгрөгийн гэрээ Завхан аймгийн ЗАсаг даргатай байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Үүний дагуу 2017 оны төсвийн тухай хууль, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар хавсралтад тухай үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хөрөнгө оруулалтын багцад 63,8 сая төгрөг батлагдсанаас дээрх санхүүжилт бүрэн төрийн сан дахь БСШУССайдын эрх шилжүүлсэн ажлын дансанд орж ирсэн. Улсын комиссоос өгсөн үүрэг даалгавар огт хэрэгжээгүй байсан тул дээрх санхүүжилтийг бүтнээр нь барьцаанд авч 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 20,0 сая төгрөгийг гүйцэтгэгч байгууллагад олгосон. Үлдсэн 43,8 сая төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 8 дугаар сард бүрэн барагдуулсан бөгөөд дээрх компанийн санхүүжилтээс авч үлдсэн баталгаа болон олгох ёстой санхүүжилт байхгүй болно. Нийт 63,8 сая төгрөгийг бүтнээр нь ******* ХХК-ний дансанд шилжүүлсэн, орон нутаг чанарын баталгааны 5%-ыг суутгаж авч үлдээгүй байна гэв.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч В.*******цэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд тухайн үйл явдлыг бүрэн дүүрэн нотлох шаардлагатай гэж харж байгаа. Цагаанхайрхан сумд дахь 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг нийт 698,000,000 төгрөгт босгохоор 4 удаагийн гэрээ хэлцлийн дагуу хийсэн. Тийм учраас нэхэмжлэгч тал 698,000,000 төгрөгийг авах эрх үүсэж байгаа. Үүнтэй холбогдуулаад бусад нөхцөл байдлуудаар мөнгө төгрөг авснаа нотлоод банкны хуулгыг гаргаж өгсөн. Энэ бүхэн ямар ач холбогдолтой вэ гэхээр барьцааны мөнгө төгрөгийн асуудал бүрэн шилжүүлэгдэж үү, үгүй юу гэдэг нөхцөл байдлыг харах нь ач холбогдолтой гэж харж байна. Техникийн хяналтын зардалд 11,678,000 төгрөг, зураг төсвийн зардалд 6,089,425 төгрөг, шүүхийн шийдвэрээр 43,800,000 төгрөг гээд нийт 584,000,000 төгрөгийн зардал гарч ирж байна. Нийт авсан мөнгөн дүнгээс тухайн дансанд шилжүүлсэн мөнгө, Тамгын газар үлдсэн 44,000,000 төгрөг, шүүхийн шийдвэрээр олгогдож байгаа 43,800,000 төгрөг, зураг төсвийн зардал, техникийн хяналтын зардлын үнийг нэмээд үзэхээр нийт дүн гарч байгаа. Энэ мөнгөө 698,000,000 төгрөгөөс гүйцэтгээгүй ажлын үнийн дүнг Тамгын газарт үлдээсэн. Эдгээрийг нийлүүлээд тооцож үзэхээр дундаас нь 29,210,000 төгрөгийн зөрүү гарч ирж байгаа. Өнөөдөр 63,800,000 төгрөгийн асуудал яригдаж байна. Тухайн үед мөнгө төгрөг шилжүүлэх гэрээ байгуулах, гэрээний дагуу мөнгө төгрөг шилжүүлсэн гээд үзэхээр анхны гэрээнээс 14,325,000 төгрөг, 2 дах гэрээ буюу 2013 оны 1 дүгээр сарын 19-с 60,000,000 төгрөг, дараагийн 2 гэрээнээс 13,293,000 төгрөгийн зөрүү гараад байдаг. Тэгэхээр анхны гэрээний үнийн дүнгээс бүх зардлаа хасахаар 638,000,000 төгрөг болж байна. 63,000,000 төгрөгөөс шүүхийн шийдвэрээр шилжүүлсэн мөнгө дахин хасагдчихаад байгаа юм. Нэг ёсондоо 698,000,000 төгрөгөөс нэг хасаад 638,000,000 төгрөгөөс дахиад хасчхаад байгаа юм. 2 дахиад мөнгө хасагдчихаар ийм зөрүү гараад байгаа юм. Хариуцагч байгууллага гэрээний гүйцэтгэлээ 638,000,000 төгрөг гээд яриад байгаа, гэтэл ажлын нийт төсөв 698,000,000 төгрөг. Энэ бүх мөнгийг нэмээд үзэхээр яг энэ мөнгө гарч байгаа. Ийм зөрүүтэй ойлголт яваад байгаа учраас асуудлыг зөв ойлгох шаардлагатай. Нэг мөнгийг 2 дахиад хасаж асуудлыг шийдвэрлэж, ийм саналыг хариуцагч тал гаргаад байгаа юм. Шүүхийн шийдвэрийн дансаар шилжүүлсэн мөнгө нь юу вэ гэхээр 698.000.000 төгрөгөөс хасаж бодчихоод дахиад шүүхийн шийдвэр лүү шилжүүлсэн гэдэг заль ч юм уу гэдэг нөхцөл байдал харагдаж байна гэж би харж байна. Хариуцагч тал өөрөө тооцооллоо буруу бодчихоод байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Дараагийн нэг асуудал нь юу вэ гэхээр аймгийн Засаг дарга буюу түүний төлөөлөгчөөс нэхэмжилж байсан. Энэ нөхцөл байдлуудыг харахын тулд мөнгө хүлээж авсан талаарх банкны бүх хуулгыг хүлээж авсан. Энэ талаарх баримтыг хэргийн материалд хавсаргасан. Мөн санхүүжилт авсан баримтуудыг мөн хэргийн материалд хавсаргаж өгсөн. 2011 оны 4 дүгээр сарын 18-нд 31,500,000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 30-нд 50,000,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 30-нд 2,000,000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 09-нд 125,000,000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 25-нд 100,000,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 12-нд 90,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар 29-нд 93,490,443 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-нд 39,725,592 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 15-нд 2,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 06-нд 43,800,000 төгрөг нийт авсан. Хамгийн гол нь 43,800,000 төгрөгийг 698,000,000 төгрөгөөс нэг хасаад дахиад дараа нь 638,000,000 төгрөгөөс хасаж шилжүүлсэн байна гэж харж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 316 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргад холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,210,000 /хорин есөн сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ын давж заалдах гомдлын агуулга:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 140/ШШ2022/00316 дугаартай шийдвэртэй танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Үүнд:

1. "*******" ХХК нь Завхан аймгийн Цагаанхайрхан суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлын тендерт оролцон шалгарч, захиалагч Завхан аймгийн Засаг даргын тамгын газартай 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн БУ-03/2011 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эхлүүлж, 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болгож ашиглалтад оруулахаар заасан. Гэрээний нийт дүн 348,000,000 /гурван зуун дөчин найман сая/ төгрөг. 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг нэмэлт, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр БСШУЯам, Завхан аймгийн ЗДТГ-тай гуравласан гэрээ байгуулж, гэрээг үргэлжлүүлэн сунгахдаа 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг нэмэлт гэрээ байгуулсан. /Хүснэгтээр гэрээ байгуулсан огноо, гүйцэтгэлээр олгогдсон санхүүжилтийг харуулав.

...Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоолоор баталсан "Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх тесел, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам" ын 2.3.2.5 дахь хэсэгт "барилга байгууламжийн зураг төслийн унэ, захиалагчийн хяналтын зардал, зохиогчийн хяналтын зардал, нормчлолын сангийн зардал, чанарын баталгаат хугацааны барьцааг тус тусын дансанд холбогдох баримт бичиг, тоног төхөөрөмж хүлээн авсан акт зэргийг ундэслэн шилжүүлэх" гэж заасан ба Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14 6 дахь хэсэгт "Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтэц, цэвэр, бохир ус, уур, хий дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна" гэж заасныг үндэслэн хуулийн дагуу чанарын баталгааны хугацаа дуусгавар болсны дараа чөлөөлөхөөр хууль дүрэм журамд заасан байна.

Гэвч анхан шатны шүүгч шуухийн шийдвэртээ дурдахдаа барилга угсралтын ажлын гэрээний нийт дүн болох 698,000,000 төгрөгийг хариуцагч улсын төсвөөс санхүүжсан байгааг хэргийн бодит байдалд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тооцохгүйгээр уг барилга угсралтын ажлыг 638,000,000 төгрөгийн хөлстэйгөөр тохиролцсон гэх, мөн 29,210,000 төгрөгийг суутгасан гэх үйл баримт тогтоогдохгүй харин уг гэрээний дагуу 63,800,000 төгрөгийг төлсөн гэсэн.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43. 1. 43.2, 43.3. 43.6 дахь заалтуудыг тус тус иш татсан боловч захиалагчийн зарласан барилгын ажил гуйцэтгэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцож хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж гэрээ байгуулсан атлаа гэрээнд дээрх нөхцел байдал тусгагдаагүй байгааг анхаарах нь зүйтэй гэснийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангагдах хууль зүйн боломжгүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь анхан шатны шүүх хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт гаргаагүй байна.

Иймд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан тул Барилгын тухай хуулийн 14 зүйлийн 14.8 дахь хэсэгт "Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжид энэ хуулийн 14.3-т заасан хугацаанд гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг Терийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.6-д заасны дагуу зохицуулна." гэж заасны дагуу барилга угсралтын ажлын чанарын баталгааны хугацаа дууссан тул уг Цагаанхайрхан сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын барьцаа хөрөнгө болох 29,210,000 /хорин есен сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлтэй байгаа тул Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 140/ШШ2022/00316 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч В.*******цэрэн/ZOOM/-р шүүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд түүнийгээ дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх тухайн асуудлыг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг дутуу үнэлж, бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Тухайн мөнгө төгрөгийг ямар нэгэн дансанд хийн авч хоцроогүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй юм. Хэдэн удаагийн хөрөнгө оруулалтын гэрээ, үнэ өссөн зэрэгтэй холбогдуулж гаргасан гэрээ, өртгийг 2 тал адил гаргасан бөгөөд нийт 698.0 сая төгрөгийн асуудал байдаг бөгөөд анхан шатны шүүхээр яваад 88.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын 43.0 сая төгрөгийг хяналтын хугацаанд хийгдээгүй үлдсэн мөнгөнөөс хасаж тооцсон байдаг. Энэ хасаж тооцсон мөнгийг анх гэрээгээр тогтоосон мөнгөнөөс 2 дахин бага үнэ болгож хасаад байдаг. Нэхэмжлэгчийн бичсэн давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Цагаанхайрхан сумын сургуулийн дотуур байрны 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга нь 2011 онд анх эхэлсэн байдаг. Нийт 5 удаагийн нэмэлт гэрээ байгуулагдсан бөгөөд 2017 онд байнгын ашиглалтад хүлээж авсан. Тухайн жилийнхээ төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар өөрчлөлт оруулах тодотголоор 63.8 сая төгрөгийн үлдэгдэл санхүүжилт Төсвийн тухай хууль, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын багцад батлагдаж орон нутагт эрх нь шилжсэн байдаг. Орон нутаг нь байнгын ашиглалтад 11 дүгээр сарын 07-ны өдөр аваад тус санхүүжилт болох 63.8 сая төгрөг Төрийн сангийн манай дансаар дамжиж орж ирсэн. Тухайн үед чанарын баталгаанд барилгыг хүлээж авахад маш их үүрэг даалгавар өгөгдсөн бөгөөд тус үүрэг даалгаврууд биелэгдээгүй учир 20.0 сая төгрөгийг 2017 оны 12 дугаар сард олгоод 43.8 сая төгрөгийг барьцаа хөрөнгийн дансанд авч байршуулсан. Энэ санхүүжилт нь Улсын комиссоос өгсөн үүрэг даалгавруудыг биелэгдтэл барьцаа хөрөнгөд авсан байгаа. 2021 онд хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ хийлгэхэд нийт 88.0 сая төгрөгийн хийгдээгүй ажил үлдсэн байна гэж гарсан. Үүний 42.0 сая төгрөгийн ажил нь хийгдэж, 46.0 сая төгрөгийн ажил нь хийгдээгүй гээд 43.8 сая төгрөгийг манайхаас гаргуулахаар шүүхийн шийдвэр гараад тухайн санхүүжилтийг 2021 онд бүрэн олгосон байгаа. Нэхэмжлэгч талаас 29.2 сая төгрөгийг барьцаа хөрөнгөд авсан гэдэг зүйлээр нэхэмжилсэн байгаа. Манайх бол барьцаа хөрөнгийн данс болон ямар нэгэн байдлаар 29.2 сая төгрөгийг аваагүй. Нийт 63.8 сая төгрөг орж ирснийг 2 удаагийн олголтоор тухайн компанид өгсөн байгаа. Харин давхцуулж аваад байна гэдэг нь үндэслэлгүй юм. Нийт 88.0 сая төгрөгийн асуудал яригдсан үүний тал нь огт ажил хийгдээгүй учраас түүнийг хэрэгсэхгүй болгосон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29.210.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Завхан аймгийн засаг даргын тамгын газар нь төсөвт өртгөөс 29.100.000 төгрөг суутгаж аваагүй, харин 43.656.304 төгрөг суутгаж авсан байсныг шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар ******* ХХК хариуцагч Завхан аймгийн Засаг дарга нар нь 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Завхан аймгийн Цагаанхайрхан суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 2011 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч ажлын хөлс материалын зардалд 335.435.573 төгрөг төлөх үүрэг хүлээж харилцан тохиролцсон байх ба гэрээг 2013 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, тус бүр бүр сунгаж, уг ажлыг нийт 638.000.000 төгрөгийн хөлстэйгөөр 2017 оны 3 дугаар сарын 01-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тус тус тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон үйл баримтад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн, мөн энэ үйл баримтын талаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан Завхан аймгийн Цагаанхайрхан суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 88.618.726 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 43.656.304 төгрөгийг ажил гүйцэтгэгч талд олгохоор шийдвэрлэж, хийгдээгүй үлдсэн ажлын хөлс 42.517.088 төгрөгийг, мөн нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 2.445.334 төгрөгийг тус тус хасаж хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах заалдах шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

Талуудын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн талаарх маргааныг шүүх шийдвэрлэж, шүүхийн шийдвэрээр 43.656.304 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор хүчин төгөлдөр шийдвэр байхад уг гэрээний талаар дахин нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1.6 дахь заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байна.

Нөгөө талаар ******* ХХК нь хариуцагч байгууллага нь нийт төсөвт өртгөөс чанарын баталгаанд 29.100.000 төгрөгийг суутгаж авч үлдсэн гэдгийг шүүхэд нотолж чадаагүй, хариуцагч байгууллага суутгаж авсан гэх 43.656.304 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн гэх тайлбарт нотлох баримтад үндэслэсэн тайлбар хийгээгүй байна.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нотолж чадахгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 316 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР