Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01467

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01467

 

 

Зэвсэгт хүчний ... дугаар ангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/02576 дугаар шийдвэртэй,

Зэвсэгт хүчний ... дугаар ангийн нэхэмжлэлтэй Элсний хаяа констракшн ХХК-д холбогдох, 94,536,437 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнпил, С.Баярмагнай, Ц.Алтантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.а. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хэв хашмалын түрээсийн ...... тоот гэрээний үүрэгт 58,046,000 төгрөг

1.в. Нэмэлт гэрээний үүрэгт 36,490,437 төгрөг, нийт 94,536,437 төгрөгийг Элсний хаяа констракшн ХХК-аас гаргуулна.

1.1.Элсний хаяа констракшн ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус ангитай хамтран ажиллах хүсэлт ирүүлж, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ....... тоот хэв хашмалын түрээсийн гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ....... тоот техникийн түрээсийн гэрээг тус тус байгуулж, хамтран ажилласан.

1.2. Талуудын байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хэв хашмалын түрээсийн ....... тоот гэрээний дагуу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 27,446,772 төгрөгийн үнэ бүхий хэв хашмалыг өдрийн 218,400 төгрөгөөр тооцож, 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ашигласны түрээсийн төлбөр 51,181,600 төгрөг болсон. Нэмэлтээр талууд харилцан тохиролцож угсардаг шатыг 1,640,000 төгрөг, монгол гэрийг 600,000 төгрөг, арматур таслагч 4,100,000 төгрөг, трубаг /4м, 6м/ 524,400 төгрөг, түрээсийн төлбөр нийт 58,046,000 төгрөгийг төлөөгүй байна. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн техникийн түрээсийн 2021/18 тоот гэрээний дагуу далангийн индүү 1 нэгж, дугуйт экскаватор 1 нэгж, шанагат ачигч 1 нэгж, 25 тн-ын автокран 1 нэгж, нийт 4 нэгж техникийг тус бүрийн мото/цагийн үнэлгээгээр тооцож төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан.

Нэмэлтээр талууд харилцан тохиролцож өөрөө буулгагч 2 нэгж, Норд бенз 1 нэгж, 5тн-ын автокран 1 нэгж, нийт 8 нэгж техникийн түрээсийн зардлын тооцоо, түрээсэлсэн хугацаа, мото/цагийн үнэлгээг тооцож талууд тооцоо нийлэхэд нийт түрээсийн зардал 36,490,437 төгрөг болсон.

Дээрх гэрээнүүдийн тооцоо нийлсэн акт болон гэрээ дүгнэсэн актыг Элсний хаяа констракшн ХХК-тай Зэвсэгт хүчний ... дугаар анги батлуулах гэсэн боловч одоог хүртэл зайлсхийж, гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр 94,536,437 төгрөгийг Элсний хаяа констракшн ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1 Талууд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ....... тоот хэв хашмалын түрээсийн гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ....... тоот техникийн түрээсийн гэрээг тус тус байгуулж, хэв хашмал, тээврийн хэрэгсэл ашигласан дээр маргахгүй.Тооцоо нийлж акт үйлдсэн байгаа. Хэв хашмалыг 58 хоног түрээсэлсэн.

2.2 Мөн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ....... тоот хэв хашмалын түрээсийн гэрээний үйлчлэх хугацаа гэж заасан. Гэрээнд заасны дагуу хэв хашмалын хувьд 12,667,200 төгрөгийн төлбөрийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч тал 58,046,000 төгрөгийн тооцооллыг хэрхэн гаргаснаа нотолж чадаагүй. Нэмэлт гэрээгээр Монгол гэр, труба зэрэг эд зүйлийг түрээсэлсэн хугацаагаар тооцоход 6,010,800 төгрөгийн тооцоо гарсан. Нийт нэхэмжлэлийн шаардлагаас 18,678,000 төгрөгийг манай компани хүлээн зөвшөөрч байна.

Техник түрээсэлсэн нь үнэн, тооцоо нийлсэн акт хийе гэхэд хаа хамаагүй өндөр үнэтэй дүн гаргадаг, нэхэмжлэгч 36,490,437 төгрөгийг нотолсон Санхүүгийн ямар нэгэн баримт байхгүй байна. Манай талаас бетон зуурмаг нийлүүлснийг нэхэмжлэгч тал үгүйсгэдэггүй, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2021/18 тоот техникийн түрээсийн гэрээний үнэд 19,379,000 төгрөгийг манай цемент нийлүүлсэн үнийг тооцоонд оруулж тооцож хасвал 36,490,000 төгрөг дээр эвлэрэх боломжтой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Элсний хаяа констракшн ХХК-аас 55,168,437 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Зэвсэгт хүчний ... дугаар ангид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39,368,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Зэвсэгт хүчний ... дугаар ангиас 354,790 төгрөгийг, хариуцагч Элсний хаяа констракшн ХХК-аас 433,792 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн хэв хашмалын түрээсийн гэрээний дагуу хоёр талын тооцоо нийлсэн актын дагуу 18.678.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн техникийн түрээс гэж шаардсан 36,490,437 төгрөгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох техникийн түрээсийн зардлын тооцоо гэж 36,490,437 төгрөг шаардаж байгаа боловч энэ талаар хоёр талын тооцоо нийлсэн акт байхгүй. Тооцоо нийлье гэхээр ямар ч зардлын задаргаа байхгүй шууд л 36,490,437 төгрөг гэж байгааг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, хэт өндөр байна гэж удаа дараа хэлсэн. Шүүх түрээсийн төлбөрт 36,490,437 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй байна" гэж дүгнэж хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан.

Дээрх техникүүд хэд хоногт, хэдэн мото/цаг ажилласан, хэдэн хүн яаж ажилласан талаарх ямар баримт байгаа талаар асуухад, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бүгд тийм баримт байхгүй гэж хариулдаг. Тийм санхүүгийн болон техникийн цагийн тооцооллын баримт хэрэгт байхгүй.

4.2. Хариуцагчийн зүгээс олон удаа эвлэрэх бодит боломжит саналыг тавьсан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд бий. Харин энэ эвлэрэх саналыг шүүх шууд хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хариуцагч "Элсний хаяа констракшн" ХХК-аас техникийн түрээсийн гэж 36,490,437 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Техникийн түрээс гэж шаардсан 36,490,437 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Элсний хаяа констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Тогтохбаяр манай байгууллагын инженерүүдтэй тухайн барилгын ажил явагдаж байгаа газарт 2021 оны 12 дугаар сард техникийн түрээсийн гэрээг дүгнэсэн актыг батлуулахаар удаа дараа очсон. Тухайн үед цагийн тооцоолол, техникийн түрээсийн үнэлгээ зэргийг гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны явцад хэв хашмалын түрээсийн гэрээний тооцоо нийлж, гэрээг дүгнэсэн актыг гаргаж өгсөн. Манай байгууллагаас барилга угсралтын ажлын техникийн гэрээг дүгнэсэн актад Элсний хаяа констракшн ХХК нь Зэвсэгт хүчний ... дугаар ангийн холбогдох албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулж, тэмдэг даруулж өгсөн. Элсний хаяа констракшн ХХК нь удаа дараа хаягтаа байдаггүй бөгөөд төрийн ажлыг залхаан цээрлүүлж, төрийн мөнгийг үнэгүйдүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

1.Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний ... дугаар анги нь хариуцагч Элсний хаяа констракшн ХХК-д холбогдуулан

1.а. Хэв хашмалын түрээсийн үнэ 58,046,000 төгрөг,

1.б. Техникийн түрээсийн төлбөр 36,490,437 төгрөг, нийт 94,563,437 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гэрээнд заасан хугацааны төлбөр 12,667,200 төгрөг, нэмэлт гэрээ хийж угсардаг шат, монгол гэр, арматур таслагч, труба зэргийг ашигласан тул үүний төлбөр 6,010,800 төгрөг, нийт 18,678,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн техникийн түрээсийн ....... тоот гэрээний төлбөрт манай компанийн нийлүүлсэн цементийн үнэ 19,379,000 төгрөгийг тооцоонд оруулж тооцохыг зөвшөөрвөл 36,490,000 төгрөг дээр эвлэрэх боломжтой гэж маргажээ.

 

2.Хэргийн үйл баримтын талаар:

2.а. Хариуцагч Элсний хаяа констракшн ХХК нь нэхэмжлэгчтэй 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус тус техникийн түрээсийн түрээсийн гэрээ байгуулсанд маргахгүй байна.

2.б. Анхан шатны шүүх Элсний хаяа констракшн ХХК-аас 55,168,437 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Зэвсэгт хүчний ... дугаар ангид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39,368,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

2.в. Хариуцагч нь хэв хашмалыг 58 хоног түрээсэлсэн, мөн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ....... тоот хэв хашмалын түрээсийн гэрээний дагуу 12,667,200 төгрөгийн төлбөрийг төлнө гэж зөвшөөрсөн.

Нэмэлт гэрээгээр Монгол гэр, труба зэрэг эд зүйлийг түрээслэх гэрээгээр 6,010,800 төгрөг төлөхийг зөвшөөрч, нийт нэхэмжлэлийн шаардлагаас 18,678,000 төгрөгийг зөвшөөрчээ.

3. Нэхэмжлэгч хариуцагч нар нийт хэдэн удаагийн гэрээгээр хэчнээн тооны ямар нэр төрлийн техник хэрэгсэл түрээслүүлсэн, үнэлгээ нь хэд болох, ямар хугацаанд ашигласан, хэдэн төгрөг төлөх үүрэгтэй, тооцооллыг хэрхэн гаргасан зэрэг үйл баримтад маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэлийн шаардлага задаргаатай, задаргаа тус бүр нь үндэслэлтэй, нотлох баримттай байх ёстой. Нэхэмжлэгч нь

3.а. Талуудын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хэв хашмалын түрээсийн ....... тоот гэрээгээр 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 27,446,772 төгрөгийн үнэ бүхий хэв хашмалыг өдрийн 218,400 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр 51,181,600 төгрөг гэж тодорхойлсон.

3.б. Нэмэлтээр талууд харилцан тохиролцож угсардаг шатыг 1,640,000 төгрөг, монгол гэрийг 600,000 төгрөг, арматур таслагч 4,100,000 төгрөг, трубаг /4м, 6м/ 524,400 төгрөг нийт 6,864,400 /дээрх хоёр дүн нийлээд түрээсийн төлбөр 58,046,000 төгрөг/

3.в. Мөн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн техникийн түрээсийн ....... тоот гэрээгээр, далангийн индүү 1 нэгж, дугуйт экскаватор 1 нэгж, шанагат ачигч 1 нэгж, 25 тн-ын автокран 1 нэгж, нийт 4 нэгж техникийг тус бүрийн мото/цагийн үнэлгээгээр тооцож төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан. Нэмэлтээр талууд харилцан тохиролцож, өөрөө буулгагч 2 нэгж, норд бенз 1 нэгж, 5 тоннын автокран 1 нэгж, нийт 8 нэгж техникийн түрээсийн зардлын тооцоо, түрээсэлсэн хугацаа, мото/цагийн үнэлгээг тооцож түрээсийн зардал 36,490,437 төгрөг болсон гэжээ.

 

4.а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн задаргааг хийж, үндэслэлийг тодруулж, талуудыг мэтгэлцүүлээгүй байх тул хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Талуудын маргааны гол зүйл болох тоног төхөөрөмж түрээсэлсэн түрээсийн төлбөр 36,490,437 төгрөгтэй холбоотой задаргаа, үндэслэл, холбогдох нотлох баримтын талаар талууд мэтгэлцээгүй байна. Дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны дараа нэхэмжлэл буюу тодорхойлж буй үнийн дүнд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох юм.

4.б.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

5. Хариуцагчийн ..хоёр талын тооцоо нийлсэн акт байхгүй. Тооцоо нийлье гэхээр ямар ч зардлын задаргаа байхгүй шууд л 36,490,437 төгрөг гэдэг.Дээрхи техникүүд хэд хоногт, хэдэн мото/цаг ажилласан, хэдэн хүн яаж ажилласан талаарх ямар баримт байгаа, санхүүгийн болон техникийн цагийн тооцооллын баримт хэрэгт байхгүй гэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

5.а. Хариуцагчийн зүгээс олон удаа эвлэрэх бодит боломжит санал тавьсан гэх гомдлыг анхан шатны шүүхээс анхаарах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 741.6 дах хэсэгт зааснаар Иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсний дагуу зохигчид эвлэрсэн бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж, эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах боломжтойг анхаарах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/02576 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД