Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 203/МА2023/00040

 

 

В.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 144/ШШ2023/00127 дугаар шийдвэртэй,

В.*******ийн нэхэмжлэлтэй

******* ХК-д холбогдох,

2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, хуучин эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхбат, П.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Өмнөговь аймгийн Таван толгой ХК-д 2013 оны 08 дугаар сараас нарийн бичиг, 2019 оны 08 дугаар сараас хүний нөөцийн ажилтнаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Тус компанид 10 орчим жил ажиллахдаа нэг ч алдаа дутагдал гаргалгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, ажилдаа хариуцлагатай хандаж ирсэн хэдий ч компанийн удирдлагын зүгээс ажилтандаа хуульд үл нийцсэн шаардлага тавьж өөрөөр хэлбэл ростерийн амралтын үеэр болон 7 хоногийн амралтын өдрүүдэд ажилдаа ирэхийг шаардаж, амралтаараа очих боломжгүй байгаагаа илэрхийлэхэд загнах, өргөдлөө өг гэх мэтээр дарамтлах болсон учир аргагүйн эрхэнд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өргөдлөө өгсөн. Би өөрийн хүсэлтээр бус дарамт шахалтаас болж ажлаасаа чөлөөлөгдсөн учир одоо намайг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзоригийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн Б/39 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, хуучин эрхэлж байсан ажилдаа эргэн орох хүсэлтэй байна. Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн Б/39 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж хуучин эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэж нэмэгдүүлж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч В.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...дарамт шахалтаас болж ажлаас чөлөөлөгдсөн..." гэж тайлбарлажээ. БНМАУ-ын 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 cap хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай. гэж, мөн хуулийн 2.2-т ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох" гэж тус тус заасан. Дээрх хуулийг үндэслэл болгон Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 450 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой ******* ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, тус тогтоолын 3.1 дэх заалтаар ...компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөх...-ийг даалгасан. Нэхэмжлэгч В.******* нь 2013 оноос хойш тус компанид гүйцэтгэх захирлын туслах, хүний нөөцийн ажилтан, хүний нөөцийн менежерээр ажилласан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүргийн хүрээнд байгууллагын хүний нөөцийн бодлого, ажилтныг сонгон шалгаруулах ажилд тэр тусмаа онцгой дэглэм тогтоосон энэ цаг хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлэх нэн шаардлагатай байсан.

Гэтэл компаниас зарласан сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулах, компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах, хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой тушаал шийдвэрийн төсөл боловсруулах ажлын байрны тодорхойлолт боловсруулах зэрэг удирдлагын зүгээс даалгасан үүрэг даалгаврыг огт гүйцэтгээгүй, ажлын байрыг удирдлагын зөвшөөрөлгүй орхин явдаг, өглөө цагаа бүртгүүлсэн боловч тосгон дахь гэртээ орж, орой ажил тарсны дараа цагаа бүртгүүлдэг энэхүү үйлдэл, хандлагад удирдлагаас зүй ёсны шаардлага тавихад би тушаал шийдвэр боловсруулж огт үзээгүй, Г.Лхагваа дарга л хийдэг байсан би хийж мэдэхгүй, чадахгүй" гэх тайлбар өгдөг. Бэлтгэсэн тушаал шийдвэрийн төсөл, танилцуулга нь үг үсэг, утга найруулгын алдаатай, компанийн боловсон хүчний мэдээлэл огт байхгүй зэргийг удирдлагын зүгээс удаа дараа сануулж, анхааруулж, зааж зааварчилж ажилласан боловч огт сайжраагүй, мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэх чадваргүй болох нь 1 capын хугацаанд харагдсан. Удирдлагын зүгээс В.*******т хүндэтгэлтэй хандаж, дээрх үйлдлүүдэд сахилгын шийтгэл оногдуулаагүй бөгөөд гүйцэтгэх боломжтой үүрэг даалгавар өгсөн боловч үүрэг даалгавар биелүүлээгүй, онцгой дэглэм тогтоосон цаг үед утсаа аваагүй, албаны бэлэн байдал хангаж ажиллаагүй үйлдлийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө компанийн нийт ажилчдын хурлын үеэр удирдлагын зүгээс хүний нөөцийн ажилтан В.*******ийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хүний нөөцийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа, ажилтны ур чадвар, ажлын гүйцэтгэл туйлын хангалтгүй байгаа тул албан тушаал бууруулан томилно гэдгийг хамт олных нь өмнө ил тодоор хэлсэн ба нэхэмжлэгч В.*******ийг хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах үйлдэл гаргаагүй В.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл гаргасныг хүлээн авч, шийдвэрлэсэн. Компанид эдэлж хэрэглэж байсан тавилга эд зүйлээ 1,9 сая төгрөгөөр худалдан борлуулсан атлаа ажил олгогчийг үндэслэлгүйгээр буруутган нэхэмжлэл гаргаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд *******" ХК-ийн удирдлагын зүгээс В.*******т хүчээр ажлаа өгөхийг тулган шаардсан, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан аливаа үйлдэл гаргаагүй учир нэхэмжлэлдээ үндэслэл болгож буй тайлбар нь үндэслэлгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой шийдвэрийг нэхэмжлэгч нь мэдсэнээс хойш 30 хоногийн дотор маргах эрхтэй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч В.*******ийг ******* ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын хүний нөөцийн ажилтнаар эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1- д зааснаар хариуцагч ******* ХК-аас нэхэмжлэгч В.*******ийн ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,517,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.*******т олгож,

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч ******* ХК-д нэхэмжлэгч В.*******ийн ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 305,736 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гийн давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4-д Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана. Анхан шатны шүүхийн 127 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх дээрх хуулийн шаардлагын хэмжээнд хууль зүйн дүгнэлтээ бүрэн дүүрэн тусгаагүй, хэргийн бодит нөхцөл байдалтай уялдуулан хууль эрх зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Нэхэмжлэгч В.******* нь өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн өргөдөл, шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, гэрч С.Батсайханы мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч В.*******ийн зүгээс "... чи ажлаа өг, ямар ч мэдлэг боловсролгүй байна, буруу бичлээ гэж, гэрч С.Батсайханы зүгээс ...тэрийг хий, энийг хийх ажлыг нь тодорхой хэлэхгүй мөртөө та хоёрыг ажлаас ажлын байрны тодорхойлолтоор шахаж гаргана гэсэн шахалтууд байдаг байсан гэж бодож байгаа гэж тус тус мэдүүлдэг боловч нэхэмжлэгч нь ажлын байрны дарамт, зүй бус 2 шаардлага тавьсан гэдгийг нотолсон талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй, гэрч С.Батсайхан нь тодорхой гэрчлээгүй байхад нэхэмжлэгч, гэрч нарын тайлбарыг үндэслэсэн атлаа иргэний хэрэгт зохигч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарган өгсөн бүхий л нотлох баримтуудыг үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй, хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т "ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3- т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. гэж заасныг зөрчсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаараа нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, үүнийг нотлох баримтаар нотлоогүй болно. гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч В.*******т 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг албажаад гаргахад өөрт нь утсаар холбогдож ирж гардан аваарай гэж хэлсэн ба урьд нь ажил албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа талаар мэдэгдэж, өөр албан тушаалд томилж ажиллуулах талаар өөрт нь хэлж, мэдэгдэж байсан. Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаа цахимаар гардан авсан гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хариуцагчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаараа нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн талаарх нотлох баримт гаргаж нотлоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дугаар хуудсанд Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан боловч шүүхээс ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд цаашид энэ тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв. гэж дүгнэн бичжээ. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй үндэслэлийг бий болгож байна. Учир нь Нэхэмжлэгч В.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан боловч шүүхээс ...уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй. гэж дүгнэн бичиж шийдвэрээ гаргасан нь шүүхийн шийдвэр өөрөө ойлгомжтой, тодорхой байх буюу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлээгүй нь тухайн тушаалын хувьд эрх зүйн үр дагавартай буюу хүчинтэй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 14 ростортой явж байхад дуудаад, чи ирж ажилла, энгийн 8 хоногтой болгоно гэж дуудсан учраас би очсон. Тэгээд энгийн 8 цагтай болгоод ажиллуулсан боловч 5 өдөр ажлын цаг дуусах үед юу ч хэлдэггүй байж Өмнөговь аймаг дээр гэртээ ирсний дараа дууддаг. Би өөрт нь ажлын цаг дуусахаас өмнө намайг дуудаж болно шүү дээ гэж хэлдэг байсан. Гэтэл явсан дараа дууддаг. Би тэр газарт томилогдож очсон цагаасаа хойш чи ажил мэргэжилдээ тэнцэхгүй, чиний ажлын байрыг солино гэж өдөр болгон дарамталдаг байсан. Би өдөр тутмынхаа ажлыг хийгээд явдаг байсан. Би өөр юу хийх ёстой юм бэ. Шинээр орж ирсэн хүмүүсийн анкетийг бүрдүүлэх, судалгаа хийх зэрэг ажлуудыг өөр хүнд даалгаж өгчихөөд чи хийсэнгүй гэдэг байсан. Би та надад даалгаагүй шүү дээ гэж хэлэхээр би даалгах гээд хагассайн өдөр дуудсан гэдэг. Та энийгээ ажлын өдөр даалгаж болно шүү дээ, би ажлын өдрүүдэд хангалттай хийж чадна гэж хэлсэн боловч намайг дандаа хагас сайн, бүтэн сайн өдрүүдэд явсан хойно дууддаг байсан. Мөн дээрээс нь намайг ажилчдын өмнө хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилдог байсан. Намайг буруу бичдэг гэхээр нь би 10 гаруй жил энэ компанид ажилчихаад буруу бичих үү, нэг зүйл бичээд очихоор тийм утгаар бич, ийм утгаар бич гэдэг байснаас би үгийн алдаа гаргаж байгаагүй. Намайг байнга дарамталдаг. Ханбогд сум дахь сум дундын шүүх хуралдаан дээр намайг наад хүн чинь мэйлээ шалгаж чадахгүй гэж хэлсэн. Явсан газар бүртээ намайг доромжилдог. Шүүх дээр хүртэл намайг архичин гэж хэлж байсан. Би хаана архи уугаад, яаж, ямар алдаа гаргасан юм бэ. Хэрвээ би алдаа гаргасан бол надад арга хэмжээ авах байсан. Би ямар ч алдаа гаргаагүй. Тэгээд ирсэн цагаас хойш чи байраа өг, өөр хүмүүс оруулна гээд байнга дарамталдаг байсан. Би хаана амьдарч ажлаа хийх юм бэ гэхээр чи хүний хажуу өрөөнд ор, энд ор, тэнд ор гээд байдаг. Би өргөдлөө өгөөд явахдаа би 10 гаруй жил энэ байрандаа амьдраад бүрэн тохижуулчихсан. Би бүх тавилгаа аваад явлаа. Гал тогооны өрөөнийх нь тавилгыг салгах боломжгүй учраас үүнийг ******* ХК-д өгөөд мөнгөө авмаар байна гэж хэлсэн. Үүнийг тэтгэмж гэж тайлбарлаж байна. Би ******* ХК-аас ямар ч тэтгэмж авч байгаагүй. Үлдээсэн тавилганыхаа мөнгийг авсан. Би тухайн үед хийлгэж байсан хүнтэйгээ хэдэн төгрөгөөр хийлгэнэ гэж ярилцаж байсан талаарх чатаа харуулсан. 3 000 000 гаруй төгрөгийн тавилгыг 1 900 000 төгрөгөөр хийлгэж байсан. Гэтэл энэ асуудлыг тэтгэмж өгсөн гэдэг байдлаар тайлбарлаж байна гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хариуцагч талаас нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн энэ нь тавилгын мөнгө авсан байдал болон өөрийнх нь гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байна гэж гомдлынхоо үндэслэлээ тайлбарлаж байна. Гэтэл В.*******ийн зүгээс надад дарамт шахалт үзүүлээд байсан учраас хүсэлтээ өглөө гэсэн агуулгыг илэрхийлж өргөдлөө бичсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгийн шат болон бусад шатанд намайг зүй бусаар доромжилж, хууль ёсны бус шаардлага тавьдаг, байнга дарамталдаг байсан зэрэг эдгээр нөхцөл байдлын улмаас би ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгээ В.*******ийн зүгээс тайлбарладаг. Үүнийг гэрчүүд ч нотолдог. Үүнээс үүдэн нэхэмжлэгч өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн зарим асуудлыг тайлбарласан зөвлөмжинд ажилтны зүгээс өргөдөл өгсөн бол ажил олгогчийн зүгээс ямар нэгэн дарамт шахалт, зүй бус нөлөөл байх ёсгүй, зөвхөн ажилтан өөрийн сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан байх ёстой. Үүнийг шүүхээс нягталж, шалгах ёстой гэж зөвлөсөн байдаг. Энэ нь ажилтны гаргасан өргөдөл болгон сайн дурынх байдаггүй, үүнд гадны ямар нэгэн дарамт шахалт, зүй бус нөлөөллөөс болоод ажилтан өргөдөл гаргаж болно гэсэн агуулгыг илэрхийлж байна. В.*******ийн гаргасан өргөдлийн агуулга болон хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгийн үед гаргасан хариуцагч талын тайлбаруудаас үзэхэд В.*******ийг зүй бусаар дарамталж аргагүйн эрхэнд өргөдөл гаргуулсан нөхцөл байдал тогтоогддог. Иймээс В.******* сайн дураараа өргөдөл гаргаж үүний үндсэн дээр тушаал гарсан гэж үзэх боломжгүй. Хоёдугаарт, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 39 дугаартай тушаал хэрэгт авагдсан. Уг тушаалын үндэслэх хэсгийг харвал хариуцагчийн өмгөөлөгчийн дурдаад байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлээс гадна 78 дугаар зүйл, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсгүүдийг давхар барьсан байгаа. Хэрвээ үнэхээр В.******* сайн дураараа, өөрийн санаачилгаар өргөдлөө өгсөн тохиолдол Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйл, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсгүүдийг баримтлах шаардлага байсан уу. Энэ нь бид нар дарамталсан, энэ хүнийг бид нар ажлаас нь чөлөөлөх гээд байсан, ажил олгогчийн санаачилга байсан гэдгийг тушаалын үндэслэл хэсэг нотолж харуулна. Тушаал дээр нэгэнтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсгийг биччихсэн учраас В.******* нь мэргэжил ур чадварынхаа хувьд тухайн тушаалд тэнцдэг эсэхэд тайлбар хэлэх шаардлага гарч байна. Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан зөвлөмжинд үнэхээр мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа бол шалгалт хийгээд, дүгнэлт гаргаад үүнийгээ үндэслэх ёстой. Гэтэл үүнийг нотлох баримтууд байхгүй байгаа учраас дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, нотлох баримтын хүрээнд бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэтгэмж олгосон асуудлыг тайлбарлаж байна. Энд тэтгэмж олгосон асуудал байхгүй. Үнэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсгээр чөлөөлөөд байгаа юм бол тэтгэмжээ өгөөч гэсэн агуулга бүхий өргөдлийг ажилтны зүгээс гаргасан. Гэхдээ ажил олгогчийн зүгээс тэтгэмжийн асуудлыг шийдвэрлээгүй. Энэ нь В.******* өөрийн сайн дурын үндсэн дээр эсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсгээр чөлөөлөгдсөн гэдгийг нотолсон баримт болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсгийг бариад, тайлбарлаад байна гэж хариуцагч талаас тайлбарлаж байна. Яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсгийг тайлбарлаад байна вэ гэхээр тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсгийг тавьчихсан байгаа. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч өөрийгөө мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэх зүйл байхгүй гэдэг тайлбараа хэлж, хариуцагч талаас мөн тийм тайлбар хэлж байсан учраас энэ нь шүүхийн шийдвэрт тусгагдсан гэж үзэж байна. Хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлд хугацаа тоолох журмыг хуульчилсан. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс тушаалыг 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээж авсан. Хариуцагчийн зүгээс 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээж авсан гэдэг боловч 27-ны өдөр өгсөн үйл баримтаа нотолдоггүй. Гэхдээ 01 дүгээр сарын 27-ны өдрөөр хүлээж авсан гэж тооцсон ч 02 дугаар сарын 26-ны өдөр чинь бүтэнсайн өдөр байгаа. Бүтэн сайн өдөр таарах юм бол дараагийн ажлын өдрөөр тооцно. Тэгэхээр 02 дугаар сарын 27-ны өдрөөр тооцно. Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэл гаргасан, шууданд хийсэн баримтыг гаргаж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэр дээр 01 дүгээр сарын 27-ны өдөр байгаа. Тиймээс хугацаа хэтэрсэн асуудал байхгүй. Мэдээж хугацаа хэтэрсэн байх юм бол хугацаа хэтэрсэн байна гэдэг талаас нь хууль зүйн зөвлөгөө өгнө. Анх нэхэмжлэл гаргахдаа ******* ХК-д хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй. Нэгэнт хөдөлмөрийн маргаан таслах 3 талт комисс байхгүй учраас шүүхээр шийдээд өгөөч гэж нэхэмжлэлийнхээ доор бичиж өгсөн. Тэр нэхэмжлэл нь хэрэгт авагдсан байгаа. Гэтэл шүүхээс заавал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай гээд нэхэмжлэлийг буцаасан захирамж гаргасан. Уг захирамжид өмгөөлөгчийн зүгээс нэгэнт маргаан таслах 3 талт комисс байхгүй байхад хугацаа алдаж буцаагаач гэж гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй учраас дахин Гурвантэс сумын Тамгын газарт хандаж, холбогдох баримтуудыг нь авч шүүхэд гаргаж өгөн нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр манайх комиссгүй гэдгийг чи ажиллаж байж, мэдсээр байж ийм мэйл над руу явууллаа гэж тайлбар гаргасан байдаг. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгагдсан байгаа. Үүнээс урьдчилсан шийдвэрлэх ажиллагаагаа журмынх нь дагуу явуулсан. Хариуцагч талаас тайлбарлаад байгаа 01 дүгээр сарын 27-ны өдрөөр тооцсон ч хугацаандаа өргөдөл гомдлоо гаргасан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй. Хариуцагч талаас ажлын цаг болон амралтын цагийн талаар тайлбарлаж байна. Энэ нь тушаалын үндэслэл болон нэхэмжлэлд хамааралгүй гэж үзэж байна. Гэхдээ ******* ХК-ийн цагийн бүртгэлийн программ нь зарим өдөр ажилладаггүй, алдаа заадаг учраас зарим өдөр гар бүртгэл хийдэг гэсэн. Гар бүртгэлээр давхар нотлогдоно. В.*******ийг ажил тасалсан, ажлаа цалгардуулсан гэсэн энэ нөхцөл байдлаар ажлаас чөлөөлөөгүй учраас үүн дээр тайлбар хэлэх шаардлагагүй. Иймээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 144/ШШ2023/00127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан нь хавтаст хэрэгт авагдсан 1 900 000 төгрөгөөр тавилгаа зарсан, тэтгэмж авсан зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр уг эрх зүйн ктыг хүчингүй болгоогүй. Хүчинтэй эсэх нь тодорхойгүй байгаа гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч В.*******ийг ******* ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалаар Б/39 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг бариад тушаах нь гээд В.******* өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж тушаал гарсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсгийг баримтлаад, мэргэжил, ур чадвараараа тэнцээгүй гээд байдаг. Энэ тушаал гарах болсон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг. Ажилтын санаачилгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хавтаст хэргийн 3 дугаар талд нэхэмжлэгчийн гараар бичиж өгсөн хүсэлт байгаа. 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн асуудал байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яриг дана. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацааг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлийн 15 дугаар талд даргалагч нэхэмжлэгчээс 01 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалыг хэзээ авсан бэ гэж асуухад нэхэмжлэгч 01 дүгээр сарын 27-ны өдөр мэйл хаягаар хүлээж авсан гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч 01 дүгээр сарын 27-ны өдөр тушаалыг мэйл хаягаар хүлээж авснаа хүлээн зөвшөөрч байгаа юм бол яагаад хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шүүх 01 дүгээр сарын 30-ны өдөр гэж үзээд байна вэ, энэ нь үндэслэлгүй. Өмгөөлөгч миний зүгээс 01 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалын хугацаа нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуусна гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгч шүүх рүү нэхэмжлэлийн шаардлагаа явуулсан. Явуулахдаа шуудангаар хүргүүлсэн. Үүнийг анхан шатны шүүх хүлээж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Гэтэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/189 дугаартай албан бичиг гарсан байдаг. Энэ албан бичигт Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасны дагуу маргаан таслах зөвлөл байхгүй учраас шүүхээр шийдвэрлүүлж болно гэсэн байдаг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам гэдэг зүйл нь хууль хэрэглээнийхээ хувьд хөдөлмөрийн маргаан таслах комисст эхэлж хандсаны үндсэн дээр эсвэл тэр нь байхгүй тохиолдолд шүүхэд хандах ёстой. Гэтэл анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/189 дугаартай албан бичгийн дагуу нэхэмжлэлийг нь хүлээж аваад хэргийг нь шийдчихсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тусгайлан зохицуулсан байдаг. Гэтэл энэ зохицуулалтын дагуу хэргийг шийдээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн заалтыг хангаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд Батсайхан гэх хүнийг гэрчээр оролцуулсан байдаг. Гэрчээс хэргийн үйл баримт буюу талуудын хоорондох мэтгэлцээний хүрээнд тухайн хэрэгт хамааралтай асуудлыг асуух ёстой. Гэтэл Батсайхан нь ******* ХК-д нэхэмжлэгч В.*******тэй нэг хэлтэс, нэг албанд ажилладаг байсан. Өгсөн мэдүүлгүүдээс нь товчхон дурдвал хариуцагч талаас тодруулсан зүйлсийг мэдэхгүй байна, санахгүй байна гэх байдлаар хариулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт тэр гэрчийн мэдүүлэг болон хэдхэн нотлох баримтыг үндэслэлээ болгосон. Тушаал гарсан шалтгаан нь В.******* ажлын байран дээрээ дарамтлуулсны улмаас энэ хүсэлтийг бичиж өгсөн байна гэж анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан байдаг. Гэтэл В.******* ажил дээрээ цагаа уншуулаагүй асуудал яригддаг. Хавтаст хэргийн 50 дугаар талд авагдсан ажилтны ирцийн дэлгэрэнгүй тайлан дээр бүртгэгдсэн бүртгэлийн талаар В.*******ээс асуухаар амралтын өдрүүд байсан гэж тайлбарладаг. Даргалагч тэр талаар тодорхой асуугаад, тэр өдрүүд нь амралтын өдөр байгаа эсэхийг тулгаж үзэж болно. Энэ бол дотоод итгэл үнэмшлийн асуудал. Баримтан дээрх он, сарын дарааллыг нь харвал В.******* нь 01 дүгээр сарын 14, 15, 16, 17-ны өдрүүдэд байгаагүй. Мөн тушаалын үндэслэл болсон бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсонтой холбоотой бүх нийтийн амралтын өдөр ч ажиллах зохион байгуулалтанд орчихсон байсан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд 01 дүгээр сарын 20-ны өглөө 07 цаг 50 минутанд цагаа бүртгүүлсэн асуудал байдаг. Гэтэл явсан цаг байхгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар мэдэхгүй байна, санахгүй байна гэсэн тайлбар өгсөн. Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчтой байгуулсан харилцаанд та тэдэн цагаас тэдэн цагийн хооронд та ажиллана, та тэдэн цагаас тэдэн цагийн хооронд амрана, өдрийн цайны цаг чинь тэдээс тэдэн цаг байна гэдгийг нарийвчлан зохицуулаад өгчихсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч өөрөө дур мэдэн ажлын байраа орхиж явсан. Тухайн үед бүрэн эрхт төлөөлөгч томилогдчихсон онцгой нөхцөл байдлын үе байсан. Ажлын байран дээрээ байж ажлаа хийх ёстой асуудал байсан. Ажил олгогчийн зүгээс чиг үүрэг өгөх, хийж гүйцэтгэх ажлыг нь даалгах ёстой. Гэтэл нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр бүх ажлыг нь хийдэг байсан гэх байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Зөвхөн талуудын тайлбар байгаа. Гол зүйл нь хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгаан нь ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцласан асуудал дээр хамт барьсан зүйл заалтуудад биш зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт үнэлэлт дүгнэлт өгсөн. Шүүх хуралдааны явцад даргалагч нэхэмжлэгчээс та ямар боловсролтой вэ гэж асуусан. Тэгэхэд хими технологич гэж хариулсан байдаг. Энэ нь хүний нөөцийн мэргэжилтэнд тохирох эсэхэд нь шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Шүүхийн шийдвэрээр энэ хүнийг ажилд нь эргүүлээд томилчихсон атлаа 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай тушаалыг хүчингүй болгоогүй. Энэ тушаал хэвээрээ гэхдээ нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлж томилоод ажилгүй байсан хугацааны цалинг нь гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүл гээд даалгаад шийдвэрлэчихсэн. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай тушаал нь хүнд чиглэж гаргасан ач холбогдол бүхий эрх зүйн акт. Энэ эрх зүйн акт нь одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ. Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 2. Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

4. Нэхэмжлэгч В.*******ээс 2023 оны 05 дугаар сарын 02, 04-ний өдрүүдэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай гэсэн баримтыг шүүхэд гаргажээ /хх-56,57дугаар тал/

4.1 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, нэхэмжлэгч В.*******ийн нэхэмжлэлтэй 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, хуучин эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэхээр тусгажээ. /хх-121 дүгээр тал/

4.2. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2,3-т нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

5. Дээр дурдсанаас үзэхэд, анхан шатны шүүх нэхэмжлэгч В.*******ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/39 дугаартай "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн хуучин эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй. Хэрэв нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж шүүх үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар тухайн шаардлагыг хариуцагчид гардуулж, хариу тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар зохигчдыг мэтгэлцүүлэх шаардлагатай.

6.Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

7.Мөн давж заалдах шатны шүүхээс зохигчдын маргааны үйл баримтыг дүгнээгүй тул анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн, нотлох баримтыг үнэлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын энэ хэсэгт эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 144/ШШ2023/00127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

 

Ш.ТӨМӨРБААТАР