Улсын дээд шүүхийн

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 001/хт2024/00010

 

С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 144/ШШ2023/00127 дугаар шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 203/МА2023/00040 дүгээр магадлалтай,

С-ийн нэхэмжлэлтэй

“Т” ХК-д холбогдох

2023.01.27-ны өдрийн ... дугаартай ... тушаалыг хүчингүй болгуулах, хуучин эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Оийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн өмгөөлөгч Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С-ээс хариуцагч “Т” ХК-д холбогдуулан 2023.01.27-ны өдрийн ... дугаартай ... тушаалыг хүчингүй болгуулах, хуучин эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 144/ШШ2023/00127 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч С-ийг “Т” ХК-ийн ... ажилтнаар эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч “Т” ХК-аас нэхэмжлэгч С-ийн ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,517,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С-т олгож,

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч “Т” ХК-д нэхэмжлэгч С-ийн ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Т” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 305,736 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 203/МА2023/00040 дүгээр магадлалаар: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 144/ШШ2023/00127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх тус магадлалынхаа үндэслэлд “...Хэрэв нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж шүүх үзвэл ИХШХШТХ-ийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар тухайн шаардлагыг хариуцагчид гардуулж, хариу тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хангаж, ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар зохигчдыг мэтгэлцүүлэх шаардлагатай. Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй тул ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав...” гэсэн нь хэргийн бодит байдалд үл нийцэж байх төдийгүй хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхэд буюу 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” гэж, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заасан ба энэ нь хариуцагч хариу тайлбар өгөх эсэх нь өөрийнх нь эрх бөгөөд заавал бичгээр хариу тайлбараа шүүхэд ирүүлснээр түүний эрх хангагдсан гэж үзэхгүй гэсэн агуулгыг илэрхийлж байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх 2023.05.23-ны өдөр хариуцагчаас “нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж авсан эсэхийг” тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М “Гардаж авсан. Шүүх хуралдааны үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс зохих тайлбарыг гаргах боломжтой” /хх-ийн 101-р хуудас (2023.05.23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл 3-р тал)/ гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд 2023.06.14-ний өдрийн анхан шатны шүүх хурал дээр ч мөн ямар нэгэн санал хүсэлт, шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргаж, нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбараа гарган мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлүүдээр хангалттай нотлогддог.

Гэтэл шүүх энэ бүхнийг анхаарч үзэлгүй, хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зөрчигдсөн гэсэн гомдлыг гаргаагүй байхад /анхан шатны шүүх оролцогчийн эрхийг ноцтой зөрчөөгүй учир талуудаас давж заалдах шатны шүүхийн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан үндэслэлээр гомдол гаргаагүй болно/ буюу хариуцагч нь хариу тайлбараа бичгээр гаргаж өгөхгүй, гаргаж өгөх өөр нотлох баримт байхгүй гэж хуульд заасан эрхээ хэрэгжүүлсээр байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчид хариу тайлбараа гаргаж өгөх боломжийг нь олгосоор байхад хариуцагч “хурал дээр тайлбараа хэлнэ, бичгээр өгөхгүй” гээд, шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь оролцогчийн мэтгэлцэх болон бусад эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул хуулийг нэг мөр зөв хэрэглэхэд, цаашдаа энэ нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тул гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч О-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.12.26-ны өдрийн 001/ШХТ2024/00045 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч С хариуцагч “Т” ХК-д холбогдуулан 2023.01.27-ны өдрийн ... дугаартай ... тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...байгууллагын зүгээс намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. ...миний бие тус компанид 10 орчим жил ажиллахдаа нэг ч алдаа дутагдал гаргалгүй удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, ажилдаа хариуцлагатай хандаж ирсэн хэдий ч компанийн зүгээс ажилтандаа хуульд үл нийцсэн шаардлага тавьж, өөрөөр хэлбэл ростерийн амралтын үеэр болон 7 хоногийн амралтын өдрүүдэд ажилдаа ирэхийг шаардаж, амралтаараа очих боломжгүй байгаагаа илэрхийлэхэд загнах, өргөдлөө өг гэх мэтээр дарамтлах болсон тул ийнхүү аргагүйн эрхэнд өргөдлөө өгсөн. Би өөрийн хүсэлтээр бус дарамт шахалтаас болж ажлаасаа чөлөөлөгдсөн учир намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, хуучин эрхэлж байсан ажилдаа эргэн орох хүсэлтэй байна, ...нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах гэж нэмэгдүүлж байна...” гэж тодорхойлсон,

Хариуцагч тайлбартаа: “... “Т” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай ...дугаар тогтоолоор ... сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Т” ХК-ийн үйл ажиллагааг ...ын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, тус тогтоолын 3.1 дэх заалтаар “...компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх...”-ийг даалгасан. ...Нэхэмжлэгч нь дээрх онцгой дэглэм тогтоосон цаг үед утсаа аваагүй, албаны бэлэн байдлаа хангаж ажиллаагүй, ...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хүний нөөцийн ажлын байрны тодорхойлолтод заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа, ажилтны ур чадвар, ажлын гүйцэтгэл туйлын хангалтгүй байгаа тул албан тушаал бууруулан томилно гэж ажилтны хурлаар хамт олных нь өмнө ил тодоор хэлсэн. ...нэхэмжлэгчийг хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг нь гутаах үйлдэл гаргаагүй бөгөөд хурлын дараа Захиргаа удирдлагын газрын захирлын өрөөнд орж ирэн “...албан тушаал буурч ажиллаж чадахгүй, өргөдлөө өгнө...” гээд гарч явсан бөгөөд 2023.01.25-ны өдөр хүртэл 2 өдөр ажилдаа ирэлгүй тасалж, 2023.01.25-ны өдөр өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл өгсөн тул ...дээрх хүсэлт, ажилтны мэргэжил, ур чадвар, үр дүнг тус тус харгалзан ...ийн 2023.01.27-ны өдрийн ... тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2023.01.27-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан “Т” ХК-ийн ... ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15,517,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо“...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, ...нэхэмжлэгч С-ээс 2023.05.02, 04-ний өдрүүдэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байхад шүүх хуульд заасны дагуу нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулж, хариуцагчийн хариу тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хангаж, зохигчийг мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ.

Дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгоно...” гэсэн үндэслэл заасан нь үндэслэлгүй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж зохицуулсан.

Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх гэдэг нь:

а/ тэдгээрийн эрх зөрчигдсөн нь хэргийн оролцогчийн давж заалдах гомдлын үндэслэл болсон бол энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл болсон эсэх,

б/ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй явдал нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн байх үндэслэлүүдийг ойлгоно.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч анх 2023.01.27-ны өдрийн ... дугаартай ... тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023.05.01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “хуучин эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хүртэл тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж нэмэгдүүлж, энэ шаардлагыг цахимаар ирүүлснийг шүүх 2023.05.02-ны өдөр хүлээн авсан, уг нэхэмжлэлийн эх хувийг мөн шүүхэд өгснийг 2023.05.04-ний өдрөөр огноолон хүлээн авчээ.

Хариуцагч нь дээрх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж авсан, улмаар шүүх хуралдаанд хариу тайлбараа гаргаж өгөх боломжтой гэж мэдүүлж байсан нь 2023.05.23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Харин анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулж өгөхдөө баримтжуулсан баримт үйлдэж, хэрэгт хавсаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарах боловч нэмэгдүүлсэн шаардлага нь  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэлтэй холбоотой..., талууд энэ хүрээнд мэтгэлцэж байсан тул хуульд заасан хариуцагчийн эрхийг зөрчсөн, улмаар шүүхийн шийдвэрт шууд нөлөөлөх ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж өгөөгүйгээс түүний хариу тайлбар гаргах, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн гэх магадлалын үндэслэл тогтоогдсонгүй.

Үүнээс гадна хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасантай холбоотой түүний эрх зөрчигдсөн талаар  дурдаагүй байна.

11. Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгоно, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангана.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, иймээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 203/МА2023/00040 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч О-ийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч С-ээс 2023.12.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД