Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 203/МА2023/00042

 

 

 Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 144/ШШ2023/00135 дугаар шийдвэртэй,

Д.*******гийн нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хариуцагдах,

Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаал эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 27357295 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.******* нь Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 2003 оноос эхлэн Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаж эхлээд энэ хугацаанд мэргэжлийн алдаа зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн.

Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 30-ны орой 17 цагийн орчимд нарийн бичгийн дарга Цэвэлмаа нь утсаар түүн рүү яриад таныг дарга дуудаж байна гэж хэлснээр нь Д.******* нь очиход захирал Д.******* нь түүнд хандан таныг боловсон хүчний дутагдалтай байгаа учраас танд чөлөө олгож ахмадын гар бөмбөгийн улсын аваргын тэмцээнд явуулах боломжгүй байна. Мөн таныг өнөөдрөөс эхлээд ажил албан тушаалаас чинь чөлөөллөө гэж хэлээд Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг түүнд өгөх гэсэн.

Тэгэхэд нь Д.******* тушаалтай нь танилцаад би энэ тушаалыг одоо авах боломжгүй байна. Та бүхэн Хөдөлмөрийн тухай хуулиа уншсан уу? Та нар хуулиа баримтлаач ээ, нэгэнт намайг ажлаас чөлөөлж байгаа бол би шүүхэд хандана гэж хэлээд гарсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр маргаан бүхий тушаалыг гардаж авсан.

Маргаан бүхий тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4 дэх заалтуудыг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн.

Хэрэв ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөхөөр бол тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэг үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт зааснаар Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн аль нь ч байхгүй байхад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тушаал болжээ.

Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4 дэх хэсэгт заасан үндэслэл байгаагүй бөгөөд уг дотоод журмын заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгаа учир хүчин төгөлдөр бус гэж үзэж дагаж мөрдөхгүй.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ гээд 2.3.1-т энэ хууль; гэж, 2.3.7д аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж заажээ.

Дээрхээс дүгнэвэл байгууллагын хөдөлмөрийн дотоод журам нь эрэмбийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулиас доогуур үйлчлэл бүхий баримт бичиг бөгөөд уг журам нь Хөдөлмөрийн тухай хуультай зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэхээр байна. Иймд маргаан бүхий тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж гарсан хууль бус шийдвэр болжээ.

Мөн нэхэмжлэгч Д.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин 6,037,472 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.

Учир нь Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан бөгөөд түүний хувьд 2022 оны 05 дугаар сард 2,791,046 төгрөг, 4 дүгээр сард 4,068,350 төгрөг, 3 дугаар сард 5,410,750 төгрөгийн цалин хөлс авсан бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3, 2.3.5-т зааснаар нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс 188,671 төгрөг бөгөөд, үүнийг нийт ажилгүй байсан хугацааны ажлын 32 өдөрт тооцоход /2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл тооцсон/ 6,037,472 төгрөг болж байгаа юм.

Иймд Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.*******г Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6037472 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

Анх нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл байгуулагдаагүй байсан тул Даланзадгад сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд хандсан боловч хороо байгуулагдаагүй учир гомдлыг хянаж, шийдвэр гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн учир шүүхэд хандаж байна

Шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас нэмж нэхэмжилнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дaryy нэхэмжлэлийн шаардлагаа 3396078 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 27357295 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

2. Хариуцагч Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирал Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.*******гийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захиралд хариуцагдах нэхэмжлэлийн хувийг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2022 оны 05 сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Д.*******гийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн тушаал хууль нь үндэслэлтэй.

Д.******* нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэрт гарсан мөртлөө хүнд хортой нөхцөлдөө буцаад ажиллаж байсан, манай байгууллагын хувьд гүйцэтгэлээр санхүүжиж байгаа бөгөөд Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасагт 4 эмчийн орон тоо батлагдсан бөгөөд илүү орон тоонд ажиллаж байсан. Иймээс 2022 оны 05 сарын 30-ны өдөр эмнэлгийн удирдлагын багийн хурлаар хэлэлцэж шийдвэрлээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4-т Хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон ажилтны албан тушаал нь байгууллагад нэн шаардлагагүй эсхүл орны бэлтгэгдсэн хүний нөөцтэй гэж үзвэл удирдлагын багийн хурлаар хэлэлцэж чөлөөлнө гэсний дагуу удирдлагын багийн хурлаар хэлэлцэж, ажлаас чөлөөлсөн.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 43 дугаар Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолд тэтгэвэр тогтоогдож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр зардлыг хэмнэхийг үүрэг болгосон. Д.******* нь хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгочихсон, цаашид ажиллуулах боломжгүй тул ажлаас чөлөөлсөн.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.9, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.*******гийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаал эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 27357295 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 144/Ш32023/00026 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дахь заалтыг буруу тайлбарлаж буруу тайлбарлаж хэрэглэсэн. хэрэглэх ёстой Хөдөлмөрийн тухай хуулийн 2.3, 2.5, 80.1, 80.4 дэх хэсгийг хэрэглээгүй, үйл баримтыг хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарлаж дүгнэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой. үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэхийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д (7 дахь тал) Зохигчид нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан эсэх талаар маргаагүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Д.*******гийн хувьд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр баталсан дотоод журамтай танилцаагүй, тус дотоод журам нь түүнийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 5 сарын дараа батлагдсан дотоод журам юм. Гэтэл анхан шатны шүүх хоёр дахь удаагаа ямар учраас тус дотоод журамтай танилцсан эсэх талаар зохигчид маргаагүй гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт (шийдвэрийн 7 дахь тал) ...тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон,...дотоод журмын 7.9.4-т зааснаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргасан үндэслэлүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журам авагдсан бөгөөд тус тушаалаар батлагдсан дотоод журам маргааны үйл баримттай ямар ч хамааралгүй байхад шүүх уг нотлох баримтыг үнэлж маргаан бүхий тушаал нь тус дотоод журмын 7.9.4-т зааснаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ' гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4 дэх заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдэд хамаарахгүй учир хүчин төгөлдөр бус гэж үзэж дагаж мөрдөхгүй, учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ гээд 2.3.1.-т энэ хууль; гэж, 2.3.7-д.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж заасан, мөн хуулийн 2.5 дахь хэсэгт Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ. гэж зохицуулсан гэж маргадаг боловч анхан шатны шүүх уг маргаж байгаа үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр баталсан дотоод журмыг танилцуулсан эсэх талаар маргаагүй тул тус хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4 дэх хэсэг нь үндэслэл бүхий гэж ойлгогдохоор дүгнэлт хийж, ямар үндэслэлээр маргаан бүхий тушаал нь үндэслэлтэй талаар дүгнэлт огт хийлгүйгээр, хэрэглэх ёстой Хөдөлмөрийн тухай хуулийн 80.2, 2.3, 2.5 дахь заалтуудыг хэрэглэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15-д Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана. гэж тайлбарласан бөгөөд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгтэй ижил агуулгатай тул Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлийг ажил олгогч маргаан бүхий тушаалдаа заавал баримтлах ёстой боловч уг үндэслэлээ тодорхой заагаагүй гэж маргадаг боловч анхан шатны шүүх ямар үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 78.1.9-д заасантай маргаан бүхий тушаал нь нийцэж байгаа талаар болон миний дээрх хууль зүйн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй ямар хууль зүйн үндэслэл байгаа талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.*******гийн хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсэн, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар төрийн алба хаах насны дээд хязгаар болох 65 нас хүрээгүй, хариуцагчийн зүгээс илүү орон тоонд ажиллаж байсан гэж маргадаг боловч энэ талаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлоогүй, тухайн тасгийн эмч нарын хэн нь илүү орон тоонд ажиллаж байгаа нь ойлгомжгүй зэрэг нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон боловч анхан шатны шүүх (шийдвэрийн 6 дахь талд) Д.******* хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасаг нь батлагдсан 4 эмчийн орон тоотой болох нь тогтоогдож байна гэж үйл баримтыг хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарлан дүгнэж шийдвэрлэсэн.

Мөн анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийж чадаагүй, нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой Хөдөлмөрийн тухай хуулийн 2.3, 2.5, 80.1, 80.4 дэх хэсгийг хэрэглээгүй, үйл баримтыг хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарлаж дүгнэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэхийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй гэж заасан мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг баримтлаагүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс маргасан. Гэтэл анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийлгүйгээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.9.4 дэх хэсэгт заасан нь хуульд нийцсэн байна гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж байсан хэд хэдэн асуудал дээр анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийлгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоогоогүй шийдвэр гаргасанд гомдолтой байгаа. Энэ талаар гомдолдоо дэлгэрэнгүй тайлбарласан. Мөн Улсын Дээд шүүхийн тогтоол дээр 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлийг заавал баримтлах ёстой гэж тайлбарласан байдаг гэж анхан шатны шүүх дээр маргасан боловч үүхээс энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 135 дугаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Энэ маргаан 2 дахь удаагаа шүүхээр шийдвэрлэгдэж байна. ******* дарга 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Д.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал гаргасан. Дуусгавар болгохдоо удирдлагын багийн хурлын шийдвэр, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4-т заасан хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон ажилтны албан тушаал нь тухайн байгууллагад нэн шаардлагагүй болсон гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Д.*******гийн хувьд 2014 онд хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон атлаа дахиад хэвийн бус нөхцөлдөө ажиллаж байсан. Корона вирусийн үед Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь илүү орон тоотой ажиллаж байсан. Энэ нөхцөл байдал арилсан учраас хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4-т заасан, удирдлагын багийн хурлын шийдвэрийг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс удаа дараагийн шүүх хуралдаан дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт зааснаар чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн аль нэг заалт хангагдсан байх ёстой гэж хуулийг буруу тайлбарлан, буруу ойлгож хэрэглэж хууль зүйн тайлбараа гаргаад байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйл нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахтай холбоотой тусдаа зохицуулалт. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл нь ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг цуцлахтай холбоотой тусдаа зохицуулалт байхад 80 дугаар зүйлийг баримтлаагүй гэдэг үндэслэлээр гомдол гаргаад, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Д.*******гийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү нь хариуцагч Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд холбогдуулан Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 27357295 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Д.******* нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэрт гарсан мөртлөө хүнд хортой нөхцөлдөө буцаад ажиллаж байсан, Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасагт 4 эмчийн орон тоо батлагдсан бөгөөд илүү орон тоонд ажиллаж байсан учраас эмнэлгийн удирдлагын багийн хурлаар хэлэлцэж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Шүүхийн шийдвэрийг хянахад Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай Д.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгосон, мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хөдөлмөрийн дотоод журмын 7.9 дүгээр зүйлийн 7.9.4-т зааснаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна., нэхэмжлэлийн шаардлагаа, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийж чадаагүй, нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. гэсэн анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.*******г Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 110 дугаар зүйлийн 110.3 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаал, байгууллагын дотоод журмын 7.9.4, удирдлагын багийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс орон тоо хасагдсан үндэслэлээр Д.*******г ажлаас нь чөлөөлсөн гэсэн тайбарыг гаргасан ба хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгээр цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх атал ажлаас чөлөөлсөн тушаалд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь ажил олгогчоос гаргасан тушаалыг хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтыг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн орон тоо хасагдсан үндэслэлээр Д.*******г ажлаас чөлөөлсөн гэх тайлбараас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.1-д заасан үндэслэлд хамаарч байна гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т ажил олгогч энэ хуулийн ...80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулахаар зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг харьцуулан үзэхэд ажил олгогч нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Д.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдэж, мөн өдрөө тушаал гаргаж, 31-ний өдөр гардуулан өгсөн үйл баримт тогтоогдож байх боловч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулсантай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй байна.

Хариуцагчийн Д.******* нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэрт гарсан мөртлөө хүнд хортой нөхцөлдөө буцаад ажиллаж байсан ...учир удирдлагын багийн хурлаар хэлэлцэж түүнийг ажлаас нь чөлөөлсөн гэсэн тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно., 145.2-т ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. гэж заасан заалттай нийцэхгүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.******* нь /1 дүгээр хавтас хэргийн 102-103/ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа 2022 оны 06 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 127 хоногийн цалинд 27357295 төгрөгийг нэхэмжилсэн ба ажлаас чөлөөлсөн тушаалд Д.*******гийн ээжлийн амралтын 27 хоногт ээлжийн амралтын олговрыг олгохыг санхүү эдийн засгийн албаны даргад зөвшөөрсөн байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ээлжийн амралтын олговрыг хүлээн авсан тайлбарыг гаргасан болно.

Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/49 тоот тушаалд заасны дагуу Д.*******гийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцоход 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийтээр амрах баяр ёслолын өдрүүд болон түүний ээжлийн амралтын 27 хоногийг хасч нийт 96 хоногооор тооцож, түүний үндсэн цалингаас дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэг хоногт 44534 төгрөгөөр тооцож нийт 4275264 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг ажил олгогчид даалгах, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23082031 төгрөгийг болон ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажил олгогчоос улсын тэмдэгтийн хураамжид 83354 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 144/ШШ2023/00135 дугаар шийдвэрийн удирдлага болгосон заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 гэж,

Шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******г урьд эрхэлж байсан Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмчийн ажилд томилохыг хариуцагч Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 4275264 /дөрвөн сая хоёр зуун далан таван мянга хоёр зуун жаран дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23082031 /хорин гурван сая наян хоёр мянга гучин нэгэн/ төгрөгийг болон ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай. гэж өөрчилсүгэй.

2. Тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 83354 /наян гурван мянга гурван зуун тавин дөрвөн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж нэмсүгэй.

3Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласуга

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА

 

ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ